АНУ, Висконсин муж, Мэдисон хот. 2008 оны 7 дугаар сарын 24. Төвөдүүд Дээрхийн гэгээн Далай ламд эсэн энх, аз жаргалтай, урт удаан наслахын ерөөл өргөн, АНУ-д анх удаа болсон бурхны шашны өргөн дэлгэр бат оршил өргөх ёслолд оролцов.
Сэнтийдээ завилан суусан Төвөдийн шашин, төрийн тэргүүн Дээрхийн гэгээн ёслолын 2 цагийн турш үргэлжилсэн уншлага, залбирлын аясаар биеэ аяархан хөдөлгөж байхад олон 10 буддын лам хувраг түүнд магтаал өргөн, оюун санаа, бие лагшин, сэтгэл санаа нь эрүүл энх байхын ерөөл талбив. Дээрхийн гэгээн энэхүү бат оршил өргөх ёслолыг шавь нар багшдаа хүндэтгэл үзүүлэн өргөдөг хэмээн тайлбарлажээ.
“Аллиант Энержи” төвд болсон энэхүү арга хэмжээ хятадын дарангуйллаас ангид эх нутагтаа нэгэн өдөр Дээрхийн гэгээний удирдлага дор эргэн очихыг хүсдэг төвөдүүдийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Зохион байгуулагчдын мэдээлснээр 5000 гаруй хүн цугласан нь АНУ, Канадад оршин суугаа төвөдүүдийн өнөөг хүртэлх хамгийн олон хүн оролцсон цуглаан байв.
Сан Францискогийн зохион байгуулагч Тепо хувилгаан Дээрхийн гэгээнийг 100 насалж, түүнээс ч урт наслах болтугай хэмээн хүсэж буйгаа илэрхийлэв. Энэ нь дэлхийн энх тайван, хүний эрх болоод эрх чөлөөт Төвөдийн төлөөх тэмцэлд тустай хэмээн тэрбээр онцлоод, “Дараагийн удаа бид Дээрхийн гэгээнийг Төвөдөд харах ч юм бил үү” хэмээжээ.
АНУ-д оршин суугаа төвөдүүд өнгөрсөн жил Дээрхийн гэгээнд бат оршил өргөх уг ёслолд оролцохыг урьжээ. Тэр цагаас хойш Төвөдөд өрнөсөн үйл явдлын улмаас энэхүү ёслолын ач холбогдол улам нэмэгдсэн байна.
Хятадын тал Далай ламыг энэ оны эхээр Төвөдөд гарсан хүчирхийлэл дагуулсан бослогыг дэмжсэн мөн дараа сард Бээжинд болох олимпын наадмыг тасалдуулах төлөвлөгөө гаргасан хэмээн буруутгасан боловч Дээрхийн гэгээн эдгээр буруутгалыг эрс няцаажээ.
Хятадын тал ард олны бослогыг хүч хэрэглэн дарсны дараа Далай лам 1959 онд Төвөдөөс дүрвэн гарсан юм. Хятад улс Төвөдийг олон зууны турш захирч ирсэн гэж мэдэгддэг. Харин төвөдүүд эх нутаг нь тэр хугацааны ихэнхэд тусгаар улсын ёсоор оршин тогтносон гэж үздэг бөгөөд өөртөө засах эрхээ сэргээхийг хүсдэг.
Ёслолын уншлагыг эмхэтгэн бэлтгэсэн Лхүндүвчойдон бат оршил өргөх ёслол нь төвөдүүдийн хувьд онцгой чухал хэмээн тэмдэглэжээ. Тэрбээр уншлагад дагалдуулсан редакторын тэмдэглэлдээ, “Дээрхийн гэгээн бол тэдний нүүрэн дэх мэлмий, цээжин дэх зүрх нь билээ. Энэ нас болон хойд төрлүүддээ цаг ямагт аврал одуулах Дээрхийн гэгээнээс өөр хэн ч үгүй” хэмээн бичсэн байв.
Энэхүү арга хэмжээгээр Дээрхийн гэгээний тус бүс нутагт хийсэн 6 өдрийн айлчлал өндөрлөв. Тэрбээр олон нийтэд зориулсан лекц, номын айлдвар айлдан, Мэдисон хотын захад орших “Дийр Парк” бурхны шашны төвд айлчилжээ. Тус төв нь АНУ-ын Дундад өрнөдийн бүс дэх бүрэн хэмжээний буддын хийд, ном сургалтын цорын ганц төв юм.
Энэ нь сүүлийн 30 жилд Дээрхийн гэгээний тус нутагт хийсэн 7 дахь айлчлал байлаа. Дээрхийн гэгээн Мэдисон хоттой ойр дотно холбоотой. Учир нь түүний хамтран зүтгэгч, буддын шашны нэрт лам, гэвш Сопа 1960-аад онд Висконсин Мэдисоны Их Сургуульд багшлахаар энд ирж, хожим “Дийр Парк” төвийг байгуулжээ.
Торонтогоос ирсэн Дэчин бол гэртээ хүүхдээ асардаг эх бөгөөд ёслолын үеэр угталтын дуу дуулсан багийн бүрэлдэхүүнд оролцжээ. Мөн тэрбээр олон зүүлт бүхий, нарийн хийцтэй төвөд үндэсний хувцас өмссөн байв. Эцэг эх нь Төвөдөд төрсөн Дэчин, “Дээрхийн гэгээн урт наслах нь төвөд түмэнд төдийгүй дэлхий дахинд тустай. Дээрхийн гэгээн бусдад энэрэнгүй сэтгэл, дайн дажингүй байх тухай ямагт айлддаг. Энх тайвны үр шимийг хүн бүр хүртэнэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.










