Энэтхэг ХП, Дарамсала, Тэгчэн Чойлин- Өнөөдөр, Дээрхийн гэгээн Далай лам ажлын албан өргөөндөө Тайванийн Түвдэн Чойлин, Цогдрук Осэр Лин, эмэгтэй хуврагуудын Нанхай зэрэг гурван хийдийн нийт 180 гаруй хятад лам, хуврагийг хүлээн авч уулзлаа. Дээрхийн гэгээнийг суудалдаа залармагц хуврагууд Далай ламын өлмий бататгах залбирлыг хятад хэлээр аялгуулан уншиж, чуулганыг төлөөлөн таван лам лагшин, зарлиг, тааллыг бэлгэдэн мандал өргөв. Үүний дараа лам, хуврагууд Богд Зонховын “Сайтар номлолын шим” номыг төвөд хэлээр цээжээр уншицгаав.

Дараа нь Дээрхийн гэгээн Далай лам ийнхүү айлдав:
"Дэлхийн олон оронд дэлгэрсэн буддын шашны олон уламжлал дунд манай Төвөдөд дамжиж ирсэн сургаал ном шиг гүн гүнзгий нь үгүй билээ. Мөн эдгээр сургаалаас ‘Сайтар номлолын шим’ нь хамгийн шилдэг нь юм. Би ч мөн энэ номыг бүхэлд нь цээжилсэн боловч сүүлийн үед зарим хэсгийг нь мартдаг болжээ. Юутай ч та бүхнийг цээжээр уншиж байхад утга санааг нь тодорхой санаж, онцгой баяр баясгалан төрлөө. Маш сайхан байлаа. Өнөөдөр энд уншиж өгсөн та бүхэнд баярлалаа. Цаг хугацаа өнгөрөх тусам Төвөдөд нөхцөл байдал ихээхэн муудсан. Би энд дүрвэн ирснээсээ хойш агуу ном судруудыг чадах чинээгээрээ үргэлжлүүлэн судалсаар байна. Үүнд таатай нөхцөлийг бүрдүүлж, саад тотгорыг арилгаж өгсөн номын нөхөд та бүхэндээ талархлаа илэрхийлье. Өмнө дурдсанчлан Төвөдөд бид буддын шашны сургаалын хамгийн цэвэр ариун дамжлага зэргийг хэвээр нь хадгалж чадсан билээ.

Өнөө үед Хятадад ч мөн буддын шашныг их сонирхож байна. Тиймээс манай Төвөдөд дэлгэрсэн буддын сургаалыг хятад хэлээр түгээх нь зүйтэй. Төвөдүүд бид амттай сайхан хятад хоол иддэг болсонтой л адил юм. Бидний хувьд олон жилийн турш логик, учир шалтгааны үндэс хийгээд дэлгэрэнгүй тайлбарт тулгуурлан судалсан сургаал номоо найз нөхөдтэйгөө хуваалцах цаг иржээ. Хятад оронд олон өөрчлөлт гарч, буддын шашныг сонирхох явдал улам бүр нэмэгдэж байна. Өнөөдөр энд “Сайтар номлолын шим” судрыг тайваньчууд цээжээр уншиж байгааг хараад их баярлаж байна.
Яваандаа энэхүү гайхамшигтай сургаал номыг Хятадад ч гэсэн зааж, судлах боломж гарцаагүй бий болно. Та бүхэнд баярлалаа".

Лам хувраг, тэднийг дэмжигчид зэрэг Тайванийн 250 сүсэгтэн олон, монгол сүсэгтнүүд хамтдаа Дээрхийн гэгээнд бараалхав. Тайванийн лам, хуврагууд Дээрхийн гэгээнийг Ногоон Дарь эхийн магтаал залбирал уншин үдлээ.










