Энэтхэг улс, Шинэ Дели – Өнөөдрийн сүүмгэр өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сири Форт руу хөдөлсөн бөгөөд тэнд Ювраж Кришаны дурсгалд зориулсан анхны лекцийн үйл ажиллагаанд оролцох юм. Түүнийг хүрэлцэн ирэхэд Ювраж Кришаны охин Гирираж Кришан Варма өөрийн охины хамт хүндэтгэн тосож авлаа. Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн өнөөдрийн хуралд уригдан ирсэн 350 зочин хүлээж байгаа хурлын заал руу алхав.
Кришаны хүү Шрикант Кришан гэр бүлийнхээ өмнөөс Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлээд арга хэмжээг танилцуулав. Дээрхийн Гэгээнтэн амьдран суух газар хайж байхдаа Дарамсалагийн Маклеод Ганж дахь эдлэн газрын “Бриг” нэртэй гэр бүлийн байшинг нь сонирхох үед түүний эцэг Дээрхийн Гэгээнтэнтэй анх уулзаж байсан тухай Шрикант тайрбарлав.
Шрикант Кришан өөрөө Дээрхийн Гэгээнтэнтэй анх 2002 онд уулзаж байснаа мөн дурсаад тухайн үед Дээрхийн Гэгээнтний хэлсэн үг өөрт нь их хүчтэй нөлөөлснийг ярьсан юм. Уулзалтын үеэр Шрикант “Бид уурлах үедээ уураа гаргасан тэр хүнд сэтгэл санааны их хохирол учирна гэсэн хүлээлтийг бид ер нь агуулж байдаг” гэж хэлэх үед хариуд нь Дээрхийн Гэгээнтэн “Энэ талаар сайтар тунгааж үзвэл үнэндээ уурлах үедээ бид өөрсдөө л илүү хохирно, учир нь бид сэтгэлийн амар амгалангаа бүрэн эвдэх юм” гэж хэлж байсан тухай тэрээр дурсан ярив. Эцгийг нь өнгөрөх үед Дээрхийн Гэгээнтний ирүүлсэн эмгэнэлийн захидалд аав нь утга учиртай сайхан амьдарсныг онцлон өгүүлсэн байсан нь тэдний гэр бүлд их тайвшрал бэлэглэснийг мөн дурсан ярилаа.
Түүний дараа Дээд шүүхийн шүүгч хүндэт АК Сикри үг хэлэв. Тэрээр Дээрхийн Гэгээтний шавь нарын нэг Франц гэлэн Мэтью Рикарын номонд өгүүлсэн түүхээс эшлэл татан бид хэрхэн аз жаргалыг хангалттай үнэлж чаддаггүй хийгээд хэрхэн түүнд хүрэх арга замыг мэдэхгүй байгаа тухай онцолсон юм. Тэрээ цааш ярихдаа түүний найз Америк зурагчин эмэгтэй аз жаргалын тухай ярихдаа зүгээр л цаашдаа аз жаргалтай амьдрах байх гэж найддаг гэж хариулсан нь түүнд болон бусад найз нарт нь хэрхэн цочирдом сонсогдож байсан болон өөр нэгэн найз нь Төвөдөд амьдардаг нэгэн Төвөд хүн өөрийн хүнд, хэцүү дурсамжуудаа эргэн ярихдаа уур хилэн өшөө хонзонтой бус, амгалан сэтгэлээр дурсаж байсан нь их сэтгэгдэл төрүүлсэн тухай өөрт нь өгүүлсэн зэргийг тэрээр онцгойлон дурьдав
Шүүгч Сикри үргэлжлүүлэн “Аз жаргал гэдгээр онцгой эрүүл сэтгэлээс цэцэглэн гардаг тэр гүн гүнзгий мэдрэмжийг би энд өгүүлж байгаа билээ. Энэ бол ердийн нэг таашаалтай мэдрэмж, сэтгэл хөдлөл, эсвэл зан ааш хэлбэлзэхийн төдий зүйл бус, энэ бол бодгалийн хамгийн зохист оршихуй юм. Мөн аз жаргал бол дэлхий ертөнцийг тайлах, таних арга зам юм, учир нь дэлхий ертөнцийг өөрчлөх нь хэцүү байж болох ч бид түүнийг яаж үзэх, яаж харахаа хэзээд өөрчлөх боломжтой.” гэсэн Рикарын аз жаргалын тодорхойлолтыг хэлж яриагаа өндөрлөлөө.
Жамму ба Кашмир мужийн захирагчийн ажлаа өгөөд удаагүй байгаа ноён НН Вохра Ювраж Кришаны дурсгалд зориулсан анхны лекцийн арга хэмжээнд Дээрхийн Гэгээнтэнтэй хамт оролцож байгаадаа маш их баяртай байгаагаа, бас өөрт нь их нэр төрийн хэрэг болохыг зочдод хэлэв. Кришан түүний ахтай нэг үед Лахорын их сургуульд сурч байснаа тайлбарлаад Энэтхэг эрх чөлөөгөө олсны дараа Энэтхэгийн засаг захиргааны албанд ажиллах урилга хүлээн авсан ч удалгүй түүнээс татгалзсан байна. Илүү тайван салбарт ажиллахаар шийдэн ажлын гараагаа эхэлж байхдаа Кришаны дуртайяа өгдөг байсан зөвлөмжүүдэд их найдаж дагадаг байснаа тэрээр дурсав.
Дээрхийн Гэгээнтнийг Маклеод Ганжид суурьшсаны дараа ноён Вохра түүнд үйлчлэхээр томилогдсон бөгөөд тэр үед Дээрхийн Гэгээнтэн англи хэл сурч байхдаа наран дор суугаад “Төрийн зүтгэлтэн” зохиолыг шимтэн уншдаг байсныг тод санадгаа дурьдлаа. Тэрээр цааш үргэлжлүүлэн Дотоод Хэргийн Газар ажиллаж байхдаа Румтек хийдтэй холбоотой хүндрэлтэй асуудлуудыг яаж шийдэхээ Дээрхийн Гэгээнтэнтэй зөвшиж байсан тухай, мөн саяхан Жамму Кашмирт ажиллаж байхдаа Дээрхийн Гэгээнтэнтэй тэнд уулзаж байсан зэргээ мөн дурсан ярилаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үгээ эхлэхдээ индэр дээрээс бус сууж буй газраасаа ярих зөвшөөрлийг зочдоос хүссэн юм.
“Ах дүүс нар минь! Өнөөдөр энд та бүгдтэй уулзаж байгаа маань миний хувьд их хүндтэй хэрэг юм. Ювраж Кришантай би Төвөдийн нөхцөл байдал хүндэрсний улмаас тэндээс оргож Энэтхэг улсад ирсэний дараахан уулзаж байсан билээ."
“1956 оноос хойш Хятадын коммунистууд Төвөдөд өөрчлөн байгуулалт хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Төвөдөд өөрчлөлт хэрэггүй байсан гэдэг утгаараа бус, ямарваа нэг өөрчлөлт нь бодит үндэслэлтэй, гаднаас тулган шаардсан бус байдлаар хийгдэх ёстой. Хятадууд өөрсдийн газар нутаг дээрээ хэрэгжүүлж эхэлсэн өөрчлөлтүүдээ хүчээр шахаж эхэлсэн бөгөөд тэнд газрын эзэд нь газар түрээслэгч нараа мөлжсөн явдал их гарсан. Төвөдийн хувьд нөхцөл байдал их өөр байсан юм, учир нь бид өчүүхэн шавьж хорхойг ч хамгаалах ёстой гэж номлодог Бурхан багшийн сургаалийг дагадаг орон шүү дээ. Улс орон маань энэрэл нигүүлсэлтэй нийгэм байсан юм.”
“Хүчээр тулгасан өөрчлөн байгуулалт нь эхлээд Хам нутагт бослого гарахад хүргэж, дараа нь Амдо, тэгээд бүх Төвөд даяар эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлсэн юм. Би хэдийгээр аль болох нөхцөл байдлыг намжаахыг оролдож байсан ч эцэст нь тэндээс оргон зайлахаас өөр аргагүй болсон доо.”
“1959 оны 3-р сарын 10-нд Лхасын бараг бүх хүн ам цугларч намайг баривчлуулахгүйн тулд Норбулинг ордонг тойрон хүрээлсэн юм. Би тэднийг тарахыг ятгаж тэнд удирдаж байсан Хятад цэргийн даргад хүртэл захиа бичсэн. Мөн намайг хамгаалахын тулд аль өрөөнд байгааг тодруулан асуусан захидал хүртэл ирсэн бөгөөд тэгэхдээ үнэн зорилго нь байрлаж байсан өрөө рүү маань довтлох зорилготой байсан байж ч мэдэх юм. 3-р сарын 10-ны дараа Хятадууд шөнөөр цэрэг хөдөлгөж 16-ны өдөр гэхэд урьд нь бүтээж далдалж байсан их буунуудаа ил гаргаж бэлдсэн байлаа.”
“Бид 17-ны өдөр Лхасыг орхин хөдлөхөд анхны зорилго маань Өмнөд Төвөд орж тэндээ буудаллаад тохиролцлын гэрээ байгуулах санаа байлаа. Гэсэн ч 19-нд Лхасыг буудаж эхэлсэнээр тэр санаагаа орхиход хүрсэн юм. Бидэнд Энэтхэг улсын Засгийн Газар улс төрийн орогнол зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй байсан ч удалгүй тавтай морил гэсэн илгээмж авсан даа. 1959 оны 4-р сард хил давснаар шинэ амьдрал маань эхэлсэн юм. Дараа нь өөрийн таних албаны хүмүүстэй уулзсанаар аюул өнгөрснийг ойлгосон бөгөөд бидний хувьд хамгийн их баяр мэдэрсэн цаг үе байж билээ.”
“Муссорид суурьшсаны дараа Бандит Неру ирж уулзсанаар Төвөдөд юу болсон тухай хэлэх боломжтой болсон. Харин 1960 онд Маклеод Ганжийн дээр байдаг Свараг Ашрамд нүүж орсон ч тэнд цааш өргөтгөх боломжтой өрөө байгаагүй юм. Тиймээс бид өөр байшин хайж байгаад Ювраж Кришаны байшин болон эдлэнг худалдан авах боломж гарсанаар өнөөг хүртэл би тэнд амьдарч байна.”
Дээрхийн Гэгээнтэн Энэтхэг ба Төвөд улсын хоорондын урт удаан уламжлалт харилцааны тухай, тэр дотроо хэрхэн Төвөд бичгийг Деванагар үсгийг дуурайлган зохиосон, хэрхэн Төвөд улс Буддизмаас суралцахын тулд Энэтхэг улс руу хандсан, мөн хэрхэн тухайн үеийн тэргүүлэх номч эрдэмтэн Шантаракшита Наландын уламжлалыг Төвөдөд анх үүсгэн бий болгосныг тайлбарлан ярилаа. Тэрээр цааш үргэлжлүүлэн анх Энэтхэгчүүд тэдний багш нар байж Төвөдүүд шавь нар нь байсан болон улмаар Бурханы шашны мэдлэгийн анхдагч Энэтхэг орон маань Төвөдийн өнөөг хүртэл хадгалж авч үлдсэн тэр мэдлэг оюуныг орхигдуулснаар багш шавийн харилцаа одоо эсрэгээр явагдах болсныг ярилаа. Энэтхэгийн Төв Засгийн Газар болон хэд хэдэн мужийн Засгийн Газруудын өгөөмөр дэмжлэгийн ачаар Төвөдүүд өнөөдөр харьцангуй амжилттай суурьшиж чадсан цагаачлагчид болоод байгаа юм.
Дээрхийн Гэгээнтэн эртний Энэтхэгийн мэдлэгийн санд хөнөөлт сэтгэлүүдийг учир шалтгаан ба логик ашиглан дарах, арилгах арга ухаан байдаг гэдгийг тодруулан хэллээ. Өнөөдөр энэ сэдэв маш уялдаатай хэвээр байгаа учраас дээрх мэдлэгийг эргэн сэргээх зорилго өөртөө тавиад байгаагаа тэрээр нэмж онцлов. Энэтхэг улс ийм мэдлэгийг орчин үеийн боловсролтой хослуулж чадах цорын ганц орон гэдэгт тэрээр итгэлтэй байгаа юм. Мөн бусад Азийн улс орнууд Энэтхэгийг жишиг болгон дагахыг хөхүүлэн дэмжихээ тэрээр илэрхийлэв.
Ёс суртахуун ба аз жаргалын тухай ярихдаа тэрээр аз жаргалд их тайлбар хэрэггүй юм гэлээ. Амьтан бүгд амар амгалан аз жаргалыг хайж байдаг. Бид амьдралынхаа эхэн үед эхийнхээ хайр халамжаас хамаардаг. Өсөж том болоод нийгмээсээ хамаарч оршдог. Орчин үеийн боловсрол материаллаг зорилгод л чиглэсэн байна, гэхдээ хүний төрөлх чанар болсон энэрэл нигүүлслийг хөгжүүлэхийн тулд боловсрол дотоод үнэ цэнүүдийг чухалчилдаг байх ёстой гэв. Тэрээр ёс суртахууныг бусдыг аз жаргалтай болгож, бусдад сайн сайхныг хүссэн үйл ажиллагаанууд гэж ерөнхий байдлаар тодорхойлсон юм.
Телевизийн хөтлөгч байсан Викрам Чандра асуулт хариултын хэсгийг хөтлөв. Дээрхийн Гэгээнтэн цааш тайлбарлан өнөөдрийн боловсролын материаллаг хандлагыг өөрчилж орчин үеийн амьдралын хэв маягт үр дүнтэй нөлөөлөхөд 20-30 жил хэрэгтэй бөгөөд учир нь шинэ үеийнхэн цэцэрлэгийн наснаасаа их дээд сургууль хүртэл боловсрох хэрэгтэйг онцоллоо. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд алсыг харсан зорилго, хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхой мэдсэн арга зам, бас үүний төлөө гэх чин сэтгэл зүрх шаардагдана гэж тэрээр хэлэв. Мөн тэрээр юмс үзэгдэл харагдаж байдаг шигээ оршдоггүй хийгээд оюун ухааны юмс үзэгдлийг тусгах үйл явцад гарч буй сүүлийн үеийн квант физикчдийн ойлголт, нээлтүүд энэ бүгдэд нэмэр болох болов уу гэсэн өөрийн бодлоо илэрхийлэв.
Дээрхийн Гэгээнтэн цааш хэлэхдээ хэвлэл мэдээллийнхэн шуугиант мэдээллүүдийг хөөцөлдөхийн хажуугаар хүмүүс сэтгэл оюуны дасгал хийснээр сэтгэлийн амар амгаланг олох боломжтойг нийтэд тайлбарлаж таниулж байх хэрэгтэйг онцоллоо. Мөн дан ганц үзэгдэх байдал нь бодит байдлыг тусган харуулдаггүй гэдгийг ойлгох нь сэтгэлийн амар амгаланг олоход тустай байх болно гэж тэрээр нэмж хэлээд “Хэрэв бид улс төрийн, үндэстэн, шашин шүтлэг, арьс өнгө гэсэн хоёрдогч ялгаануудад ач холбогдол өгөөд байвал хагарал эвдрэлд л хүргэх юм. Гэтэл хүн гэдэг утгаараа бид бүгд адилхан, сэтгэл, бие махбодь ба зан чанараараа бид бүгд адилхан шүү дээ.” гэж тайлбар хийлээ.
Харилцаа ба нөхөрлөлийн тухай асуултанд та найз нөхөр эсвэл дайсантай байх эсэх нь халуун дулаан сэтгэл, инээмсэглэлээс хамаарна гэж тэрээр тодруулав. Инээмсэглэл нь итгэлцэл бий болгодог бөгөөд харин итгэлцэл бол нөхөрлөлийн үндэс юм. Гэхдээ энэ инээмсэглэл Хятадын дарангуйлалд буй Төвөдөд олонтоо харсан хуурамч инээмсэглэл бус жинхэнэ сэтгэлийн инээмсэглэл байх хэрэгтэй гэдгийг тэрээр онцолсон юм.
Хүнд, үхлүүт өвчтэй хүмүүс аз жаргалыг бий болгох боломжтой юу гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн Шантидэва хутагтын өгсөн зөвлөгөөг эш татан хүчир бэрхшээлтэй тулсан бол түүнийг даван гарч чадах эсэхээ өөрөө шинжиж таних нь чухал гэсэн юм. Хэрэв та чадна гэж бодож байвал санаагаа зовоож суулгүйгээр шаардлагатай зүйлсийг нь хийх хэрэгтэй, харин чадахгүй гэсэн шийдэлд хүрсэн бол угаасаа санаа сэтгэлээ зовоох нь ямар ч хэрэгцээгүй билээ.
“Нас нэмэхийн хэрээр залуу хүмүүс идэвхтэйгээр биеийн дасгал хөдөлгөөн хийж байхыг хараад өөрөө энэ бүгдийг одоо хийж чадахгүйгээ ухаарахад хүрдэг. Гэхдээ үүнд харамсах нь ямар ч хэрэгцээгүй зүйл шүү дээ. Эцэг эх гэх мэт өөрт чинь ойр дотно хүмүүс нас барахад харамсан гашуудах нь ойлгомжтой. Миний хувьд гэхэд намайг бүр багаас минь асарч тэтгэсэн багш маань таалал төгсөхөд миний нандин түшиг тулгуур маань алга болчих шиг л санагдаж билээ. Харин дараа нь гашуудаж цаг өнгөрөөхийн оронд багшийнхаа хүсэл захиасыг урам зориг, шийдэлтэйгээр биелүүлэхэд л хичээн зүтгэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож билээ.”
Арга хэмжээ өндөрлөж буйг тэмдэглэж Викрам Чандра хэлэхдээ Дээрхийн Гэгээнтний яриаг сонсох нь их хүндтэй сайхан хэрэг юм гэлээ. Сүүлийн хэсэгт Авлигийн Эсрэг Академийн захирал С. Сатьямурти үг хэлэхдээ бидний аз жаргал бусад хүмүүс аз жаргалтай байхаас хамаардаг бөгөөд мөн бид үзэгдэх байдалд хууртаж болохгүй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн бидэнд зөвлөж хэллээ гэв.
Тэрээр үргэлжлүүлэн өөрийнх нь дарга байсан Ювраж Кришан ямар хүн байсныг тодорхойлсон хэд хэдэн түүх өгүүлсэн юм. Тэтгэвэрийн мөнгөө авч байгаад больчихсон нэг хүнийг Кришан анзаарчээ. Тэр хүн бичиг үсэггүй учраас ажилтнууд түүний хурууны хээг албан маягтан дээр авахыг шаардсан ч нөгөө хүн нэг ч хуруугүй байсан учраас боломжгүй байв. Үүнийг олж мэдээд Кришан шууд тушаал гаргуулан тэтгэврийг олгуулж эхэлжээ.
Өөр нэг тохиолдолд Сатьямуртиг засгийн газрын ажилтны хувьд Бомбей хотын Гранд Таж зочид буудалд буулгасан нь өөрт нь тааламжгүй байсныг Сатьямурти даргадаа хэлсэнд Кришан түүнийг ойлгож байгаагаа илэрхийлээд “Тансаг буудалд байрлаж байгаад гудамжинд амьдарч байгаа ядуу хүнийг харвал өөрийгөө яг л хулгайч шиг мэдрэх болно” гэж хэлж байжээ. Сатьямурти Кришаны хүү охин хоёрт дурсгалын лекц зохион байгуулсанд талархаад энэ арга хэмжээ нь эцгийнх нь захиасыг биелүүлэхэд их хувь нэмэр оруулах болно гэсэн юм.
Гирираж Кришан Варма Дээрхийн Гэгээнтэн болон шүүгч Сикри, НН Вохра, Викрам Чандра ба С. Сатьямурти нарт талархаад дэмжлэг үзүүлсэн гэр бүлийнхэндээ баярласнаа мөн илэрхийллээ.
Дээрхийн Гэгээнтэн заалыг орхих үед олон хүн түүнд ойртохыг хүсэж жагсан зогссон бөгөөд тэрээр заримтай нь ярьж, заримтай нь гар барьж зургаа авахуулж явсаар заалыг орхин буудлын зүг хөдөллөө.