Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчин Чойлин – Дээрхийн гэгээн XIV Далай лам өнөө өглөө Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлераар сонгогдсон Фридрих Мерзд баяр хүргэж, захидал илгээлээ.
Захидалдаа: "Бүүр бага байхаасаа л би Германы ард түмэнд их хайртай байлаа. Өнгөрсөн олон жилийн хугацаанд надад танай улсад нэлээд хэдэн удаа айлчлах завшаан тохиосны дээр германчууд Төвөдийн ард түмний эрх чөлөөний тайван тэмцлийг дэмжиж, хүн төрөлхтний нийтлэг мөн чанар, энэрэл нигүүлсэл зэрэг үнэт зүйлсийг эрхэмлэхийг уриалах, шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх гэсэн миний өчүүхэн хүчин чармайлтыг анхааран сонирхсоор ирсэнд гүнээ талархаж явдаг билээ.
Дэлхий нийтээрээ олон сорилттой тулгарч буй энэ бэрх цаг үед Таныг чадварлаг манлайлагч байна гэдэгт итгэлтэй байна. Европын Холбооны зүгээс бүх гишүүн орныхоо нийтлэг ашиг сонирхол, сайн сайхан байдлыг ихэд чухалчлах үзэл санаа баримталдгийг би нэн бишрэн сайшаадаг. Энэхүү хамтын ажиллагааг дээдлэх үзэл санаа бусдад урам зориг өгч, дэлхийд энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлооход үнэтэй хувь нэмэр оруулах нь лавтай" хэмээн цохон тэмдэглэжээ.
Дээрхийн гэгээн захидлынхаа төгсгөлд Канцлерт ард түмнийхээ итгэл найдвар, хүсэл тэмүүллийг гүйцэлдүүлж, хүмүүнлэг ёс, энх тайвныг даян дэлхийд цогцлооход хувь нэмэр оруулах ажилд нь амжилт хүсэв.