Энэтхэг, ХП, Дарамсала - Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Mind & Life институтын Сьюзан Бауэр Юу, Түвдэн Жинпа, Ричи Дэвидсон, Аарон Стерн нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр, "Бидний амьдралын гол зорилго бол хүнлэг энэрэнгүй байх юм. Бид нийгмийн амьтад учраас хүний үндсэн шинж чанар бол хүнлэг энэрэнгүй байдал гэдгийг эрдэмтэд онцолдог. Төрсөн цагаасаа л эхлэн бид сайхан сэтгэлийг үнэлж эхэлдэг. Уур бухимдал хүний тархинд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа шинжилгээ хийгээсэй гэж хүсдэгийн адилаар хүнлэг энэрэнгүй сэтгэлийн нөлөөг ч бас судлаасай гэж хүсч байна. Одоо үед хүмүүс ерөнхийдөө судалгаа шинжилгээнд илүү итгэдэг болоод байгаа нь анзаарагдах болсон." хэмээн ярьжээ.
Mind & Life институтын төлөөлөгчид удахгүй болох гэж Mind & Life Conversations хурлын талаар санал солилцсон ба тус хуралд Дээрхийн гэгээн Далай ламаас гадна Өмнөд Африкийн Кэйптаунаас клиникийн сэтгэл зүйч, нийгмийн ухааны эрдэмтэн Пумла Гободо-Мадикизела, АНУ-ын Бингхэмтоны Их сургуулийн Биологи, Антропологийн профессор Дэвид Слоан Уилсон нар оролцох аж.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тус хуралд оролцоход бэлэн байгаагаа илэрхийлэн, "Мэдлэгээ дээшлүүлэх нь бидний амьдралын зорилгын нэгээхэн хэсэг мөн бол хүнлэг энэрэнгүй сэтгэлийг хэрхэн хүн төрөлхтөнд хүргэх нь бас нэг санаа зовох асуудал юм. Бид дэлхий дээрх 7 тэрбум хүмүүсийн нэгээхэн хэсэг учраас дэлхий дээр энх тайван, хүнлэг энэрэнгүй сэтгэлийг нэмэгдүүлэх нь бидний үүрэг мөн" хэмээн ярьлаа.
Дээрхи уулзалтынхаа дараагаар Дээрхийн Гэгээнтэн Сикким мужийн Гангток хотын Вайрочана Буддын Институтын 185 гишүүдтэй уулзлаа. Уг уулзалтынхаа үеэр 1956 онд Хималайн нурууны Натула даваагаар дамжин Энэтхэг улсад айлчилж Сиккимийн захирагч Чогялтай нөхөрлөж байсан тухайгаа дурссан юм.
"Ловон Шантаракшита Буддын Наланда уламжлалыг Төвөдүүдэд таниулсан ба төвөдүүд одоог хүртэл энэхүү уламжлалыг дагасаар байгаа билээ. Өнөөдөр Төвөдөд эрх чөлөө үгүй болсон, гэвч Хималайн бүс нутгийн ард иргэд Наланда уламжлалыг хадгалах боломж бий бөгөөд үүний тулд хичээл зүтгэл ч гаргаж чадна. Нөгөө талаас хүчирхийллээс ангид байх нь бидний зан үйлийн гол чиг шугам гэж авч үзэхийн хажуугаар бусдаас үл хамааран оршин тогтнох нэг ч зүйл үгүй хэмээх зарчмыг баримтлах нь чухал. Хүчирхийллээс ангид байх нь дэлхий дээрх энх тайван тогтох гол үндэс юм. Угтаа та бусдад муу зүйл хийснээр өөртөө ч муу зүйл хийж байна гэсэн үг, та бусдад тусалбал та аз жаргалтай болно л гэсэн үг юм".
Түүнээс гадна Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ганжуур, Данжуур хөлгөн судрын холбогдол болон Наландагийн 17 их бандида нарын хувь нэмрийг онцгойлон дурдав. Далай Лам хуралд оролцож буй хүмүүст хандан буддын шашныг бэлгэ тэмдэг талаасаа шүтэх бус, Бурхан Багш яг юу заасныг ойлгохын тулд оюун ухаанаа ашиглаж, 21-р зууны буддистууд болохыг хүсэн ерөөлөө.
Дээрхийн Гэгээнтэн Гималайн нурууны бүс нутгийн ойг хамгаалахаар олон жилийн турш тэмцсэн, Энэтхэгийн Чипко нийгэм-экологийн хөдөлгөөний тэргүүн Сүндерлал Бахугунад Гималайн бүс нутгийн ойг хамгаалах үйлсэд бусдыг ч мөн уриална хэмээн амласнаа дурджээ. Тэрээр Ладак нутгийн ой мод харамсалтай нь устаж үгүй болсон бөгөөд Сикким, Аруначал Прадеш мужуудын ой модыг хамгаалах шаардлагатай байгааг онцолсон байна.
Тэрээр сүсэгтнүүдтэй ярилцаж орчин үеийн боловсролын тогтолцоо дотоод амар амгаланд хэрхэн олох талаар мэдлэг өгөхөд хангалттай биш байгааг онцолж байлаа. Гэсэн хэдий ч квантын физикт юмс бодитоор оршин тогтнодоггүй гэсэн тодорхойлолт нь Нагаржуна багшийн хоосон чанарын сургаалтай уялдаж байгааг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн юм. Энэхүү уялдаа холбоог ойлгох нь хүний сэтгэл санааг хямраах үндэс болсон эд зүйлсийн талаархи буруу ташаа ойлголтоос салахад тус нэмэртэй аж.
Мөн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам амиа бодох хандлага нь зөвхөн зовлонг дагуулахыг онцолсон ба Шантидева гэгээний "Бодисадвын явдалд орохуй" сургаалийн 6 болон 8-р хэсгийг уншиж бясалгахыг зөвлөв.
Дээрхийн Гэгээнтнийг Төвөдийн Урлагийн институт рүү хүрэх замд хүзүүгээрээ цагаан хадаг зүүсэн төвөдүүд түүнийг инээмсэглэн угтаж байсан бол Ёнглин сургуулийн хүүхдүүд түүнд зориулан дуу дуулав. Төвөдийн Урлагийн институтэд хүрэлцэн ирэх үед Далай Ламыг Төвөдийн төв захиргааны тэргүүн Лубсан Сэнгэй, Төвөдийн Урлагийн институтын дарга Пэма Жүнгнэй, Хууль зүйн Комиссар Сонам Норбу Дагпо нар угтан авч, мэндчиллээ.
Дээрхийн Гэгээн Далай лам Төвөдийн Урлагийн институтын шинэ танхимыг нээж, ёслолын туузыг хайчлав. Үүний дараа түүнд зориулан мандал өргөлөө. Төвөдийн Урлагийн институт үүсч хөгжсөний 60 жилийн ойтой холбогдуулан 3 өдрийн хурал зөвлөгөөн болох талаар тус институтын дарга Нгаванг Ёнтэн зарлажээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Төвөдийн ардчиллын гурван суурь багана болох Төвөдийн төв захиргааны тэргүүн, Төвөдийн төв захиргааны парламентын дарга болон Төвөдийн Хууль зүйн Комиссар нараас гадна Швейцари дахь Норзан сангийн гишүүдэд хүндэтгэл үзүүлэв.
Тэрээр Далай Лам 1959 оны эхээр Төвөдөөс дүрвэснийхээ дараа Төвөдийн төв захиргааг байгуулахын зэрэгцээ Төвөдийн анхны ТББ болох Төвөдийн Урлагийн институтийг Энэтхэгийн Калимпонг хотод үүсгэн байгуулахад нь Норнан, Нгаванг Норбу нарт тусламж дэмжлэг үзүүлсэн болохыг онцолжээ. Түүнээс хойш тус институтыг 500 гаруй оюутан төгссөн ба одоогийн байдлаар Төвөдийн Урлагийн институт 107 гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Амни Мачен байгууллагын захирал Таши Цэрин Төвөдийн Урлагийн ОУ-ын анхны симпозиумыг зарлалаа. Төвөдийн Урлагийн институт Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын зааварчилгааны дагуу 1959 оны 8-р сарын 18-нд Энэтхэгийн Калимпонг хотод байгуулагдсан болохыг дурдахын зэрэгцээ Төвөдийн Урлагийн төрөл зүйлүүдийг нэрлэсэн байна.
Төвөдийн төв захиргааны тэргүүн Лувсан Сэнгэй Төвөдийн Урлагийн институт үүсгэн байгуулагдсан нь Дээрхийн Гэгээнтний ач гавъяа бөгөөд түүний ачаар Төвөдийн Урлагийн багш нар дэлхийн өнцөг булан бүрт байрлах Төвөдийн сургуулиудад багшлах боломжтой болсон гэжээ.
Тэрээр төвөдүүд дэлхий дээрх 70 сая дүрвэгсдийн өчүүхэн хэсэг болохыг онцолсон байна. Түүний хэлж байгаагаар НҮБ-ын судалгаагаар эдгээр 70 сая дүрвэгсдийн дундаас 4 сая нь хүүхдүүд сургуульд сурч чадахгүй байгаа гэнэ. Харин төвөдүүдийн хувьд хүүхдүүдээ боловсролтой хүн болгохыг эрмэлздэг ба төвөд хүүхдүүдийн 92 хувь нь бичиг үсэгт тайлагдсан байна.
Түүнчлэн Төвөдийн Урлагийн төв үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярын үеэр Төвөдийн төв захиргаа, Швейцари дахь Норзан сан болон 93 настай Сангпо ринбочэ нарын гишүүддээ талархал илэрхийлэв.
Төвөдийн Урлагийн институтын оюутнууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархаж буйгаа илэрхийлэн ая дууны мэндчилгээ өргөн барьсан ба дууны гол санаа нь "Таны сайхан сэтгэлийн ачийг бид хариулж чадахгүй ч таны үзэл бодол, алсын харааг хэрэгжүүлэхийн тулд бид чадах бүхнээ хийх болно” гэсэн утгатай байв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан олонд хандан, "Хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй төвөдүүд энд Төвөдийн Урлагийн институтын үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэхээр цуглараад байна. Түүхийг сөхвөл Сронзон Гамбу хаан анх бичиг баримтыг төвөд бичгээр хөтлөхийг санаачилж байв. Үүний дараа Тисрон Дэзан хаан Төвөдөд бурханы шашныг дэлгэрүүлэхээр Энэтхэгээс ловон Шантаракшитаг урьж авчирсан ба Шантаракшита гэгээний зөвлөсний дагуу Самьяа хийдэд буддын эх сурвалжуудыг Төвдөөр орчуулах тусгай тэнхим байгуулагдсан билээ. Ловон Бадмасамбхава үүнтэй холбоотой олон ч бэрхшээлийг даван туулсан юм. Тисрон Дэзан хаан, ловон Шантаракшита болон ловон Бадмасамбхава нарын ачаар Буддын шашин Төвөдийн газар нутагт баттай суусан юм. Төвөдүүд МЭ 8, 9-р зуунд нэгдмэл байсан ч үүнээс хойш таран бутарсан. Тэгсэн хэдий ч Наландын уламжлал нь биднийг өнөөг хүртэл нэгтгэсээр ирсэн зүйлүүдийн нэг юм. Гагцхүү Төвөдүүд л Бурхан Багшийн сургаалийг бүрэн бүтнээр нь хадгалж үлдээд байгаа билээ.”
“Энд бид бие биетэйгээ энх тайвнаар оршин тогтнож байгаа ч дэлхийн зарим газруудад хүмүүс хоорондоо байлдаж, зарим нь бие биенээ шашны үзэл бодлоос болж хөнөөж байна. Шашин бол хайр, тэвчээр, хүнлэг энэрэнгүй байдлыг сургадаг, тийм ч учраас шашны нэрийн өмнөөс хүчирхийлэл үйлдэх нь үнэхээр гунигтай. Төвөдүүд бид энх тайвныг эрхэмлэсэн уламжлалаараа дэлхийд онцгой хувь нэмэр оруулах боломжтой юм.”
“Төвөдүүд бид газар нутгаасаа дүрвэснээр бид дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг ухаарч явна. Бид хүчин мөхөстөж, өмгөөлөл хамгаалалгүй болж, орох оронгүй болсон. 60 гаруй жил зовлон зүдгүүр амссан ч Төвөд дэх төвөдүүдийн зүрх сэтгэл мохошгүй хэвээр байна. Тэд эрх чөлөөгүй ч тэдний зориг дүрвэсэн биднийг соёл уламжлалаа хадгалж үлдэх урам зоригийг хайрлаж байгаа билээ.”
Энэтхэгийн засгийн газар болон Пандит Неругийн тусламж дэмжлэгийн ачаар төвөдүүд хүүхдүүддээ зориулан сургуулиуд барьж эхэлж байсан ба Төвөдөөс дүрвэсэн лам нар Гималайн бүс нутагт зам барих ажилд оролцож, 1500 лам эрдэм номоо үргэлжлүүлэн сурах боломжтой болжээ.
Энэтхэгийн өмнөд зүгт Буддын дацан хийдүүдийг дахин сэргээн засварлаж, сургалтын хөтөлбөрүүдийг сэргээжээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн Буддын шашныг зарим газар "ламаизм" хэмээн, жинхэнэ Буддын шашин биш хэмээн үзэж байсан ч Төвөдийн Буддын шашин нь шалтгаан ба логикт суурилсан Энэтхэгийн Наландын уламжлалын жинхэнэ залгамжлагч болохыг олон түмэн таньж эхэлсэн болохыг онцлов.
Орчин цагт Төвөдийн соёл болон шашин шүтлэг эрдэмтдийн дунд ч хүндэтгэл хүлээгээд байгааг Дээрхийн Гэгээнтэн дурдав.
“Хятадын удирдлагууд Төвөдийн соёл, уламжлалыг үгүй хийх оролдлогууд нь үр дүнгүй, хий хоосон байсныг ухаарч, асуудалд илүү бодитойгоор хандах болсон. Бид соёл уламжлалаа хадгалан үлдэхийн тулд маш их зүтгэсэн. Төвөдийн театрын урлаг нь бидний өвийн үнэ цэнэтэй хэсэг бөгөөд та бүгд үүнийг авч үлдэхийн тулд маш их зүйлийг хийсэн. Залуу үе маань өв соёлоо цааш үргэлжлүүлэн авч явах боломжтой хэвээр байна.”
“Бидний тэмцэл үнэн дээр суурилагдсан. Хятадууд цэрэг зэвсгийн хүчинд найдаж байгаа ч эцсийн эцэст үнэн ялах болно. Зүрх сэтгэл, итгэл найдвараа битгий алд. Би одоо 84 настай, дахиад 10-15 жил насална гэж итгэж байна. Би хичээх болно, та нар бүгдээрээ бас тэгнэ ч гэж итгэж байна.”
Төвөдийн Урлагийн институтийн нарийн бичгийн даргын зүгээс Дээрхийн Гэгээнтэнд урт наслахыг ерөөж, даян дэлхийд амар амгалан цэцэглэхийг хүслээ. Түүнчлэн дэмжлэг үзүүлсэн бүх хүнд талархал илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд сүсэгтэн олон Дээрхийн Гэгээнтэнтэй зураг авахуулж, ерөөл өргөцгөөлөө.