Энэтхэг улс, Шинэ Дели хот. 2001 оны 9 дүгээр сарын 11-ний аймшигт халдлагыг дэлхий нийтээрээ уй гашуу дүүрэн дурсдаг ч энэ өдөр бас нэгэн чухал түүхэн үйл явдлын ой тохиодог. 1893 оны 9 дүгээр сарын 11-нд Свами Вивекананда Чикаго хотноо болсон анхны дэлхийн шашнуудын чуулган дээр алдарт илтгэлээ тавьж, сонсогчдынхоо сэтгэлийг бадрааж байжээ. Энэ нь магадгүй хүн төрөлхтний түүхэнд бусад шашин, итгэл үнэмшлийг анх удаа хүндэтгэлтэйгээр хүлээн зөвшөөрч, тэдгээр нь бүгд нэг ижил зорилгод хүрэх өөр өөр замууд бөгөөд хоорондоо эв найртай зэрэгцэн оршиж болно гэдгийг тунхагласан анхны тохиолдол байсан юм.
Үүнээс 4 жилийн дараа буюу 1897 онд Свами Вивеканандагийн үндэслэсэн, боловсрол, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг сайн дурын "Рамакришна Мисси" байгууллага энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Шинэ Дели хотын сүмдээ бүх шашны хамтарсан залбирлын цуглааныг зохион байгуулжээ.

Энэхүү арга хэмжээнд Дээрхийн гэгээн Далай ламыг хүндэт зочноор урьж залсан бөгөөд ведийн уламжлал, ничирэн бурхны шашин, жайнизм, христ, ислам, иудаизм, бахай, зороастризм, сикх болон хинду шашны төлөөлөгчид өөр өөрсдийн зан үйлээр залбирал үйлдсэний дараа Далай лам үг хэлэхээр уригдав. Тэрээр эхлээд өөрийн номын ах дүүстэйгээ мэндчилээд, дэлхийн шашнуудын байр суурийг харьцуулан яриагаа эхлэв. Христийн шашин хамгийн олон сүсэгтэнтэй, түүний дараа Ислам болон Хинду шашин ордог гэдэгтэй хүн бүр санал нэгдэж байлаа. Гэсэн хэдий ч Далай лам нэгэн сонирхолтой зүйлийг онцолсон нь, Зороастризм буюу галыг шүтэгчид өнөөдөр дэлхийн хамгийн цөөн гишүүнтэй шашны бүлгүүдийн нэг боловч тэд Энэтхэг улсад ямар ч айдас хүйдэсгүйгээр шүтэх, бишрэх эрх чөлөөгөө бүрэн эдэлж байгааг дурдсан юм.
“Би бээр манай бүх шашны уламжлалуудад талархаж явдаг. Учир нь тэдгээр нь философийн үзэл баримтлалын хувьд ялгаатай байж болох ч бүгд хайр энэрэл, нигүүлсэхүйн нэг ижил мессежийг түгээж, бидэнд энгийн даруу амьдрахыг зөвлөдөг. 7 тэрбум хүн амтай, амьдралын олон хэв маягтай энэ ертөнцөд эдгээр өөр олон талт арга барилууд нь хүн төрөлхтөнд зайлшгүй шаардлагатай. Бодит байдал дээр бид дотоод сэтгэлийн амар амгалан болон нийгмийн эв нэгдэлд хүрэхийн тулд эдгээр өөр өөр замууд хэрэгтэй байна.
Хувь хүний түвшинд залбирал үйлдэх нь сайн хэрэг боловч, дэлхий дахины цар хүрээнд энэ нь үргэлж үр дүнтэй байдаггүй гэсэн дүгнэлтэд би хүрсэн. Дэлхийн олон газарт хүчирхийлэл, дайн самуун үргэлжилсээр байгаа бөгөөд зөвхөн залбираад үүнийг зогсооход хангалтгүй бололтой. Бидэнд хэрэгтэй зүйл бол бодит үйлдэл юм. Хэрэв шашны сургаал ном зөвхөн хааяа нэг уншдаг судар дотроо үлдэж, харин бидний амьдрал тэс өөр зүгт явж байвал тэнд ямар нэг буруу зүйл байна гэсэн үг. Энэтхэг улсыг шашны эв найрамдлыг олон зууны турш хадгалж ирснийг нь өндрөөр үнэлээд, хааяа нэг үл ойлголцол нь тус улсад ноёрхож буй харилцан хүндэтгэл, эв нэгдлийн агуу жишээтэй харьцуулахад багахан хэмжээний асуудал юм” хэмээн айлджээ.

Үүний дараа Дээрхийн гэгээн Свами Вивеканандагийн амьдралыг харуулсан, маш сайн зохион байгуулалт бүхий үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, түүний амьдралын тухай богино хэмжээний 3D киног үзэж сонирхлоо. Рамакришна Мисси байгууллага Свами Вивеканандагийн мэндэлсний 150 жилийн ойг угтан "Энх тайван, эв нэгдлийн төлөөх дэлхийн чуулган"-ыг зохион байгуулж байгаа юм.
Өнөөдрийн нээлтийн ажиллагааны хүндэт зочноор Энэтхэг улсын ерөнхийлөгч асан, доктор А.П.Ж. Абдул Калам оролцов. Мөн хүндэт зочин Сримат Свами Смаранянанда Махараж эрүүл мэндийн шалтгаанаар ирж амжаагүй тул түүнийг Свами Вагишананда төлөөлөн оролцсон юм. Тэрбээр “Бид энх тайван, эв нэгдлийг мөрөөддөг хэдий ч талцаж хуваагдсан хэвээр л байна. Хэрэв та сэтгэлийн амар амгаланг хүсэж байвал бусдаас алдаа битгий хай" гэсэн алдарт үгийг эш татлаа.
Доктор А.П.Ж.Абдул Калам дэлхий дахинд энх тайван, эв нэгдлийг тогтоохын тулд юун түрүүнд ядуурлыг даван туулах нь нэн тэргүүний шаардлага гэдгийг онцлов. Тэрээр Рабиндранат Тагорын “Хэрэв та Энэтхэгийг мэдэхийг хүсвэл Вивеканандаг судал. Түүнд бүх зүйл эерэг бөгөөд сөрөг зүйл нэгээхэн ч үгүй” гэсэн үгийг эш татжээ. Мөн тэрбээр “Зүрх сэтгэлд зөв шударга ёс оршвоос хүний зан чанарт гоо үзэсгэлэн бүрдэнэ. Энэ хоёр цогцолсон цагт гэр бүлд эв найрамдал, улс оронд эмх журам тогтдог” хэмээв. Түүний тавьсан гол асуулт нь залуу үеийнхний зүрх сэтгэлд энэхүү зөв шударга ёсыг хэрхэн суулгах тухай байсан бөгөөд өөрийн туршлагаас харахад үүний хариулт нь агуу багш нарын хүч чадалд оршдог гэдгийг сонсогчдод хэлсэн юм.
Дээрхийн гэгээн хамгийн түрүүнд өөрийн найз доктор А.П.Ж.Абдул Каламаар бахархаж буйгаа ийнхүү илэрхийлэв. “Тэрээр мусульман гэр бүлээс гаралтай, эрдэмтэн хүн бөгөөд дэлхийн хамгийн олон хүн амтай ардчилсан улсын ерөнхийлөгч болсон хүн. Үнэндээ тэр хамгийн бэрх гүн ухааны үзэл санаанууд хөгжиж ирсэн тэрхүү улсын ерөнхийлөгч байсан юм.

Миний өмнө нь дурдсанчлан, энэ улсад дэлхийн бүх шашны уламжлалууд цогцлон оршиж байна. Хинду, бурхны шашин, сикх, жайнизм гэх мэт энэ хөрснөөс урган гарсан уугуул шашнууд ч христ, ислам, иудаизм, зороастризм, бахай тэргүүт гаднаас орж ирсэн шашнууд ч бүгд энд бий. Тэд бүгд цэцэглэн хөгжиж, хоорондоо эв найртай зэрэгцэн амьдарч байна. Тиймээс Энэтхэг улсад энэхүү эв нэгдэл гэдэг зүйл зөвхөн нэг хоосон үзэл санаа эсвэл хүсэл эрмэлзэл төдий биш, харин бодит амьдрал дээр биеллээ олсон үнэн юм” хэмээсэн юм.
Дээрхийн гэгээн яриагаа Свами Вивеканандагийн үйл хэргийг үргэлжлүүлэгч гэдгээ бататгаад бас нэгэн чухал "шүүмж"-ийг хэлснээр өндөрлөлөө. “Свами Вивекананда бидний дунд биеэрээ байхгүй ч түүний бүтээсэн зүйлийн үзэл санаа амьд бөгөөд улам бүр өсөн нэмэгдсээр байна. Тэрээр агуу алсын хараатай хүн байсан бөгөөд би өөрийгөө түүнийг дагагч, дэлхий дахинд шашин хоорондын эв нэгдлийг бий болгох түүний мөрөөдлийг хэрэгжүүлэх гэж хичээж яваа нэгэн гэж мэдэрдэг. Гэхдээ Свамижигийн алсын харааг хүндэтгэхийн зэрэгцээ миний бие Кейптаун, Мельбурн хотноо оролцож байсан “Дэлхийн шашнуудын чуулган”-ы талаар нэг зүйлийг хэлмээр байна. Иймэрхүү уулзалтууд зүгээр л шашны удирдагчид цуглаад бие биедээ нэрийн хуудсаа солилцдог арга хэмжээ болон хувирах эрсдэл бий гэж боддог. Хэрэв бид уламжлалуудынхаа хооронд эв нэгдлийг бодитойгоор бэхжүүлэхийг хүсэж байгаа бол илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Үр дүн гэдэг нь хоосон ярианаас биш, бодит үйлдлээс гардаг гэдгийг би Мельбурнд ч бас хэлж байсан.
Би бурхны шашны лам хүний хувьд залбирдаг, энэ нь миний сэтгэл амгалан байхад тодорхой хэмжээгээр тусалдаг. Гэвч дэлхийн энх тайвны хувьд залбирал маань төдийлөн үр нөлөө үзүүлдэггүй. Хэдэн жилийн өмнө Патна хотод Бурхны шашны цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд оролцоход тус мужийн ерөнхий сайд “Бурхны адислалаар манай муж цэцэглэн хөгжих болтугай” гэж хүссэн юм. Миний үг хэлэх ээлж болоход би ингэж хэлсэн юм. “Хэрэв мужийн хөгжил цэцэглэлт зөвхөн Бурхны адислалаас хамаардаг байсан бол энэ нь аль эрт болох байсан. Үнэндээ бол чадварлаг Ерөнхий сайдын бодит үйл ажиллагаа л хамгийн их хэрэгтэй байна. Үйлдэл хийхийг л үйлийн үр гэж нэрлэдэг бол залбирал гэдэг нь заримдаа ерөөл тавиад суух төдий зүйл юм. Жишээлбэл, уур амьсгалын өөрчлөлт бол бодит үнэн бөгөөд үүнд зөвхөн залбираад ямар ч нөлөө үзүүлж чадахгүй гэж би бодож байна” хэмээсэн юм.

Дээрхийн гэгээн Рамакришна Мисси байгууллагын боловсролын салбарт гаргаж буй хичээл зүтгэлийг өндрөөр үнэлэв. Тэрбээр боловсрол бол алсын хараатай үр дүнд хүрэх цорын ганц зам бөгөөд нийгэмд нигүүлсэл, хүлээцтэй байдлыг түгээх хамгийн зөв арга хэрэгсэл мөн гэдгийг онцлов. Нигүүлсэнгүй сэтгэл болон дотоод амар амгалан нь хүнд өөртөө итгэх итгэлийг бэлэглэж, стресс, түгшүүрийг багасгадаг. Харин уур хилэн, үзэн ядалт нь мухардалаас үүдэлтэй бөгөөд бидний итгэлцлийг нурааж байдаг. Тэрээр бидэнд тулгарч буй олон асуудлыг "бид өөрсдөө бүтээсэн" гэж тодорхойлсон. Яагаад гэвэл энэ бүхэн мунхаг харанхуй байдлаас үүдэлтэй аж. Харин боловсрол бол бидний төрөлх оюун ухааныг зөвөөр ашиглах чадварыг нэмэгдүүлдэг гол зэвсэг юм.
Дээрхийн гэгээн Рамакришна Миссигийнхэнд хандан орчин үеийн сургалтын хөтөлбөрт "ёс зүйн боловсрол"-ыг хэрхэн тусгах талаар нухацтай тунгаахыг уриаллаа. Тэрбээр "дулаан сэтгэл"-ийн тухай ярихдаа заавал бурхан эсвэл будда гэж шашинжуулах шаардлагагүйгээр тайлбарлах бүрэн боломжтой гэж үзэв.
Чуулганы төгсгөлд Дээрхийн гэгээн нийгмийн хамгийн эмзэг сэдэв болох баян хоосны ялгаа болон авлигын асуудлыг хөндөж, маш хатуу хэдий ч үнэн үгсийг ийн хэлсэн юм.
“Маш олон хүн ядуу зүдүү амьдарч байхад та бүхэн авлига хээл хахуулийг яаж зүгээр хараад сууна вэ? Энэ улсын хүмүүс маш их шүтлэгтэй, өдөр бүр бурхандаа залбирч, тахил өргөдөг атлаа өдөр тутмын амьдрал дээрээ авлига зэрэг асуудлуудтай нүүр тулахдаа тэрхүү шүтлэг нь ямар ч нөлөө үзүүлдэггүй бололтой. Хэрэв та бурханд болон үйлийн үрд үнэхээр итгэдэг л юм бол ийм төрлийн бусармаг үйлдэл гарч байхад яаж дуугүй байж чадаж байна вэ? Хэрэв би өнөөдөр хэтэрхий илэн далангүй ярьж, хэн нэгнийг гомдоосон бол хүлцэл өчье. Та бүхэнд машид талархлаа”.










