Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

‘Бодьсадвын 37 гарын авлага’ ба 'Шалгадагийн тайлбар' номын айлдвар эхлэв 2018 он 12 дугаар сар 24

Түгээх

Энэтхэг, Бихар, Бодьгаяа – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Гандан Пэлжээлин хийдээс гарахдаа тус хийдийн дуганд морилж мөргөл үйлдлээ. Дуганд ойролцоогоор 200 гаруй Бурхан Багшийн дүрийг зэрэгцүүлсэн залсан байх агаад олон шүтээний өмнө тэрээр мөргөл залбирал үйлдээд гарав. Тэрээр дуганаас номын айлдварын талбай хүртэл явган явахдаа хүмүүсийн зүг гар даллан мэндэлж байлаа. Талбайн дотор талд ч олон хүмүүс түүнийг хүлээн зогсож байсан бөгөөд тэрээр өөрийн танил дотно найз нөхөдтэй мэндэлж, бас хэсэг зуур ярилцан явав.

Өнөөдрийн номын айлдварт 15,000 гаруй хүмүүс цугласан байна. Тэдгээрээс 7000 лам хуврагууд, 1250 эмэгтэй хуврагууд, 1555 гэвш нар болон хамба лам нар, 15 эмэгтэй гэвшмаа нар, 1665 Энэтхэг болон гадаадын улс орны хүмүүс энэ удаагийн номын айлдварт цуглажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Пэлжэлин хийдийн дуганд морилон мөргөл залбирал үйлдэв. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.12.24. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Дээрхийн Гэгээнтнийг сэнтийндээ заларсны дараа теравада уламжлалын лам хуврагууд пали хэлээр Мангала судрыг уншиж, дараа нь Майтрияа сургуулийн сурагч хүүхдүүд санскрит хэлээр “Билгүүний Зүрхэн” судрыг уншив. Дараа нь хятадын сүсэгтнүүд хятад хэлээр “Билгүүний Зүрхэн” судрыг аялгуулан уншлаа.

“Бид Бурхан Багшийн гэгээрсэн онцгой ариун дагшин энэ газарт ахин цуглаад байна. Бид энд мөргөл залбирал, гүрэм дором хийхээр цуглаагүй. Бурхад бусдын нүгэл хилэнцийг усаар угааж арилгахгүй, бусдын зовлонг гараараа авахгүй, өөрт буй эрдэм мэдлэгийг бусдад юүлэн өгөх боломжгүй, бурхад гагцхүү гэгээрэлд хүрэх арга замыг зааж бусдын тусыг хийдэг хэмээн айлдсан буй. Энэ нь Бурхан Багшийн маш үнэтэй сургаал тул бид түүний энэ номлолд анхаарал хандуулах шаардлагатай.”

“Бусад шашин бүтээгч Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд онолын хувьд энэ мэт зөрүүтэй олон шашин энэрэл хайрын тухай номлодог нь үнэхээр сайн хэрэг юм. Харин Бурхан Багшийн хувьд өөрийн бодит туршлагаар олж авсан саруул мэдлэг оюуныг хэрхэн олох тухай арга замыг бидэнд заасан билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын талбайд хүрэлцэн ирээд олон нийтийн зүг гар даллан мэндэлж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.12.24. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

“Пали уламжлалын ном сургаал нь Бурхан Багшийн айлдварын үндсэн суурь сургаал болдог. Анхдугаар номын хүрдийг эргүүлэхдээ Бурхан Багш энэ уламжлалын сургаал буюу Хутагтын Дөрвөн Үнэний сургаалыг айлдсан юм. Харин хоёрдугаар номын хүрдийг эргүүлэхдээ Билиг барамидын сургаалыг Манзушри, Жанрайсиг, Гүндүсамбу гэх зэрэг гол төлөв хутагт бодьсадва нарт зориулан айлдсан байна.”

“Хутагтын дөрвөн үнэний эхний хоёр нь зовлон хийгээд түүний шалтгааны тухай номлосон юм. Дараа нь үүнээс салж чадах эсэх талаар хутагтын дөрвөн үнэний үлдсэн хоёр сургаал буюу гэгээрэл хийгээд түүнд хүрэх арга замын тухай айлдсан байна. Нарийн түвшинд Хутагтын Дөрвөн үнэн тус бүрийг дөрөв дөрвөн онцлогийн үүднээс тайлбарлан айлджээ. Жишээлбэл “зовлонгийн үнэн”-ий хувьд энэ нь түр зуурын, зовлонгийн чанартай, хоосон чанартай, “би үгүй”-н чанартай гэх дөрвөн онцлогоор нь зовлонг таних хэрэгтэй гэж айлдсан юм. Харин “зовлонгийн шалтгаан үнэн”-ий хувьд уг болдог, бүхэнг гаргагч, шалтгаан болдог, машид төрүүлэгч гэсэн дөрвөн онцлог талаас нь ойлгох хэрэгтэй.”

“Зовлонгийн үндсэн уг шалтгаан нь мунхаг билээ. Мунхагийг саруул билиг оюунаар арилгана. Мөн чанарыг таньсан саруул билиг оюун нь бидний мунхаг, сөрөг сэтгэл хөдлөл бүгдийг арилгах ерөндөг юм. Уур хилэн гэх зэрэг сөрөг сэтгэл хөдлөл нь бидний сэтгэлийн мөн чанар бус гэдгийг таних нь чухал байдаг. Мөн чанарыг таниагүй мунхаг дээр зовлон суурилж буй. Энэхүү мунхагт баттай суурь үндэслэл байхгүй тул арилгах боломжтой. Хэрэв та сэтгэлийн мөн чанарыг бүрэн гүйцэд таньж чадвал бидний сэтгэл оюун саруул гэгээн болохыг мэдэж, сөрөг сэтгэл хөдлөлүүд нь түр зуурынх юм гэдгийг ухаарч чадна.”

Энэ удаагийн номын айлдварт нийтдээ 15,000 гаруй хүмүүс хамрагдлаа. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.12.24. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

“Анх дугаар номын хүрдийг айлдахдаа товч айлдсан хоосон чанарын тухай дэлгэрэнгүй, нарийн түвшинд айлдсан нь хоёр дугаар номын хүрд байлаа. Ингээд хоосон чанарын талаар хүлээн авах чадваргүй шавь нарт гурав дугаар номын хүрдийг айлдсан байна. Үүнтэй зэрэгцүүлэн сэтгэлийн бурханлаг чанарыг тайлбарласан юм. Хоёр дугаар номын хүрдийн үед гадаад юмс үзэгдлийн мөн чанарыг тайлбарласан бол гурав дугаар номын хүрдийн үед дотоод сэтгэлийн мөн чанарыг айлджээ. Энэхүү айлдвар нь нууц тарнийн ном сургаалын үндэс болсон байна.”

“Бурхан Багш ийнхүү гэгээрэлд хүрсэн өөрийн бүхий л туршлагаар хэрхэн гэгээрэл хүрч болох, түүний арга зам бүрийг бидэнд нарийн айлдсан тул хэрэв түүний сургаалыг сайтар дагаж чадвал бид ч сөрөг муу сэтгэлээ дарж, бурханы хутагт хүрэх боломжтой.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа өнөөгийн материаллаг бөгөөд техник технологи хөгжсөн энэ амьдрал бидэнд бүрэн дүүрэн аз жаргал өгч чадаж байгаа эсэхийг асуув. Тэрээр өндөр хөгжилтэй улс орны хүмүүс сэтгэл оюунаа хэрхэн жолоодох арга замыг мэдэхгүйн улмаас зовлон шаналалтай амьдарч байгааг дурдлаа.

“Бидэнд уур хилэн, үзэн ядалт байдаг ба түүнийг арилгах арга зам нь энэрэнгүй сайхан сэтгэл билээ. Үүнийг шашны номлолд маш ихээр номлодог байтал сүсэгтнүүд үүнд төдийлөн анхаарал хандуулахгүй байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын эхний өдөр айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.12.24. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

“Бүтээгч Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөг шашны уламжлалуудын хувьд өөрсдийгөө Эзэн тэнгэрийн хүү гэж үздэг. Тэд Эзэн тэнгэрийг хязгааргүй их энэрлийн мөн чанартай гэж үздэг учраас түүний бүтээл болсон өөрсдийгөө ч энэрэнгүй байх ёстой гэж үздэг юм. Харин бүтээгчийг хүлээн зөвшөөрдөггүй шашны уламжлал буюу самхяа, жейн, буддизмд үйлийн үрийн жам ёсыг, бүр тодруулбал бусдад хандаж сайн үйлс хийвэл энэ нь аз жаргалыг авчирдаг ба хэрэв бусдад хандаж мууг хийвээс зовлон ирдэг гэдэгт итгэдэг. Ямартаа ч шашин шүтсэн ч, эс шүтсэн ч хүн төрөлхтөн бидэнд энэрэнгүй сайхан сэтгэл хэрэгтэй байна. Эх маань биднийг анх төрөх үеэс эхлэн энэрэл хайрын тухай зааж өгдөг билээ.”

Асрал хайрын сэтгэл нь бусдыг аз жаргалтай байгаасаа гэж хүссэн сэтгэл ба энэрэл нь бусдыг зовлонгоос салаасай гэж хүссэн сэтгэл юм гэлээ. Тэрээр хэрэв та асрал хайр, энэрлийн сайхан сэтгэлийг өөртөө хөгжүүлж чадвал аз жаргалтай, эрүүл саруул, сэтгэл санаа амгалан тайван байх болно хэмээн зөвлөв.

“Өнөөдрийн номын айлдвар нь “Бодьсадвын 37 гарын авлага” ном бөгөөд энэ нь Ямандагийн авшиг ба “Манзушрийн номын аймаг”-ын өмнөх бэлтгэл номлол билээ. Ямандагийн авшигийн бэлтгэл номлол нь бодь сэтгэлийг хөгжүүлэх, хоосон чанарыг ухааруулах зорилготой. Харин “Манзушрийн номын аймаг” номлолыг хүртсэн хүн өдөр бүр нэг эрхи мэгзэм унших шаардлагатай.”

Энэ удаагийн номын айлдварт 15,000 гаруй хүн цуглав. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.12.24. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

“Бурхан Багш анхдугаар номын хүрдийн үед таван бие цогцсыг үүрэг мэт үүрэгч “би” хэмээгч байдаг хэмээн айлдсан ба хоёрдугаар номын хүрдийн үед юмс бүхэн хоосон чанартай гэж айлдсан юм. Тиймээс Наландагийн уламжлал нь Бурхан Багшийн адил бус олон айлдварыг судалж, учир шалтгааны үүднээс зөвшөөрөгдөх аваас хүлээн авдаг уламжлал юм.”

“7-р зуунд Соронзон Гамбу хаан Хятадтай харилцаа холбоо сайтай байлаа. Тэрээр Хятадаас хатан буулгаж, тэрхүү хатан нь Төвөдийн гол нандин шүтээн болсон Зуу бурханыг залж ирсэн байна. Гэвч Соронзон Гамбу хаан төвөд үсгийг зохиолгохдоо Энэтхэгийн үсгийг үндэс болгосон байна. Дараагийн зуунд Тисрон Дэзэн хаан бурханы шашны талаар илүү ихийг мэдэхийн тулд Наландагийн их мастер Шантаракшитаг Энэтхэгээс Төвөдөд урин залсан юм. Ловон Шантаракшита Төвөдөд бурханы шашныг дэлгэрүүлэхэд саад тотгор нэлээдгүй байсан тул их шидтэн Ловон Бадмасамбхаваг Төвөдөд залахыг санал болгожээ. Ингэж төвөдүүд бид Наландагийн уламжлалыг хадгалан хамгаалах боломжтой болсон юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Бодьсадвын 37 гарын авлага" номыг тайлбарлан айлдаж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.12.24. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Тэрээр “Бодьсадвын 37 гарын авлага” номыг эхлүүлэхдээ анх энэ номыг Хүннү Лама Ригзин Дамба багшаасаа хүртэж сонссон тухай ярив. Уг номын эхний мөргөлийн шүлэг нь Хутагт Нагаржунайн “Билгүүний Үндэс” номын мөргөлийн шүлэгтэй адилхан байгааг тайлбарлав.

Дараагийн шүлэг нь орчлонд сайн төрлийг авах, улмаар гэгээрэл хүрэх тухай номлосон байна. Дээрхийн Гэгээнтэн энэ хэсэгт Хутагт Нагаржунайн “Эрдэнийн эрхи” шастирт сайн заяаны төрлийг олоход 16 хүчин зүйл шаардагддаг талаар айлдсаныг дурдсан юм. Арван зургаан зүйл нь: 1.амьтны амь таслах, 2.хулгай хийх, 3.буруу хурьцал үйлдэх, 4.худал хэлэх, 5.хов зөөх, 6.ширүүн үг хэлэх, 7.дэмий чалчих, 8.хорлолт сэтгэл, 9.хомхой сэтгэл, 10.буруу үзэл, 11.архи уух, 12.буруу амжиргаагаар амьдрах, 13.бусдыг зовоох, 14.бусдад хүндэтгэлтэйгээр өглөг өгөх, 15.бусдад хүндэтгэлтэй хандах, 16.бусдыг энэрч хайрлах.

Энэ удаагийн номын айлдварыг 13 хэлээр орчуулж байгаагийн испани хэлний орчуулагч ажиллаж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.12.24. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн буддизмын замналын талаар товч тайлбарлалаа. 8-р зуунд ловон Шантаракшита Төвөдөд заларч буддын ном сургаалыг төвөд хэлэнд хөрвүүлэх ажлыг эхлүүлсэн байна. Түүний шавь ловон Гамалашила мөн Төвөдөд морилж “Бясалгалын гурван зэргэмж” номыг зохиожээ. Ландарма хааны дараа Төвөдийн төв нутагт нэг ч лам хуврага байхгүй 60 жилийн нүүр үзсэн байна. 11-р зуунд буюу Төвөдийн бурханы шашны сүүлийн дэлгэрэлтийн үед Адиша гэгээн Төвөдөд заларч Бурхан Багшийн сургаалыг гурван төрөлхтний хэсэгт хуваан номлосон “Бодь мөрийн зул” номоо зохиожээ.

“Бодьсадвын 37 гарын авлага” номын дараагийн шүлэг нь хүний төрөл ямар үнэ цэнэтэй болох, ямар саруул оюун ухаантай гэдгийг тайлбарласан байна. Дараа нь шунал, уур хилэн төрсөөр байдаг өөрийн нутгаас алслан холдож аглаг газрыг шүтэх хэрэгтэй гэдгийг гаргажээ. Түүний дараагийн шүлэгт бясалгал бүтээл хийх тухай номлосон байна. Ингэхдээ буддын гүн ухааны хоёр үнэн, хутагтын Дөрвөн үнэний тухай сайн суралцаж мэдэх шаардлагатай болохыг тайлбарлажээ.

Дараа нь ухамсарын тухай айлдсан байна. Энэ хэсэгт бие цогцос нь түр буудаллах газар, сэтгэл оюун төрлөөс төрөл дамжин явдаг тухай гарч байна. Дээрхийн Гэгээнтэн энэ хэсэгт түр зогсоод шинжлэх ухааны эрдэмтэд хүний сэтгэл оюун зүгээр нэг уураг тархитай хамааралтай бус, уураг тархинд нөлөөлдөг гэж үзэж буй талаар товч ярилаа. Тэрээр бидний бие цогцсыг нарийн түвшинд хөөн үзвэл түүний эд эс нь өмнөх өмнөхтэйгээ холбогдсоор Их Тэсрэлттэй тулах адил сэтгэл оюуны үргэлжлэл нь өмнөх өмнөх сэтгэлтэйгээ холбогдож, улмаар урд урд насны оюун ухаан дээр тулдаг хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Бодьсадвын 37 гарын авлага" номыг тайлбарлан айлдаж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.12.24. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

Дараагийн шүлэгт муу нөхөдтэй нөхөрлөж үл болох ба буяны садан багшийг шүтэх тухай тайлбарласан байна. Энэ хэсэгт Дээрхийн Гэгээнтэн багш хүн ямар эрдэмтэй байх талаар “Судрын аймгийн чимэг” номоос эш татан тайлбарлав.

Энд хүрээд энэ өдрийн номын айлдвар өндөрлөж байгааг тэрээр зарлалаа.

 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт