Швейцар, Цюрих, 2010 оны 4 дүгээр сарын 10 - Цюрих хотын төв хэсэг Мюнстерхофт 8000 гаруй хүн цугларч, Дээрхийн гэгээн Далай лам болон Төвөдийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэв.
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Цюрихт болсон Төвөдийн эв санааны нэгдлийн цуглаан дээр. (Зургийг Мануэль Бауэр)
Дээрхийн гэгээн Далай лам "Бидний үйл хэрэгтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэх нь Хятад улсад Төвөдийн асуудлыг сануулахад маш хэрэгтэй юм. Би үүнд маш их талархаж байна" хэмээн мэдэгдлээ. Тэрбээр цааш нь Хятадын засгийн газар Төвөдийн асуудлын бодит байдалд анхаарал хандуулах хэрэгтэй хэмээгээд, Хятад улс Төвөдийн ард түмэнд хүч хэрэглэж, дарангуйлж байгаа хэдий ч ийм байдлаар Төвөдийн асуудал арилахгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байгаагаа нэмж хэлэв. Мөн Хятадаас салан тусгаарлах эрмэлзэл байхгүй гэдгээ дахин давтлаа.
Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн хүчирхийлэлгүй тэмцлийг дэмжиж байгаад нь хүмүүст талархаж, тэднийг өөрсдийн амьдралдаа ч мөн хүчирхийллээс ангид байхыг уриалав.
Эв санааны нэгдлийн жагсаал нь Төвөдийн тэмцэлд чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь зөвхөн цөөн тооны төвөдүүдийн тэмцэл биш, дэлхий даяарх эгэл жирийн хүмүүс ч гэсэн дэмжиж байгааг харуулж байгаа юм. Дээрхийн гэгээн амьдралынхаа гурван үүрэг амлалтын хоёрыг нь дурдсаны эхнийх нь хүмүүнлэг үнэт зүйлсийг сурталчлах, хоёр дахь нь шашны эв нэгдлийг дэмжих явдал байлаа.
Эв санааны нэгдлийн жагсаал дээрх айлдварынхаа төгсгөлд Дээрхийн гэгээн "Тиймээс ах дүүс минь, энэ хоёр зүйлийн талаар бодож үзээрэй. Эдгээр зорилтуудыг дэмжиж сурталчлаарай. Ингэж чадвал та Далай ламын сайн найз гэдгээ харуулах болно" гэжээ.
Өглөө нь Дээрхийн гэгээн Европ дахь Төвөдийн Залуучуудын Анхдугаар Парламентад хандаж үг хэлсэн байна. Энэхүү Залуучуудын парламентын зорилго нь Төвөдийн асуудлыг хэлэлцэх, ялангуяа Европ даяар хамтран ажиллах зорилгоор Европ дахь төвөд залуусыг нэгтгэхэд оршдог аж.
Зураг. Дээрхийн гэгээн Европ дахь Төвөдийн Залуучуудын Анхдугаар Парламентад хандан үг хэлж байна. (Зургийг Мануэль Бауэр)
Европ дахь Төвөдийн Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Тэндон Дахорцан мэндчилгээ дэвшүүлэн хэлсэн үгэндээ "Хэдийгээр дэлхийн өөр өөр хэсэгт өссөн ч бид төвөд хүмүүс бөгөөд Төвөдийн ард түмний тэмцэлд хүчин зүтгэнэ" хэмээлээ.
Түүнийг 2002 онд Төвөдөд анх удаа очиход Лхас хотод нэгэн өндөр настан хаанаас ирснийг нь асуужээ. Хэсэг ярилцахад өндөр настан Төвөд дэх төвөдийн ард түмэн хилийн чанадад буй төвөдүүд, ялангуяа залуучуудад маш их найдлага тавьж байгаа талаар түүнд ярьсан байна.
Европ дахь Төвөдийн Залуучуудын Анхдугаар Парламентын бага хурлыг Швейцарт төвтэй Европ дахь Төвөдийн Залуучуудын Холбоо зохион байгуулдаг аж. Энэ жил Европ дахь Төвөдийн Залуучуудын Холбоо үүсэн байгуулагдсаныхаа 40 жилийн ойг тэмдэглэж байгаа аж.
Дээрхийн гэгээн Европ дахь Төвөдийн Залуучуудын Анхдугаар Парламентад хандан хэлсэн үгэндээ Төвөдийн ахмад үеийнхэн өөд болж байгаа тул Төвөдийн тэмцлийг үргэлжлүүлэх нь залуу үеийнхний үүрэг хариуцлага юм хэмээв. 2008 оны байдлаар дэлхий нийт Төвөдийн гурван үеийнхний зовлон зүдгүүрийг сонсоод байна.
"Бид бол Төвөдөд байгаа төвөдүүдийн төлөөлөгчид. Төвөдийн ирээдүйн талаар бодох нь чухал" гэж Дээрхийн гэгээн Далай лам хэллээ.