АНУ, Массачусетс, Фоксборо. 2009 оны 5 дугаар сарын 2. “Гиллетт” цэнгэлдэх хүрээлэнгийн хэвлэлийнхний суудлаас ховорхон нэгэн болох Далай ламыг харж суухад төрсөн гүн бодлууд...
Үнэнийг хэлэхэд, энэ бол “спорт” биш. Дээрхийн гэгээнийг “Гиллетт” цэнгэлдэх хүрээлэнд хүлээн авсан нь машид сайхан хэрэг байлаа. 1989 оны Нобелийн Энх тайвны шагналт, амар амгалан, оюун санааны ертөнцийг эрхэмлэдэг энэ хүний айлдварынх нь хэсгээс сонсох боломж надад олдсон юм. Хүн төрөлхтний амьдралыг сайжруулахын тулд зөвхөн дэлхий дахины хэмжээнд төдийгүй, орон нутгийн иргэд, хөршүүдийн хүрээнд ч хамтын нийгэмлэгийг сэргээх хэрэгтэй хэмээн ярьсан нь үнэхээр сонирхол татлаа.
1959 онд дүрвэн гарснаасаа хойш энх тайван, хүчирхийлэлгүй байх зарчим, шашин хоорондын ойлголцол, нийтлэг хариуцлага, энэрэнгүй сэтгэлийн төлөө тууштай тэмцэн, 84 болоод түүнээс дээш шагнал, хүндэт докторын зэрэг, өргөмжлөл хүртсэн энэ хүн өөрийгөө өнөөг хүртэл бурхны шашны эгэл нэгэн хувраг хэмээн үздэг аж. Тэрбээр хөл бөмбөгийн томоохон байгууламжид морилон саатаж, Шинэ Английн бүс нутгийнхантай ярилцаж байлаа.
Зураг. Дээрхийн гэгээн Далай ламд өргөн барьсан “Patriots” багийн малгайг засан өмсөж буй нь... Зургийг Мартин Гэвин.
Энэ бүхэн жаахан ёжтой, бүр үл хүндэтгэсэн мэт сонсогдож магадгүй. Гэхдээ Дээрхийн гэгээн эргэн тойрныхоо нөхцөл байдлыг машид сайн мэдэрдэг хүн гэдгийг санаарай. Тэрбээр үдээс хойших айлдвараа “Patriots” багийн “Нисдэг Элвис” лого бүхий улаан малгай өмссөнөөрөө үүнийгээ илтгэсэн юм. Би огт тоглоогүй шүү. Түүнд малгай маш их таалагдсан. Цэнгэлдэхийн хаа нэгтээ Боб Крафт машид баясгалантай инээмсэглэн зогсож байсан биз ээ.
Би мэргэжлээрээ ажилласан бүх цаг хугацааныхаа турш алдартнуудын дунд байлаа. Спортын хэдэн зуу, магадгүй хэдэн мянган алдартнаас ярилцлага авч байсан. Жүжигчидтэй ярилцан, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс асуулт асууж, дэлхийн загварын тайзны алдартай бүсгүйчүүдийн дэргэд зогсож явлаа. Гэвч манай нутгийн 68,000 хүний суудалтай асар том цэнгэлдэх хүрээлэнг хөлбөмбөг, рок н роллоос арай өөр, оюун санааны гүн утга агуулгатай үйл явдалд ашиглаж буйг хараад өөрийн эрхгүй биширсэн билээ.
Энэ нь алдартнуудыг тойрсон бидний ердийн хэвшлээс түрхэн холдож, эргэцүүлэн бодох боломж олгосон онцгой үйл явдал байлаа. “Гиллетт” цэнгэлдэх хүрээлэнд ирээдүйд ийм үйл явдал улам олон болно хэмээн найдаж байна.










