Энэтхэг улс, Шинэ Дели хот. Дээрхийн гэгээн Далай лам энэ өглөө Шинэ Дели хотод морилон саатаж, үдээс хойш Төвөдийн сургуулиудын төв захиргаа байгуулагдсаны 50 жилийн ойн баярын арга хэмжээнд хүндэт зочноор оролцлоо. Түүнтэй хамт тайзнаа Энэтхэгийн Хүний нөөцийн хөгжлийн сайд Шри Капил Сибал, Калон Трипа (Төвөдийн Засгийн газрын тэргүүн) Лувсансэнгэ, ТСТЗ-ны дарга бөгөөд Хамтын нарийн бичгийн дарга Шри Апурва Чандра, Сургуулийн боловсрол, бичиг үсгийн нарийн бичгийн дарга Шримати Аншу Вайшжи нар байлаа. Зочдыг зохиолч, нэвтрүүлэгч бөгөөд Дээрхийн гэгээн Далай ламын нэрэмжит "Бүх нийтийн хариуцлагын сан"-гийн нарийн бичгийн дарга Шри Ражив Мехротра танилцуулсан юм.

Апурва Чандра нээлтийн үеэр Дээрхийн гэгээн Далай ламыг зөвхөн төвөдүүдийн оюун санааны удирдагч төдийгүй “Энх тайвны элч” хэмээн өргөмжлөн хүндэтгэл үзүүлэв. Тэрээр ТСТЗ нь Дээрхийн гэгээн болоод Энэтхэгийн ерөнхий сайд Жавахарлал Неру нарын хооронд өрнөсөн яриа хэлцлийн үр дүнд бий болсныг онцлоод, XIII Далай лам ч Төвөдөд орчин үеийн боловсрол зайлшгүй шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч байсныг дурдаад, өнөөдрийн ТСТЗ-ны амжилт нь Дээрхийн гэгээн Далай ламын алсын хараатай салшгүй холбоотойг хэлсэн юм. Муссори хотод анхны сургуулиа 50 сурагчтайгаар нээж байсан бол дараа нь Шимла, Далхаузи, Даржэлин хотод салбар сургуулиудаа байгуулж байжээ. Харин өнөөдөр Энэтхэг даяар ТСТЗ-ны харьяа 67 сургуульд нийт 8750 сурагч суралцаж байна.
Даржэлин дахь ТСТЗ-ны сургуулийн төгсөгч, Калон Трипа (Ерөнхий сайд) Лувсансэнгэ нийт захиргааны хамт олонд болон Дээрхийн гэгээний алсын харааг бодит ажил болгосонд гүн талархал илэрхийлэв. Тэрээр зөвхөн өөрөө ч биш, Төвөдийн Хилийн чанад парламентын дарга болон дээд шүүгч нар бүгд Төвөдийн төв сургуулиудад боловсрол эзэмшсэнийг онцлон тэмдэглэлээ.
Төвөд хүүхдүүдэд орчин үеийн боловсрол эзэмших боломж олгосон Энэтхэгийн Засгийн газар болон ард түмний өгөөмөр сэтгэлд талархаад, төвөдүүдийн дунд хадгалагдаж буй бурхны шашны эртний уламжлал, "ахимса" (үл хүчирхийлэхүй) болон орчин үеийн ардчилсан тогтолцоо нь бүгд Энэтхэгийн үлгэр жишээг дагасан болохыг дурдав.
“Нэг талаас та бүхэнд талархах амархан ч, нөгөө талаас маш хэцүү байна. Учир нь бид хичнээн талархаад ч багадахаар тийм их тусыг та бүхнээс хүртсэн билээ” хэмээн өгүүлсэн юм.

Энэтхэгийн Холбооны Засгийн газрын Хүний нөөцийн хөгжлийн сайд Капил Сибал хэлсэн үгэндээ ТСТЗ-ны 50 жилийн ойг тэмдэглэж байгаа нь бахархууштай хэрэг болохыг онцлов. Гэсэн ч зөвхөн өнгөрсөн үеийн ололт амжилтаараа бахархаад зогсох нь хангалтгүй бөгөөд ирээдүйд юу шаардлагатай байгааг, юуг илүү сайн хийж болох вэ гэдгийг тунгаан үзэх хэрэгтэйг санууллаа. Тэрээр зохиолч Дуглас Адамсын үгийг эш татан, “Ирээдүйг таамаглах хамгийн шилдэг арга бол түүнийг өөрөө бүтээн босгох явдал юм хэмээн хэлсэн байдаг. Яг үүнийг л бид хийх ёстой” хэмээн өгүүлэв.
Дээрхийн гэгээн Далай лам "Ахан дүүс минь, би бээр хаана ч, хэний ч өмнө үг хэлэхдээ өөрийгөө бусадтай л адилхан эгэл нэгэн хүн гэж үздэг билээ. Хүмүүс хоорондын өнгөн талын ялгааг хэт их анхаарч, тэр нь хагарал тэмцэлд хүргэдэг учраас бид бүгд үндсэн мөн чанараараа ижилхэн гэдгийг ойлгох нь машид чухал болох юм. Бид бүгдээрээ л аз жаргалтай амьдрахыг хүсдэг, тийм ч эрхтэй. Тиймээс бие биетэйгээ маргалдаж байхын оронд харин ч нэг нэгэндээ туслах хэрэгтэй. Энэ бол бид ямар нэгэн шашин шүтлэгтэй эсэхээс үл хамааран хүнлэг ёсны маань хамгийн суурь үнэт зүйл юм. Бид эхийнхээ хайр халамжийг хүртэж өсөхдөө л нинжин сэтгэлтэй, энэрэнгүй байх биологийн өгөгдлийг авдаг. Үүнд шашин эсвэл боловсрол ямар ч хамаагүй ч, боловсрол нь эдгээр үнэт зүйлсийг бидний дотор улам бүр бэхжүүлж өгөх чадалтай. Харамсалтай нь, орчин үеийн боловсролын систем заримдаа биднийг нэгтгэдэг нийтлэг чанаруудаас илүүтэйгээр, хоорондын маань хоёрдогч ялгаануудад хэт их анхаарал хандуулах болоод байна” хэмээн айлдлаа.
Дээрхийн гэгээн Далай лам ТСТЗ-ны 50 жилийн ойн баярыг маш онцгой мөч хэмээгээд, энэ нь түүний сэтгэлд Пандит Неругийн дүр төрхийг тодхон буулгаж буйг хуваалцав. Тин Мурти Бхаван дахь ажлын өрөөндөө малгайгаа авчихсан, халзан толгой нь гэрэлд гялалзаж, ажил хэргийн хэлэлцүүлгийнхээ дундуур хошигнон суух Неруг дурсан ярилаа. Тэрээр 1959 оны 4 дүгээр сард Энэтхэгт дүрвэн ирж байснаа, тухайн үед 70-80 мянган төвөд дүрвэгсдийн ахуй амьдрал, сайн сайхан байдал тэдний хамгийн тулгамдсан асуудал байсныг эргэн дурсав.

“Өндөр боловсролтой хүн байсан Пандит Неру төвөдийн ард түмэн, тэр дундаа хүүхэд багачуудын минь ирээдүйд чин сэтгэлээсээ санаа тавьдаг байлаа. 1954 онд намайг Бээжинд төлөөлөгчөөр очих үед Хятадын ерөнхий сайд Жоу Эньлай нэгэн зоог барьсан юм. Тэр үед Жоу Эньлай Пандит Неруг дагуулан явж, зочдодоо танилцуулж байв. Над дээр ирээд “Энэ бол Далай лам” гэхэд Неру гэнэт зогтусаж, хэсэг зуур үг дуугүй ширтэн зогссон билээ. Тэр мөчид би түүнийг Төвөдийн төлөө үнэхээр санаа зовниж явдаг юм байна гэж бодсон. Намайг 1959 оны дөрөвдүгээр сарын гурав дахь долоо хоногт Энэтхэгт ирсний дараахан тэрээр надтай уулзахаар ирж билээ. Удалгүй 1959 оны сүүл эсвэл 1960 оны эхээр бид боловсролын талаар ярилцаж байх үед тэрээр “Төвөдийн асуудлыг марталгүй, амьд байлгах хамгийн шилдэг арга бол хүүхдүүдээ боловсролтой болгох явдал юм” гэж надад хэлсэн. Хичээлийг ямар хэлээр заах вэ, хинди юу эсвэл англи хэл үү гэдэг дээр хэлэлцүүлэг өрнөхөд Неру англи хэлийг олон улсын хэл учраас сонгохыг зөвлөсөн юм. Тэгээд үдийн хоолны дараа тэрээр ТСТЗ-г байгуулснаа яаралтай зарлах хэрэгтэй гэж шавдуулж билээ. Одоо 52 жилийн дараа ч энэ байгууллага манай сургуулиудыг хариуцан ажилласаар байна” хэмээн хуучиллаа.
Дээрхийн гэгээн энэхүү үйл явдлыг VII-IX зууны үеийн Төвөдийн хаад Энэтхэг багш нарыг Төвөдөд урьж байсантай зүйрлэв. Тэдгээр багш нарын хамгийн эхнийх нь агуу гүн ухаантан, логикч Шантаракшита (Шивацо) гэгээн байсан юм. Үүнээс хойш Энэтхэг багш нар цувран ирж, mөвөд оюутнууд ч Энэтхэг рүү суралцахаар явдаг болжээ.
Үүнтэй холбогдуулан нэгэн төвөд эрдэмтэн “Цастын Төвөд орон цагаан өнгөтэй боловч Энэтхэгээс гэрэл ирэх хүртэл харанхуй байсан” хэмээн хэлсэн байдаг. Төвөдүүд Хятад улстай эртнээс харилцаатай байсан хэдий ч бурхны шашныг Энэтхэгийн эх сурвалжаас шууд сурч мэдэхийг илүүд үзэж байсан нь үүнээс тодорхой харагдаж байна гэж Дээрхийн гэгээн айлдлаа.
“Би заримдаа өөрийгөө “Энэтхэгийн хүү” гэж нэрлэдэг юм. Нэгэн удаа хятадын сэтгүүлч надаас үүний шалтгааныг асуухдаа магадгүй улс төрийн ямар нэгэн зорилго агуулсан болов уу гэж хардаж байх шиг санагдсан. Би түүнд тайлбарлахдаа “Миний бүх боловсрол, миний тархины эс бүр Энэтхэгийн уламжлалаар тэжээгдсэн. Тэр байтугай миний бие махбод ч амьдралынхаа хагасаас илүү хугацаанд Энэтхэг орны вандуйтай шөл, талхаар тэтгэгдэж ирлээ. Би Энэтхэг орныг манай “Багш”, харин биднийг танай “Шавь” гэж үздэг. Учир нь эрт дээр үед та бүхэн бидэнд бурхны ном зааж өгсөн шигээ өнөө цагт бас орчин үеийн боловсролыг бидэнд олгож байна. Үүнд хувь нэмрээ оруулсан хүн бүрд бид талархаж байна. Би өөрийн зүгээс болон Төвөдийн дүрвэгсдийн нийгэмлэг, нийт 6 сая төвөд хүний нэрийн өмнөөс та бүхэнд талархлаа”.










