Энэтхэг, Дарамсала, Тэгчинчойлин – Урд шөнө орсон борооны дараах гэгээ татсан өнөөдрийн өглөө Дарамсала хотын ойр орчимд оршдог орон гэргүй Энэтхэгийн ядуу иргэдэд туслалцаа үзүүлдэг жижиг тусламжийн нийгэмлэг болох Тон-лэний ажилчид ба оюутнууд болон ядуучуудын хорооллын төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд бараалхлаа. Тус нийгэмлэг нь эдгээр орон гэргүй иргэдийг суурь хүний эрхээ эдлэхэд нь туслахаас гадна боловсролоор дамжуулан ядуурлын тойргоосоо гарахад нь туслах зорилготой юм. Энэ зорилгоор нийгэмлэг өөрийн сургуулиа байгуулсаны зэрэгцээ хамгийн их хэрэгцээтэй гэсэн хүүхдүүдийг амьдрах орон байраар хангаж байна.
Дээрхийн Гэгээнтэн уулзалтын өрөөнд ороод хүрэлцэн ирсэн хорь гаруй зочидтой мэндчилсэний дараа Дарамсалад номонд сууж бясалгал бүтээл хийхээр айлчилдаг байсан Төвөд лам Жамьянгийн санаачлагаар анх Тон-лэн нийгэмлэгийг байгуулж байсныг санаж байгаагаа хэллээ. Жамьян лам энд байхдаа хүүхдүүд гуйлга гуйж хогон дээрээс хоол түүж байхыг хараад ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэж шийдсэн нь тэр ажээ.
“Хүмүүс бидэнд өвөрмөц тархи заяасан билээ” гэж Дээрхийг Гэгээнтэн цааш тайлбарлаад “Тиймээс үүнийг зөв хөгжүүлэхийн тулд бидэнд боловсрол хэрэгтэй. Гэхдээ зарим тохиолдолд боловсрохыг хүсэх нь хувиа хичээсэн сэтгэл, уур хилэн болон айдсаас үүдсэн байж болно. Тийм бол үүний үр дүнд зовлон л ирэх юм. Зөвхөн тархи мэдрэлийг боловсруулснаар сэтгэлийн амар амгалан ирэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Боловсролыг халуун дулаан сэтгэл, үнэн сэтгэлийн энэрэл нигүүлслээр өдөөгдсөн хүсэл эрмэлзэлтэй уялдуулах хэрэгтэй. Мэдлэг оюун ухаан халуун дулаан сэтгэлтэй нэгдсэнээр хувь хүн илүү аз жаргалтай, өөрөө өөртөө амар амгалантай байх болно. Үүний үр дүнд гэр орон нь амар амгаланг олж, улмаар нийт нийгэмлэг ба нийгэмд эерэг нөлөөллийг өгөх юм.”
“Өчигдөр надад төрсөн өдрийн том бялуу бэлэглэсэн, үүнийг би та бүхэнтэй хуваалцмаар байна.”
“Энд Австралиас ирсэн нэг дэмжигчээс бусад нь Энэтхэг хүмүүс байгааг би харж байна. Египт, Хятад ба Энэтхэгийн хөндийн эртний агуу иргэншлүүдийн дундаас Энэтхэгийн хөндийн соёл хүний сэтгэл ухамсар ба сэтгэл хөдлөлийн зан төлөв, ажиллагааг маш нягт ухаарч ойлгон судлан хөгжүүлсэн болохыг би байнга ярьдаг. Энэ хөгжлийн үр дүнд ч хүчирхийлэл үгүй оршихуй ба энэрэл нигүүлсэл буюу ‘ахимса’ ба ‘каруна’-г дадуудах соёл гарсан байна. Шагжамуни бурхан ч эдгээр хөдөлгөөний үр дүн болсноор гүн ухааны хөгжлийг цаашид улам гүнзгийрүүлжээ.”
“Гэсэн хэдий ч би буддизмыг хамгийн сайн шашны ба гүн ухааны уламжлал гэж хэлэхгүй, учир нь бүх өвчнийг анагаадаг нэг л эм байдаггүйтэй адилаар бидний ялгаатай уламжлалуудын хооронд нэг хүний сэтгэлд таарах төлөв нь нөгөө хүний сэтгэлд таарч тохирох албагүй юм. Энэ нь тухайн хүнд юу илүү их туслаж чадахаас хамаарна. Тэгэхдээ энэ дунд юу гарцаагүй үнэн бэ гэвэл бүхий л агуу буддист мастерууд болох Нагаржуна, Арья, Асанга, Дигнага, Дармакирти, Буддапалита ба Чандракирти нар бүгдээрээ Энэтхэг хүмүүс байсан, тиймээс Энэтхэг тархинд ямар нэг тусгай чанар байх шиг байгаа юм.”
“Миний найз, цөмийн физикч Ража Рамана квант физик нь Өрнөдөд харьцангуй шинэ ойлголт байж болох ч үүний үндсэн санаануудыг Энэтхэгт 2000 жилийн өмнө таамаглаж байсан гэдгийг хэлж билээ. Тухайлбал энд гол ойлголтууд нь гэвэл Хоёр Үнэн буюу харьцангуй ба үнэмлэхүй үнэн болон юмс үзэгдэл нь бодит байдлаас ялгаатай байдаг гэдэг санаа юм. Залуу Энэтхэгчүүд та бүхэнд бахархах зүйл их байна.”
Дээрхийн Гэгээнтэн цааш өгүүлэхдээ орчин үеийн Энэтхэг улс баруунжсан, материаллаг зам мөрийг дагаж байгаа боловч эртний Энэтхэгчүүд сэтгэл ухамсар ба зан төлвийн ажилбарыг гүн гүнзгий ойлгосон, логик болон учир шалтгаан дээр суурилан бодит байдлыг тодорхой мэдэж таньсан байсныг тайлбарлалаа. Бурхан Буддагийн өөрийн нь айлдсанаар түүний зарлиг бүгдийг шууд хүлээн авах бус алтны дархан алтыг хэрхэн сайтар шинждэгийн адилаар сайн судлан нягтлахыг номлосныг дагаж Нагаржуна, Дигнага ба Дармакирти нар Бурханы сургаалиудыг задлан шинжилсэн байдаг. Тэдний энэ арга зүй нь шинжлэх ухаанч арга зүй юм.
Дээрхийн Гэгээнтэн сүүлийн бараг 40 гаруй жил шинжлэх ухааны эрдэмтэдтэй хийсэн уулзалт хэлэлцүүлгүүдээ битүүхэн дурьдаад Дарамсалад бэлтгэсэн Буддийн гүн ухааны сонгодог зохиолууд ба шинжлэх ухааны уялдааг гаргасан сүүлийн номнууд нь Хятадын Их Сургуулийн профессоруудад их өндөр сэтгэгдэл төрүүлсэн тухай сонссоноо ярив. Англичуудын Энэтхэгт авчирсан боловсрол нь ёс зүйг эрэн хайхдаа Тэнгэр эзэн рүү ханддаг тэр хандлагыг танилцуулсан бөгөөд сэтгэлийн амар амгаланд хэрхэн хүрэх арга санаагаар ядмаг байсныг тэрээр онцолсон юм.
Эртний Энэтхэг амар амгалангийн сэтгэлийг бий болгох арга зүй, бодит үнэнийг таних, “шамата” болон “випашиана”-г дадуулах чиглэлээр маш гүн гүнзгий хөгжсөн байсан боловч орчин үеийн Энэтхэгт энэ бүгдийг бараг бүхэлд нь орхигдуулжээ. Тиймээс ч Дээрхийн Гэгээнтэн энэхүү уламжлалыг сэргээхийн тулд өөрийн чадах бүгдийг хийхийг зорьсон бөгөөд шашнаас тусдаа зарчим дээр суурилан эртний ба орчин үеийн мэдлэг ур чадваруудаа хослуулан гаргаж ирэхийг Энэтхэгчүүдэд уриалж байгаа юм. Ийм мэдлэг нь хүн бүрт хамаатай бөгөөд сэтгэлийн амар амгалан нь нийт хүн төрөлхтний хайж буй зүйл билээ.
“Илүү энх амгалантай дэлхий ертөнцийг бий болгоход Энэтхэг улс маш их үүрэг гүйцэтгэх боломжтой. Махатма Ганди агуу их гүн ухаанч байгаагүй, гэхдээ хүчирхийлэл үгүй “ахимса” амьдрал практик дээр ямар байж болохыг харуулж чадсан. “Ахимса” ба квант физикийн ойлголтуудыг нэгтгэснээр илүү амар амгалантай дэлхийг бүтээх боломжтой гэдэгт би итгэж байгаа. Энэ бол их гайхамшигтай боломж юм, тиймээс энэ тухай сайн бодож үзээрэй.”
“Та бүгд сайн мэдэх байх – тон-лэн гэдэг үг маань шууд агуулгаараа өгөх-авах гэсэн утгатай, цаад санаа нь бусдын зовлон шаналалыг өөртөө аваад өөрт байгаа бүхий л сайн сайхан зүйлсээ хариу өгч байна гэж төсөөлөх дадуулга юм. Ийм дадуулга их тустай байдаг юм шүү.”
“2008 онд Лхаст болж буй эсэргүүцлийн жагсаалын тухай мэдээ хүлээж авсанаа санаж байна. Тэр үед би 1959 оны аймшигт гэсгээн цээрлүүлэлт ахин давтагдах вий гэж ихэд сэтгэл зовниж байсан ч яаж ч чадахгүй байлаа. Миний зүгээс хийж чадах зүйл тэр үед байсангүй. Тиймээс би тон-лэнг бясалгасан юм. Хятадын түшмэдийн шийтгэх сэтгэл, уур хилэнг тэднээс авч хариуд нь тэсвэр тэвчээр, энэрэл нигүүлсэл өгч байна гэж би төсөөлж билээ. Энэ бясалгал тухайн үед бодит үйл явцад нөлөө үзүүлээгүй ч миний сэтгэлийн амар амгаланг батжуулсан юм.”
“Үүнтэй адилаар бас нэгэн удаа би Бодгаяад өвдсөн учраас Патна руу эмчлүүлэхээр хөдөлсөн юм. Хотын захад нэгэн өвчтэй настай хүн энгийн гудсан дээр ганцаараа хэвтэхийг би харж билээ. Тэр үед бас шууд тусалж чадаагүй учраас сүүлд нь өрөөндөө өвдөж байх үедээ би тэр өвгөний шаналал ганцаардлыг өөртөө авч энэрэл халамжийг хариу өгч байна гэж бясалгасан нь надад их тус болсон доо.”
Тон-лэний оюутнууд Дээрхийн Гэгээнтэнтэй “Намасте, таши дэлэг, мөн төрсөн өдрийн баяр хүргэе таньд” гэж мэндчиллээ. Тэд эхлээд түүнд зориулж хинди хэлээр Энэтхэг залбирал уншсаны дараа англи хэл дээр залбирал уншсаны төгсгөлийн бадаг нь “ертөнцийг төгсөх хүртэл та орших болтугай, ертөнцийг төгсөх хүртэл та орших болтугай” гэсэн утгатай байв.
“Би Төвөдөд төрсөн болохоор бие махбодийн хувьд Төвөд хүн юм” гэж Дээрхийн Гэгээнтэн хариу өгүүлээд “гэхдээ миний тархины эд эс ширхэг бүр Энэтхэг үзэл бодлоор дүүрэн учраас сэтгэлийн хувьд би жинхэнэ Энэтхэг хүн билээ. Би хүчирхийлэл үгүй, энэрэл нигүүлсэлийг сурталчилан түгээхийг хүсдэг бөгөөд энэ нь өнөөдрийн дэлхий ертөнцөд хамгийн уялдаатай зүйл гэдэгт итгэдэг. Сэтгэл амар амгалантай байна гэдэг нь та тайван дөлгөөн, сэтгэлийн хямрал үгүй байна гэсэн үг юм. Тиймээс чухам энэ л үндэслэл дээр би суурилж эртний Энэтхэгийн эрдэм мэдлэгийг сэргээхийг зорьж байгаа бөгөөд та бүгд үүнийг хэрэгжүүлэхэд минь туслаж чадна.”
“Одоо би 84 настай, бас 90, бүр 100 нас ч наслаж магадгүй. Гэхдээ би хөгшин, та бүгд залуу байна. Тиймээс миний яриад байгаа эдгээр санаануудыг дараагийн үеийнхэн, бүр тэрний дараагийн үеийнхэнд дамжуулан 21-р зууны залуучууд та бүгд 22 болон 23-р зууны үеийнхэнд ийм тодорхой үзэл санаануудыг өвлүүлэн үлдээх хэрэгтэй юм. Бурхан Багш Энэтхэг оронд амьдарч байснаас хойш 2000 гаруй жил өнгөрсөн хэдий ч түүний сургааль номлолууд өнөөг хүртэл оршсоор байна. Төвөдүүд бид Наландын уламжлалыг бүрэн бүтэн хадгалж ирлээ. Үүнийг бид суралцаж бүтээх замаар л хэрэгжүүлсэн бөгөөд Бурхан Багшийн үзэл онолууд ч мөн ингэж өнөөдрийг хүрч чадсан юм.”
“Хэрэв дэлхий маань илүү энэрэл нигүүлсэлтэй байвал цэрэг зэвсэг хөөцөлдөх нь ч бага байх юм. Үүний тулд хувь хүн бүр өөрийн дотоод зэвсэглэлээ зогсоон, үгүй болгох ёстой бөгөөд үр дүнд нь энэрэл нигүүлсэл, халуун дулаан зүрх сэтгэл төрөн гарч гадаад зэвсэглэлийг зогсооход хүргэх болно. Энэ бол жинхэнэ “ахимса” билээ. Баярлалаа та бүгдэд.”
Үүний дараа ахлах ангийн оюутан төлөөлөл болж дараах үгийг хэлээд Дээрхийн Гэгээнтэнд жааз бүхий дурсгалын бичгийг гардуулав.
“Дээрхийн Гэгээнтэн минь, бид Тон-лэний ахлах ангийн оюутнууд, ажилчид, бас орон гэргүй ядуу иргэдийн төлөөлөл болсон хүмүүс юм. Бид энд таны үзэл бодол, анхаарал халамж, дэмжлэгт талархалаа илэрхийлэхээр цугласан бөгөөд төрсөн өдөрт тань зориулан урт удаан наслахыг ерөөе.”
“Бид орон гэргүй ядуучуудын хороололд төрсөн, бидэнд хамгийн анхан шатны хэрэгцээний эд зүйлс ч байсангүй, бас бидэнд хувь хүний эдлэх эрх, хүндлэл ч байсангүй. Хоол унд ч ховор хомс, заримдаа ч олдохгүй, бидний зарим маань үхлийн ирмэгт байсан, найз нөхөд маань энгийн нэг өвчнөөр ч үхнэ, тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламж, эм тариа үгүй, одоо ч бидний зарим найз нөхөд гэр бүлийнхэн маань ийм хүнд хэцүү амьдралыг эдэлсээр байна.”
“Таны үзэл санаа, энэрэл нигүүлслийн эрхээр Жамъян лам маань урам зоригтойгоор Тон-лэнг байгуулсан юм. Та болон Таны сангийн дэмжлэгтэйгээр Тон-лэн биднийг аварсан билээ. Бидэнд эрүүл мэнд, хоол хүнс, орон гэр, бас боловсрол олголоо. Таны дэмжлэгээр 333 хүүхэд амьдралаа өөрчилж байна.”
“Бид хог түүж, гуйлга гуйж л амьдардаг байсан бол таны болон Тон-лэнгийн тусламж дэмжлэгээр дунд шатны боловсролыг дүүргэх гэх мэт гайхамшигтай боломжуудыг олж авлаа. Бид таны зөөлөн дулаан сэтгэл, энэрэл нигүүлсэл, урам зориг ба алсын хараанд тань гүнээ талархаж байна. Бид Тон-лэнд бидний хэрэгцээг хангаж ирээдүйд итгэл найдвар өгсөнд бас маш их талархаж байна. Бид бол өөрчлөлтийн тод жишээ билээ.”
“Дээрхийн Гэгээнтэн, таны шашингүй ёс суртахууны үзэл санаа бидний сэтгэлгээг өөрчилж илүү сайн хүн болоход эрмэлзэх сэтгэлийг төрүүлсэн билээ. Шашингүй ёс суртахуунд суралцсанаар бид өөрсдийгөө нэг хүн төрөлхтөн гэдгийг ухаарч хайр хүндлэл нь хүн бүрт ямар чухал болохыг танин мэдсэн юм. Тон-лэний гэр бүлд олон төрлийн хүмүүс байдаг хэдий ч бид нийт хамт олныхоо хүрээнд хүн бүрийг шашин, каст, хүйс харгалзалгүйгээр ижил тэнцүү хүндлэн дээдэлдэг болсон. Энэ үзэл зарчим бидэнд шинэ цар хүрээ, эрч хүчийг өгч байна. Бид өөрсдийгөө хүлээн зөвшөөрч, сэтгэлзүйн хувьд илүү боловсрон томоожиж, илүү тэсвэр хүлцэлтэй, бас толгойгоо дээр өргөн омог бардам амьдрах зоригтой боллоо. Тон-лэний хүүхдүүдийн ирээдүй гэгээлэг байна, тиймээс энэ бүгдийн төлөө таньд зүрхнийхээ угаас баярлалаа гэж хэлье.”
“Хүн төрөлхтөн бол нэгэн гэр бүл гэдэг таны үзэл бидний үеийнхэнд өгч буй таны бэлэг бөгөөд бид энэ үзэл санааг нийт олонд цааш түгээн дэлгэрүүлэх үүрэг хариуцлагыг хүлээн авч байна. Далай Ламын Сангийн тусламж дэмжлэгийн дор бид өөрсдийн амьдарч буй орчин, нийгэмлэгтээ боловсрол ба сэхээрлээр дамжуулан ёс суртахуунтай нийгмийг бий болгох ажлыг хэрэгжүүлж байгаа. Өөрсдийн хэрэгжүүлж буй энэрлийн төслүүдээр Дарамсала хотыг энэрэл хайрын хот болгон хувиргана гэж бид найдаж байна. Мөн бид ядуучуудын хороололд цэвэр ахуй, боловсрол ба орон байрны чиглэлээр туслан ажилладаг. Тон-лэний хүүхдүүд бид таны үзлийн дагуу нийтийн хариуцлагуудыг үүрч нийгмийн асуудлуудыг бууруулан амьдрах шийдэл зоригтой болсон.”
“Таны төрсөн өдөрт зориулан Кангра хөндийн ядуучуудын хороолол, Тон-лэний хүүхдүүд болон ажилчдын өмнөөс таны урам зориг, дэлхий ертөнцийг илүү сайн сайхан, амгалан зохицолтой болгохын тулд гаргадаг няцашгүй чин эрмэлзэл, хичээл зүтгэл бүхэнд тань талархаж энэхүү дурсгалын бэлгийг гардуулахыг хүсэж байна. Ядуурлын хэлхээг эвдэж бидэнд итгэл найдвар, ирээдүйг бэлэглэсэн Дээрхийн Гэгээнтэн таны тусламж дэмжлэгт баярлалаа. Дэлхийн ядуурлыг бууруулан нийт хүн төрөлхтөнд эрүүл энх, аз жаргал бий болгохын тулд Дээрхийн Гэгээнтэн та урт удаан насалж, эвсэг, энэрэл нигүүлсэлтэй дэлхийг цогцлоох таны хүсэл санаа биелэлээ олох болтугай гэж хүсэн ерөөе.”