Энэтхэг, Шинэ Дели. 2007 оны 11 дүгээр сарын 3. Дээрхийн гэгээн Далай ламд АНУ-ын Конгрессын “Алтан медаль” хүртсэнд нь баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэх ёслолыг Энэтхэгийн бүх намын парламентын форум, Гандийн Энх тайвны сан, Энэтхэгийн Төвөдийг дэмжигч бусад байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Энэтхэгийн ерөнхий сайд асан Шри Индер Кумар Гужрал өнөөдөр Энэтхэгийн Хабитат төвд болсон даруухан ёслолд хүндэт зочноор оролцож, ёслолыг удирдав. Мөн олон мянган төвөд хүн ёслолын ажиллагааг том дэлгэцээр шууд дамжуулан үзэхээр тухайн газарт хүрэлцэн ирсэн байлаа.
Ёслолыг энэтхэгийн дипломатч асан Шри Далип Мехта мэндчилгээ дэвшүүлэн үг хэлснээр ёслол эхлэв. Тэрээр Дээрхийн гэгээн Далай ламыг энх тайван, оюун санааны эрхэм чанар, ёс суртахууны асар их зоригийг өөртөө шингээсэн хүн хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөх болсонтой холбоотойгоор дэлхийн улс орнуудын улам олон удирдагчид түүнтэй олон нийтийн өмнө уулзаж байгааг онцлов.
“Өнөөгийн хуваагдмал, зөрчил мөргөлдөөнд нэрвэгдсэн энэ ертөнцөд Далай лам бол итгэл найдварын бэлгэ тэмдэг бөгөөд энэ нь түүний дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж буй нэр хүндийг тайлбарлана. Төвөдийн асуудал дэлхийн улс төрийн хэлэлцэх асуудлын хүрээнд чухал байр суурь эзэлсээр байгаа хэдий ч улс орнуудын засгийн газрууд дэмжлэг үзүүлэхээсээ одоо ч болгоомжилж байна. Дээрхийн гэгээн Далай лам “дундын зам”-ын бодлогыг тууштай баримталж ирсэн ч Хятадын Засгийн газар түүнийг салан тусгаарлагч хэмээн нэрлэсээр байна” хэмээн онцолсон байна.
Энэтхэгийн олон шашны уламжлалын төлөөлөгчид Дээрхийн гэгээн Далай ламд цэцгийн баглаа өргөн барив. Ноён Ражив Мехротра, Делигийн ерөнхий сайд Шейла Дикшит Мумбай хотод болсон чухал уулзалтаас шалтгаалан ёслолд оролцож чадаагүйг мэдэгдэв. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Энэтхэгийн Засгийн газар Хятадын Засгийн газрын зүгээс шүүмжлэлд өртөхөөс зайлсхийхийн тулд сайд нараа уг ёслолд оролцохгүй байхыг хүссэн гэжээ.
Энэтхэгийн ерөнхий сайд асан Шри И.К.Гужрал “Бид Дээрхийн гэгээн Далай ламд хүндэтгэл, бишрэлээ илэрхийлэх боломж бүрдэх тоолонд энэ нь бидний хувьд үргэлж баярт өдөр байдаг. Үүнийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд Дээрхийн гэгээн Далай лам Конгрессын алтан медалийг хүртэх бүрэн эрхтэй хүн юм. Энэхүү медаль нь зөвхөн АНУ-ын Конгрессоос олгосноороо бус, манай үндэстний эцэг Гандигийн сургаалыг санагдуулах утга санааг агуулж байгаагаараа ихээхэн үнэ цэнтэй. Медалийн ард сийлсэн үгийг харвал, “Энх тайван нь дотоодын амар амгалангаас үүдэн хөгжих ёстой. Энх тайван гэдэг нь хүчирхийлэл үгүй байхыг хэлэхгүй. Энх тайван бол хүний энэрэн нигүүлсэх сэтгэлийн илрэл юм” гэжээ. Энэ бол Гандигийн үргэлж хэлж байсан зүйл билээ. Конгресс энэ медалийг танд гардуулахад бид нэр төрийн хэрэг хэмээн хүлээн авсан. Учир нь энэ нь зөвхөн танд бус, энэтхэгийн ард түмэнд ч хандсан захиас билээ” гэжээ.
Дээрхийн гэгээн Далай лам ёслолд хүрэлцэн ирсэн бүх хүнд талархал илэрхийллээ. Тэрбээр энэ үйл явдал Шри Гужрал тэргүүтэй олон жилийн анд нөхөдтэйгөө уулзах боломж олгосныг хэлэв. “Бидний нөхөрлөл мөнгө, алдар нэрийн үндсэн дээр бий болоогүй. Харин хүн хүнээ гэсэн хайр, халамжид тулгуурласан нөхөрлөл билээ. Энэхүү нөхөрлөл нь зөвхөн энэ насанд төдийгүй ирээдүйн олон төрөлд үргэлжилнэ” хэмээжээ.
Мөн Дээрхийн гэгээн Далай ламын төлөө чин сэтгэлээсээ дэмжлэг үзүүлж, ёс суртахуунтай, шударга үйл хэргийг дэмжиж ирсэн боловч өдгөө бидний дунд байхгүй болсон Энэтхэгийн анд нөхдөө дурсан саналаа. “Энэтхэг улс шашны хүлээцтэй байдал, харилцан хүндэтгэлийг эрхэмлэдэгт нь талархан, машид биширдэг билээ. Мөн өөрт олгогдсон эдгээр шагнал, хүндэтгэл нь төвөдийн ард түмний тэмцлийг дэмжихийн зэрэгцээ шашин хоорондын эв найрамдлыг дэлгэрүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ хийж ирсэн хүчин чармайлтыг нь үнэлж буйн илэрхийлэл юм. Энэ хүчин чармайлтын минь үндэс суурь Энэтхэгээс ирсэн билээ. Шашны эрх чөлөөт, иргэний үзэл нь бүх шашныг мөн шашин шүтдэггүй хүмүүсийг ч адилхан хүндэтгэхийг хэлнэ” хэмээн тайлбарлав.
Төвөдийн асуудлын талаар ярихдаа Дээрхийн гэгээн Хятадын явуулж буй “хүн ам зүйн түрэмгийлэл”-ийн талаар санаа зовниж байгаагаа илэрхийлэв. “Үүний улмаас төвөдүүд өөрсдийн эх нутагт цөөнх болж байна. Төвөд нь дэлхийн хүн ам хамгийн олонтой, эртний хоёр улс болох Энэтхэг, Хятадын дунд газар зүйн хувьд оршдог тул эдгээр хоёр улсын хооронд харилцан итгэлцэлд тулгуурласан жинхэнэ нөхөрсөг харилцаа тогтоох нь машид чухал. Хятадын талын бодож байгаачлан Далай ламыг байхгүй болсноор Төвөдийн асуудал алга болохгүй. Харин зорьсон зорилгодоо хүрэх хүртэл энэ асуудал хэвээр үргэлжилнэ” хэмээн тэрбээр хэлэв.
Ёслолыг Төвөдийн асуудлаарх үндсэн бүлгийн Үндэсний зохицуулагч доктор Н.К.Триха талархлын үг хэлснээр өндөрлүүлэв.
Тэрээр “Вашингтонд медалийг гардуулах үеэр Сенат дахь Бүгд найрамдах намын удирдагч Митч Макконнелл Америкийн Конгресс Төвөдтэй хамт зогсож байна хэмээн хэлсэн. Энэтхэгийн парламент ч албан ёсны тогтоолоороо “Бид Төвөдтэй хамт зогсож байна” хэмээн тун удахгүй мэдэгдэх өдөр ирнэ гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.










