Энэтхэг, Карнатака, Мундгод – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гоман дацангийн дуганд морилон ирж лам нарын нэлээдгүй олон мэтгэлцээнийг сонслоо. Дагсал хаялцсан лам нарын ихэнх нь хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс” номноос эш татан түүн дээрээ асуудал дэвшүүлэн мэтгэлцэж байв. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дагсал хаялцаж буй лам нарт эш татан тухайн асуудлыг шийдэхээс илүүтэй учир шалтгаан, логик ухааныг уралдуулан мэтгэлцэх хэрэгтэй гэж зөвлөж байлаа.
Номын мэтгэлцээн өндөрлөсний дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Брайбун Лосалин дацан луу морилсон юм. Түүнийг хүрэлцэн ирэхэд уламжлалт заншлын дагуу ёслол төгөлдөр хүлээн авав. Дуганы үүдэнд тус дацангийн хамба лам угтан авч дуганд урин залсан ба тэнд хутагт хувилгаад болон бусад ахмад лам нар хүлээж байлаа. Сэнтийндээ залрахын өмнө өөртэй нь уулзахаар хүрэлцэн ирсэн нутгийн нэгэн свамитай хэсэг зуур ярилцав. Дараа нь Гандан Ширээт ламтай мэндлээд суудалдаа суулаа.
Хүндэтгэлийн цай болон идээ түгээх зуур Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хоёр багшийн зохиосон түүний өлмий бататгах ерөөлийг уншив.
“Энд цуглан ирсэн бүх хүмүүст талархал илэрхийлье! Энэ дацанд Лин ринбочэ шавилан сууж эрдэм ухаанд суралцсан билээ. Тэрээр Гүнчэн Жамъян Шэбдэ ламын сурах бичгийг хүндэтгэн үздэг Шагхор хамба лам гэн Нямагаас илүү Банчэн Содномдагвын сурах бичгийг машид онцгойлдог нэгэн байсан юм. Лосалин дацан түүхэндээ маш олон эрдэмтэн мэргэдийг төрүүлэн гаргажээ. Энэ дацангийн төлөө их, бага хичээл зүтгэл гаргасан та бүгдийн хөдөлмөр талаар өнгөрөөгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Та бүхэнд баярлалаа.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам яриагаа өндөрлөөд дуганы дээр байрлах өргөөндөө амрахаар морилов.