Энэтхэг, Мумбай – Өнөөдрийн цэнхэр тэнгэртэй дулаахан нарлаг өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мумбайн Их Сургууль руу хөдөлсөн бөгөөд тэрээр “Майтри-Майдар” хийгээд “Метта”, өөрөөр хэлбэл ихэндээ хайр энэрэл, бас заримдаа элгэмсэг нөхөрсөг чанар ч гэж орчуулагддаг буддизмын ойлголтыг хэлэлцэх олон улсын хурлыг нээхээр уригдсан юм.
Түүнийг Их сургуулийн Калина дахь Видьянагари хотхонд хүрэлцэн ирэхэд Их сургуулийн дэд ерөнхийлөгч проф. Субхас Педнекар, Махараштра мужийн ЗГ-ын сайд Ражкумаржи Бадоле болон Гүн ухааны тэнхмийн эрхлэгч доктор Гита Рамана нар хүндэтгэн тосож авлаа. Тэд Дээрхийн Гэгээнтнийг дагалдан Ногоон Технологийн заал гэж нэршсэн танхим руу алхсан бөгөөд тэнд оюутан, багш нар нийлсэн 300 гаруй хүн хүлээж байгаа юм.
Доктор Арчана Малик-Гуре зочид болон хүрэлцэн ирсэн хүн бүрт мэндчилгээ дэвшүүлсэний дараа нээлтийн ёслолын үзүүлбэр болгон дөрвөн оюутан, нэг хараагүй сурагчийн хамт асаасан лаа толгой дээрээ тогтоосон иогийн хүнд хэцүү дасгалуудыг хийж үзүүлэв. Үзүүлбэрийн хажуугаар “майтри” ойлголтын тухай асуултууд болон дүрслэлүүдийг дэлгэцээр харуулж байсан юм. Дараа нь оюутнууд Дээрхийн Гэгээнтэн болон зочдод цэцгийн баглаа барилаа.
Арга хэмжээг нээж үг хэлэхдээ доктор Гита Рамана Дээрхийн Гэгээнтнийг хүрэлцэн ирсэнд Мумбайн Их сургууль, тэр дотроо Гүн ухааны тэнхим маш их баяртай, талархалтай байгаагаа илэрхийлсний дараа өнөөдрөөс эхлэн гурван өдөр үргэлжлэх энэхүү хурал нь хайр энэрэл ба элгэмсэг нөхөрлөлийн тухай буддизмын түгээмэл ойлголтыг гүн ухааны талаас нь авч хэлэлцэх тухай тайлбарлалаа. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд сургуулиас барьж буй бэлгийг гардуулж өгөхийг хүсч дэд ерөнхийлөгчийг урьсаны дараа тэнхмийн багш нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Эхний зочин, буддист Шри Ражкумаржи Бадоле өөрийн үгээ эхлэхийн өмнө Пали хэл дээр аврал одуулав. Тэрээр эхлээд Марати, дараа нь Англи хэл дээр ярихдаа “майтри”-ийн утга нь аз жаргалтай гэр бүл, улмаар аз жаргалтай нийгмийг бий болгогч сэтгэлийн төлөвийг илэрхийлдэг гэсэн бөгөөд Дээрхийн Гэгээнтэнтэй нэг дор энэ хуралд оролцож байгаагаа нэр төрийн хэрэг гэж хэлээд үгээ дуусгалаа.
Дэд ерөнхийлөгч, профессор Субхас Педнекар “майтри”-ийн тухай хэлэлцэх энэ хурлыг зохион байгуулах санаачлага гаргасанд нь Гүн ухааны тэнхимд маш их талархаж байгаа илэрхийллээ. Дэлхий дахинд энх тайван, амар амгаланг авчрахын тулд өөрийгөө зориулж хүн бүрийн танил болсон Дээрхийн Гэгээнтний айлдварыг сонсох нь маш хүндэтгэлтэй үйл явдал гэж тэрээр мөн хэлсэн юм.
Түүний дурьдсанаар Мумбайн Их Сургууль нь 1857 онд байгуулагдсан Энэтхэгийн хамгийн анхдагч улсын Их сургуулиудын нэг, мөн 500,000 гаруй оюутан, 700 гаруй харьялалын коллежүүд бүхий хамгийн том их сургууль юм байна. Мөн Энэтхэгийн иргэний хамгийн дээд шагнал болох Бхарат Ратна шагналыг хүртсэн 5 хүнийг төгсгөсөн цорын ганц сургууль ажээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтнээс Гүн ухааны тэнхмийн сэтгүүлийн шинэ хэвлэлийг албан ёсоор задалж нээлтийн үгээ хэлэхийг хүслээ.
“Хүндэт бүсгүйчүүд, ахан дүүс нар минь” гэж Дээрхийн Гэгээнтэн үгээ эхлэв. “Өнөөдрийн дэлхий ертөнцөд бид хайр энэрлийг дэмжин дэлгэрүүлэхийн тулд тусгайлан хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байна. Эмэгтэйчүүд үүнд онцгой үүрэгтэй, учир нь тэд бусдын өвчин зовлонд илүү зөөлөн, мэдрэмжтэй хандаж чаддаг. Миний хувьд гэхэд ээж минь л надад өр зөөлөн энэрлийг анх зааж сургасан юм. Тэрээр миний сэтгэл зүрхэнд үүний үр үндсийг баттай суулгаж өгсөн билээ. Бидний ээж нар л хайр энэрлийн амьд жишээг амьдрал эхлэх үеэс эхлээд л зааж харуулдаг шүү дээ.”
“Нөгөө талаасаа өнгөрсөн цагийн дайчид бараг бүхэлдээ эрчүүд байжээ. Тэднийг баатар зоригтнууд гэж магтан дуулдаг байсан ч тэд алуурчид л байсан шүү дээ. Мал нядлагчид ч гэсэн ихэнх нь эрчүүд байдаг биз дээ? Тиймээс ч эхлээд эмэгтэйчүүд, эгч дүүс нартайгаа түрүүлж мэндчилэх нь зөв болов уу.”
“Та бүгд энэ хурлыг зохион байгуулж байгаад би маш их талархаж байна; бидэнд ийм төрлийн хэлэлцүүлгүүд үнэхээр хэрэгтэй. Ихэнхдээ бид хайр энэрлийг байдаг л зүйл мэт бодож анхаарлаа хандуулдаггүй боловч үнэндээ үүнийг л хөгжүүлэхийг машид хичээх ёстой юм. Хүмүүс бид их өндөр боловсролтой болсон ч дэлхий ертөнц, эргэн тойрноо анзаарч харвал хэдийгээр яг энд, энэ мөчид энх амгалантай байгаа ч өөр газруудад хүн хүнээ бүрэлгэн хөнөөж, гэм зэмгүй үр хүүхдүүдийг өлсгөн зовоож байна шүү дээ. Сири болон Иеменд юу болж байгааг харж байгаа байх. Бид үндэстэн, шашин шүтлэг ба арьс өнгөний ялгааг хэтэрхий их гаргаж бусдын зовлонг үл анзааран орхидогийн учир нь тэд “биднээс ялгаатай” гэсэн л үзэл юм.”
“20-р зуунд дайн хүчирхийллээс болж маш их зовлон учирсан байтал бид одоо хүртэл асуудлаа хүч хэрэглэж шийдэж болно гэж бодсоор л байх юм. Энэ бол эрүүл биш шинж тэмдэг юм шүү, гэхдээ энэ дэлхийн дийлэнх хүмүүс хүчирхийллээс залхжээ. Иракт явуулсан дайныг эсэргүүцэж хичнээн их хөдөлгөөн өрнөснийг бид харлаа. Бас нэг өөр жишээ бол түүхийн туршид хоорондоо дайн хийж ирсэн улс орнууд хамтран Европын Холбоог байгуулсан явдал юм. Дэлхийн нэг болон хоёрдугаар дайны аймшигийн дараа эдгээр улсууд өөр өөрсдийн үндэсний эрх ашгаа нөгөөдөө тулгахын оронд хамтарч нэгдсэн эрх ашгаа хамгаалах нь чухал юм байна гэдэг шийдвэрт хүрсэн байна шүү дээ.”
“Хамтран оршиж, амьдрах нь анхаарал, хичээл зүтгэл шаардана, гэсэн ч бид үүний төлөө ажиллаж энэ зууныг хүчирхийлэл үгүй энх тайвны зуун болгохын тулд зүтгэл гаргах ёстой. Хоорондоо тулалдахын оронд бие биенийгээ хүндэлсэн яриа хэлцлийг хийх ёстой. Уур хилэн нь “бид” ба “тэд” гэсэн үзлээс л үүсэж байгаа билээ. Түүний оронд хүн төрөлхтний гэр бүлийн нэгэн гишүүн юм гэж бусдыг хүндэлж хайрлах хэрэгтэй юм. Мөн бид цэрэг зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгохыг зорих ёстой. Гэхдээ гадаад зэр зэвсгээ устгахын тулд эхлээд өөрийн дотор орших “зэр зэвсгээ” устгах хэрэгтэй. Энд л “майтри” буюу хайр энэрлийн тухай ойлголт орж ирнэ.”
“Дэлхийн эдийн засаг улс орны хил хязгаараар хязгаарлагдахгүй болжээ. Цаг уурын өөрчлөлт ч улс орны хил хязгаараас хамаарахгүй, бид бүгдэд нөлөөлөх болно. Бидний амьдралын энэ шаардлагууд биднийг хамтран ажиллаж, үр дүн гаргахыг шаардаж байна.”
Дээрхийн Гэгээнтэн орчин үеийн боловсрол материаллаг зорилгод чиглэсэн байгааг тайлбарлаад дотоод үнэ цэнүүдэд бас чиглэх ёстойг онцоллоо. Биеийн ариун цэврээс гадна сэтгэлийн цэвэр ариун байдал бидэнд чухал, өөрсдийн хорт, хөнөөлт сэтгэлүүдээ дарж, арилгаж сурах нь чухал юм гэв.
“Өнөөдөр амьдарч буй 7 тэрбум хүн бүр эхээс төрсөн. Тэд эхийн хайр халамжаар л хүн болсон шүү дээ. Хүүхэд байхдаа тэд үндэстэн, шашин эсвэл кастын тухай бодож ч байгаагүй боловч аажимдаа “бид” ба “тэд” гэсэн үзлээс л шалтгаалан ийм ялгаануудад суралцдаг. Ингэж л бид өөрсдөдөө асуудал бэрхшээлүүдийг бий болгож байгаа юм. Угтаа бол бид цаанаа хүнийхээ хувьд бүгд адилхан байдаг. “Майтри” ба “каруна” буюу элгэмсэг нөхөрсөг чанар ба энэрэл нигүүлсэл нь өдөр тутмын маань амьдралд чухал юм. Хэдийгээр бид эдгээрийг шашны судар номнуудаас олж хардаг ч бодитоор нь шашнаас үл хамааруулан өөрсдөдөө дадуулах боломжтой.”
“Бид өөрийн ээж аав, хамаатан садан, найз нөхөддөө зөөлөн сайхан хандах нь амархан байдаг. Харин өөрийн дайсан гэж үздэг хүмүүст бол хэцүү. Дайсан тань тааламжгүй, бас дайсагнасан мэт харагдаж, санагдаж байж болох ч өөртэй чинь адилхан л хүн шүү дээ. Дайснаа нөхөрсөгөөр, халуун дотноор хайрлан энэрэх нь жинхэнэ хайр энэрэл билээ. Үүнтэй адилаар дайсан гэсэн сэтгэлийн гажуудал үгүй энэрэл нигүүлсэл нь жинхэнэ энэрэл нигүүсэл юм. Бид үүнийг л дадуулах ёстой.”
“Уур хилэн нь бидний сэтгэлийн амар амгаланг устгадаг учраас энэ л бидний жинхэнэ дайсан юм. Уур хилэн бидний эрүүл мэндэд хортой бол энэрэл нигүүлслийн сэтгэл эрүүл мэндийг тэтгэж дэмждэг. Хэрэв хүний төрөлх шинж чанар уур хилэн байсан бол үүнийг засах боломжгүй, харин энэрэл нигүүлсэл төрөлх шинж чанар мөн аваас бидэнд итгэл найдвар байна гэсэн үг. Ийм ч учраас дотоод үнэ цэнэд суралцахыг боловсролын нэг хэсэг болгох нь маш чухал байна. Мөн ийм шалтгааны улмаас би оюун ухаан, сэтгэлийн тухай эртний Энэтхэгийн эрдэм мэдлэгийг сэргээхийг зорьж байгаа билээ. Бурхан Багш бол Энэтхэгийн “ахимса” ба “каруна” уламжлалуудын л үр дүн шүү дээ. Бид эдгээр чанаруудыг сэргээж орчин үеийн боловсролтой хослуулаад Азийн бусад орнуудтай хуваалцах хэрэгтэй байна.”
“8-р зуунаас хойш Төвөдүүд бид Шантаракшита танилцуулсан Наландын уламжлалыг бид хадгалан авч ирлээ. Бид энэ уламжлалын дагуу учир шалтгаан ба логикын үндсэн дээр хүнд хэцүү судар зохиолуудыг үзэж судалж ирсэн. Бусад лам хуврагуудын адилаар миний сургалт Наландын уламжлалтай машид гүн гүнзгий уялдаж ууссан учраас хэдийгээр бие маань Төвөд боловч сэтгэлийн хувьд би Энэтхэг хүн юм. Та бүгдийн олонх нь Энэтхэгчүүд боловч оюун сэтгэлгээний хувьд барууны орнуудын соёлтой болов уу гэж би таамаглаж байна. Бид эртний Энэтхэгийн эрдэм мэдлэг, сэтгэлийн амар амгаланг дадуулж сурахад туслаж чадна. “Майтри” нь дан ганц буддизмын ойлголт бус бид бүгд бодитоор мэдэрч ойлгож чадах хүний төрөлх суурь шинж чанар, үнэ цэнийг илэрхийлж байгаа билээ.”
Дээрхийн Гэгээнтэн оролцогчдын асуултанд хариулт өгөх явцдаа дотоод үнэ цэнүүдэд анхаарал хандуулах байдал буурсан нь аж үйлдвэрийн хувьсгалын дараагаас шашин боловсролын байгууллагуудад нөлөө үзүүлэх нь багассантай холбоотойг тайлбарлалаа. Өнөө цагт дотоод үнэ цэнүүдэд анхаарсан, илүү тэнцвэртэй, шашны үзлээс тусгаар боловсролыг хөгжүүлэх нь яаралтай чухал байна. Хэрэв бид үүнийг хийж чадвал хэн ч хэрэглэж зүрхэлдэггүй цөмийн зэвсэг мэтийн зүйлст хөрөнгө мөнгө оруулах нь нөөц бололцоог ямар хэрэггүй зүйлст үрж зарцуулж байгаагийн тод жишээ болохыг хүмүүс олж харах юм. Эдгээр нөөц бололцоог эрүүл мэнд ба боловсролд хавьгүй үр дүнтэй зарцуулж болно шүү дээ гэв.
Дээрхийн Гэгээнтэн өөрчлөлтийг зөвхөн мөргөл залбирлаар авчирч чадахгүй гэдгийг онцлон хэлээд бид тодорхой үйл үйлдлээр арга хэмжээ авах хэрэгтэй гэлээ. Бие, хэл, сэтгэлийн үйлүүдийн хувьд авч үзвэл сэтгэлийн үйл ба сэдэл нь хамгийн үр дүнтэй юм. Зөв эерэг сэдэл төрж байж үр дүн гарна. Хэрэв бид сэтгэлийн элдэв гажуудлаас ангид нэг цогц хандлага барьвал бидний үйл ажиллагаа илүү бодит чанартай байж чадна.
Доктор Арчана Малик-Гуре Дээрхийн Гэгээнтэнд түүний яриа, айлдварыг сонсох нь маш хүндтэй, чухал хэрэг гэдгийг хэлээд хүрэлцэн ирсэнд нь талархаж уулзалтыг өндөрлөлөө. Мөн тэрээр хуралд оролцсон бусад зочид болох сайд, дэд ерөнхийлөгч болон зохион байгуулагч комисст талархал илэрхийлсэн юм.
Дээрхийн Гэгээнтэн “Буддизмын сонгодог зохиолууд дахь Шинжлэх Ухаан ба Гүн Ухаан – Биет дэлхий ертөнц” гэдэг номын нэг хувийг гардуулахдаа “Бараг арван жилийн өмнөөс бид санскрит хэлнээс, мөн зарим хэсгийг нь Пали хэлнээс Төвөд хэл рүү орчуулсан буддизмын судар номнууддаа анхаарал хандуулж эхэлсэн юм. Эдгээр 300 гаруй боть зохиолуудыг шашны, эсвэл цэвэр Буддизмын сэдвүүдийг хөндсөн гэж ангилж болох ч тэнд мөн Буддизмын гүн ухаан ба шинжлэх ухааны сэдвүүд багтсан байдаг. Тэр үед бид Буддизмын гүн ухаан ба шинжлэх ухааны хэсгүүдийг нь ялгаж нэгтгээд эхлээд Төвөд хэл дээр хэвлэхээр төлөвлөж байсан юм. Өнөөдөр эдгээр цуглуулгууд хэд хэдэн хэл дээр хэвлэгдсэн бөгөөд та бүхэнд би энэ англи хэл дээр хэвлэгдсэн нэгдүгээр цувралыг бэлэглэж байна. Та бүхнээс үүнийг номын сандаа цоожтой хадгалалгүйгээр ноорч муудтал нь дахин дахин уншаарай гэж хүсье” гэж хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн буудал руугаа буцахын өмнө зочдын хамт өдрийн зоог барилаа.