Энэтхэг, Карнатака, Билакуппе, Дашлхүмбэ - Өнөө өглөө лам хувраг болон энгийн иргэд зэрэг 12,000 орчим хүн, Карнатака мужийн Билакуппед сэргээн байгуулсан Дашлхүмбэ хийдэд цуглаж, Төвөдөд хүчтэй газар хөдөлсний улмаас хохирсон хүмүүсийн төлөө залбирлаа. Газар хөдлөлтөд хамгийн ихээр өртсөн бүс нутгууд нь Шигацэ, Динри юм. Шигацэгийн гол хийд нь анхдугаар дүрийн Далай лам Гэндэндүбийн байгуулсан Дашлхүмбэ хийд бөгөөд Банчин Богдын тус хийдийн ширээт ламаар заларч байсан билээ.
Энэ үед Дээрхийн гэгээнтэн Далай лам Өмнөд Энэтхэгт сэргээн байгуулсан Дашлхүмбэ хийдэд заларч байсан тул Шигацэ, Динригийн ард түмэнд зориулсан томоохон залбирал мөргөлд биечлэн оролцсон нь нэн завшаантай хэрэг юм.
Ойр орчмын төвөд суурин газрын оршин суугчид өглөө эрт цугласан бөгөөд тэднийг 6 цаг 15 минутаас эхлэн дотогш нэвтрүүлэв. Лам нар хийдэд эгнэн суудлаа эзэлж, албан ёсны залбирал эхлэхийг хүлээх зуур цугларсан хүмүүс Бурхан багшийн зүрхэн тарнийг уншлаа.
Дээрхийн гэгээнтэн морилж, Бурхан багш болон анхдугаар Далай ламын алт шармал том шүтээн дүр болон өмнөх дүрийн Банчэн Богд, түүнийг залгамжлагч Гэндэн Чойжинямын зургийн өөдөөс харан залрав. Түүний баруун талд Шаравчойжи ринбүүчи, хийдийн өмнөх болох одоогийн хамба лам нар суулаа. Тэдний ойролцоо Төвөдийн Төв захиргааны болон Төвөдийн цагаачлалын парламентын гишүүд суусан байв.
Хэвлэл мэдээллийнхэнд хийдэд нэвтэрч, Дээрхийн гэгээнтний бичлэгийг хийх бололцоог бүрдүүлж өгсөн байлаа.
Эхэнд, Бурхан багшийн магтаал уншсан ба дараа нь аврал одуулах, бодь сэтгэлийг төрүүлэх залбирал уншлаа. Дээрхийн гэгээнтэн үе үе хуран цугласан хуврагуудын зүг хараа тавьж байв.
Үүний дараа "Цаглашгүй дөрвөн сэтгэл", "Самандбадра буюу Ерөөлийн хаан" залбирлыг уншив. Энэ үед хуран цугласан олонд төвөд шар тостой цай, гамбир түгээж, цав адислах залбирал уншлаа.
Дашлхүмбэ хийдийн гэсгүй Дээрхийн гэгээнтэн болон бусад багш нар удирдан залбирал унших гэж байгааг зарлав. ийн Сахилгын Эзэн Ариун Их Эзэн болон бусад сүнслэг мастеруудын удирдлагаар залбирлыг унших гэж байгааг зарлав. Дараа нь тэрээр өнөөдрийн хурлыг зохион байгуулахад зориулж өргөсөн өглөг, хандивын жагсаалтыг уншлаа.
Үүний дараа Нагаржунай гэгээний зохиосон "Билгүүний үндэс"-ээс дараах бадгийг уншлаа:
Шүтэн барилдаж гарсан юмст
төгсөхүй үгүй, үүсэхүй үгүй,
устахуй гэж үгүй, мөнхийн оршихуй гэж үгүй,
ирэхүй үгүй, явахуй үгүй,
салахуй үгүй, ижилдэхүй үгүй,
Багш мэргэдийн оройн дээд
Хиргүй амгаланг номлосон
Төгс гэгээрсэн Бурхан багшид мөргөе.
Үүний дараа Богд Зонховын зохиосон “Шүтэн барилдлагын магтаал”’-ыг уншлаа. Залгуулаад VII Далай лам Галжамцын зохиосон "Жанрайсигийн магтаал"-ыг уншсаны дараа цугларсан олон нэгэн зэрэг, газар хөдлөлтөд өртсөн хүмүүсийн төлөө Жанрайсиг бурханы Ом ма ни бадмэ хум хэмээх зүрхэн тарнийг уншив. Төгсгөлд нь "Гурван эрдэнэд соёрхол талбих залбирал" уншлаа.
Хийдээс морилохынхоо өмнө Дээрхийн гэгээнтэн цугласан олонд хандан ийнхүү айлдлаа.
“Саяхан Төвөдөд газар маш хүчтэй хөдөлж, олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирлаа. Энэ нь үйлийн үрээс шалтгаалсан хэрэг юм. Бурханы номд итгэдэггүй хүмүүсийн хувьд уй гашууд дарагдахаас өөр арга байхгүй. Харин Бурханы номд итгэдэг бидний хувьд ийм зовлонг урьд хийсэн муу үйлийн үрийг ариусгах хийгээд ирээдүйн сайн сайхныг зөгнөсөн эерэг бодлыг төрүүлэх боломж гэж үздэг юм. Ингэснээр бид зовлон бэрхшээлийг эерэг сайн үйлд хувиргаж чадна. Байгалийн ийм хүчтэй гамшиг зовлон нь бидэнд бодь сэтгэлийг төрүүлэх ба хоосон чанарыг ойлгохын төлөө хичээнгүйлэн шамдах шийдвэрээ батжуулахад тусална.”
“Төвөдөд болсон энэ газар хөдлөлттэй адил гай гамшигтай тулгарсан үед бид үүнийг гэгээрэлд хүрэх замд дөтлөх хөшүүрэг болгон өөрчилж болно. Ийм чадвар бидэнд бий. Хэдий муу үйл боловсорсон ч бид үүнийг шийдвэрээ батжуулах боломж гэж харах нь зөв.”
“Миний хувьд газар хөдлөлтөөс болж учирсан хор хохирлын талаарх мэдээг сонсоод бодь сэтгэлийн төрүүлэх, хоосон чанарыг хөгжүүлэх, Жанрайсиг бурханд чин сэтгэлээсээ залбирч байя гэсэн шийдвэр минь улам батажсан. Зовлон бэрхшээл тохиолдоход уй гашууд автан уйлахын оронд түүнийг гэгээрэлд хүрэх замд урвуулах боломж гэж үзэх нь зүйтэй юм. Төвөдөд олон удаа байгалийн гамшиг тохиолдож байгаа ч энэ бүгдийг гэгээрэлд хүрэх мөрийн хөшүүрэг болгон хувиргаж, үүний үрээр оюун санааны дэвшилд сайтар ахиц гарах болтугай гэж залбирах нь зөв билээ. Гамшгаас амьд үлдсэн хүмүүс ч гэсэн зүрх алдахын оронд сэдэл зоригдлоо дахин батжуулах нь зүйтэй.”
“Төвөд орон бол Жанрайсиг бурханы шүтлэг дэлгэрсэн орон гэдэгт эргэлзэх зүйлгүй. Тиймээс бид эерэг сэтгэл оюуныг тасралтгүй, хичээнгүйлэн хөгжүүлэх учиртай. Эргэлтгүй боловсорсон үйлийн үрийн улмаас болж өнгөрсөн осол, гамшгийн талаар сонсох үнэхээр харамсмаар. Гэсэн хэдий ч бид энэ эмгэнэлт явдлыг гэгээрэлд хүрэх чин эрмэлзлээ батжуулах боломж гэж үзвэл тустай байх болно. Үүгээрээ бид Жанрайсиг бурханы тааллыг баясгаж чадах юм.”
“Үүнээс болоод бид зүрх алдан эмээх хэрэггүй юм. Газар хөдлөх нь байгалийн үйл явц агаад үүнд хэнийг ч буруутгах аргагүй. Энэ бол байгалийн үзэгдэл болохоос хүний үйл ажиллагаанаас үүдсэн зүйл биш ээ. Ийм маягаар аливааг авч үзвэл хятадуудад уурсан хилэгнэх ч шаардлага үгүй болно. Болсон үйл явдал бүхэн үйлийн үрээс шалтгаалж буй тул дэлхий дахинд тархан суурьшсан, Төвөдөд болон хилийн чанадад байгаа төвөд үндэстнүүд бүгд эерэг сэтгэл оюуныг төлөвшүүлэхийн төлөө хичээн ажиллах хэрэгтэй юм.”
“Хятадад буддын шашин шүтдэг хүмүүсийн тоо өсөж байгаа бөгөөд тэдний олонх нь миний нэрийг сонсоод нааштай ханддаг бололтой.”
“Өмнө нь хэлсэнчлэн бид өөрсдөө урам зоригоо мохоохгүй, урьд нь чадаагүй эерэг бодлыг хөгжүүлэх, аль хэдийн хөгжүүлсэн эерэг сэтгэлээ улам сайжруулахын төлөө шаргуу ажиллах ёстой. Түүнчлэн бид ганхаж гуйвшгүй итгэл үнэмшил дээр суурилсан халуун дулаан харилцаа холбоогоо хадгалж байх нь чухал юм.”
“Би бүхий л амьдралдаа итгэл үнэмшилдээ тууштай байсан бөгөөд зуун нас давтлаа ч энэ л хэвээрээ тууштай байх болно. Энэчлэн бид бүгд тэвчээртэй байж, өдөр бүр бодь сэтгэлийг төрүүлж, хоосон чанарын үзлийг өдөр тутам дадуулан хөгжүүлэх ёстой. Бурхан багшийн тааллыг үнэхээр баясгах өргөл гэвэл энэ юм. Ингэж чадвал энэ амьдралдаа болон дараа насныхаа буяныг хураах хамгийн сайн арга мөн. Мөн бид бусдад хэрхэн уур хилэн, шунал хүслээ багасгах, сэтгэлийн дотоод амар амгаланг бий болгох талаар үлгэр жишээ болж чадна.”
“Ерөнхийдөө дэлхийн даяар төвөдүүдийг гайхан биширдэг шүү. Тэд бидний халуун дулаан сэтгэлийг үнэлж, төвөд маягийн амьдралын хэвшлийг эрхэмлэдэг. Төвөдүүдийг сайхан зан гэж бодож хүндэлдэг найз нөхөд надад олон бий.”
“Өмнө хэлсэнчлэн би чадах бүхнээ хийхийн төлөө тууштай зүтгэдэг хүн. Зүүдэнд минь үзэгдэж буй дохио болон бусад шинж тэмдгүүдийг анзаарвал, би 110-аас дээш насалж магадгүй юм. Би чадах бүхнээ хийх болно, номын анд нөхөд та бүхэн ч гэсэн чадах бүхнээ хийх хэрэгтэй. Төвөдөд болсон энэ гамшгаас болж бид уурлах аль эсвэл урам хугарах учиргүй. Бэрхшээлийг гэгээрэлд хүрэх зэвсэг болгон урвуулахыг ойлгосноор бид энэ гамшгийн талаарх бодлоо итгэл найдвар болгон урвуулж чадна.”