Энэтхэг, Карнатака, Мундгод – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гоман дацангийн чойрын шинэ талбайд хүрэлцэн ирэхэд тус дацангийн хамба лам угтан авлаа. Үүдэнд нээлтийн тууз хайчилж, тусгай зан үйл үйлдсэнээр дотогш нэвтэрсэн ба түүнийг шашир малгай өмссөн, мөн шүхэр барьсан лам хуврагууд газарчилж явсаар талбайн хойморт байрлах индэрт хүрэлцэн ирэв.
Хамба лам нар болон хуучин хамбууд, мөн хутагт хувилгаад түүнийг угтан зогсож байв. Тэрээр одоогийн Гандан Ширээт болон Гандан Ширээт асан Ризон ринбочэ, мөн Шарба, Жанзэ цорж нартай мэндчилсний дараа буддын судлаач барууны эрдэмтэд ба Емори их сургуулийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй мэндлэв. Бурхан Багшийн сэрэг дүрийн өмнө залбирч, зул өргөсний дараа суудалдаа тухлан суулаа.
Унзад лам баргил чанга хоолойгоор уншлага уншиж эхлэхийн зэрэгцээ цугласан олонд зориулан хүндэтгэлийн цай, идээ тарааж байв. Энэ зуур Гоман дацангийн хамба лам Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Бурхан Багшийн лагшин, зарлиг, таалалыг бэлэгдэсэн шүтээнийг өргөсөн ба хурлын уншлага дуусмагц тэрээр энэхүү чойрын талбайг бүтээн байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гол өглөгийн эздийг танилцуулсан юм.
Шинэ чойрын талбайд өнөөдөр ихэнх нь лам хуврагууд, мөн Төвөдийг дэмжигч гадны зочдоос бүрдсэн 15,000 гаруй хүн цугласан байлаа.
Энэхүү үйл ажиллагааг удирдаж Гоман дацангийн хамба лам үг хэлэхдээ юуны түрүүнд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархал илэрхийлэв. Тэрээр шинэ чойрын талбайн талаар танилцуулахдаа эхлээд Төвөдөд Байбун хийдийг үүсгэн байгуулсан Жамьян Таши Балдан болон Гоман дацанг байгуулсан Дагба Ринчэн нарыг дурсан өгүүлэв. 1959 онд лам нар Төвөдөөс дүрвэн гарахдаа Энэтхэгийн Баксад цугларч сургалтаа үргэлжлүүлсэн байна. Дараа нь 1069 онд Мундгодод нүүж ирэхэд ердөө 60 ламтай байсан ч цагаачлал дахь Гоман дацанг байгуулжээ.
Төдөлгүй Энэтхэгийн Ладак, Мон, Аруначал Прадеш болон Хималайн бүс нутгаас лам нар хүрэлцэн ирж нэгдсэнээр лам нарын тоо нэмэгдэн 300 хүрсэн байна. Хожим 1982 оноос Төвөд нутгаас лам нар дүрвэн ирж эхэлснээр лам нарын тоо улам нэмэгджээ. Ингээд 1992 онд Монгол, ОХУ-ын Халимаг, Буриад, Тувагаас лам нар хүрэлцэн ирж суралцаж эхлэсэн байна. 1995 онд Гоман дацанд 1000 лам шавилан сууж суралцаж байсан бол эдүгээ 2000 лам хуврагууд шавилан сууж эрдэм ухаанд суралцаж байгаа ажээ.
Ингээд лам нарын тоо улам нэмэгдэхийн хэрээр дагсал хаялцах том талбай шаардлагатай болж, мөн хуучин талбай нь дуу чимээ ихтэй, борооны улиралд дээвэр муутайн улмаас борооны ус дусдаг гэх мэт нэлээдгүй олон шалтгааны улмаас дацангийн удирдлагууд чойрын шинэ талбай барих шийдэлд хүрчээ. Шинэ чойрын талбай нь хоёр талаараа багш нарын өрөө, анги танхим, лаборатори, мөн хурлын танхимтай аж.
Мөн хамба лам хэлсэн үгэндээ Гоман дацан Энэтхэгт анх байгуулагдахдаа гэвш лхаарамбын шалгалтанд 11 хүнийг явуулж байсан бол эдүгээ 150 лам энэ шалгалтанд орохоор хүлээгдэж байгааг дурдав. Мөн Гоман дацанд шинээр төвөд, хятад хэлний анги нээгдсэн ба гэвш цол хамгаалсан эрдэмтэн лам нар үргэлжлүүлэн нууц тарнийн номлолд суралцах сургалтын хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан юм.
Хамба лам албан үүргийн дөрөв дэх жилдээ эдгээр хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүрэн дүүрэн үүрэг хүлээн ажиллаж байгаагаа мэдэгдэхийн зэрэгцээ лам хуврагууд ч эдгээр хөтөлбөрүүдийг дэмжиж байгаа тухай онцолсон юм.
Тэрээр үгээ Богд Зонховын “Бурханы шашин дэлгэрсэн ч доройтсон, урьд өмнө дэлгэрээгүй газарт хамаг амьтдын төлөө их нигүүлсэнгүй сэтгэлээр үүнийг дэлгэрүүлэх болтугай” хэмээх ерөөлөөр өндөрлөв.
Дараа нь Төвөд-Емори шинжлэх ухааны зургаан жилийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууссантай холбоотой богино арга хэмжээ явагдав. Захирал доктор Лобсан Тэнзин Неги үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархал илэрхийлээд уг төслийг амжилттай хэрэгжүүлсэн багийн бусад гишүүдэд мөн талархал илэрхийлэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон АНУ-ын Жеоржиа дахь Еморигийн их сургууль 2006 онд хамтран ажиллаж эхэлсэн тухай, мөн уг үйл ажил хожим Төвөд-Емори шинжлэх ухааны хөтөлбөр болсон тухай дурдлаа. Энэхүү хөтөлбөрт мөн Төвөдийн судалгаа, архивын номын сан ч хамтарч байгааг мэдэгдэв.
Дараа нь дэд захирал доктор Цэтан Долкар үг хэлэхдээ зургаан жилийн хөтөлбөр, нэг сарын хөтөлбөр, мөн “Данзанжамц-шинжлэх ухааны тэтгэлэг” ямар ямар үр дүн өгсөн тухай дурдлаа. Зургаан жилийн хөтөлбөр явагдсан жил бүрт биологи, физик, хими, неврологийн хичээлийн хөтөлбөрийг төвөд, англи хоёр хэлээр гаргажээ. Энэхүү бүрэн хөтөлбөрийн нэгэн хувийг Дээрхийн Гэгээнтэнд өргөн барив. Үүн дээр нэмээд гэвш Дамдүл Намгяал шинжлэх ухааны эрдэмтдэд зориулсан толь бичиг хийсэн байна.
Доктор Долкар үргэлжлүүлэн энэхүү хөтөлбөрт 1000 гаруй лам хуврагууд хамрагдсан тухай дурдаад мөн 40 эмэгтэй хуврагууд эхний гурван жилийн хөтөлбөрийг дүүргээд байгаа тухай мэдэгдлээ. Үүний зэрэгцээ “Данзанжамц-шинжлэх ухааны тэтгэлэг” нь орон нутгийн болон Төвөдийн хийдүүдийн лам нарт, мөн шинжлэх ухааны эрдэмтэд их сургуулийн түвшинд шинжлэх ухааны хичээл заахад чухал хувь нэмэр оруулсан болохыг дурдав. Хоёр жил тутамд Төвөдийн зургаан том дацангаас сонгогдсон лам нар АНУ дахь Емори сургуульд хоёр семистерийн хичээлд хамрагддаг ажээ. Ийм дөрвөн групп уг сургалтанд хэдийнээ хамрагдсан байна.
Биологийн факултетийн дарга доктор Арри Айзэн үг хэлэхдээ энэхүү хөтөлбөрт оролцон богино хугацаанд ажиллахдаа Төвөдийн лам хуврагууд болон Емори сургуулийн оюутнуудын дунд маш сонирхолтой харилцаа холбоо үүссэнийг анзаарсан гэдгээ мэдэгдлээ. Мөн тэрээр шинжлэх ухааны төв энд анх байгуулагдаж байсан үеийг дурсан ярив.
Харин неврологийн факултетийн дарга доктор Карол Вортман үг хэлэхдээ шинжлэх ухаан нь гадаад материаллаг зүйлийг судалдаг бол буддизм нь сэтгэл оюуныг учир шалтгаан, логик зарчмын үүднээс судладаг талаар ярив. Тэрээр энэхүү хоёр чиглэлийн судлагаа хамтарснаар бүх нийтэд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ. Мөн тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархал илэрхийлээд уг үйл ажиллагааг улам бүр амжилттай болгохын тулд өөрийн мэддэг чаддаг бүхнээ зориулах болно гэдгээ илэрхийлсэн юм.
Түүний дараа Төвөдийн судалгаа, архивын номын сангийн эрхлэгч гэвш Лхакдор үг хэлэхдээ Еморигийн их сургууль болон өөрийн номын сан хэрхэн ажиллаж ирсэн тухай тайлбарласан юм. Тэрээр энэхүү үйл ажилд хамтран зүгтгэсэн хүн бүхнийг магтлаа. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын дөрвөн үүргийн тухай илүү сайн ойлгох тусам шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаагаа чухалд тооцох болно гэсэн юм. Төгсгөлд нь тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг урт наслахыг хүсэн ерөөлөө.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам яриагаа эхлэхдээ анх шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзаж байх үед зарим хамба, хутагт хувилгаад шинжлэх ухааны үнэ цэнийн талаар ихэд эргэлзээтэй байсан гэлээ.
“Бурхан Багш хоёр дахь номын хүрдийг эргүүлж саруул билиг оюуны тухай номлохдоо учир шалтгаан, шинжлэх ухаанч арга замыг заасан юм. Баруунд шинжлэх ухаан гадаад зүйлс дээр төвлөрөн судладаг. Гадаад юмс үзэгдлийг судалсны дараа эдүгээ шинжлэх ухааны эрдэмтэд дотоод сэтгэлийн ертөнцийг судлах тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Хэрэв энэ хоёр талын судлагаа нэгдэж чадвал илүү их үр дүн өгөх болно. Ийнхүү нэгдэж чадсанаар бүрэн дүүрэн мэдлэгийг хүртээх юм.”
“Бид Ганжуур, Данжуурыг төвөд хэлнээ орчуулсан бөгөөд тэдгээр олон бүтээлийг дотор нь шинжлэх ухааны, гүн ухааны, шашны гэж гурав ангилах боломжтой. Бид эдгээр гурван чиглэлд ангилан хэвлэхийг зорьж буй. Шашны хэсэг нь зөвхөн буддистуудад хамааралтай бол шинжлэх ухаан, гүн ухааны хэсгийг академик түвшинд судлах боломжтой юм.”
“Юмс бүхэн өөрийн бие даасан байдалтай үзэгдэж байгаа ч үүн шигээ биш гэх асуудыг буддын гүн ухааны түвшинд тайлбарладаг. Юмс үзэгдлүүд өөрийн мөн чанараар, бие даасан байдалтай орших боломжгүй. Бид мэдэхгүйгээ даван туулж, юмсын жинхэнэ мөн чанар ямар байдгийг учир шалтгааны үүднээс бүрэн дүүрэн ухаарах боломжтой.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дараа нь Наландагийн 17 бандидагийн соёрхолыг уншин товч тайлбар хийв. Эхний шүлэг нь Бурхан Багшид зориулсан мөргөл байсан бол хоёр, гурав дахь шүлгүүдэд хутагт Нагаржуна, хутагт Арьяадэва нарт хүндэтгэл үзүүлсэн байна. Ловон Буддхапалита “Хэрэв юмс бүхэн өөрийн мөн чанараар бүтсэн бол бусадтай шүтэлцэж, хамааран орших хэрэг юун” гэж айлдсан хэмээв.
Ловон Бхававивека хурц үгтэй шүүмжээр хутагт Нагаржунайн үзлийг хүлээн зөвшөөрөөгүй Асанга болон Васубанду нарт хандсан байна. Чандракирти төв үзлээр хоёр туйлшралыг арилгах тухай номложээ.
Шантидева “Бодьсадвын явдалд орохуй”-г зохиож үүндээ бодь сэтгэлийн талаар гайхамшигтай тайлбар хийсэн гэдгийг Хүннү Лама Тэнзин Жалцан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд айлдаж байжээ. Зургаа дугаар бүлэгт тэвчээр, уурыг хэрхэн дарах тухай номлосон ба найм дугаар бүлэгт энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэх талаар тайлбарласан байна.
Шантаракшита 8-р зуунд Төвөдөд уригдсан бөгөөд тэрээр бясалгал дияаны хэсэг, орчуулгын хэсэг гэх мэтээр ялган бурханы шашны сургалтыг дэлгэрүүлжээ. Тэрээр Төвөдийн хаанд буддын гүн ухааны ном сургаалийг төвөд хэлэнд орчуулахыг зөвлөсөн байна. Камалашила нь ловон Шантаракшитагийн шавь бөгөөд мөн адил Төвөдөд залагдан юу ч бодолгүй сууснаар гэгээрэлд хүрнэ гэх буруу үзлийг няцаажээ.
Хутагт Асанга Майдар бурханы таван номыг дэлгэрүүлэх үүрэг хүлээжээ. Ловон Басуванду гайхамшигтай эрдэмтэн байсан бол Дигнага, Дармакирти нар учир шалтгааны ухааны гарамгай мастерууд байжээ. Вимүктисена болон Харибадра нар Майдар бурханы “Илт онохуйн чимэг”-т тайлбар хийсэн байна. Ялангуяа Харибадрагийн тайлбар нь Энэтхэгт хамгийн их алдаршчээ.
“Хималайн ард амьдарч байсан бидний хувьд дэлхийн бусад улс орноос тусгаарлагдмал байлаа. Харин Энэтхэгт дүрвэн ирснээсээ хойш бид дэлхийн тавцанд гарч чадсан юм. Олон хүн Төвөдийн буддизмыг ламаизм биш, Наландагийн жинхэнэ уламжлал мөн гэдгийг ойлгож эхэлсэн. Дэлхийн олон хүн Төвөдийн соёлыг илүү ихээр сонирхох тусам Төвөдөд буй ахан дүүсийн итгэл найдвар сэргэж байна. Төвөдүүд бидний урам зориг, итгэл найдвар хугараагүй. Төвөдөд 160 гаруй хүн өөрийгөө шатаасан, тэд өөрийн амийг золихдоо бусад нэг ч хүнийг хохироосонгүй.”
Гүнапраба, Шагжапраба нар дацан хийдүүдийн винайн сургаалийг дэлгэрүүлжээ. Эцэст нь Жову Адиша Төвөдөд заларч буддын сургалт, практикийг хүчтэй дэлгэрүүлсэн байна.
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанжа Ролбидоржийн зохиосон “Хөгшин эхээ танихуй” номыг тайлбарласан юм. Тэрээр Тенба Тэнзин ламын зохиосон энэхүү номын тайлбар үнэхээр сэтгэл хөдөлгөсөн гэдгийг ярьлаа. Энэ номонд юмс үзэгдэл бусад хүчин зүйл дээр шүтэн оршдог болохыг тайлбарласан бөгөөд гэгээрэл, эрх чөлөөнд хүрэх боломжтой гэдгийг харуулж буй хэмээн тайлбарлав.
Энэ зуур Дээрхийн Гэгээнтэн Богд Зонховын амьдрал түүхээс ярьсан юм. Анхны багш цорж Дондүв Ринчин түүнд төв үзлийн номд суралцах хэрэгтэй гэж зөвлөсний дагуу Төв Төвөдөд хүрэлцэн ирж суралцсан байна. Хожим Манзушри бурхантай уулзах үедээ хоосон чанарын талаарх мэдэхгүй зүйлээ асуусанд Манзушри бурхан бага хэсгийг тайлбарлаад аглагт гарч хилэнц түйтгэрэээ арилгах, буян хураах үйлд шамдах хэрэгтэй гэжээ. Түүний айлдвар дагуу аглагт гарч бясалгал бүтээлд шамдсан бөгөөд тэр үедээ хутагт Нагаржунаг шавь нартаа ном номлож байгаагаар зүүдлэсэн байна.
Шавь нарын нэг нь босон ирж Богд Зонховт номоор адис өгсөн нь хутагт Нагаржунайн шавь Буддхапалита байжээ. Маргааш нь Богд Зонхов ловон Буддхапалитагийн зохиол Буддхапалитаг унших үедээ хоосон чанарын жинхэнэ утгыг ойлгосон бөгөөд тэр даруйдаа Бурхан Багшид чин сүжиг төрж “Шүтэн барилдахуйн магтаал” номоо зохиосон байна.
Жанжа Ролбидорж гэгээн энэхүү номоо Утай-д зохиосон нь төгсгөлийн тэмдэглэлд үлджээ.
Дээрхийн Гэгээнтэн номын айлдварын төгсгөлд Монголын олон лам хуврагууд Гоман дацанд суралцаж байгаа талаар дурдлаа. Гоман дацан Монголтой олон жилийн харилцаатай ирсэн ба 1959 онд Монголын 100 гаруй лам нар Төвөдөд байсан гэв. Төвөдийн буддизм Пагба ламаар дамжин Монголд дэлгэрсэн бөгөөд дараа нь 3-р Далай Лам Содномжамцын үед улам өргөжиж хүчтэй дэлгэрчээ. 20 зуунд хувьсгал гарч олон лам нарыг егүүтгэж, сүм хийдийг нураасан ч эргэн ардчилал үүсч, нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдгийг ярьлаа.
Гэвш Лобсан Гелек хүрэлцэн ирсэн бүх хүндэт зочдод талархалын үг хэлсэн ба шинэ чойрын талбай байгуулахад гар бие оролцсон бүгдэд талархал илэрхийлсэн юм. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг урт наслахыг хүсэн ерөөж үгээ өндөрлөв.