Япон, Кюүшү, Фукуока - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Токио хотоос нисч, Япон улсын баруун зүгт, Кюүшү арлын хамгийн олон хүн амтай хот болох Фукуока хотод хүрэлцэн ирлээ. Урд шөнийн орсон борооны улмаас гудамж талбай нойтон чийгтэй байсан ба Точёжи сүмийн зүг хэсэг зуур явган явахад сэвэлзүүр салхи үлээж байв. Энэ сүмийг анх 9-р зуунд олон нийтэд Кукай хэмээх нэрээр алдаршсан Кёго Дайши байгуулсан бөгөөд тэрээр Японд Шингоны нууц тарнийн сургаалыг дэлгэрүүлсэн байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тус хийдийн хамба ламын хамт суусны дараа "Билгүүний Зүрхэн", Богд Зонховын “Диваажингийн ерөөл” номуудыг төвөд хэлээр уншсаны дараа япон хэлээр "Билгүүний Зүрхэн" судрыг уншлаа. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам түүний айлдварыг сонсохоор цугласан 1500 орчим хүмүүсийн зүг хандсан юм.
"Өнөөдөр энэ алдартай сүмд "Билгүүний Зүрхэн судар" болон "Диваажингийн ерөөл" хэмээх номыг унших завшаан тохиож байна. Эдгээр номыг Кумамотод саяхан болсон газар хөдлөлт, үерийн сүйрэлд цаг бусаар амь насаа алдсан, мөн орон гэргүй болсон хүмүүст зориулан уншлаа. Би энэхүү “Диваажингийн ерөөл" номыг анх 7 настайдаа цээжлэх даалгавар авч байсан бөгөөд тухайн үед энэ номыг цээжлэх нь их хэцүү санагдаж байсан юм. Эдүгээ энэ номыг унших бүртээ тэр цаг үеэ эргэн санадаг билээ.”
"Өндөр дээд төрөлд төрөхийн тулд та эерэг үйл хураасан байх шаардлагатай. Тиймээс төгс багшийг шүтэж, түүний заасан ном сургаалыг дагаж мөрдөх нь чухал юм. Энэхүү ерөөл залбирал нь Богд Зонховын зохиол бөгөөд тэрээр гайхалтай эрдэмтэн, мөн дээдийн номыг амьдралдаа гарамгай хэрэгжүүлэгч байсан юм. Түүний өөр нэгэн зохиол болох “Сайтар номлолын шим” номыг Энэтхэгийн бандит Трипати, мөн Төвөдийн эрдэмтэн гэвш Еши Табкей нар хамтран хинди хэл рүү орчуулсан билээ. Би Трипати эрдэмтнээс Богд Зонхов Наландагийн эрдэмтдийн хэмжээнд хүрэх үү хэмээн асуусанд тэрээр “Богд Зонхов Наландагийн эрдэмтдийн эгнээнд багтаад зогсохгүй тэргүүлэх эрдэмтдийн хэмжээнд байх байсан” гэж хариулсан юм.”
"Билгүүний Зүрхэн" судар нь маш гүн гүнзгий сургаал билээ. Бурхан Багш анх Хутагтын Дөрвөн Үнэний сургаалыг номлосон. Эдгээрээс хамгийн түрүүнд зовлонгийн үнэний тухай номлохдоо зовлонгийн уг шалтгаантай холбож тайлбарласан юм. Учир нь аливаа зовлон бүгд өөр өөрсдийн уг шалтгаанаас бий болсон байдаг. Бидэнд зовлон учруулж байгаа хүчин зүйлүүд бусдад хор хөнөөл учруулдаг. Бусдыг аз жаргалгүй болгодог. Нөгөө талаас өндөр дээд төрөлд төрөх нь сайн үйлийн үр дүн билээ. Бид мунхгийн эрхээр муу үйл хийдэг. Энэ нь бодит байдлын талаарх буруу ойлголтоос шалтгаалдаг юм. Энэхүү буруу ойлголт нь бидний оюун санааны зовлон зүдгүүрийн үндэс болохын зэрэгцээ бидний сөрөг сэтгэл хөдлөлийг үүсгэх бөгөөд үүний улмаас үйлийн үр хурааж, зовлон зүдгүүр үүсч эхэлдэг байна.”
"Бодит байдлын үнэн мөн чанарыг таниулахын тулд Бурхан Багш "Билгүүний Зүрхэн" сударт "Дүрс хоосон, хоосон нь дүрс мөн. Хоосон чанараас тусдаа дүрс үгүй, дүрсээс тусдаа хоосон чанар гэж үгүй” хэмээн айлдсан юм. Бусдын сайн сайхны төлөө залбирч, зовлонгоос ангижирч, сайхан сайхан байхыг хүсч "Билгүүний Зүрхэн" судрыг уншихад ашиг тус ихтэй билээ."
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн асуулт хариулт явуулахыг хүслээ. Эхний асуулт асуусан хүн нь Ямагүчи хэмээх япон хүн бөгөөд тэрээр Төвөдөд хэсэг зуур амьдарч байсан байна. Тэрээр Төвөдөд байхдаа XIV Далай Ламын бага залуу үеийн зургийг харж байсан талаар дурсаад, мөн XIII Далай Лам Японтой харилцаа тогтоохыг оролдсон тухай ярьсан юм.
Өөр нэгэн хүн Хятадууд Төвөдийг эзлэхэд ямар үйл явдал болж байсан талаар мэдэхийг хүсэв. 1950-иад оны үед Төвөдүүд Хятадын эсрэг дайтаж байсан боловч 1953 онд "Төвөдийг энх тайвнаар чөлөөлөх" тухай 17 зүйл гэрээнд гарын үсэг зурсан байна. Түүхийн хувьд, Хятад, Төвөд хоёр улс заримдаа нөхөрсөг найрсаг, заримдаа хоорондоо зөрчилдөж байсан ч Төвөдүүдийн зүрх сэтгэл өнөөг хүртэл мятрашгүй байсаар байна гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зовлон зүдгүүрийг хэрхэн даван туулах талаар асуусан асуултад хариулав.
"Бурхан Багш гэгээрэлд хүрснийхээ дараа:
"Гүнзгий, амгалан, цацралаас хагацсан, гэгээн гэрэл, хуран эс үйлдсэн
Рашаан мэт номыг би бээр олов
Хэн бээр ч үүнийг ухаарч үл чадах тул
Аглаг энд чимээгүй оршюу” гэж айлдсан юм.
"Эхний мөрийн "Гүнзгий, амгалан" гэдэг нь Бурхан Багш анхдугаар номын хүрдийг айлдахад гарах гэгээрлийн үнэний тухай өгүүлж буй. “Цацралаас хагацсан” гэдэг нь хоёрдугаар номын хүрдийг эргүүлэх үед юуг номлох тухай гаргаж буй. Харин “гэгээн гэрэл” гэсэн нь гуравдугаар номын хүрдийг эргүүлэх үедээ юу номлох гэж буйгаа илэрхийлсэн билээ. Эдгээрээс анхдугаар номын хүрд нь суурь мэдлэг, ойлголт, хоёрдугаар номын хүрд нь гэгээрлийн зам мөрийг, гуравдугаар номын хүрд нь бурханы мөн чанарыг харуулсан байна.”
"Анхдугаар номын хүрдийг айлдахдаа Бурхан Багш Хутагтын дөрвөн үнэнийг мөн чанар, үйл, тэдгээрийн үр дагаварын талаар тайлбарласан юм. Тэрээр зовлон зүдүүр нь мунхагт тулгуурладаг бөгөөд энэ мунхгийн харанхуйг юмсын бодит үнэнийг ухаарсан билиг оюунаар даван туулж чадна. Тиймээс гэгээрэлд хүрэхийн тулд бодит оршихуйн үнэн мөн чанарыг ухаарсан, хоосон чанарыг ухаарсан билиг оюунаар даван гарах арга замыг заасан билээ.”
"Хутагтын дөрвөн үнэний тайлбар буюу тэдний мөн чанар, үйл, ур дагаварын талаарх номлол нь Бурхан Багшийн суурь номлол болдог. Харин хоёрдугаар номын хүрдийн үед гэгээрлийн тухай гүнзгий тайлбарласан юм. Тэрээр энэ үед хожим хутагт Нагаржунайн тодруулсан хоосон чанарын утгыг, мөн "Илт онохуйн чимэг" шастирт гардаг гэгээрлийн зам мөрийн талаар номлосон билээ.”
"Гэгээн гэрэл" гэсэн нь гуравдугаар номын хүрдийг айлдах үед гарах сэдэв байлаа. Энэ нь хоёрдугаар номын хүрдийн үед айлдсан юмс үзэгдэл бүгд хоосон чанартай гэх сургаалыг сонссон зарим шавь нар “юу ч үгүй юм байна” гэх үгүйсгэх үзэл төрөхөөр байсан тул тэдэнд зориулж гуравдугаар номын хүрдийг айлджээ. Энэ үед гадаад юмс үзэгдлийн мөн чанарын тухай, үүнтэй уялдуулж дотоод сэтгэлийн мөн чанарын талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм.”
Дээрхийн Гэгээнтэн бүх шашны уламжлалууд нь хайр энэрэл, энэрэн нигүүлсэхүйн сургаалыг номлодог тул бүгд хүн төрөлхтөнд тустай гэдгийг тэмдэглэн хэлэв. Тэрээр буддизмын байр суурийг тусган харуулсан алдартай эшлэлийг эш татав.
“Бурхад нүглийг усаар угаахгүй
Бусдын зовлонг гараар авахгүй
Өөрийн мэдлэгийг бусдад өгөхгүй
Үнэн чанарыг номлосноор гэгээрэлд хүргэнэ”
Залбирлын хүч чадлын талаар асуусанд Дээрхийн Гэгээнтэн бусдын төлөөх залбирал нь эерэг үйлийн үр нөлөөг идэвхжүүлэх нөхцлийг бүрдүүлдэг хэмээн тайлбарлав.
Дээрхийн Гэгээнтэн Япон хүмүүсийг материаллаг хөгжилд анхаарлаа төвлөрүүлэх бус, харин оюун санаа, сэтгэл хөдлөлийн талаар анхаарч үзэхийг зөвлөсөн юм. Тэрээр биеийн эрүүл ахуйг сахин бие бялдрын хувьд сэтгэл ханамжтай байхын зэрэгцээ оюун санааны түвшинд сэтгэл хангалуун байхын тулд сэтгэлийн эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй гэв.
Дээрхийн Гэгээнтэн 21-р зууны буддист болохын тулд нөхцөл шалтгаан, үнэн зөв ойлголт дээр үндэслэн сүсэг бишрэлээ батжуулах талаар хүмүүст зөвлөв. Тэрээр Гималайн бүс нутгийн ард түмэн өөрсдийн сүм хийдийг сургалтыг төвүүд болгох хүслийг би талархан хүлээн авсан гэлээ. Тэдгээр сүм хийдүүд сургалтын төв болсноор хүмүүст буддизмын талаар тайлбарлаж таниулах, санал бодлоо солилцдог байх боломж бүрдэнэ гэв. Мөн тэрээр “Билгүүний зүрхэн” судрыг уншиж судлахыг хүссэн юм.
Бурхан Багшийн хөрөг дүрийг цугласан хүмүүст тараасны дараа энэ өдрийн үйл ажиллагаа өндөрлсөнийг зохион байгуулагч нар зарлалаа. Тэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт удаан наслахыг хүсээн ерөөв. Сүмээс гадагш гарахад Дээрхийн Гэгээнтнийг харах, түүнтэй гар барих, ярилцахыг хүссэн олон хүн нэгэн дор цугласан байсан тул тэрээр хүн бүхэнтэй харьцахыг хичээж байлаа.
Чойжор Маргааш, Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сингапураар дамжин Энэтхэгийн зүг буцна.