Миний нас сүүдэр 91 хүрснийг тэмдэглэн баярын мэндчилгээ дэвшүүлсэн та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ өдрийг тэмдэглэхээр 7 дугаар сарын 6-ны өдөр Энэтхэгийн Ладак мужийн Лех хотноо хуран цугласан хүмүүст хандан үг хэлэхдээ дурдсанчлан өнгөрсөн амьдралаа эргэн харвал би насан туршдаа бусдад туслахыг гол болгон дадуулсаар ирсэн байна. Өглөө бүр би өрөөл бусдын тусыг хичээх сэдлийг сэтгэлдээ агуулан сэрдэг билээ.
Энэрэнгүй, сайхан сэтгэлийг түгээх нь миний амьдралын эрхэм зорилго хэвээр байна. Энэ дэлхийг хэн бүхэнд аятай таатай сайхан газар болгон өөрчлөхөд ийм хандлага нэн чухал юм. Тиймээс би дэлхийн өнцөг булан бүрд оршин суугаа ахан дүүстээ, залуу хөгшин хэн бүхэнд бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьж, халуун дулаан, энэрэнгүй сэтгэлийг өдөр тутмын амьдралдаа дадуулан хэвшүүлэхийг уриалж байна. Ингэж чадвал бусдын төлөө утга учир төгөлдөр, зорилго дүүрэн амьдарч буй хэрэг болно гэж би итгэдэг.
Өнгөрсөн сард Шинэ Дели хотноо би зүүн өвдгөндөө эмчилгээ хийлгэснийхээ дараа би Ладакт ирж, биеэ тэнхрүүлж байгаа билээ. Жилийн яг энэ үед Ладакийн цаг агаар надад ихэд сайхан зохидог тул заншсан ёсоороо ойрын хэдэн долоо хоногт эндээ байхаар төлөвлөж байна.
Хүндэтгэн залбирсан
Далай лам
2026 оны 7 дугаар сарын 8










