Умард Австрали, Улуру. 2015 оны 6 дугаар сарын 12. Дээрхийн гэгээн Далай лам энэ өглөө эртлэн Брисбэний конвенц, үзэсгэлэнгийн төвд хүрэлцэн ирлээ. Үзэгчдийн зарим нь хараахан ирж амжаагүй байсан тул тэрбээр хичээлээ асуулт, хариултаар эхлүүлэхийг санал болгов.
Эхлээд нэгэн эмэгтэй өмнөх өдөр хоосон чанарын талаар тайлбарласныг хэрхэн ойлгосноо баталгаажуулахыг хүсэв. Тэрээр өөрийгөө үнэндээ дүрс хэлбэргүй, мөнх бөгөөд ухамсаргүй зүйл юм байна гэж ойлгосноо хэллээ. Дээрхийн гэгээн түүнд юмс үзэгдэл ердийн түвшинд оршин байдгийг илэрхийлдэг бодит туршлагыг үл тоомсорлож болохгүйг тайлбарлав. “Энд юмс оршин байдаг эсэх тухай асуудал биш юм. Юмс оршин байдаг нь үнэн, харин тэдгээр нь бидний харагдаж, төсөөлөгддөг шиг байдлаар оршдоггүйд асуудлын гол оршино. Юмс хоосон чанартай гэж хэлэх нь тэдгээрийг огт оршин байдаггүй хэмээн үгүйсгэж буй хэрэг биш юм”.

Тэрбээр мөн “Юмс хэрхэн оршин байдгийн талаарх буруу ойлголтод үндэслэн бид уур хилэн, хүлээс шунал зэрэг хор хөнөөлт сэтгэл хөдлөлийг бий болгодог юм. Юмс бодит байдал дээр хэрхэн оршин буйг зөвөөр танин мэдэх нь эдгээр сөрөг сэтгэл хөдлөлийн үндсийг сулруулдаг” хэмээжээ. Эмэгтэй юмсын бие даасан оршихуйг үгүйсгэсэн ч тодорхойлж үл болом ямар нэгэн мөн чанар үлдсээр байна хэмээн эсэргүүцэхэд Дээрхийн гэгээн “Хэрэв юмс өөрчлөгддөггүй мөнхийн мөн чанартай байсан бол бусад хүчин зүйлээс хамааран орших боломжгүй байх байлаа” хэмээн тайлбарлав. Тэрбээр эмэгтэйд өөрийг нь залуу бөгөөд суралцах цаг хугацаа хангалттай байгаа учраас квант физикийн талаар судалж үзэхийг нухацтайгаар зөвлөсөн юм.
Нэгэн хүн нэгэн бодьсадва өлсөж байсан бард өөрийн махнаас өгсөн тухай асуухад Дээрхийн гэгээн сайн зорилгод хүрэх боломжтой бол биеийнхээ хэсгийг өгөхийг зөвшөөрдөг хэмээн баталлаа. Анхны Будда хэн байсан, хэрхэн гэгээрэлд хүрсэн талаар асуусан өөр нэг хүнд тэрбээр тэргүүн Буддагийн тухай ийм байдлаар төсөөлөх нь буруу гэдгийг хэлэв. Олон олон хүн төвөдийн эрх чөлөөг дэмждэг тухай хэлсэн нэгэн эмэгтэй энэ үйл хэрэгт хэрхэн хувь нэмрээ оруулж болохыг асуулаа. Дээрхийн гэгээн ийн хариулав. “Юуны өмнө би Төвөдийн асуудлыг хариуцах болсон үедээ 16 настай байлаа. 1954-1955 онд би Бээжинд очин, Мао Зэдунтай биечлэн уулзсан бөгөөд машид сайхан харилцааг тогтоосон юм. Тэр үед хувьсгалч хүний хувьд Мао надад машид ажил хэрэгч, бодитоор сэтгэдэг хүн шиг санагдаж байв. Тэрээр Төвөдийн Өөртөө Засах орныг байгуулах бэлтгэл хороог байгуулах санал гаргахад бид ч зөвшөөрсөн юм.
1956 онд Төвөдийн Засгийн газрын эрх мэдэлд харьяалагддаггүй зүүн хэсгийн зарим нутагт хэт идэвхтэй зарим албан тушаалтан тохиромжгүй шинэчлэлийг хэрэгжүүлснээр бослого хөдөлгөөн эхэлсэн юм. Тэр үеэр би Бурхан багшийн мэндэлсний 2500 жилийн ойд оролцохоор Энэтхэгт ирсэн байлаа. Би Жавахарлал Неру, Хэ Лунгийн хамт явж байсан Жоу Эньлайтай хэлэлцээр хийсэн юм. Жоу Эньлай шинэчлэлийг 6 болон түүнээс дээш жилээр хойшлуулж болно гэж надад баталж байсан ч 1957 онд эхэлсэн “Зуун цэцэг дэлгэрэх аян” энэ боломжийг үгүй хийсэн билээ”.

“1959 он гэхэд надад дүрвэн гарахаас өөр сонголт үлдсэнгүй. Бид 1950 онд НҮБ-д хандаж байсан бөгөөд дараа нь дахин гурван удаа хүсэлт гаргасан ч төдийлөн үр дүнд хүрээгүй юм. Неру надад АНУ Төвөдийн төлөө Хятадтай дайтахгүй гэж хэлж билээ. 1960-аад оны сүүлч, 1970-аад оны эхээр бид тусгаар тогтнол шаардах бус, харин яриа хэлэлцээр хийх зорилгоор Хятадтай харилцах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрлээ. Гэвч хатуу байр суурь баримтлагчид Төвөдийн үндэсний онцлог, хэл, оюун санааны уламжлалыг устгахыг л зорьсоор байв.
Өнөөдөр 400 сая буддисттай Хятад, мөн Япон, Солонгос, Вьетнам улсын хүмүүс төвөдийн буддизмыг сонирхох болжээ. Иймээс манай уламжлалыг хадгалан хамгаалах нь зөвхөн төвөдүүдийн асуудал биш юм. Түүнчлэн Ши Жиньпин хятадын соёлд буддизм чухал ач холбогдолтойг олон нийтэд ил тод хүлээн зөвшөөржээ.
Би бээр 2011 оноос улс төрийн үүрэг хариуцлагаасаа бүрэн чөлөөлөгдөж, цаашид Далай лам нар улс төрийн үйл хэрэгт оролцох явдлыг эцэс болгосон. Иймээс улс төрийн өнгө аястай хариулт өгсөнд уучлаарай. Гэхдээ энэ нь хэрэгтэй мэдээлэл байж магадгүй хэмээн бодлоо. Та бүхний дэмжлэгийг би бээр хэчнээн их үнэлж байдгаа илэрхийлэхийг хүсэж байна. Машид талархлаа” хэмээн айлдсан юм.
Үүний дараа Дээрхийн гэгээн “Эрдэнийн эрхин” дээдийн номын уншлагаа үргэлжлүүлж, бодь сэтгэлийг төрүүлэх нэгэн шүлгийг уншив.
174 дүгээр бадаг
Хамаг амьтан болоод та бээр
Хосгүй дээдээр гэгээрэхийг хүсвэл
Түүний үндэс нь гэгээрэлд хүрэхүй нь
Уулсын хаан мэт бат бөх бодь сэтгэл
Зүг бүхэнд хүрэх энэрэн нигүүлсэхүй
Хоёргүй сэтгэлд түшиглэх билиг ухаан тэргүүт билээ.

Дээрхийн гэгээн бусдад туслах аливаа үйлийг гэгээрэлд хүрэх бодь сэтгэлийн сэдлээр хийвэл асар их буян хураадаг болохыг тайлбарлав. Сударт Бурхан багшийн лагшин нь буяны чуулганаас, харин үнэний лагшин нь билиг ухааны чуулганаас үүдэн буй болдог гэж өгүүлдэг. Түүнчлэн буян болон билиг ухааны хязгааргүй их чуулган нь бие махбодын болоод сэтгэл санааны зовлонг үтэр арилгадаг ажээ. Тэрбээр бодь сэтгэлийг төрүүлэх хоёр арга байдгийг тодруулан тайлбарлав. “Эхнийх нь “Долоон шалтгаан хийгээд нэг үр дүнгийн арга”, хоёр дахь нь “Өөрийгөө бусадтай тэнцүүлэх болоод өөрийгөө бусдаар солих арга” билээ. Хоёр дахь арга нь илүү хүчирхэг бөгөөд энд болоод Шантидэвагийн “Бодьсадвын явдалд орохуй” зохиолд тайлбарласан арга билээ. Энэ хоёр аргыг анх хэрэгжүүлж эхлэхэд хичээл зүтгэл шаардлагатай байдгийг онцлов. Бясалгалын үеэр эдгээрийн талаар эргэцүүлэн бодож болох ч бясалгалаас гарсны дараа өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд дахин хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Харин зорилго нь бодь сэтгэлийг төрүүлэх хүсэл эрмэлзэл ямар ч хүчин чармайлтгүйгээр аяндаа буй болдог болтол дадлагаа үргэлжлүүлэх явдал юм” хэмээн айлдлаа.
Тэрбээр бодь сэтгэлийг өдөр бүр улам бэхжүүлэхийн тулд уншиж болох 20 шүлгийн эхний бадгийг зааж өгсөн бөгөөд энэхүү шүлэг нь дараах мөрүүдээр төгсөнө.
Хамаг амьтан өөрийн хүсэлд нийцүүлэн
Бахдам сэтгэлийг хүртэх болтугай
Газар, ус, гал, салхи, ургамал, ой мэт
Тэдний хүсэлд саад тотгор үгүйгээр хүртэх болтугай.
Хамаг амьтан миний амь амьдрал мэт над бээр эрхэм байж
Тэд өөрөөс минь ч илүү эрхэм байг
Тэдний хилэнцэт үйлийн үр бүхэн надад боловсорч
Миний бүх буян тэдэнд боловсрох болтугай.
Хаана ч болов ямар нэгэн амьтан
Үл чөлөөлөгдсөн хэвээр буй цаг дор
Би бээр хамгийн дээд гэгээрэлд хүрсэн ч
Тэр амьтны тусын тулд энэ ертөнцөд үлдэх болтугай.

Дээрхийн гэгээн үдийн зоогийн дараа танхимдаа эргэн ирж, хошин урлагийн жүжигчин Мешел Лори, усанд сэлэлтийн тамирчин Иан Торп нарын хамтаар тайзан дээр гарлаа. Тэд Дээрхийн гэгээнийг 4000 хүний багтаамжтай танхимд цугласан үзэгчдэд танилцуулсан юм. Дээрхийн гэгээн айлдвараа эхлүүлэв.
“Ахан дүү нар аа, биднийг нэгэн гэр бүлийн хүмүүс, хүн төрөлхтний ахан дүүс гэдэг утгаар нь үргэлжид ингэж хэлдэг юм.
Бид бага байхдаа хүмүүс ямар шашинтай, ямар арьс өнгөтэй, ямар улс оронд харьяалагддаг, баян эсхүл ядуу эсэхийг огтхон ч тоодоггүй. Харин бид өсөж томрохын хэрээр нээлттэй энэ зан чанараа ч мөн алддаг.
Өнөөдөр бидэнд тулгарч буй олон асуудлыг бид өөрсдөө л буй болгосон юм шүү. Би саяхан их сайхан өдрийн зоог барьсан бөгөөд яг одоо энэ том танхимд та бүхэнтэй хамт байгаадаа машид баяртай байна. Гэвч дэлхийн өөр хэсэгт, тухайлбал, Бирм, Бангладешийн хил орчимд болоод Хойд Африкт дүрвэгсэд орон байр, хоол хүнсгүй амьдарч байна. Амьдрал бол эрхэм нандин зүйл бөгөөд хүний амь нас үрэгдэх нь машид харамсалтай. Бүх томоохон шашны сургаал хайр энэрлийг номлодог атал хүмүүс шашны нэрийн өмнөөс бие биеэ хөнөөж буйг төсөөлөхөд ч бэрх юм.
Энэ бүхэн бидний ялгааг онцолдогтой л холбоотой. Гэтэл уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эдийн засаг биднийг, хүн төрөлхтнийг нэгэн гэр бүл болох шаардлагатай болгож байна. Бусад хүмүүс ч бидэнтэй нэгэн адил гэдгийг санах хэрэгтэй. Тэд ч мөн жаргалтай амьдрах эрхтэй. Хүмүүс бие биеэ ах, эгч, дүүс хэмээн үздэг байсан бол нэг нэгнээ хөнөөх тийм амархан байхгүй байх сан.
Хэдий яг одооноос хүн төрөлхтөн нэгэн цул гэдгийг сурталчлан түгээсэн ч шууд үр дүнгээ өгөхгүй байж магадгүй. Гэхдээ 1 эсвэл 12 жилийн дараа буюу дараагийн үеийнхэн энэ үзэл санаагаар илүү сайн хүмүүжсэн байвал дэлхийг илүү сайхан газар болгож чадах юм” хэмээн айлджээ.

Дээрхийн гэгээн үргэлжлүүлэн, “Айдас нь итгэлцэл алдагдах шалтгаан ч түүний үр дагавар ч болж болдог. Хүмүүс бусдад илүү халуун дулаан сэтгэлээр хандвал бусдын итгэлийг илүү их төрүүлдэг бөгөөд тэрхүү итгэлцэл нөхөрлөлийн үндэс болдог билээ. Олон талаас нь авч үзвэл халуун дулаан сэтгэл бол аз жаргалын жинхэнэ үндэс юм. Хүний амьдралд хайр энхрийлэл хэчнээн чухал вэ. Өнөөгийн боловсролын ихэнх тогтолцоо материаллаг зорилгод чиглэсэн бөгөөд бидний ихэнх нь материаллаг үзэл давамгайлсан соёлд амьдарч байгна. Сэтгэл оюун хэрхэн ажилладгийг зөв ойлгох мэдлэг дутмаг байна. Эдгээр дутагдлыг арилгахын тулд сэтгэл хөдлөлийн зураглал болоод шашнаас ангид ёс зүйн ойлголтыг боловсролд нэвтрүүлэх хэрэгтэй юм” хэмээжээ.
Тэрбээр “шашнаас ангид” буюу “секуляр” гэдэг үгийг энэтхэгийн олон шашинт нийгэмд хэрэглэдэг утгаар нь ашигладгаа тодруулав. Энэ нь бүх шашинд ялгаварлан гадуурхахгүйгээр хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ шашин шүтдэггүй хүмүүсийн үзэл бодлыг ч хүндэтгэхийг илэрхийлдэг ажээ.
Дээрхийн гэгээн Мешел Лори, Иан Торп нарын дунд сууж, олон нийтийн асуултад хариулав. Бага байхад нь ээж нь ямар хүн байсан тухайгаас эхлээд хаана гэртээ байгаа мэт мэдэрдэг тухай хүртэл өргөн хүрээний асуултууд байлаа. Тэрбээр ээж нь өөрийг нь эрхлүүлдэг байсан хэмээн хошигнон хэлжээ. Мөн төвөдийн нэгэн зүйр үгийг эш татан, “Жаргалтай байдаг газар бүр гэр орон минь юм” хэмээн хариулав.
Хамгийн сайхан өдрүүд ард хоцорсон эсэх тухай асуултад тэрбээр “XX зуунтай харьцуулахад хүмүүс өнөөдөр дайнд оролцохоос татгалзах хандлагатай болжээ. Үүнтэй адил Махатма Ганди хүчирхийлэл үл хэрэглэх аргыг хэрэглэхэд хүмүүс үүнийг сул доройн шинж гэж үздэг байв. Гэвч Нелсон Мандела, Мартин Лютер Кинг тэргүүт хожим энэхүү аргыг үр дүнтэй ашиглаж чадсан юм” хэмээн хариулав.
Хойд дүрийг тодруулах үед юу болдог талаар тайлбарлахыг хүсэхэд Дээрхийн гэгээн “Бие махбод үргэлжид оршдоггүй нь ойлгомжтой боловч илүү нарийн түвшний сэтгэл оюун үргэлжлэлтэй учраас цааш үргэлжилж чадна” хэмээн хариулжээ.

Айлпварын цаг дуусах дөхөхөд Дээрхийн гэгээн Австралийн олон сая хүний оюун санааны төв хэмээн үздэг Улуру руу явах гэж буйгаа тайлбарлажээ. Тэрбээр тайзнаас буухаасаа өмнө үзэгчдэд нэгэн хүсэлт тавилаа.
“Маргааш өглөө сэрэхдээ энэ дэлхийн хүн бүхэн та бүхний ах, эгч, дүүс гэдгийг хором ч болов бодож үзээрэй”.
Дээрхийн гэгээн тайзнаас бууж, Брисбэний онгоцны буудал руу яван, улсын зүүн хэсгийг хөндлөн туулах онгоцонд суун, Улуруг зорилоо. Тэрбээр наран жаргаж, уудам тал харанхуй болох үес газарджээ. Түүнийг угтан авахаар олон олон хүн цугларсан байв. Тэдний дунд энэ онцгой үйл явдалд зориулан ирсэн олон төвөд хүн байлаа.










