АНУ, Нью-Йорк. 2009 оны 4 дүгээр сарын 26.
(The New York Times сонины редакцын өгүүлэл)
Өнгөрсөн Пүрэв гарагт Хятадын Засгийн газар хоёр мэдэгдлийг гаргажээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ мэдэгдлийг тус тусад нь маш товчхон дурдсан байна. Гэвч тэдгээрийг харьцуулж үзвэл сонирхолтой зөрчил ажиглагдана.
Хятад улс эхний мэдэгдэлдээ Япон улсын ерөнхий сайд Таро Асо Ясукуни сүмд өргөл өргөснийг буруушаажээ. Энэхүү сүм нь Дэлхийн II дайны үеийн Японы дайны 14 гол гэмт хэрэгтэн зэрэг дайнд амь үрэгдсэн 2,5 сая япон хүнийг дурсах зориулалттай газар юм. Тухайн дайны үед Япон улс Хятадад аймшигт харгислалыг үйлдсэн билээ.
2005 онд тухайн үеийн ерөнхий сайд Жүничиро Коизүми Ясукуни сүмд зочлоход Хятад улс ихэд хилэгнэж байсан бөгөөд түүний дараа ажилласан хоёр ерөнхий сайд уг сүмд очихоос зайлсхийжээ.
Гэвч үндсэрхэг үзэлтэй, сөргөлдөөнд бэлэн гэдгээрээ танигдсан Таро Асо Мягмар гарагт Ясукунигийн маргааныг дахин сөхөж, Шинто шашны тус сүмд мөнх ногоон ургамал өргөсөн байна. Асогийн хэвлэлийн төлөөлөгчид энэ нь сүмд биечлэн очсонтой адил зүйл биш хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн энэ үйлдэл нь ирэх долоо хоногт Хятадад хийхээр төлөвлөсөн айлчлалд нь нөлөөлөхгүй хэмээн мэдэгдсэн байна. Хятад улс үүнд ихэд дургүйцэн, Японы талд “Түүхийн асуудал туйлын эмзэг” хэмээн анхааруулжээ.
Харин нөгөө мэдэгдэлдээ Хятад улс АНУ-аас Дээрхийн гэгээн Далай ламын айлчлалыг цуцлахыг шаардсан байна (Дээрхийн гэгээн Далай лам энэ Баасан гарагт АНУ-д хүрэлцэн ирж, хоёр долоо хоногийн айлчлалаа эхлүүлсэн). Дэлхий даяар хүндлэгддэг, Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн буддын шашны удирдагч Дээрхийн гэгээн Далай лам өөрийн эх нутаг Төвөдөд зөвхөн өөртөө засах эрх олгохыг зорьж буйгаа мэдэгддэг билээ. Харин Хятад улс түүнийг салан тусгаарлагч хэмээн гутаан доромжилж, түүнтэй уулзсан улс орон, удирдагчдыг байнга буруушаадаг аж.
“Дээрхийн гэгээн Далай лам ямар ч шалтаг, үндэслэлээр аль нэг улсад очин, салан тусгаарлах үйл ажиллагаа явуулахыг бид эсэргүүцэж байна” гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй мэдэгджээ. Тэрбээр өмнө нь түүхийн асуудлыг “туйлын эмзэг” хэмээн тодорхойлсон төлөөлөгч билээ.
Таро Асогийн Ясукуни сүмд өргөл өргөсөн үйлдэл нь өдөөн хатгасан, доромж шинжтэй байсан нь илт. Тэрбээр ердөө мөнх ногоон ургамал өргөсөн хэмээн өөрийн үйлдлийг тайлбарласан юм.










