Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала, Тэгчинчилэн. Энэ өглөө Дээрхийн гэгээн Далай лам Франц улсын ерөнхийлөгчийн сонгуульд түүхэн ялалт байгуулж, дахин сонгогдсон Эммануэл Макронд баяр хүргэн, захидал илгээжээ.

Дээрхийн гэгээн Далай лам захидалдаа, “Эртний буддын шашны соёл, энх тайван, хүч үл хэрэглэх (Ахимса), энэрэн нигүүлсэхүй (Каруна) тэргүүт хэн бүхэнд тустай байх боломжтой үнэт зүйлсийг хамгаалан хадгалах үйл хэрэгт минь Франц улсын ард түмэн болоод тус улсын удирдагчид найрсаг дэмжлэг, урам зоригийг хайрласаар ирсэн явдал нь төвөдийн ард түмний хувьд аз завшаан, золтой хувь заяа билээ. Энэхүү боломжийг ашиглан төвөдийн ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа дахин илэрхийлье” хэмээн бичжээ.
Мөн тэрбээр “Франц улсын ард түмний итгэл найдвар, хүсэл эрмэлзлийг биелүүлэхийн төлөө цаашид тулгарах сорилт бэрхшээлийг амжилттай даван туулж, энх тайван, эв найрамдалт дэлхий ертөнцийг цогцлоох үйл хэрэгт хувь нэмрээ оруулахад тань бахдам амжилт хүсье” хэмээн ерөөсөн байна.










