Энэтхэг, УП, Санкиса – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө номын айлдвараа эхлэхийн өмнө орон нутгийн сэтгүүлч нарыг зочид буудлын өмнө хүлээн авч уулзлаа.
“Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Би Энэтхэг найз нартаа байнга хэлдэг. Хэдийгээр би бие махбодийн хувьд төвөд хүн боловч оюун санаан хувьд би та нараас ч илүү энэтхэг хүн шүү гэж хэлдэг. Миний суралцсан эртний Энэтхэгийн мэдлэгийг та нар төдийлөн сайн мэдэхгүй байж болох юм. Эртний Энэтхэгт, бүр Бурхан Багшаас ч өмнө сэтгэл оюунаа тогтоох, саруул билиг оюуныг хөгжүүлэх арга дадлага дэлгэрсэн байна. Эдгээр арга дадлага нь өнөөгийн дэлхий дахинд чухал хэрэгтэй зүйл болж байгаа нь нэн тодорхой болсоор буй.”
“Өнөөдөр бид өөрсдийн бий болгосон олон асуудалтай нүүр тулгарч байна. Бид угтаа хүн төрөлхтөн гэдгээрээ адил боловч хоёр дахь түвшний ялгаа болох улс үндэстэн, шашин шүтлэг гэх мэтүүдэд хэт их анхаарал хандуулж байна. Бид бүгд адилхан төрж, адилхан л эхийн хайр энэрэлээр тэтгэгдэн хүн болцгоосон юм. Орчин үеийн боловсролын тогтолцоо нь дан ганц материаллаг хөгжилд анхаарал хандуулсны улмаас дотоод сэтгэлийн үнэ цэнийг алдагдуулж байна. Бидэнд чухал хэрэгтэй зүйл бол бид бүгд адилхан гэдгийг ухаарах явдал юм. Бид бүгдээрээ л аз жаргалтай байхыг хүсч буй. Нэгэнт бид нэг нэгэнтэйгээ нэгдэж, нэг нэгэндээ туслах боломжтой тул үүнийг хөгжүүлэхийн тулд би өөрийн амьдралаа зориулж буй.”
“Бурханы шашинт хүний хувьд адил бус олон шашин өөр хоорондоо эв нэгдэлтэй оршсоор ирсэн Энэтхэгийн жишээг авч дэлхийн хаана ч очсон, хэнтэй ч уулзсан шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэхийг сурталчилдаг.”
“Төвөд хүнийхээ хувьд, би Төвөдийн улс төрийн эрх мэдлээ манай анхны ардчилсан сонгуулийн дараа шинээр сонгогдсон улс төрийн удирдлагад хүлээлгэн өгсөн. Харин өдгөө би Төвөдийн уламжлалт шашин, соёлыг хадгалан авч үлдэх, Төвөдийн унаган байгалыг хамгаалах тал дээр анхаарал хандуулж байна. Төвөдийн байгалыг хамгаалах нь Төвөдийн өндөрлөгөөс эхтэй гол мөрөнөөс ундаалж буй Азийн олон орны хүмүүсийн асуудал билээ.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Хятадын талаар явуулж буй Энэтхэгийн бодлогыг хэрхэн хүлээн авч байгаа талаар асуув. Тэрээр Докламын хямралын тухай дурдсан юм.
“Эдийн засаг хийгээд хүн амын цар хүрээ нь Энэтхэг, Хятад хоёуланд чухал байх нь мэдээжийн хэрэг. Тиймээс энэ хоёр улс нэг нэгнээ хорлож чадахгүй. Зэрэгцэн амьдрахаас өөр аргагүй.”
Кашмер болон Төвөдийн асуудал ялгаатай эсэх талаар асуусанд Энэтхэгийн гадаад хэргийн сайд МС Чагла түүнд Кашмер болон Төвөдийн асуудал бүхэлдээ өөр гэж хэлж байсныг дурдлаа. Дээрхийн Гэгээнтэн өнөөгийн Энэтхэг орон адил бус хэл, бичиг, соёл уламжлалтай олон муж улс нэгдэж нэгэн улс болох замыг сонгосон хэмээв. Тэрээр Виноба Бхавын “Өмнөд Азийн холбоо” гэх санаа биелэлээ олох аваас бүс нутагт өргөн хүрээг хамарсан энх тайван бий болно гэлээ. Тэрээр Европын холбоог магтан сайшаагаад энэ холбоо Европт ойрын 70 жилийн хугацаанд баттай энх тайвныг бий болгож чадсан гэлээ.
Төвөдийн асуудал яагаад олон улсын тавцанд тавигдаагүйг асуусанд Төвөдийн асуудал НҮБ-д тавигдаж эхлэх үед гурван нөхцөл нөлөөлсөн гэв. Тухайн үед Энэтхэгийн НҮБ дэх төлөөлөгч санал хураалтанд оролцох боломжгүй, нөгөөтэйгүүр Неру энэ замаар Төвөдийн асуудлыг шийдэхэд хэцүү, тиймээс Төвөдүүд өөрсдөө шууд Хятадтай хэлэлцээр хийсэн нь илүү үр дүнтэй гэж зөвлөж байсан байна.
Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгийн гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга асан Жагат С Мехта өндөр настай болсон хойноо түүнтэй уулзсан тухай дурслаа. Түүнийг анх дүрвэн ирж байх үед Энэтхэгийн засгийн газрын кабинетийн уулзалтанд Кришна Менон хүлээн авах боломжгүй гэж мэдэгдэж байсан ч ерөнхий сайд Неру Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг хүндэтгэлтэйгээр хүлээн авах хэрэгтэй гэж үзсэн байна.
Номын айлдварын талбайд хүрэлцэн ирэхэд хүмүүс улам бүр нэмэгдсэн байлаа. Өнөөдөр ойролцоогоор 40,000 гаруй хүмүүс цугласан байх бөгөөд тэдний ихэнх нь Санкисагаас 100 орчим километрийн зайтай газраас ирсэн хүмүүс байв. Мөн Ражастхан, Махараштра, Дели, Харяана, Панжаб, Мадхяа Прадеш, Бихар, Уттарахандаас ч бүлэг бүлгээрээ хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь өөрсдийгөө Бурхан Багшийн угсаа болох шагж язгуурын хүмүүс гэж үздэг хүмүүс байлаа. Гадаадын 35 орны 400 гаруй жуулчид мөн энэ удаагийн номын айлдварт суусан юм.
“Өчигдөр Бурхан Багшийн ном сургаалын тухай дэлгэрэнгүй танилцуулга явагдсан. Харин өнөөдөр бидэнд цаг бага хэдий ч үндсэн номын тайлбартаа орох болно. Бурхан Багш “Өөрөө өөрийнхөө аврал мөн, аз жаргалтай байх эсэх нь хувь хүн өөрөөс нь шалтгаална” гэж айлдсан юм.”
"Нүгэл хилэнцийг өчүүхэн ч үйлдэлгүй
Буяныг хотол чуулганаар үйлдэж
Өөрийн сэтгэлийг бүрэн номхотгох
Энэ л бурханы шашин болой
“Гол учир нь өөрийн сэтгэлийг номхотгох явдал билээ. Хэрэв таны сэтгэл амар тайван байвал та бусдыг хорлохгүй. Хичнээн хүнд бэрхшээл тулгарсан ч та түүнийг амар тайвнаар хүлээн авах хэрэгтэй. “Бодьсадвын явдалд орохуй” ном нь үүнийг хэрхэн олж авах тухай номлодог юм.”
“Та бурханы шашин шүтсэн ч эс шүтсэн ч энэрэл хайрыг өөртөө хөгжүүлэх хэрэгтэй. Ер нь шашин гэдэг дан ганц сүсэг бишрэлийг чухалчлах бус, хүн бүхний хийж чадах сэтгэлээ өөрчлөх, өөрийн дотоод ертөнцөө сонсохыг л номлодог.”
“Энэ номонд өөрийн саруул оюун ухаанаа ашиглаж, уур хилэн гэх мэт сөрөг муу сэтгэлийг хэрхэн давах арга замыг бүрэн гүйцэд заасан байна. Эхний бүлэгт бодь сэтгэлийн ач тус, бодь сэтгэл төрүүлээгүйн гэм уршиг зэргийг номлосон юм. Бүх бурхан олон галав, асар урт хугацаанд бодь сэтгэлийг төрүүлж, түүнийг дадлага болгосны үр дүнд бурхан болж гэгээрсэн хэмээн номлож байна.”
Бурхан, ном, дээдийн чуулганд
Бодийн хутаг олохыг хүртэл итгэмүй
Өглөг тэргүүтэй үйлдсэн чуулганаар
Хамаг амьтдын төлөө бурханы хутаг олох болтугай
хэмээх уншлагыг уншиж санваар хүртээлээ.
Дээрхийн Гэгээнтэн цааш нь “Бодьсадвын явдалд орохуй” номын 2, 3 бүлгийн 22 шүлгийг хэсэг тайлбарлаад дараа нь 3-р бүлгийн сүүлийн шүлэг болох хамаг амьтдыг өөрийн хүндэт зочинд уриад тэднийг аз жаргалтай болгохыг хүссэн ерөөлийн хэсгийг тайлбарласнаар энэ өдрийн номын айлдвар өндөрлөв.
Дээрхийн Гэгээнтэн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй Залуу буддист нийгэмлэгийн гишүүдтэй хамт үдийн зоог барьлаа. Номын айлдвар маргааш үргэлжилнэ.