Энэтхэг улс, Карнатака муж, Былакуппэ хот. 2014 оны 1 дүгээр сарын 2. Дээрхийн гэгээн Далай лам “Бодь мөрийн зэрэг” дээдийн номын айлдвар тэргүүт олон нийтэд зориулсан үйл ажиллагааныхаа зэрэгцээ айлдварын өмнө болон завсарлагаанаар хүмүүстэй уулздаг билээ. Янз бүрийн газраас ирсэн бүлэг хүмүүс эсвэл хувь лам хуврагууд, гэлэнмаа нар байдаг аж. Дээрхийн гэгээн энэ өдөр айлдварын талбайд хүрэлцэн ирэхийнхээ өмнө Энэтхэгийн шинэ үеийн буддистуудын 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүлэг болон Бутаны нэгэн бүлэг хүмүүстэй уулзлаа. Тэрбээр “Буддын шашны үндсэн зорилгын нэг бол бидний сэтгэл үймүүлэгч сэтгэл хөдлөлүүдийг өөрчлөх явдал билээ. Үүнд хүрэхийн тулд зөвхөн итгэл бус, харин ХХI зууны буддистуудын хийх ёстой зүйл бол судлах, мэдэх явдал болно. Сургаалыг унших буюу сонсож, түүнийгээ ойлгож ухаартлаа эргэцүүлэн бодох хэрэгтэй” хэмээн айлджээ. Хоёр бүлэг хоёул Дээрхийн гэгээний айлдвар сургаалыг ихэд хүндэтгэн хүлээн авлаа.

Дээрхийн гэгээний айлдсан “Манзушри бурхны дагшин сургаал”, “Өмнөдийн уламжлал”, “Бодь мөрийн зэргийн түргэн зам” тэргүүт дээдийн номын хүрээнд “тайван оршихуй” хэсгийг дуусгасан боловч “онцгой ажиглалт”-ын тухай хэсгийг үргэлжлүүлэн айлдлаа. Тэрбээр номын хүрдний гурван удаагийн эргэлтийн хоёр дахь эргэлт болох мэргэн ухааны төгөлдөржилтийн сургаал нь дээдийн дээд болохыг тайлбарласан юм.
“Дөнгөж сая тайлбарлсан “25 бадагт Мэргэн ухааны төгөлдөржилтийн судар” хэмээн нэрлэсэн “Зүрхэн судар”-т Бурхан багш, Жанрайсиг тэргүүт нар бясалгалд умбасан тухай өгүүлдэг. Бурхан багш анхны сургаалдаа бид хэрхэн сансрын хүрдэнд хөтлөгдөн ордгийг тайлбарласан боловч хэн хөтлөгдөж буй талаар тайлбарлаагүй орхижээ. Харин “Зүрхэн судар”-т зөвхөн хүн өөрөө хоосон чанартай төдийгүй түүний үндэс болсон таван цогц мөн хоосон болохыг заадаг. “Зүрхэн судар”-ын төвөд орчуулга байдаг боловч япон, солонгос, вьетнам хувилбарт байдаггүй “мөн” хэмээх түлхүүр үг нь хүн төдийгүй үзэгдэл юмс ч мөн өөрийн мөн чанараар оршихуйгаас хоосон болохыг илэрхийлдэг. Мэргэн ухааны төгөлдөржилтийн судруудад аливаа зүйлд мөн чанар гэж үгүй. Бүх зүйл өөрийн мөн чанараар оршихуйгаас хоосон бөгөөд зөвхөн нэр томьёоны хувьд тэмдэглэгдэн, нэрийн төдий оршдог хэмээн заадаг. Юмсын мөн чанарыг үл мэдэх мунхгийн улмаас бид сансрын хүрдэнд хүлэгдсэн байдаг. Энэрэн нигүүлсэгч нэгэн хамаг амьтныг үүнийг ойлгоход хүргэхийн тулд олон янзын аргыг хэрэглэн хөтөлсөн. Тэрээр юмс өөрийн мөн чанараар оршдоггүй гэдгийг тодорхой болгохын тулд шүтэн барилдлагын тухай номложээ. Гэлүгвагийн уламжлалыг үндэслэгч Богд Зонховын хоосон чанарыг ойлгох нь мунхаг болон түүнээс үүдэн гарах зовлонг арилгахад зайлшгүй чухал болохыг Нагаржуна тэргүүт Энэтхэгийн их багш нар бичиж үлдээснийг эш татдаг. Тэдний бичсэн зүйлийг ойлгохын тулд бид судлах хэрэгтэй.
Бидэнд сургалтын гурван суудал бий бөгөөд тэнд логик болон танин мэдэхүйн ухааныг гүнзгийрүүлэн судалдаг. Төвөдөд Атишагийн анхны дагалдагчид байсан Кадамбынхан гурван уламжлалыг уламжлуулан үлдээжээ. Үүнд судрын уламжлал, аман уламжлал мөн гол утгыг товчлон заасан зааврын уламжлал орно. Гурван суудал нь ялангуяа судар номд тулгуурласан буюу эрдэм судлалын уламжлалыг эрхэмлэн сахидаг билээ” хэмээн айлдлаа.

Дээрхийн гэгээн цааш үргэлжлүүлэн, “Бид гэгээрэлд хүрэх боломжтой. Үүний үндэс нь хоосон чанарыг ойлгох явдал юм. Гэвч өнөөгийн ертөнцөд бидний анхаарлыг сарниулах зүйл машид олон тул сургаалын ерөнхий бүтэц, тогтолцоог ойлгох шаардлагатай. Номын сургаал болоод түүний бүтэц тогтолцоог ойлгосны дараа бид сансрын хүрдний мөн чанарыг таньж чадна. Трижан ринбүүчи анхаарал сарниулах зүйлтэй тулгарах үедээ тэдгээрийг зовлонгийн нэгэн хэлбэр хэмээн хардаг байсан гэж надад хэлж байлаа. Багш нар ингэж номлох ёстой бөгөөд бясалгагчид ч ингэж дадлага хийх хэрэгтэй. Дэлхий даяар хүмүүс буддын шашныг улам бүр сонирхож байна. Бид Энэтхэгийн сонгодог зохиолуудын уламжлалыг дэмжих хэрэгтэй бөгөөд үүнд судалж суралцах нь чухал. Шалтгаан, нөхцөлөөс хамааран оршдог аливаа зүйл хоосон гэж үздэг юм” хэмээжээ.
Дээрхийн гэгээн “Өмнөдийн уламжлал”, “Бодь мөрийн зэргийн түргэн зам” дээдийн номын бичвэрүүд рүү шилжин уншсанаа дахин “Манзушри бурхны дагшин сургаал”-д буцаж оров. Эдгээр зохиол тус бүрд шавь нарыг цуглуулах дөрвөн аргыг тайлбарладаг ажээ. Тэрбээр гурван зохиол тус бүрийн уншлагыг дуусган, шууд “Балын мөн чанар” номыг айлдаж эхлэв. Үдийн зоогийн өмнө багахан хэсгийг айлдан, үдээс хойш үргэлжлүүлэн уншжээ. Уг зохиол нь номын багшид хэрхэн хүндэтгэл үзүүлэх тухай өгүүлснээр эхэлдэг билээ.
Дээрхийн гэгээн өөрөө энэ зохиолын дамжлага, тайлбарыг анх хүртэж байхдаа яг энэ хэсэгт хүрэхэд багшийнхаа ачийг санан, сэтгэл нь машид хөдөлж, туслах багш Трижан ринбүүчи хагас цаг хэртэй нулимс дуслуулан байсан тухай дурсан ярив. Түүний хэлснээр хамгийн чухал зүйл бол багшийн зөвлөгөөг амьдрал, дадлагадаа хэрэгжүүлж, ингэснээр энэхүү хүний ховор нандин амьдралыг утга учиртай болгох явдал юм.
Өлзийт шалтгааны үүднээс “Балын мөн чанар” зохиолыг дуусгасныхаа дараа Дээрхийн гэгээн Шамар Пандитагийн “Бодь зэрэгт хүрэх мөрсийн тухай шастир”-ыг айлдаж эхлэн, ийн өгүүлэв. “Дараагийн айлдварынхаа үеэр бид хаана уулзахыг үл мэднэ. Учир нь ирээдүйг урьдчилан харах боломж үгүй билээ. Би эдгээр сургаалыг айлдах боломжтой байсандаа өөрийгөө машид азтай хэмээн сэтгэж байна. Би өөрөө дадлага, бясалгалын туршлагагүй боловч хүртэж авсан дамжлагаа бусдад уламжлуулж чадсан билээ” хэмээсэн юм.

Дээрхийн гэгээн Далай ламын тодорхой хүсэлтийн дагуу үдээс хойших сүүлийн нэг цагийг ном хаялцахад зориуллаа. Лам нар Дээрхийн гэгээний өмнө төдийгүй талбайн бусад хэсгүүдэд ч ном хаялцан, эрдэм чадвараа харууллаа. Хоёр лам газарт суун, зургаа хүртэлх ламын бүрэлдэхүүнтэй багууд тэдний өмнө зогсон асуулт асуун, сорил тавьж байв. Ном хаялцаа нам гүмхэн эхэлсэн боловч гал дүрэлзэн асахын хэрээр улам хүчтэй дуугардагтай адил тэмцээн бүр богино хугацаанд чимээ шуугиантай, эрч хүчтэй болж байлаа. Эцэст нь оролцсон бүх лам Дээрхийн гэгээнтэй хамт зургаа татуулжээ.
Маргааш Дээрхийн гэгээн Жанрайсиг бурхны авшиг хайрлах бөгөөд зэхэл үйлийг өглөөний 6:30 цагийн орчимд эхлүүлэх аж. Айлдвар дууссаны дараа Төвөдийн Ардын төлөөлөгчдийн хурлын дарга Бямбацэрэн, Шашин, соёлын асуудал эрхэлсэн Калон Банчинжур, өмнөх Калон Трипа, профессор Самдан ринбүүчи тэргүүт нар сонсогчдод үг хэлнэ.










