Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Европын Холбооны гүйцэтгэх дээд байгууллага болох Европын Холбооны Комиссын ерөнхийлөгчөөр Германы Урсула фон дер Ляйен, эмэгтэй хүн анх удаа сонгогдсонд баяр хүргэн, Урсула фон дер Ляйенд захидал илгээлээ. Захиандаа тэрээр ингэж бичжээ.
“Энэ завшааныг ашиглаад, Европын Холбооны үндсэн зорилгыг гүнээ магтан сайшааж явдгаа илэрхийлмээр байна. Би Европын Холбоог 60 гаруй жилийн хугацаанд гишүүн улс орнууд мөн оршин суугчдынхаа энх тайван байдлыг хамгаалсаар ирсэнд чин сэтгэлээсээ талархадаг. Европын Холбооны өмнөх байгууллага болох Европын Эдийн засгийн нийгэмлэг/EEC/-ийн үүсгэн байгуулагчдын төсөөлж байсанчлан Европын Холбоо нь Дэлхийн Хоёрдугаар дайны гашуун туршлагаас үүдэн харилцан ойлголцол, хамтран ажиллах гэсэн үндсэн зорилго дор нэгдэн тус тусын улс орны газар нутгийн эрх ашгаас илүүтэйгээр Европ тивийн эрх ашгийг тэргүүнд тавьсаар ирсэн билээ. Энэ нь харилцан уялдаа холбоо илүү нягтширч буй нийгмийн мэдлэг ухаан бөгөөд хөгжсөн нийгмийн илрэл хэмээн бодож байна. Иймэрхүү холбоо Африк, Латин Америк, Азид ч байгуулагдан, дэлхий даяар эв нэгдэл илүү бэхжих нь миний хүсэл тэмүүлэл юм. ”
“Мөн миний зүгээс танд эмэгтэй хүн анх удаа Европын Холбооны Комиссын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Илүү олон эмэгтэй удирдагч төрөн гарваас энэ дэлхий илүү энх тайван, энэрэнгүй нийгэм болно гэдэгт би итгэлтэй байна.”
Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн Урсула фон дер Ляйенд аливаа хүндрэл бэрхшээлийг даван гарч Европын Холбоог улам хүчирхэгжүүлэн, дэлхий дээр оршин буй бүх хүмүүсийн үлгэр дууриал болоосой хэмээн залбирсан байна.