Ихэнх хүн буддын шашныг иудейн шашны эсрэг тэсрэг туйл гэж үздэг ч Далай лам энэ асуудал тийм ч энгийн биш болохыг Еврейн Их Сургуулийн сонсогчдод харууллаа.
Иерусалим. 2006 оны 2 дугаар сарын 20. Еврейн Их Сургуулийн ерөнхийлөгч Менахем Мегидор Далай лам Данзанжамцыг танилцуулахдаа арав гаруй номын зохиогч, Нобелийн Энх тайвны шагналт, хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч хэдий ч өөрийгөө “энгийн буддын шашны лам хүн” хэмээн нэрлүүлэхийг илүүд үздэгийг онцолсон байна.
Хамгийн анхаарал татсан зүйл нь энэ нь түүний царай төрхөөс илт харагдаж байсан явдал байв. XIV Далай лам өөрийгөө дэлхий дахинд энэрэн нигүүлсэхүйн үнэ цэнийг түгээн дэлгэрүүлдэг эгэл нэгэн хэмээн үздэг нь илтэд байлаа.
Гэвч энэрэн нигүүлсэхүйн тухай ойлголт олон хүнд энгийн мэт санагдаж болох ч дэлхийн 6-7 сая төвөд хүний удирдагчийн хувьд энэ нь тийм ч энгийн асуудал биш ажээ. Далай лам “Шүүх тогтолцоонд энэрэн нигүүлсэхүйн гүйцэтгэх үүрэг” сэдэвт илтгэлдээ энэрэн нигүүлсэхүйн мөн чанарыг тайлбарлаад зогсохгүй түүний үүрэг зөвхөн шударга ёсны тогтолцоогоор хязгаарлагдахгүй, хүн хоорондын бүхий л харилцаанд чухал ач холбогдолтой болохыг өгүүлсэн байна. Тэрбээр цааш дайн, зэвсэгт мөргөлдөөний үед энэрэн нигүүлсэхүйн үзэл санаа ямар байр суурь эзэлж болох талаар ч хөнджээ.
Дээрхийн гэгээн хятадаар ярихдаа үгээ олж чадалгүй гацах бүрдээ туслах болоод орчуулагч руугаа хандан, тусламж авч байлаа. “Би хууль эрх зүйн мэргэжилтэн биш. Улс орон бүр өөрийн гэсэн хууль, эрх зүйн тогтолцоотой боловч ерөнхийдөө хууль нь гэмт хэрэг үйлдсэн этгээд болоод хохирогчийн аль алины эрхийг хамгаалахад чиглэсэн байдаг. Хууль эрх зүй, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан зэрэг бүхий л салбарт энэрэн нигүүлсэхүйн үүднээс хандсан цагт илүү хүнлэг, бүтээлч шинжтэй болдог. Гэвч энэрэн нигүүлсэхүй нь ялгаваргүй эрх тэгш байх ёстой. Энэрэн нигүүлсэхүй гэдэг нь өөртөө, ялангуяа бусдад санаа тавьж, халамжлах сэтгэл юм. Гэхдээ энэ нь зөвхөн гэр бүл, найз нөхдөөр хязгаарлагдах ёсгүй. Бид ялгаваргүй, тэгш энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлэх хэрэгтэй” хэмээн айлджээ.
Магадгүй гайхмаар санагдаж болох ч Далай ламын хамгийн хатуу шүүмжлэл шашин шүтлэгт чиглэсэн бөгөөд хэрэв шашин нь хүнлэг энэрэнгүй сэтгэлгүй болбол сүйрүүлэгч хүчин зүйл болон хувирдаг хэмээн тэрбээр анхааруулжээ. Шашин нь заримдаа хэвшмэл, механик шинжтэй болж, чин сэтгэл болоод нухацтай хандах чанараа алддаг гэж үзжээ. Үүний жишээ болгон Умард Ирланд дахь протестант, католик шашинтнуудын болон Ойрх Дорнодын суннит, шийт мусульманчуудын хоорондын мөргөлдөөнийг дурдсан байна. Эдгээр нь бүгд нэг шашин доторх зөрчил мөргөлдөөн юм.
“Ойрх Дорнодын бүх уламжлал энэрэнгүй ёсыг номлодог. Философи, үзэл санааны ойлголт өөр өөр байж болох ч тэдгээрийн аль алийг нь хүмүүс хоорондын энэрэнгүй сэтгэлийг нэмэгдүүлэхэд ашиглах боломжтой.
Гайхалтай ижил төстэй талууд. Магадгүй хамгийн их анхаарал татсан зүйл нь уламжлалт еврей үзэл санаа болоод Далай ламын сургаалын хоорондох илэрхий төстэй талууд байлаа. Далай лам өөрийгөө Израилийн “найз” хэмээн үздэг бөгөөд тус улсад 3 удаа айлчилж байсан төдийгүй 1994 онд Еврейн Их Сургуулийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдөж байжээ. Гэсэн ч олон хүн буддын шашин болоод уламжлалт иудаизм хоорондоо туйлын эсрэг үзэл, сургаалтай хэмээн үздэг. Гэвч Еврейн Их Сургуулийн Олон улсын захирагчдын зөвлөлийн дарга Игал Арнон энэ үзэл бодол буруу болохыг онцлон тэмдэглэх боломж бүрийг ашиглаж байв.
Арнон еврейчүүдийн эш үзүүлэгч Микагийн “Шударга ёсыг сахиж, энэрэнгүй байдлыг эрхэмлэн, бурхантайгаа даруухнаар алх” хэмээн еврей ард түмэндээ сургасан сургаалыг (Мика 6:8), мөн Талмудын эрдэмтэн Хиллелийн нэгэн шашин шүтлэгтэн болохоор сонирхож буй хүмүүст хандан “Өөрт чинь үзэн ядалт төрүүлэхүйц зүйлийг бусдад бүү үйлд” хэмээх сургаалыг (Вавилоны Талмуд, Шаббат 31a) эш татжээ. Ийнхүү тэрээр хоёр шашны хооронд мэдэгдэхүйц ялгаа байдаг хэдий ч тэдгээрт нийтлэг төстэй тал, үзэл санаа олон байдгийг зочиндоо харуулахыг зорьсон байна.
Үүнээс гадна нүглээ наминчлан гэмших тухай асуудал ч хөндөгдөнө. Иудаизмын үзлээр ёс бус үйлдэл хийсэн хүн зохих шийтгэлээ хүртэх ёстой хэдий ч буруу замаас буцаж, засран сайжрах боломж үргэлж нээлттэй байдаг хэмээн бат итгэдэг.
“Буддын шашинд ч мөн адил үний оюун санаа, хандлага нь тогтмол, хувиршгүй зүйл биш. Тэдгээр нь байнга өөрчлөгдөж байдаг. Өнөөдөр муу зүйл үйлдсэн хүн маргааш мөн л муу зүйл үйлдсээр байна гэсэн үг биш. Аливаа зүйлийг өргөн хүрээнд, зөв өнцгөөс нь харах нь чухал” хэмээн Далай лам тайлбарлав.
Тухайн сэдэв нь энэрэнгүй сэтгэл болон шударга ёсны тогтолцооны тухай байсан учраас энэ асуудлаарх еврей болоод буддын шашны үзэл баримтлалын ижил төстэй талуудын талаар цөөн үг дурдах нь зүйтэй болов уу. Еврейн шашны хуулиар шударга ёсны тогтолцоог бүрдүүлэх нь еврей бус хүмүүс ч дагаж мөрдөх Торагийн долоон зарлигийн нэгэнд тооцогддог. Мөн Мишнад шударга ёсны тогтолцоо үгүй бол хүмүүс “бие биеэ амьдаар нь барьж идэх мэт” болно хэмээн өгүүлдэг (Авот 3:2).
Дээрхийн гэгээний сургаалтай харьцуулж үзвэл “Мэдээж хэрэг хүчирхэг хууль эрх зүйн тогтолцоо зайлшгүй шаардлагатай боловч уг тогтолцоо нь бусдыг халамжлах, энэрэн нигүүлсэх сэтгэлд үндэслэсэн байх ёстой” хэмээн тэрбээр айлдсан юм.
Энэ нь хүн бүр хүссэн бүхнээ хийхийг зөвшөөрнө гэсэн үг биш. Энэ нь хүүхэд өсгөхтэй адил. Сайн эцэг эх хүүхдээ буруу зүйл хийхэд нь зүгээр орхидоггүй. Энэ нь хатуу ширүүн хандах гэсэндээ бус, хүүхдийнхээ сайн сайхныг хүсдэгтэй холбоотой гэж тэрбээр тайлбарласан байна.
Мөн хүчирхийлэл болон хүчирхийллийн бус арга замын ялгаа нь тухайн хүний зорилго, сэдлээс хамаарна. “Хэрэв хүн өөр нэгэнд туслахын тулд зохистой арга хэмжээг авч байгаа бол үүнийг хүчирхийлэл биш гэж үзэж болно” хэмээжээ.










