Тайвань, Тайбэй. 2009 оны 9 дүгээр сарын 3. Тайванийн сөрөг хүчний Ардчилсан дэвшилтэт намаас явуулсан олон нийтийн санаа бодлын судалгаагаар Тайванийн иргэдийн дөрөвний гурваас илүү хувь нь Морокот хар салхины улмаас амь үрэгдсэн олон зуун хүний гэгээн дурсгалд зориулан залбирч, амьд үлдсэн хүмүүст сэтгэлийн дэм өгөхөөр Төвөдийн шашин, төрийн тэргүүн Дээрхийн гэгээн Далай ламын хийж буй айлчлалыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Ардчилсан дэвшилтэт намын Олон нийтийн санал асуулгын төвийн захирал Чэнь Чүнь Линь хэлэхдээ 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-ний хооронд 20-иос дээш насны 708 иргэнийг хамруулсан судалгаагаар оролцогчдын 75,4% нь Дээрхийн гэгээн Далай ламын гамшигт өртсөн хүмүүсийн төлөө залбирахаар хийж буй айлчлалыг дэмжсэн бол ердөө 18,1% нь эсэргүүцсэн байна. Чэнь Дээрхийн гэгээн Далай ламын айлчлалыг дэмжсэн байдал бодож байснаас илүү өндөр байгааг онцолжээ. Тодруулбал, Ардчилсан дэвшилтэт намыг дэмждэг “ногоон эвслийн” сонгогчдын 90,6%, улс төрийн төв байр суурьтай сонгогчдын 75,8%, Гоминьдан намыг дэмждэг “цэнхэр эвслийн” сонгогчдын 64% нь айлчлалыг дэмжсэн байна. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 67,2% нь Дээрхийн гэгээн Далай ламын айлчлалыг гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг энэрэн нигүүлсэж, тэдний төлөө залбирах шашны зорилготой, улс төрийн бус үйл ажиллагаа гэж үзсэн бол 23,4% нь үүнтэй санал нийлэхгүй байжээ. Үүнтэй адил Ардчилсан дэвшилтэт намынхан Төвөдийн шашны тэргүүнийг “улс төрийн зорилгоор” Тайваньд урьсан гэх мэдэгдэлтэй оролцогчдын 50,7% нь санал үл нийлж, 37% нь санал нийлсэн байна. Гэсэн ч санал асуулгад оролцогчдын 77,7% нь Дээрхийн гэгээн Далай ламын айлчлалын эсрэг зохион байгуулсан цуврал жагсаалыг “зохисгүй” хэмээн үзсэн бол ердөө 13,1% нь эсэргүүцлийн жагсаалыг дэмжжээ.
Эсэргүүцлийн жагсаалын ихэнхийг Хятадыг дэмжигч Хөдөлмөрийн нам, Бээжинг дэмждэг “Хятадыг нэгтгэхийг дэмжих холбоо” зохион байгуулсан байна. Сүүлийн бүлэг нь өмнө нь “Хулсан холбоо” гэмт бүлэглэлийг тэргүүлж байсан Чан Бай Лэхтэй холбоотой гэж мэдээлжээ. Тус бүлэг Таоюаний өндөр хурдны төмөр замын буудалд болсон хүчирхийлэлтэй мөргөлдөөнд оролцсон байна.
Мөн судалгаанд оролцогчдын 79,6% нь БНХАУ-ын Засгийн газраас гаргасан хатуу шүүмжлэлийг “зохисгүй” гэж үзсэн бол ердөө 8,8% нь Бээжингээс Дээрхийн гэгээн Далай лам болон Далай ламыг урьсан Ардчилсан дэвшилтэт намын эсрэг чиглүүлсэн шүүмжлэлийг дэмжжээ. Түүнчлэн оролцогчдын 48,6% нь ерөнхийлөгч Ма Дээрхийн гэгээн Далай ламтай уулзах ёстой гэж үзсэн бол 36,4% нь үүнтэй санал нийлэхгүй байв.
Ардчилсан дэвшилтэт намын Олон нийтийн санал асуулгын төвийн захирал Чэнь Чүнь Линь БНХАУ-ын шүүмжлэлийг эсэргүүцсэн байр суурь мөн намын харьяаллаас үл хамаарч буйг онцолжээ. Гоминьдан намыг дэмждэг “цэнхэр эвслийн” сонгогчдын 81,1%, Ардчилсан дэвшилтэт намыг дэмжигчдийн 89,2%, аль нэг намыг тууштай дэмждэггүй сонгогчдын 72,4% нь Бээжингийн үйл ажиллагааг шүүмжилсэн байна. Түүнчлэн оролцогчдын 52% нь Дээрхийн гэгээн Далай ламын айлчлал БНХАУ-тай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзсэн бол 39,9% нь Хятадтай тогтоосон харилцаанд ямар нэг хэмжээгээр нөлөөлнө гэж хариулжээ.
Ардчилсан дэвшилтэт намын Олон нийтийн санал асуулгын төвөөс явуулсан уг судалгаанд Тайванийн насанп хүрсэн 708 иргэнийг хамруулсан бөгөөд 95%-ийн итгэлцлийн түвшинтэй, алдааны хязгаар нь ±3,7 нэгж хувь байжээ. Ардчилсан дэвшилтэт намын санал асуулгын дүн TVBS телевизийн сүлжээнээс Тайванийн 939 насанд хүрсэн иргэнийг хамруулсан судалгааны үр дүнтэй ерөнхийдөө төстэй байв. Тус судалгаанд оролцогчдын 52% нь Дээрхийн гэгээн Далай ламын айлчлалыг шашны болоод хүмүүнлэгийн зорилготой хэмээн үзжээ.










