Энэтхэг улс, ХП муж, Дарамсала хот. Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсний өдрийг тохиолдуулан Бүх Энэтхэгийн Төвөдийг дэмжих бүлгүүдээс өргөсөн урт наслахын бэлгэдэл бат оршил өргөх ёслолд оролцлоо. Энэтхэг дэх Төвөдийн асуудлыг дэмжих төв хорооны төлөөлөгчид түүнийг өргөөнийх нь үүдэнд угтан авсан бөгөөд Дээрхийн гэгээн Намжил дацангийн Зүлэгхан дуганд тусгайлан зассан арслант сэнтийд залрав.

Ёслолын эхэнд Аруначал Прадеш мужийн Рупа, Калактанг нутгийн эгэл сүсэгтнүүдийн бүлэг "Чод" зан үйлийг гүйцэтгэлээ. Тэд ёслолын төгсгөлд Дээрхийн гэгээнд урт наслахыг ерөөн, дараах нэгэн бадаг ерөөлийг уншив.
Цаст уулсаар хүрээлсэн Төвөдийн диваажингийн оронд
Амьтан бүхэнд тус хийгээд баясгаланг сэтгэгч,
Жанрайсиг бурхны хувилгаан Данзанжамц та минь
Зуун галавт бат орших болтугай.
Улмаар цай, чихэртэй будаа адислаж, сүсэгтэн олонд хүртээв. Намжил дацангийн хуврагууд ном хурах зуур Төв хорооны зохион байгуулагч, Төвөдийг дэмжих бүлгийн ахмад гишүүд Дээрхийн гэгээнд мандал, бурхны лагшин, зарлиг, тааллын бэлгэдлийг өргөлөө.

Дараа нь Дээрхийн гэгээний багш нарын зохиосон "Мөнхийн амгалангийн дуулал - Дээрхийн гэгээн Далай ламын урт удаан наслахын дэлгэрэнгүй ерөөл"-ийг Кайлаш Чандра Баудха тэргүүлэн эхлээд хинди хэлээр, дараа нь төвөд хэлээр уншжээ. Мөн Төвөд, Энэтхэг улсын далбааг Дээрхийн гэгээнд өргөн барив. Төв хорооны гүйцэтгэх гишүүд хүндэтгэл үзүүлж, хадаг өргөсөн юм.
Энэтхэг дэх Төвөдийг дэмжих төв хорооны зохион байгуулагч Р.К.Хирмей цугласан олонд хандан үг хэлэхдээ, Дээрхийн гэгээн тус хорооны гишүүдэд асар их урам зориг өгч ирснийг онцоллоо. Тэрээр Бүх Энэтхэгийн Төвөдийг дэмжих бүлгүүдийн ахмад гишүүдийн хамт дурсгалын сэтгүүлийг нээн мөн Дээрхийн гэгээнд “Энэрэнгүй сэтгэлийн эрдэнэ” хэмээх шагналыг өргөн барилаа. Уг шагнал нь нэг талдаа номын хүрдтэй, нөгөө талдаа бодь модны навчны хэлбэртэй бөгөөд суурин дээр нь дараах үгийг сийлжээ.

"Энэрэнгүй сэтгэлийн эрдэнэ"-г Энэтхэг дэх Төвөдийг дэмжих бүлгүүдээс ХIV Далай лам Данзанжамц танаа дэлхийн энх тайван, энэрэнгүй сэтгэлийг түгээн дэлгэрүүлэх, Энэтхэгийн эртний соёлын өвийг хоёргүй сэтгэлээр дэмжиж буйг тань хүндэтгэн өргөв. Дээрхийн гэгээний хутагтын дөрвөн үйлс хийгээд Төвөдийн эрх чөлөөг сэргээхийн төлөө бидний тэмцэл цаашид ч тууштай үргэлжилнэ гэдгийг дахин дахин баталж байна” хэмээжээ.
Дараа нь Аруначал Прадеш мужийн эмэгтэйчүүд тус мужийн үндсэн зургаан аймгийн ардын уламжлал, хувцас тэргүүтнийг харуулсан дуу, бүжгийн үзүүлбэр сонирхуулав. Үүний дараа Тамил Наду мужийн уран бүтээлчид Кали охин тэнгэрт зориулсан бүжгийг бүжиж, Өмнөд Энэтхэгийн бүжгийн урлагийн өгүүлэмжит онцлогийг тод томруунаар харууллаа.

Энэ үеэр Намжил дацангийн хуврагууд "Үнэн үгсийн ерөөл"-ийг уншиж зуур Бүх Энэтхэгийн Төвөдийг дэмжих бүлгийн 400 гаруй гишүүн Дээрхийн гэгээнд хүндэтгэл үзүүлэв.
Дарамсала хотын Энэтхэг, Төвөдийн найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Ажит Нэхриа талархлын үг хэлсний дараа Дээрхийн гэгээн арслант сэнтийнээсээ буун, сүсэгтэн олны зүг инээмсэглэн, гар даллаж, өргөөнийхөө зүг аажуухан буцлаа.










