Швейцарь, Цюрих – Энэ өглөө Төвөдийн Рикон Институтын 50 жилийн ойн арга хэмжээнд үргэлжлүүлэн оролцохоор Винтертур хот руу хөдлөхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Муслим эрдэмтэн, сэтгүүлч Амира Хафнер-Ал Жабажийн хөтөлдөг Швейцарийн телевизийн хөтөлбөрт ярилцлага өглөө. Хафнер ярилцлагаа Төвөдийн Рикон Институтын нөлөө, ач холбогдлын тухай асуултаар эхэлсэн юм.
“Энэ ажил юун түрүүнд Швейцарь улс Төвөдийн 1,000 дүрвэгчийг хүлээн авч орон байр, ажлаар хангаснаар эхэлсэн гэдгийг хэлмээр байна. Дүрвэгсэд энд өөрсдийн суурин, нийгэмлэгээ байгуулсан юм. Нэгэнтээ Буддизм Төвөдийн соёлын үндэс суурь учраас соёлын институт болгон жижиг хийд барих нь ач холбогдолтой санагдсан. Хийдийн хуврагууд хүний сэтгэл оюун, ухамсар зан төлөвүүдийн тухай зааж болно, мөн үүнийг академик талаас нь ч судалж болох талтай. Куны ах дүүс эхлээд Төвөд хүмүүст туслахыг хүссэн юм. Харин дараа нь Төвөдийн соёл их өвөрмөц, онцгой болохыг ойлгосноор энэ соёлыг хадгалж авч үлдэхийг зорьсон юм.”
Хафнер Швейцарь улсын тухай сэтгэгдлийг нь асуухад Дээрхийн Гэгээнтэн Төвөдтэй адил өндөр уулс, цэвэр агаар бүхий их өндөр хөгжилтэй улс байна гэлээ. Төвөдөд байхдаа Швейцарийг цагтай холбож, тэр дундаа таван өнцөгт титмийн эмблемтэй Ролекс цагтай холбож төсөөлдөг байснаа тэрээр нэмж хэллээ.
Хафнер 156 Төвөд хүүхдийг Швейцарь гэр бүлүүд өргөж авсан болон тэдний зарим нь орчиндоо зохицохдоо нэлээд бэрхшээлтэй байсныг дурдлаа. Цагаачлалын эхэн үед Төвөдүүд өөрсдийн эд хөрөнгө гэх зүйлс багатай, мөн зам барих хүнд хүчир ажил ихээр хийдэг байсан учраас хүүхдүүдэд туслах хүсэлт нь яг л тэдний амийг аврах тусламж мэт санагдаж байсан гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тодрууллсан юм.
Дээрхийн Гэгээнтний өмнө нь хэлж байсан “бид заримдаа хүссэн зорилгодоо хүрч чаддаггүй ч заримдаа хүссэнээсээ илүүд ч хүрч чаддаг” гэсэн үгсийг эш татаад Хафнер ийм зүйл тохиолдсон эсэхийг түүнээс асуув.
“Тиймээ, бид эх орноо алдаж цагаачлах болсон ч энэ нь өөр боломжуудыг бидэнд нээж өгсөн юм. Хэрэв би Төвөдөд хуучны адилаараа үлдсэн бол миний амьдрал хамаагүй хязгаарлагдмал, тусгаарлагдсан байх байсан шүү. Цагаачид болсноор олон Төвөд хүмүүс орчин үеийн боловсрол эзэмших боломжтой болсон. Үүний зэрэгцээ сүм хийдэд шавилан суух, сурах системээ буцаан сэргээсэн. Үүний үр дүнд өнөөдөр Энэтхэгт сургалтаа дүүргэж багшлах түвшинд хүрсэн 10,000 хувраг, мөн хэдэн мянган гэлэнмаа нар байна” гэж Дээрхийн Гэгээнтэн хариуллаа.
“Дэлхий маань сэтгэл, оюуны хямралын үед байна, харин үүнийг сэтгэлээ дасгалжуулан дадуулах замаар л шийдэх боломжтой. Бие махбодийн хувьд эрүүл байхын зэрэгцээ бид өөрсдийн сэтгэл оюунаа эрүүлжүүлэн хүчирхэгжүүлэх хэрэгтэй байгаа юм.”
Дээрхийн Гэгээнтнийг Винтертур руу хөдлөхөд шөнийн орсон борооны үүл бүрэн арилж гүйцээгүй сэрүүн агаартай хэвээр байлаа. Еулахаллд ирээд машинаасаа шууд индрийн зүг алхах замдаа тэрээр “чема чангпу”хүлээн авч, мөн бүжигчидтэй мэндчиллээ. Дээрхийн Гэгээнтнийг суудалдаа заларсны дараа урт насны ерөөл, өлзий хутагийн ерөөл зэрэг уншлагуудыг хуврагууд уншив.
Риконы хамба лам Түвдэн Легмон хүндэт зочид, Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, мөн Цюрихын Кантон засгийн газрын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэв. Дээрхийн Гэгээнтний энэрэл нигүүлсэлт сэтгэлээр чиглүүлэгдэн хэрхэн хамба лам болон Төвөдийн Рикон Институтын (ТРИ) хуврагууд Төвөдийн шашин соёлыг хадгалан авч үлдэхийг хичээн чармайж байгаагаа тэрээр яриандаа тайлбарласан юм. Мөн хүрэлцэн ирсэн хүндэт зочдоосоо дахин 50 жил тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэхийг тэрээр хүслээ. Төвөдийн Төв Засаг захиргаанаас “Энэтхэг улсад талархах жил” болгон зарласан энэ жил Швейцарь улсын эрх баригчдын байнгын тусламж дэмжлэг, өгөөмөр сэтгэлд нь талархаж байгаагаа тэрээр бас илэрхийлсэн юм. Дээрхийн Гэгээнтэнд урт наслахыг ерөөж, түүний сайн үйлсийн үр нь дэлхий даяар түгэн дэлгэрэхийг хүсээд хамба лам яриагаа өндөрлөсөн юм.
Төвөдийн Рикон Институтын ерөнхийлөгч доктор Долма Лувсан дараа нь үгээ хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэнд энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд нь талархаад Институтыг байгуулах төлөвлөгөө бүрэн гарч газрын ажлыг эхлүүлэх нээлтийн ажиллагаа болохын өмнөхөн Хятадын элчингээс эсэргүүцэл илэрхийлэх үед Швейцарийн засгийн газар үүнд анхаарал хандуулалгүй өнгөрч байсныг тэрээр эргэн дурслаа. Швейцарь улс дахь Төвөд иргэдийн тоо нэмэгдсэнээр ТРИ-ийн үйл ажиллагаа ихээхэн өөрчлөгдсөн гэдгийг тэрээр мөн дурдав. Тэрээр Төвөдийн шашны дөрвөн гол уламжлалын төлөөлөгчид ТРИ-д ажилладаг учраас Институт тус тусын уламжлалын сүсэгтнүүдийг холбогч гүүр болж ажиллаж байна гээд үгийнхээ төгсгөлд арга хэмжээнд оролцож буй орон нутгийн хоёр улс төрчийн нэг Винтертур хотын дарга Микаэл Кунзлег индэрт урьсан юм.
Дээрхийн Гэгээнтэнтэй мэндчилсэний дараа Винтертур хотын дарга Кунзле ТРИ дараагийн 50 жилдээ үргэлжлүүлэн энх амгалан, эрдэм мэдлэгийн газар хэвээр байна гэдэгт найдаж байгаагаа хэллээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтний айлчлалд талархаад түүний айлчлал нь түрхэн хугацаанд хотыг дэлхий дахинд таниуллаа гэсэн юм.
Цюрихын Кантоны Зөвлөлийн гишүүн, Төвөдүүдийн эртний анд Марио Фер ТРИ-д 50 жилийн ойд нь Цюрихын засгийн газраас баяр хүргэж байгааг уламжлаад “Ах дүү Жак ба Анри Кун бидэнд үлгэр жишээ болсон юм. Тэд Төвөд хүмүүст ажил өгөөд зогсоогүй Швейцарийн амьдралд Төвөд хүмүүс уялдан нэгдсэний бэлэг тэмдэг болсон соёлын төвийг барьж байгуулсан. Төвөдүүд бидний анд нөхөд, хөршүүд маань болж бие биендээ хамаарах ижил тэгш иргэд боллоо” гэж хэлсэн юм.
“Төвөд хүмүүс өөрсдийн хичээл зүтгэлийн хүчээр энд их зүйлийг хийж бүтээсэн. Бид, Цюрихийн засгийн газар ТРИ-ийн хөгжилд, бас олон арга хэлбэрээр хувь нэмэр оруулахыг хичээлээ. Тухайлж хэлбэл захиргаанаас маанийн хүрдүүдийг хандивласан бөгөөд, мөн номын санг өргөтгөж, Институтын барилгыг шинэчлэн засварлахад тусалсан.”
Доктор Карма Долма хэсэг Төвөд залуучуудыг индэр дээр урьсан бөгөөд тэд хамба лам Түвдэн Легмоны шүлгээр зохиосон дууг дуулав. Үүний дараа Институтыг байгуулсан болон хөгжлийнх нь үе шатуудыг харуулсан богино видео бичлэг үзүүлэв.
Швейцарь болон Лихтенштейн улсын Төвөдийн ниигэмлэгийн ерөнхийлөгч Норбу Цамда үгэндээ ТРИ дээр шашин ба соёлд төвлөрсөн сургалтууд маш сайн явагдаж байгаа, мөн ТРИ-ийн цөм нь Төвөдийн дөрвөн гол уламжлалт шашны төлөөлөгч хуврагууд бодитойгоор болж чадсаныг, бас номын санд нь 120,000 гаруй ном судар байдгийг үзээд гайхан биширсэнээ өгүүлсэн юм.
Швейцарь дахь Төвөдийн Эмэгтэйчүүдийн Холбоог төлөөлж хатагтай Пема Ламдарк үг хэлэхдээ Швейцарийн энэхүү холбоо нь 10-р сард 30 жилийн ой хүрнэ гэдгийг Дээрхийн Гэгээнтэн ба олон нийтэд мэдэгдэв. Мөн тэрээр холбооноос зохион байгуулдаг олон төрөлт ажлуудын дотор Рикон Институт дээр зохион байгуулдаг зургаан зүйл хамаг амьтдын сайн сайханд зориулсан уншлага ерөөл ба тахилын үйл ажиллагаа чухал байр суурьтай бөгөөд ийм нэгэн номын ажиллагааны үед гурван язгуурын бурхан Жанрайсиг, Манзушир ба Очирваань бурхадын дүрийг Дээрхийн Гэгээнтэнд өргөн барьсанаа бас дурдав.
Швейцарь-Төвөдийн Найрамдлын Нийгэмлэгийн ерөнхийлөгч Томас Бухли үг хэлэхдээ нийгэмлэг маань 35 жилийн өмнө байгуулагдсан ба Төвөдийг дэмжих хөдөлгөөнд идэвхтэй оролцогч болсон гэдгээ тэмдэглэн хэлсэн юм. Тэрээр “бодь гял ло” хэмээгээд үгээ төгсгөв. Түүний дараа Европ дахь Төвөдийн Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Палден Тамниен өөрийн холбоо нь үйл ажиллагаа залуучуудын дунд төвөдийн хэл, шашин, соёлыг судлах сонирхолыг нэмэгдүүлэх ажилд анхаарч байгааг онцлож ярив.
Дараа нь Төвөдийн гурван мужийн уламжлалт хувцас өмссөн залуучуудын хамтлаг дуу өргөн барив.
Буддизмын уламжлалд “Жаргалын найман билиг”-ийн нэг болдог Номын Хүрдний дүрслэл, хүрдний билиг тэмдгийг судалж нэгтгэсэн Рудольф Хоггерын “Буддад барих бэлэг” номыг Рикон Институт хэвлүүлснийг Дээрхийн Гэгээнтэнд өргөн барилаа.
Эдгээрийн эцэст Дээрхийн Гэгээнтэн цугласан олонд хандаж үг хэлэв.
“Хүндэт зочид та бүгдэд тавтай морилохыг хүсээд Төвөдийг дэмжигчид нь үнэнийг дэмжигчид гэдгийг энэ завшаанд сануулан хэлмээр санагдав. Би энд байгаадаа маш их баяртай байна. Рикон хийд болон Винтертуртэй миний амьдрал их онцгой холбоотой. Би урьд нь энд эмчилгээ хийлгэхээр ирдэг байсан юм.”
“Төвөдүүд бидний цорын ганц нөхөр дээр тэнгэр, доор газар байсан тэр цагт Швейцарийн Улаан Загалмай бидэнд тусламжийн гараа сунгаж 1,000 Төвөд хүнийг Швейцарьт урьсан билээ. Үүний дараахан Билакуппед Төвөдийн сууринг байгуулж байх үед бидэнтэй нийлж ажиллаж байсан Луди гэдэг Швейцарь хүн байсныг би санаж байна.”
“Рикон Институтыг юуны түрүүнд хийд байхаар анх байгуулснаас гадна хүмүүс Буддизмын гүн ухааныг судлах боломжтой сургалтын төв байхаар зохион байгуулсан юм. Анхны хамба Гэвш Үгиен Цэтэн ирээдүйн энэ суурийг сайтар тавьж чадсан билээ.”
“Бүх шашны уламжлалуудад би хүндэтгэлтэй ханддаг. Буддист уламжлалгүй орнуудад Буддизмыг шинээр дэлгэрүүлэх, эсвэл сурталчлан номлох гэж би оролддоггүй бөгөөд учир нь ерөнхийдөө төрсөн газрынхаа шашинтай тухайн хүмүүс ойрхон байсан нь дээр гэж боддогтой холбоотой. Гэвч манай уламжлалд логик болон сэтгэл судлалыг нарийвчлан авч үздэг учраас нийт хүмүүс тэр талаас нь сонирхох боломжтой гэж би боддог юм.”
“Урт удаан хугацаанд сэтгэлийн амар амгаланг олох арга замуудыг хайсан хичээл зүтгэлийнхээ үр дүнд Энэтхэгчүүд төвлөрсөн амарлин оршихуйн ба үлэмж үзэхүйн баясалгалыг нээсэн юм. Бурхан Багш гэрээ орхисныхоо дараа эдгээр аргуудыг ашиглан дадлага бий болгосон. Тэрээр би-үгүйг ухаарч, хорлолт сэтгэлүүд болон тэдний ул мөрийг арилгаад эцэст нь Бодьгаяад төгс гэгээрлийн хутгийг олсон билээ. Бид өөрсдийн дотор орших “би”-дээ тачаах нь алдаа гэдгийг тэр ойлгосон юм. Үүнээс өмнө Энэтхэгт мөнхийн, цорын ганц “би” байдаг гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг байсан шүү дээ.”
“Бурхан багш үүнийг сүйх тэрэг эд ангиараа нийлж сүйх тэрэг болдгийн адилаар “би” гэдэг нь бие ба сэтгэлийн нийлмэл дээр оноогдсон нэр төдий гэж тайлбарласан байдаг. Тас Цогцолсон ууланд хоёрдугаар номын хүрдээ эргүүлэхдээ тэр билиг билгүүний сургаалиуддаа айлдсан юм. Олон зууны дараа Шантаракшита эдгээр сургаалиудыг Наландын уламжлалын үндэс суурийн хувьд Төвөдөд авчирсан юм. Дараа нь мянга гаруй жилийн турш бид энэ уламжлалыг бүрэн бүтнээр нь хадгалж ирлээ.”
“Сүүлийн дөч гаруй жилийн туршид эрдэмтэн судлаачидтай хийсэн уулзалтуудынхаа явцад юу нь зөвхөн Буддистуудын хувьд хамаатай байж болохыг би ялгаж салгах болсон. Би тэдэнтэй төгс гэгээрэл, нирваан болон хойд төрлүүдийн тухай ярьдаггүй бөгөөд жирийн амьдралд сэтгэлийн амар амгаланг яаж олох тухай ярилцдаг юм.”
“Бидний шашин соёл байгаа учраас Төвөдүүд бидний хүсэл зориг тууштай байна. Бүр өөрсдийгөө галдан шатааж байгаа тэр хүмүүсийн хувьд ч хэдийгээр энэ үйлдлээрээ бусдыг гэмтээн хохироож чадах байсан ч шашин, соёлын нөлөөгөөр үүнийг хийхээс өөрсдийгөө хязгаарлаж чадаж байгаа юм. Төвөдөд байгаа залуучууд хүчтэй, тууштай эрмэлзэл дүүрэн байгаа. Өмнөх үеийнхэн болсон Пунцог Ванжил зэрэг тууштай коммунистууд ч Төвөдийн эр зоригийг бас хадгалж байсан. Төвөдүүд бид өөрсдийн шашин соёлоо хадгалан авч үлдэх хүсэл сэтгэл дүүрэн байна.”
“Төвөдийн буддизмыг сонирхдог Хятад хүмүүс их болжээ. Төвөдийн шашин соёл ирээдүйн эвлэрлийн суурь болно гэж тэд хэлж байгаа юм.”
“1959 онд би ахиад нэг өдөр илүү амьдрах эсэхээ мэдэхгүй байлаа. Тэнд харж хандах ёстой 5,000 лам хуврагууд байсан юм. Бид уламжлалаа яаж хадгалж авч үлдэхээ сайтар тунгаах хэрэгтэй байлаа. Тэр үед зарим Хятад хүмүүс Төвөдүүдэд замбаа идэхээс өөр хийж чаддаг зүйл байхгүй гэж хэлж байж билээ. Гэтэл замбаа иддэг бид нар эртний Энэтхэгийн мастеруудтай эн зэрэгцэх оюунлаг байсан байна шүү дээ.”
“Варанасид надад хоёр найз бий, Упадхияа ба Трипати, хоёулаа Санскрит мастерууд. Трипати Зонхов богдын зохиолыг хинди хэл рүү орчуулсан юм. Түүнээс Богд Зонхов Наландын эрдэмтдийн дунд ямар байр суурь эзлэх вэ гэж асуухад зөвхөн эдгээр суутнуудын дунд байр сууриа эзлээд зогсохгүй хамгийн шилдгүүдийн нэг нь байх байсан гэж тэр хариулсан даа.”
Дээрхийн Гэгээнтэн Төвөдүүд Шантаракшитагийн санаачлагаар Энэтхэгийн буддист ном зохиолуудыг Төвөд хэл рүү орчуулснаар Ганжуур ба Данжуурын 300 гаруй боть зохиолууд төвөд хэл дээр гарсныг дурдсан юм. Харибадра өөрийн “Тодорхой утга”-таа хурц ухаантай сурагчдаас гадна харьцангуй удаан, бүдүүн сэтгэлгээтэй сурагчдыг дүрслэн өгүүлсэн байдаг. Эдгээр хурц ухаантнууд л номыг суралцан дадуулж байж буддизмын уламжлал цаашид хадгалагдан үлдэж чадна гэдгийг тэрээр онцоллоо.
Доктор Карма Дулма талархлын үг хэлсний дараа ТРИ Дээрхийн Гэгээнтэнд швейцарь цаг өргөн барив.
Маргааш Дээрхийн Гэгээнтэн Хутагт Нагаржунайн “Эрдэнийн эрхи”, Камалашилагийн “Бясалгалын дундаж зэрэг”, мөн Тогмэ Санбугийн “Бодьсадвын 37 гарын авлага” зэрэг номуудыг айлдана.