Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өглөө хоёр бүлэг оюутнууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзлаа. Эхний бүлэг буюу долоон оюутнууд АНУ-ын Индиана мужийн Еарлхам коллежийн оюутнууд бөгөөд Дарамсала дахь Төвөд судлалын Сара коллежид гурван сарын хугацаанд суралцаж байгаа аж. Харин нөгөө бүлэг арван дөрвөн оюутан нь Лозова Ринчин Санбугийн нэрэмжит хоёр жилийн сургалтанд хамрагдаж байгаа ажээ. Тэд өөрсдийн багш нар болон бусад ажилчидын хамт Дээрхийн Гэгээнтэнтэй уулзаж байна.
Уулзалтын эхэнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн үндсэн дөрвөн үүргийн талаар ярьсан юм. Тэрээр хүн төрөлхтний нэгдмэл байдлыг бүрдүүлэхийн тулд хүмүүст энэрэнгүй сайхан сэтгэлтэй байхын ач тусыг таниулж буй гэдгээ тайлбарлав.
“Хэдийгээр материаллаг хөгжил өндөр түвшинд хүрсэн ч стресс, өрсөлдөөн, амин хувиа хичээх зэргүүд нь хүмүүсийг сэтгэл ханамжгүй байдалд оруулж байна. Тиймээс туйлын аз жаргал бидний дотоод сэтгэлд байдгийг хүмүүст ойлгуулахын төлөө би өөртөө үүрэг хүлээн ажиллаж буй билээ.”
“Мөн би шашин хоорондын эв нэгдлийн төлөө үүрэг хүлээсэн юм. Шашны нэрийн өмнөөс зөрчилдөөн, хүчирхийлэл үйлдэж байгаа нь санаанд багтамгүй хэрэг мөн. Ганцхан шашныг хамгийн зөв гэж үзвэл энэ нь асар ахархан бодол болно. Дэлхийн хэмжээнд олон шашин, олон үзэл онол байгаа шүү дээ. Энэтхэгт шашин хоорондын эв нэгдэл маш сайн байна. Энэтхэгийн уугуул шашнууд, мөн гаднаас дэлгэрсэн олон шашин мөр зэрэгцэн, эв найртай оршиж, дэлгэрэн хөгжиж, нэг нэгнээсээ үлгэрлэн суралцаж байгаа нь үнэхээр гайхалтай жишээ юм.”
“Буддист байр сууринаас үзвэл бүх шашин хүний сайн чанар, энэрэнгүй сайхан сэтгэл, уучлал, тэсвэр, хувийн сахилга батыг номлодог хэмээн тайлбарлана. Олон ургальч үзэл санаа гарч байгаа нь тэдний үндсэн ёс суртахууныг төлөвшүүлэх зорилготой билээ.”
“Гуравдугаарт, би Төвөд хүн, мөн Төвөдийн ард түмэн надад итгэж, найддаг юм. 2001 онд би улс төрийн эрх мэдлээ шинээр сонгогдсон удирдагч нарт хүлээлгэн өгсөн цагаас хойш Төвөдийн байгаль экологид анхаарлаа хандуулж ирсэн билээ. Учир нь Төвөдийн өндөрлөг дэх байгаль нь хүйтэн бөгөөд эмзэг, хэрэв эвдэрч сүйдвэл эргэж сэргэхдээ бусад газар нутгаас илүү цаг хугацаа ордог. Тиймээс Төвөдийн байгаль экологийг хамгаалах шаардлагатай болж байна.”
“Үүн дээр нэмээд Төвөдийн соёлыг хадгалах тал дээр би анхаарал хандуулж буй. Бидний хадгалан ирсэн эртний Энэтхэгийн Наланда уламжлал нь хүчирхийлэлийн бус, сэтгэлийн тогтвортой байдлыг хадгалан, юмс үзэгдлийн мөн чанарт нэвтрэх арга замыг заадаг юм.”
“Хятадын хунтайж Төвөдөд ирэх үед Төвөдүүд анх удаа буддизмтай учирсан боловч нэгэн зууны дараа Төвөдийн эзэн хаан Энэтхэгээс буддын шашныг дэлгэрүүлсэн юм. Тэрээр учир шалтгааны ухааны гарамгай мэргэн, филосифич, ариун сахилт ловон Шантракшитаг Төвөдөд урьсан билээ. Ловон Шантаракшита тухайн цаг үедээ Наланда хийдийн тэргүүлэх эрдэмтэн байсан юм. Төвөдөд морилон ирснийхээ дараа тэрээр энэтхэг хэл дээрх эх сурвалжуудыг төвөд хэлрүү орчуулах хэрэгтэй гэж хаанд зөвлөсөн байна. Ингэснээр төвөд хэл улам баяжиж, санскрит хэлэнд хамгийн дөхөм хэл болж ирсэн юм. Өнөөдөр төвөд хэл буддын философи, сэтгэл судлал, учир шалтгааны ухааныг хамгийн оновчтой илэрхийлж чадах хэл болсон билээ.”
“Миний дөрөв дэх үүрэг маань эртний Энэтхэгийн мэдлэгийг орчин үеийн Энэтхэгт дэлгэрүүлэх явдал юм. Орчин үеийн боловсролын систем нь сэтгэл хөдлөл хийгээд оюун ухаан хэрхэн ажилдаг талаар сургалт явуулдаггүй. Гэтэл энэ талаарх мэдлэг олж авах нь өнөө цагт маш чухал болж ирээд байна.”
“Өнөөдөр бидэнд тохиож буй олон асуудлын ихэнхийг бид өөрсдөө бий болгосон юм. “Бид” ба “тэд” гэж хуваагдсаны улмаас зөрчилдөөн үүссэнийг өнгөрсөн зуунд явагдсан дэлхийн дайнаас харах боломжтой. Эцэстээ цөмийн зэвсэгээр аймшигт устгал явуулсан шүү дээ. Амин хувиа бодох нь ийм үр дүнд хүргэж байна. Тиймээс бид нэгдмэл хүн төрөлхтөн гэх ойлголтонд хүрэх хэрэгтэй.”
“Бид хүүхдүүдэд гараа хэрхэн угаах, мөн шүдээ хэрхэн арчилах талаар зааж, дасгал хөдөлгөөн хэрхэн хийхийг нарийн зааж өгдөгтэй адил сэтгэл санаагаа амар тайван байлгах, уур хилэн гэх мэт сөрөг муу сэтгэл хөдлөлийг хэрхэн арилгах арга ухааныг ч бас зааж өгөх хэрэгтэй.”
“Ахан дүүс та нарт дуулгах зүйл маань ингээд өндөрлөж байна. Та нарын зүгээс асуулт байна уу?”
Орчуулагчийн хичээлд суралцаж буй нэгэн оюутан өөрийн сурсан шинэ мэдлэгээ өөртөө болон бусдад хэрхэн тустайгаар ашиглах вэ хэмээн асуулаа. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа Ганжуур, Данжуурын 300 гаруй боть номыг шинжлэх ухаан, гүн ухаан, шашны гэсэн гурван ангилалд хувааж болдог тухай дурьдаад эдгээрээс шашны хэсэг нь зөвхөн буддистуудад хэрэгтэй, харин бусад хоёр хэсгийг эрдэмтэн судлаач нар үзэж судлах боломжтой гэв.
Мөн түүнд сэтгэл зүйн шинжлэх ухаан болон оюун ухааны судлагаанд анхаарал хандуулах, ухамсар, учир шалтгааны шинжлэх ухаан гэх зэрэгт анхаарал хандуулахыг зөвлөлөө. Ялангуяа уур хилэн бидний сэтгэлийн амгаланг бусниулдаг, энэрэл хайрын сэтгэл үүнийг дардаг зэргийг онцгойлон судлахыг зөвлөсөн юм.
Хүний үйлдлийг өөрөөс нь ялган үзэх нь чухал гэдгийг онцоллоо. Тухайн хүн нь хэдийгээр сөрөг муу үйл хийсэн ч тухайн хүн надтай л адил энэрэн хайрлуулах ёстой гэв. Нэг талаас муу үйл хийсэн, харин нөгөө талаас зөв хариу үйлдэл хийхийг шаардана. Зөрчилдөөнийг арилгах хамгийн зөв арга бол эсрэг талтай харилцан ярилцах явдал мөн гэдгийг онцлон тайлбарлалаа.
Дээрхийн Гэгээнтэн цааш нь тайлбарлахдаа залуучуудад хандан хүнд асуудалтай тулгарсан үед өөрсдийн саруул ухаанаа ашиглаж, тухайн асуудлыг олон өнцгөөс харах хэрэгтэй гэв. Нөхцөл байдалд үнэн зөв дүгнэлт хийхгүй л бол чиний хариу үйлдэл бодит бус болно. Өргөн хүрээнд асуудлыг харах хэрэгтэй.
Юу таныг инээлгэдэг вэ гэсэн асуултанд, төвөд хүмүүс ерөнхийдөө илүү хөгжилтэй хүмүүс гэв. Түүний ээж нь энэрэл хайрыг мэдрүүлсэн анхны багш нь байсан ба түүний ах дүүс бүгд ээжийнхээ ууртай царайг олж хараагүй ажээ.
Дарь Эх бурханы талаарх асуултанд Жанрайсиг бурхан нь бурхадын нигүүлсэнгүй сэтгэлийг, Манзушри бурхан нь хамаг бурхадын билиг оюуныг бэлэгддэгтэй адил Дарь Эх бурхан нь хамаг бурхадын үйлсийг бэлэгддэг хэмээлээ. Бид Дарь Эх бурханд урт нас, өвчингүй байх, эд баялагтай байхыг даатгадаг бөгөөд амирлангуй, дэлгэрүүлэх, эрхэнд хураах, хатуу үйлийн гэх дөрвөн үйлс даатгадаг гэв.
“Урьд өмнө манай Төвөдөд ерөнхий номлолд анхаарал хандуулахаас илүү нууц тарнийн онцгой номлолыг сонирхдог байлаа. Харин Энэтхэгт ирснийхээ дараа, 60-аад оны эхээр би зөвхөн хурлын уншлага, зан үйлд суралцдаг байсан дацан хийдүүдийг буддын гүн ухаанд суралцах хэрэгтэй гэж зөвлөж эхэлсэн юм.”
“Эртний нэгэн лам дан ганц тарни уншаад суувал хумсаа л барахын нэмэр гэж хэлсэн байдаг. Гол дадлага маань Бурхан Багшийн айлдсан энэрэнгүй бодь сэтгэлийг хөгжүүлэх, хоосон чанарыг ухаарах явдал юм.”
Мэдлэг олж авахдаа гурван зүйлийг анхаарах хэрэгтэй гэж зөвлөлөө. Эхлээд сонсож мэдсэн, эсвэл уншсан зүйлтэйгээ сайтар танилцах, хоёрдугаарт мэдсэн зүйлээ нарийн сайн нягталж судалснаар үнэн зөв итгэл үнэмшилтэй болох, гуравдугаарт үнэн зөв итгэл үнэмшилээ өөрийн болгож авсанаар бодит туршлагатай болно.
Дээрхийн Гэгээнтэн төгсгөлд нь Мял богдийн талаар ярив. Мял богд Марба багштайгаа анх уулзах үед бясалгал бүтээл хийхгүйгээр гэгээрэлд хүрэх ямар ч боломж байхгүй гэдгийг айлджээ. Тухайн үед Мял богд үүнийг сайтар ухаарснаар Марба ламын хүнд хүчир даалгаврыг сайтар биелүүлж, эцэстээ бурханы хутагт хүрч чадсан тухай ярьлаа. Тэрээр гурав хоногийн өмнө Марба лам, түүний багш Нароба, түүний багш Дилоба, Сандуй ядам зэргийг тодорхой зүүдэлснээ дурсав.
Уулзалтын төгсгөлд тэрээр сурагч оюуутнуудтай хамт зургаа татуулсан юм.