Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Азийн буддистуудад зориулсан номын айлдвар – 2 дахь өдөр 2019 он 9 дүгээр сар 5

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчинчойлин – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зүглаг Хан дуганд хүрэлцэн ирсэнийхээ дараа өөрийн сэнтийг тойрон суусан лам хуврагууд болон зочидтой мэндчилсэнээс гадна тавцангийн ирмэг дээрээс сүсэгтэн олонтой инээмсэглэн дүүрэн гар даллан мэндчилсэн юм. Өнөөдрийн айлдварыг Тайланд хуврагууд Мангала буюу Их ерөөлийн судрыг пали хэл дээр, дараа нь Вьетнам хуврагууд ба энгийн хүмүүс “Билгүүний зүрхэн судар”-ыг вьетнам хэл дээр уншсанаар эхэллээ.

Номын айлдварын хоёр дахь өдөр лам хуврагууд Мангала судрыг пали хэлээр уншиж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.09.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн “Билиг билгүүний магтаал”-ыг түргэнээр уянгуулан уншив:

Үнэмлэхүй билиг билгүүнд залбирал өргөе
Гурван цагийн бурхан бүгдийн эх
Үгээр илэрхийлэшгүй, сэтгэшгүй, цаглашгүй,
Өөрөө гарсан, түйтгэр үгүй, огторгуйн мөн чанар лугаа
Өөрийгөө танин баригч ухамсрын бодит оршихуй

Датьята - гатэ, гатэ, пара гатэ, парасам гатэ, боди суха.

Үүний дараа Майдрын гэгээний “Илтэд онохуйн чимэг” ба Нагаржуна хутагтын “Төв үзлийн билгүүний үндэс” судруудаас Бурхан Багшид өргөсөн залбирлын хэсгийг уншлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын лам хуврагууд "Билгүүний Зүрхэн" судрыг уншиж байгааг харж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.09.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Өчигдөр би та бүхэнд ерөнхий танилцуулгыг өгсөн” гэж Дээрхийн Гэгээнтэн өгүүлээд “харин өнөөдөр бид “Бодь сэтгэлийн тайлбар” номыг үзэх болно. Тэгэхдээ үүнийг албан айлдвар гэхээсээ илүү бүгдээрээ хамтдаа хичээл орж байгаатай адилаар үзвэл сайн байна. Эхлээд номоо хамтдаа уншаад дараа нь та бүгд асуух асуултаа тавиарай” гэж зөвлөв.

“Судрын эхний гурван танилцуулга бадаг нь Сандуйн дандрын шүлэглэлүүд юм. Үүнийг Нагаржуна гэгээнтэн судалж, дадуулж байсан бөгөөд бидэнд тэмдэглэж үлдээсэн билээ. Тэрээр үүсгэлийн зэргэмжийг тайлбарласнаас гадна төгсгөлийн зэргэмжийг “Таван зэргэмж”-т тодорхой өгүүлсэн байдаг. Түүний шавь Нагабоди “Таниулахуйн зэргэмж”-ийг зохиосон бөгөөд энд төрөх, үхэх ба эргэн төрөхийн гурван төлвийг бурханы гурван лагшинд хөрвүүлэх тухай өгүүлдэг. Нагаржуна гэгээнтний шавь нар болох Арьяндэва, Чандракирти нар Сандуйн тухай тайлбаруудыг мөн хийсэн байдаг нь цаашдын номын сургалт судалгааны чухал эх үүсвэрүүд болсон юм.”

“Энэхүү “Бодь сэтгэлийн тайлбар”-ын тухайд би аман дамжлагыг хуучин Гандан Ширээт асан Ризон ринбочэгээс авсан бөгөөд багш маань энд одоо бидэнтэй хамт сууж байна. Судар ‘Бодичитавиварана’ гэсэн санскрит гарчигаар эхэлдэг. Сронзон Гамбу хааны зарлигаар анх Төвөдийн бичгийн хэлийг бий болгосноос хойш ловон Шантаракшита Төвөдийн хаан Тисрон Дэзанд бурханы шашны судар зохиолуудыг төвөд хэл рүү орчуулан буулгахыг машид чухалчлан зөвлөсөн байдаг. Үүний үр дүнд Самья хийд дээр тусгай орчуулгын албыг хүртэл бий болгож байжээ. Тиймээс анхдагч санскрит нэрээр нь, зарим цөөн тохиолдолд Хятад нэрээр эхлүүлдэг нь эх сурвалж хуурмаггүйг харуулах зорилготой юм.”

Вьетнам хэлний орчуулагч номын айлдварыг орчуулж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.09.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Цагаачлалын дараа Төвөдүүд бид өмнө нь байгаагүй хэмжээнд бусад дэлхий ертөнцтэй харилцаа холбоог үүсгэлээ. Бидний төвөд хэл рүү орчуулсан олон судар зохиолууд өнөөдөр өөр бусад олон хэл дээр орчуулагджээ. Бидний хадгалж авч үлдсэн зүйлс нийт дэлхийн өв, үнэ цэнэ болох боломжтой.”

“Энд хүрэлцэн ирсэн Тайланд хуврагууд хэрхэн номоо дадуулдагийн адилаар бид ч мөн шагшаабад, төвлөрөл ба билиг билгүүнд чиглэсэн бясалгал дадуулгуудаа хийдэг юм. Үүний зэрэгцээ бид Наландын уламжлалаа даган учир шалтгаан ба логик сэтгэлгээн дээр илүүтэй төвлөрдөг. Бурханы шашны сургааль номлолууд нь Төвөдөд хоёр удаа түгэн дэлгэрсэн байдаг. Богд Зонхов эхний дэлгэрэлтийн үеийн уламжлалуудыг судалсны үндсэн дээр Риво Гандэнба буюу Гэлүгвийн уламжлалыг гаргаж ирсэн юм. Аажимдаа сонгодог судар зохиолуудыг учир шалтгаан ба логикийн үндсэн дээр судлах явдал Төвөд даяар хэрэгжих болсоноор бид Бурхан Багшийн сургааль номлолийг бүхэлд нь нууц тарнийн хамт хадгалан авч үлдэж чаджээ.”

“Бурхан Багш гэгээрлийн хутгийг олсныхоо дараа үүнийгээ “Гүн гүнзгий ба амар амгалантай, гэм түйтгэрээс ангид, цуврил үгүй гэрэл гэгээ –шимт рашаан болсон Дээдийн номыг би оллоо. Гэхдээ үүнийг би номловол хэн ч ойлгохгүй учраас чимээ аниргүйгээр аглагтаа оршьё” гэж илэрхийлсэн байдаг. Энэ тайлбар судрын гарчигт дурьдсан бодь сэтгэл нь зөвхөн бодь сэтгэлийг дангаар нь илэрхийлээгүй юм. Энд бас гэгээн гэрлийн сэтгэлийг давхар өгүүлсэн бөгөөд энэхүү сэтгэлд нарийсах түвшингүүд байдгийн хамгийн нарийн түвшинд төрөлхийн, аяндаа гарсан гэгээн гэрлийн сэтгэл буй. Бидний өдөр тутам мэдэрдэг энгийн бүдүүн сэтгэлээс ялгаатай энэ сэтгэл нь Бурханы төгс гэгээрсэн сэтгэл болон хувирдаг юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Азийн сүсэгтнүүдэд зориулан айлдаж буй номын айлдварын хоёр дахь өдөр. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.09.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Маш нарийн гэгээн гэрлийн сэтгэл нь хоосон чанарт шингэснээр эцсийн түйтгэрүүдийг арилгах бөгөөд энд дурьдсан гэгээрсэн бодийн сэтгэл бол энэхүү сэтгэл юм.”

“Бурхан Багш хуврагийн дүрээр номоо айлдсанаас гадна дандрын ядам бурхдын дүрээр нууцын номууд айлдсан бөгөөд энэ үедээ бүдүүн сэтгэл ухамсар ба энергийг зогсоож төрөлх гэгээн гэрлийн сэтгэлээр боссон нь тэр байжээ.”

Гэгээн гэрлийн сэтгэл нь ердийн хүмүүсийн хувьд үхлийн үед тохиодог боловч гэгээрлийн өмнөх харлах үзэгдлийн дараа ой ухаан байдаггүй учраас гэгээрлийг таниж чаддаггүй болохыг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлалаа. Харин дадлага туршлага олсон номыг бүтээгчдийн хувьд зүрхнийхээ хүрдний төв судал дотор гэгээн гэрлийн сэтгэлээ танин барьж чаддаг ажээ. Үхлийн үед махбодиуд шингэх явцад бясалгагч бясалгалын хүчээр өвөрчлөнгийн 80 атгагыг зогсоож гэгээн гэрлийн сэтгэлээ ил гаргаж чадна. Амьд үедээ дадуулж байсан авьяасын эрхээр тэд ой ухаан ба танин мэдэхүйгээ алдалгүйгээр гэгээн гэрлийн сэтгэлээ танин барьж нэгдэж чаддаг ажээ.

Азийн сүсэгтнүүдийн хүсэлтээр зохион байгуулагдаж буй уламжлалт номын айлдвар явагдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.09.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Ийм хүмүүс гэгээн гэрлийн сэтгэлийг нойрсох үедээ ч тодруулж чаддаг бөгөөд үүнийгээ ашиглан хоосон чанарыг бясалгадаг байна. Махбодиуд шингэх үйл явц болон маш нарийн сэтгэлийн түвшиндээ гэгээн гэрлийн сэтгэлээ тодруулан бясалгах нь маш нарийн түвшин дэх мэдэгдэхүүний түйтгэрүүдийг арилгах гол арга юм. Ийм нарийн сэтгэлийг нууц тарнид заадаг билээ. Энэ сэтгэл нь хамгийн нарийн гэм түйтгэрүүдийг арилгах чадвартай, хоосон чанарыг ухаарсан ухамсар болдог.”

Буддизмаас өөр бусад уламжлалуудад суурь үгүй, нэг, бие даасан эзэн “би”-г номлодог бол буддизмын уламжлалуудад хүнийг нэрийн төдий, төлөөлөгч суурь нь бие-сэтгэлийн нэгдэл гэж үздэг юм. Гэхдээ энэ бие-сэтгэлийн нэгдэл нь үзэгдэж буй байдлаараа оршдоггүй бөгөөд үүнийг ойлголгүйгээр “би” гэж баримталсаар байх нөхцөлд хоосон чанарыг бүрэн онох боломжгүй билээ.

“Энэ судрын хөндөж буй сэдэв нь төгс гэгээн гэрлийн сэтгэл болон түүний хоосон чанартай уялдах холбоо бөгөөд ийм тайлбар бусад судар болон тантрад түгээмэл тохиолддог. Гэм түйтгэрээс чөлөөлөгдсөн, зовлонт сэтгэл хөдлөлүүдээс чөлөөлөгдсөн сэтгэл нь маш онцгой төлөвт сэтгэл билээ. Шарвагын архадууд нь мэдэгдэхүүний түйтгэрийн маш нарийн гэмүүдээс хагацаагүй байдаг. Тиймээс эдгээр гэмээс хагацахын тулд бодийн сэтгэлийг гэгээн гэрлийн сэтгэлтэй хослуулан бясалгах ёстой. Өчигдөр би та бүхэнд хэлж байснаар хоосон чанарын үзэл ба бусдыг өөрөөсөө илүү энэрэн хайрлах сэтгэл нь амар амгаланг бий болгож зоргоор сэтгэлийг даран номхтогдог учиртай. Тиймээс энэ сударт өгүүлсэний дагуу та өөрийгөө бусдад зориулах хэрэгтэй юм шүү.”

Номын айлдварт сууж буй хүмүүс. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.09.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Гэгээн гэрлийн сэтгэлийг ашиглан хоосон чанарыг бясалгах үед та сэтгэл төдийтний үзлийг баримталдаг байж болох ч сэтгэл нарийсан нарийссаар бясалгаач сэтгэлээ тусгаарлах түвшинд хүрэхэд сэтгэл төдийтний үзэлтэн төв үзэл рүү шилждэг гэж ярьдаг билээ. Хутагт Нагаржуна “Билгүүний үндэс”-тээ бичсэнээр:

Шүтэн барилдлагат юмс бүгд
Хоосон чанартай бөгөөд
Шүтэн барилдлагат оноолт нь
Өөрөө Төв үзэл юм.

Шүтэн барилдлагагүй оршдог
Нэгээхэн ч зүйл үгүй бөгөөд
Иймээс хоосон чанаргүй оршдог
Нэгээхэн ч зүйл гэж үгүй билээ.  

Дээрхийн Гэгээнтэн “Билгүүний зүрхэн”-ээс Хутагт Жанрайсагийн зарлигласан хоосон чанарын тунхагийг эш татаад – “Дүрс бол хоосон, хоосон бол дүрс. Дүрсээс тусдаа хоосон гэж үгүй, хоосоноос ч тусдаа дүрс гэж үгүй”, энэ нь бие-сэтгэлийн нэгдлийг илэрхийлж байгааг онцоллоо.

Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн Богд Зонховын түүхийг өгүүлсэн юм. Жому Лүн дацанд Винайн ёсыг судалж байхдаа Богд Зонхов хуврагуудын номын уншлага хуралд хамт оролцдог байжээ. Эдгээр номын үйлийн явцад “Билгүүний зүрхэн”-г унших үед тэрээр дийлэнхдээ гүн бясалгалд орж нэгэн үзүүрт төвлөрөлд оршдог байв. Зарим үед маш гүн бясалгалд ордог байсан тул бусад лам хуврагууд уншлага номоо дуусгаад гадаалсаныг ч тэрээр мэдэлгүй ганцаараа хоцордог байжээ. Сүүлд нь Зонхов богдын ойрхон суудаг байсан хийдийн баганыг хүндэтгэлтэйгээр “төвлөрлийн багана” гэж нэрлэсэн байна.

“Та хоосон чанарыг шууд оносон бол” гэж Дээрхийн Гэгээнтэн цааш үргэлжлүүлээд “үзэхүйн мөрд орох бөгөөд эндээс бодьсадвийн газрууд руу орох юм. Долдугаар газар дээр та бүхий л хөнөөлт, зовлонт сэтгэлүүдээсээ ангижирах болно” гэж тайлбарлав.

Судрын бадгуудыг үргэлжлүүлэн унших явцдаа Дээрхийн Гэгээнтэн 22-р бадгаас эхлэн сэтгэл төдийтний үзлийн эсрэг нотолгоонуудыг гаргаж тавьсан байгааг, харин 55-р бадгаас эхлэн төв үзлийг танилцуулж байгааг онцоллоо. Хоосон чанар нь нихилистик буюу бүгдийг үгүйсгэгч үзэл биш бөгөөд учир нь юмс үзэгдэл бүгд шүтэн барилдлагаар бий болдог гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тодотгосны дараа 59-р бадаг дээр хүрээд өнөөдрийн айлдварыг зогсоосон юм.

Номын айлдварт суусан хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.09.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Хувь хүмүүсийн тавьсан асуултанд хариулахдаа Дээрхийн Гэгээнтэн “Билгүүний зүрхэн”-д дурьдсан дөрөвчилсөн хоосон чанарын тодорхойлолт нь хоосон чанарыг ямар нэгэн зүйлийн шинж чанар мөн бөгөөд энэ чанар нь ямар нэгэн зүйл дээр суурилсан гэдэг утга илэрхийлж буйг онцлоод дүрс ба хоосон чанар хоёр нь мөн чанарын хувьд адил боловч ойлголтын хувьд ялгаатай гэдгийг дурьдлаа.

Тэрээр цааш тодотгон, ямар нэгэн зүйл олдохгүй байна гэдэг нь тухайн зүйл оршин байдаггүй гэсэн үг биш гэдгийг тайлбарлаад Бромдон гэгээнтний эшлэлээс татан гал ба гар нь билиг чанараараа оршоогүй боловч хэрэв галд гараа хийвэл түлэгдэх болно, тиймээс сайтар шинжлэн үзэхэд бодит мөн чанараараа оршсон гал ба гар байхгүй хэдий ч харьцангуй мөн чанартай оршиж байгаа гэдгийг онцолсон юм.

Өдөр бүр бусдыг гэсэн гэгээрсэн бодь сэтгэлийг дадуулахын тухайд асуухад хэрэв зовлонг арилгах арга зам байгаа гэдгийг ойлгосон нөхцөлд бусад амьтад ч гэсэн ингэж үйлдээсэй, түүнд нь туслах юмсан гэсэн хүсэл сэтгэлийг үүсгэж болно гэж Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. Хэдийгээр бодь сэтгэл нь бүхий л шашны уламжлалуудад илэрхийлдэг хайр ба энэрэл нигүүлсэлд суурилдаг боловч бусдаас ялгаатай нь бусад амьтан бүрт туслах боломжийг олохын тулд гэгээрэлд хүрэхийг хүссэн эрмэлзлийг агуулдаг юм.

Дээрхийн Гэгээнтэн “Бодь сэтгэлийн тайлбар”-ыг маргааш үргэлжлүүлнэ.                  

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт