Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өглөө Энэтхэг гаралтай Америкийн зохиолч, олон нийтийн зүтгэлтэн Дипак Чопра ба түүний ойр дотны 45 анд нөхөд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд бараалхав.
Дээрхийн Гэгээнтэн тэдэнтэй мэндчилээд бүгдэд нь хандан:
“Өмнө нь бид нар хэд хэдэн удаа уулзаж байсан, тэгэхдээ өнөөдөр шашны анд нөхөд та бүгдийгээ сүүлийн 60 гаруй жил миний орон гэр болсон энэ газар хүлээн авч уулзаж байгаадаа машид баяртай байна” гэж хэлсэн юм.
Тэрээр цааш үргэлжлүүлэн:
“Өнөөдрийн дэлхий ертөнцөд материаллаг хөгжил өргөн цар хүрээнд явагдаж байгаа ч бидэнд олон янзын бэрхшээл хүндрэлүүд учирсаар байна. Байгалийн гамшигууд бидний хяналтаас гадуур байж болох ч дайн байлдаан, аллага хүчирхийллийг бид нар зогсоож чадна шүү дээ. Материаллаг зорилтууддаа хэтэрхий анхаардаг учраас бид хайр энэрэл гэх мэт хүний үнэт зүйлсүүдийг орхигдуулсаар л байна. Өнөөдөр бидэнд тулгарч буй олон асуудлуудыг бид өөрсдөө л бий болгосон билээ. Сүүлийн үед шинжлэх ухааны эрдэмтэд ч хүний суурь үндсэн шинж чанар бол хайр энэрэл гэдгийг батлан хэлэх болсон. Тэдний баталж байгаагаар энэрэл нигүүлсэл бүхий хандлага нь биеийн эрүүл мэндэд эерэг сайнаар нөлөөлдөг бол байнгын уур хилэн нь бидний дархлааны системийг дарангуйлдаг юм байна.”
“Бид өөрсдийн дотоод үнэ цэнээ хангалттай үнэлэхгүй байна. Мөн бусадтай “бид” ба “тэд” гэсэн өнцгөөс л харьцдаг. Бүр шашны мяндагтнууд ч ийм өнцгөөс л хараад байгаа шүү дээ. Бид манай эх орон ба тэдний эх орон гэж ялгадаг. Гэтэл бага хүүхдүүдэд ийм ялгаа хамаагүй байдаг биз дээ. Хэрэв өөр хүүхдүүд инээж, тоглож л байвал тэд хамтдаа байх дуртай байдаг. Харин нас нэмэгдээд ирэхээр бид өөрсдийн хоёрдугаар зэргийн ялгаанууд дээр анхаарч, зовж эхэлж байгаа юм. Бид өнгөц гадрыг нэвтэлж гүн рүү нь хараад бид бүгдээрээ ижил, адил хүн гэдгээ олж харж үүнийгээ үнэлж сурах хэрэгтэй. Бас бид халуун дулаан зүрх сэтгэл хичнээн чухал болохыг бусдад ойлгуулах, үүнийг хуваалцах үүрэгтэй гэдэгт би итгэдэг.”
Дипак Чопра Дээрхийн Гэгээнтний үгэн дээр онцолж, нэмэн “Таньтай сүүлд Нью-Жерсид уулзсанаас хойш миний ажиглалтаар их олон өвчлөлтийн гол шалтгаан нь дотоод үрэвсэл, дотоод шарх байдгийг тогтоогоод үүнийг багасгаж, тайвшруулахад бясалгал хамгийн гол эмчилгээ болохыг олж мэдсэн шүү” гэж хэллээ.
“Таны хийж буй үйлст би их талархалтай байдаг” гэж Дээрхийн Гэгээнтэн хариу хэлээд үргэлжлүүлэн “Бид бүгдээрээ 7 тэрбум хүмүүсийн л нэг юм. Сэтгэл зүй, зан авир ба бие махбодийн хувьд бид бүгд адилхан шүү дээ. Тиймээс хүн төрөлхтөнийг илүү сайн, илүү аз жаргалтай болгохын тулд бид өөрсдийн хувь нэмрийг аль боломжоороо оруулах ёстой. Бид энэ 21-р зууныг өмнөх цаг үе, хүчирхийлэл аймшгаар дүүрсэн, эрдэмтэн мэргэд нь зэр зэвсгийг л бүтээн сайжруулахад зорин ажилладаг байсан 20-р зуунаас өөрөөр бүтээхийг зорих ёстой. Өнөөдөр дэлхийн энд тэнд гарч буй дайн тулаан, аллага хядлага нь асуудлыг хүчээр шийдэж болно гэж боддог тэр хуучин цагийн үзэл бодлын үр дагавар л юм. Үүний оронд өнөөдөр бид өөрсдийн ялгаатай сонирхол, ялгаатай үзэл бодлуудаа хүлээн зөвшөөрөөд энэ зууныг яриа хэлцэл, үзэл бодлоо хуваалцах, нийтийн шийдэл олох зуун болгох хэрэгтэй юм аа.”
Зочдын асуултанд хариулах явцдаа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өвчтөн бүрийн нас, биеийн болон өвчний байдал харилцан адилгүй учраас өвчтөн бүрт нэг л эм таарна гэж хэлж болохгүйн адилаар нэг л шашны уламжлал бусдаасаа илүү гэж тодорхойлж болохгүй гэдгийг тайлбарлалаа.
Хүн бүрт илүү үр дүнтэй, таарч тохирох шашин ба уламжлал гэж бий. Төвөдүүдийн хувьд Наландын уламжлалыг дагадаг тул Наландын олон эрдэмтдийн ном сургаалиудыг үзэж судлах зайлшгүй шаардлагатай болдог бөгөөд тиймээс ч эдгээр мастеруудын хөрөг дүрүүдийг өрөөндөө цувруулан өлгөсөн байгаагаа Дээрхийн Гэгээнтэн зааж өгүүллээ. Төвөдийн уламжлалын хувьд хоорондоо эсрэг тэсрэг үзэл онолуудыг ч шинжлэн судлах хэрэгтэй болдог тул олж авах ойлголт нь гүн гүнзгий болдог юм. Хувь хүний хувьд хамгийн чухал нь өөрийн хорт, хөнөөлт сэтгэлүүдээ дарж, арилгаж чадах тэр арга, уламжлалыг олж авах хэрэгтэй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн зөвлөлөө.
Түүний хүндэтгэн биширдэг дэлхийн удирдагч хэн болохыг асуухад Дээрхийн Гэгээнтэн Махатма Гандиг нэрлэсэн бөгөөд хэдийгээр маш өндөр боловсролтой байсан ч Энэтхэгтээ эргэн ирж энгийн хүний ёсоор амьдран эрх чөлөөний төлөө тэмцэлдээ ахимса буюу хүчирхийлэлгүй арга замыг дээдлэн дэмжиж хэрэгжүүлж байсныг тэрээр онцлон дурьдсан юм. Тэрээр бас Энэтхэгийн анхны ерөнхийлөгч Ражендра Прасад болон хүйтэн дайны үед ч ЗХУ-тай харилцан холбоогоо алдаагүй Вилли Брандт нарыг нэрлэв.
Буруутгаж байх үед ч хэрхэн энэрэл нигүүлсэл дүүрэн байж чадах талаар тайлбарлахыг хүсэхэд Дээрхийн Гэгээнтэн бид бүгдээрээ ижил хүн төрөлхтөн гэдгээ таньж хүлээн зөвшөөрөхийг дахин зөвлөөд яг энэ хандлага өөрийнх нь амьдралд маш ихээр тус болсныг нэмж өгүүллээ. Тэрээр хэнтэй ч уулзсан тухайн хүнийг өөртэйгээ адил гэж харж, ахан дүүсийн минь нэг гэж хандаж сурсан ажээ. Төвөдүүдэд маш их зовлон авчирсан Хятадын эрх мэдэлтнүүдийг санах үедээ тэд ч бас бидэнтэй адил хүн гэдгийг өөртөө сануулдаг гэлээ. Нийгмийн амьтдын хувьд хүмүүс өөрсдийн амьдарч буй нийгмээсээ хараат байдаг учир хүн төрөлхтөн нэг гэдгийг санаж байх нь маш чухал гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцолсон юм.
Тэрээр цааш үргэлжлүүлэн хүчирхийлэлд бэлдэж, зэр зэвсгийг хөгжүүлэн үйлдвэрлэж, зарж борлуулахын тулд авьяас нөөц боломжийг ихээр үрж байгаа нь ямар их үр дүнгүй гарз болох тухай ярилаа. Ромд Нобелийн шагналтнуудтай хийсэн уулзалтын үеэр цөмийн зэвсгийг хэрэглэснээс үүдэн гарах үр дагавруудын тухай сонсоод хүчтэй цочирдсоноо Дээрхийн Гэгээнтэн эргэн дурсаад хугацаа тохирч эдгээр зэвсгийг яаралтай устгах тухай саналыг өөрөө даруй дэвшүүлсэн боловч дараа нь ямар ч арга хэмжээ авагдаагүй болохыг хэллээ. Гэсэн хэдий ч хичээл зүтгэлээ орхиж болохгүй, зөвхөн дэлхийн удирдагчид болон НҮБ-ын түвшинд бус, энгийн олон нийтийн түвшинд ч хүчин зүтгэлээ үргэлжлүүлэх нь чухал гэдгийг тэрээр онцолсон юм.
“Бүгдээрээ бие биетэйгээ ахан дүүсийн хувьд энх тайван дэлхий ертөнцийг алхам алхамаар бүтээхийн тулд бид ажиллах хэрэгтэй” гэж тэрээр хэллээ.
Материаллаг зорилтуудад чиглэсэн орчин үеийн боловсролын түвшинд биеийн эрүүл мэндэд анхаардагийн адилаар сэтгэлийн ахуйгаа эрүүлжүүлэх хийгээд хөнөөлт сэтгэлүүдийг арилгахад чиглэсэн боловсрол ба сургалтуудыг нэмж оруулах ёстойг Дээрхийн Гэгээнтэн онцлон зөвлөлөө. Уур хилэн нь сэтгэлийн амар амгаланг алдагдуулдаг бол бусад хөнөөлт сэтгэлүүд нь гэр бүлийн амгалан байдал, эв зохицлыг алдагдуулдаг болохыг хүүхдүүдэд зааж таниулах боломжтойг тэрээр хэлээд оюун ухаан ба сэтгэлзүйн тухай эртний Энэтхэгийн ойлголт мэдлэг нь өнөөдрийн амьдрал ахуйд уялдаатай хэвээр байгааг тэмдэглэсэн юм.
Дээрхийн Гэгээнтэн цааш үргэлжлүүлэн “20-р зууны эхээр эрдэмтэд тархийг сэтгэл ухамсараас тусдаа зүйл гэж үзэж судалж байсан ч аажимдаа зарим нэг нь мэдрэмж хүртэхүйн ухамсар, зүүд нойрны ухамсар болон гүн нойрсолтын үеийн нарийн ухамсар гэх мэтээр сэтгэл ухамсрын ялгаатай түвшинүүд байдаг болохыг ухаарч эхэлсэн билээ. Зарим бясалгагч нар бясалгалын үедээ эдгээр ухамсарын ялгаатай хэлбэрүүдийг мэдэрч байсан тул эрдэмтэд ч эдгээр нь тархинд яаж нөлөөлдөг болохыг судалж эхэлсэн юм.” гэж онцлов.
“Сургуульд бид зөвхөн биеийн эрүүл мэндийг заагаад зогсохгүй сэтгэлийн эрүүл мэндийг заах шаардлагатай. Ерөнхийдөө орчин үеийн Энэтхэг улс ийм ойлголтонд маш бага анхаарал хандуулж байгаа хэдий ч миний хувьд энэ улсад эртний Энэтхэгийн эрдэм мэдлэгийг сэргээн түгээх шийдэл эрмэлзэл дүүрэн байгаа. Энэтхэг улс орчин үеийн мэдлэгийг оюун ухаан ба сэтгэлзүйн эртний уламжлалт мэдлэгтэйгээ уялдуулан нэгтгээд дэлхий дахинтай хуваалцаж чадах цорын ганц улс гэдэгт би итгэлтэй байна” хэмээгээд Дээрхийн Гэгээнтэн яриагаа өндөрлөв.