Энэтхэг, Шинэ Дели – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн олон улсын төвд зочиллоо. Энд Энэтхэг судлалын институт (ЭСИ)-ын урилгаар 24 дэх Сарвепалли Радхакришнаны дурсгалд зориулж илтгэл тавих ёстой байв. Доктор Сарвепалли Радхакришнан нь Энэтхэгийн анхны дэд ерөнхийлөгч, хоёр дахь ерөнхийлөгч байсан бөгөөд Энэтхэг судлалын олон улсын төв (ЭСОУТ)-ийн үүсгэн байгуулжээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тайзны өмнө хүрэлцэн ирээд ихэнх нь хуучин танилуудаас бүрдсэн 250 гаруй хүндэт зочдын зүг инээмсэглэн мэндлэв. Тэдний дундаас доктор Капила Ватсяанан уг хурлыг удирдаж Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт доктор Винай Сахасрабудде болон ЭСИ -ын дарга Капил Капурыг нээлтийн зул өргөхийг урив.
ЭСОУТ-ийн захирал, профессор Макаранд Р Паранжапе тавтай морилохыг хүсэн үг хэллээ. Тэрээр ЭСОУТ-ийн товч түүхийг ярив. Доктор Радхакришнан Энэтхэгийн ерөнхийлөгч байхдаа уг төвийг Шимлад үүсгэн байгуулжээ. Доктор Радхакришнан нь дан зөвхөн ведийн болон санскрит судлалын эрдэмтэн байгаагүй, Оксфордод ёс суртахууны салбарын удирдах албанд ажилдаг байжээ.
Профессор Паранжапе дараа нь Жамму ба Кашмер мужийн захирагч асан, ЭСОУТ-ийн ерөнхийлөгч Н.Н Вохраг урьлаа. Ноён Вохра цаг үрэхгүй байхын тулд урт үг хэлэхгүй гэдгээ мэдэгдээд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг таалан сонсохыг уриалсан юм. Тэрээр анх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай хэрхэн уулзсан тухайгаа дурсан ярив. 1960 оны эхээр тэрээр Канград шүүгчээр ажиллаж байхдаа түүнтэй уулзсан байна.
Дараа нь ЭСОУТ-ийн дэд дарга С.Л Гупта хинди хэлээв товч танилцуулга уншив.
Доктор Винай Сахасрабудде Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт илтгэл тавьж байгаа нь нэр төрийн хэрэг хэмээн үзэж буйгаа мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ оюун санааны удирдагчид тэр болгон Дээрхийн Гэгээнтний адил ёс суртахууны талаар ярьдаггүй гэв. Тэрээр илтгэлдээ ёс суртахууны дөрвөн өнцгийг хөндөн ярьсан юм. 1. Оюун санааны ардчилалыг ойлгох, 2. хувь хүн болон нийгмийн тухай ойлголт, тэдгээрийн харилцан хамаарал, 3. Хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах, ялангуяа цаг уурын өөрчлөлтийг даван туулах, 4. ёс суртахуун ба эдийн засаг, Махамта Гандигийн асрамж ивээлийн загварыг авах тухай байлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Хүндэт ахан дүүс минь” хэмээн мэндлээд олон жилийн турш нөхөрлөж буй анд нөхөд энд байгааг дурдлаа.
“Би зарим хүмүүсийн нэрийг сайн санахгүй байгаа ч царайг тань сайн таньж байна. Зарим хүмүүс өндөр настай болсныг хараад би өөрөө ч хөгширч буйгаа мэдэрдэг.”
“Ямартаа ч хамгийн чухал зүйл бол бид өөрсдийн амьдралаа утга төгөлдөр өнгөрүүлэх явдал юм. Бид бүгдэд бурханлаг чанар байгаа боловч үүнийг бүрэн гүйцэд ашиглахын тулд практик дадлага хийх ёстой. Үндсэн дадлагуудын нэг нь юмс үзэгдлийн бодит үнэнийг ухаарах. Энэ нь үзэгдэж буй байдал болон бодит үнэний ялгааг гаргаж ирдэг. Нэгэнт бидний сөрөг сэтгэл хөдлөлүүд юмс үзэгдлийн мөн чанарыг буруугаар ойлгосон мунхагаас үүдэлтэй тул үүнийг арилгах ерөндөг нь юмс үзэгдлийн мөн чанарыг үнэн зөвөөр нь таних явдал билээ. Дараагийн хүчин зүйл нь энэрэнгүй сэтгэл юм. Сайхан сэтгэлтэй хүмүүс аз жаргалтай харагддаг бөгөөд олон хүмүүс түүнийг хүрээлэн ирдгийг бид харж байна.”
“Өнөөдөр бид доктор Радхакришнаны ойг тэмдэглэж байна. Би түүнтэй анх 1956 онд Энэтхэгт ирэх үедээ уулзаж байсан юм. Тэрээр Бурхан Багшийн ойн баярыг тэмдэглэх комиссын дарга байсан бөгөөд намайг энэ баярт оролцохыг урьсан хүн байлаа. Мөн тэрээр орчин үеийн өндөр боловсролоор үл барам эртний Энэтхэгийн гүн мэдлэгтэй нэгэн байсан юм.”
“Тэрээр санскрит хэлээр уншлага унших нь үнэхээр гайхалтай байсан ба ялангуяа хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс” номноос унших үед би тухайн үгийн дуудлага нь утга илэрхийлэхэд хичнээн нөлөөтэй болохыг ойлгож билээ. Доктор Радхакришнан бол орчин үеийн боловсролыг эртний мэдлэгтэй холбох хичнээн чухал болохыг бодитоор харуулсан хүн байлаа.”
“Өнөөдөр аллага, тэмцэл тулаан, тэр бүү хэл шашны нэрийн өмнөөс ийм явдал гарч байгаа тул Энэтхэгийн ахимса-хүч үл хэрэглэх, каруна-энэрэнгүй сэтгэлийн уламжлал нэн чухал болж ирлээ. Хүн бүхэн аз жаргалтай амьдрахыг хүсч, сөрөг муу сэтгэл хийгээд зовлонтой зууралдахыг огт хүсдэггүй. Үнэндээ бид төрсөн цагаасаа эхлэн сэтгэлийн амар амгаланг өгөгч энэрэнгүй сэтгэл зэргийг хөгжүүлэх бүрэн боломжтой билээ.”
“Энэрэнгүй сайхан сэтгэл нь аяндаа тэвчээр, уучлалыг бий болгодог. Бүр бидний дайсан гэж боддог нэгнийг ч үнэндээ энэ хүн надтай адил аз жаргалтай амьдрах эрхтэй хэмээх ойлголтонд хүргэж чадна. “Чиний дайсан чиний хамгийн сайн багш болж чадна” гэдгийн нэгэн шалтгаан нь энэ юм. Тэдгээр хүмүүс агуу сайхан сэтгэлийг төлөвшүүлэхэд сургадаг.”
Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа шинжлэх ухааны судалгаа өөрчлөгдөж байгааг дурдлаа. Шинжлэх ухааны эрдэмтэд гадаад ертөнцийн тухай маш өргөн мэдлэгтэй боловч дотоод сэтгэл оюуны талаар тун бага мэддэг гэв. XX зууны эрдэмтдийн үзэж байсан оюун ухаан гэж тусдаа үгүй, энэ нь зөвхөн тархины үйл ажиллагаа юм гэсэн нь хэдийнээ өөрчлөгдсөн болохыг хэллээ. XX зууны сүүлээр, XXI зууны эхэн үед оюун ухаан нь уураг тархинд нөлөө үзүүлж буйн баримт, судалгаа улам нэмэгдэж эхэлсэн байна.
Шинжлэх ухааны эрдэмтэд бясалгал хийх үед уураг тархинд ямар нөлөө үзүүлдгийг судалж буй. Мөн Москва болон Висконсиний эрдэмтэд бясалгалын өндөр чадвартай лам нар хэрхэн “түгдам”-д оршдог талаар судалгаа хийгээд эхэлснийг дурдлаа. Тэдгээр лам нар клиник үхэлд орсон ч машид нарийн ухамсар биеэс нь бүрэн гараагүй тул нэгэн үе бие цогцос муудахгүй байж чаддаг ажээ.
Дээрхийн Гэгээнтэн эцэст нь оюун ухааны тухай илүү сайн ойлгохын хэрээр ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүүхдүүдэд сэтгэлийн амар амгаланг хэрхэн олж авах, түүнийг хэрхэн хөгжүүлэх тухай хичээл оруулах хэрэгтэй гэж зөвлөв. Энэ нь мөн эртний Энэтхэгийн мэдлэгийг ч хөгжүүлж буй хэрэг юм гэлээ.
Асуулт хариултын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлхийн дулаарлын тухай ярихдаа энэ тал дээр арга хэмжээ авахыг хүсч буй Грета Тунберг тэргүүтэй хүүхэд залуучуудын хичээл зүтгэлийг онцолсон юм.
Тэрээр хүүхэд багачууд цайлган, нээлттэй, энэрэнгүй хандлагатай байдгийг дурдаад тэдгээр чанарыг улам хөгжүүлэх, биеийн эрүүл мэндийн сургалт явуулдагтай адил сайхан сэтгэлийн сургалт явуулах бүрэн боломжтой болохыг тайлбарлав.
“Хэрэв та энэрэнгүй сайхан сэтгэлтэй бол бүгд эерэг харагдана. Тиймээс ямар ч асуудал бэрхшээл үүссэн дотоод сэтгэлийн амар тайван байдлыг алдаж болохгүй. Харин эсрэгээр айдас, хардалт сэрдэлт дүүрэн бол юм бүхэн сөрөг харагдах болно.”
“Би хүн төрөлхтөн нэг гэдэгт хүчтэй итгэдэг. Хүн төрөлхтөн гэдгээрээ бид бүгд адилхан шүү дээ. Тиймээс би хэнтэй ч уулзсан бидний дунд ямар ч бэрхшээл үүсдэггүй.”
Бурханы шашны ном сургааль хэрхэн дэлгэрч буй талаар асуухад хүмүүс зан үйлд хэт их анхаарал хандуулж, сургааль номлолын жинхэнэ утга санаанд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа талаар дурдлаа. Тэрээр дан ганц уншлага уншаад зогсох бус, утга учрыг нь олохоор суралцах ёстой гэв. “Жинхэнэ практик нь дотоод оюун ухаан хийгээд сэтгэл хөдлөлөө өөрчлөх явдал юм.”
“Хэрэв сурагч хүүхдүүдэд сэтгэлийн амар амгаланг олох тал дээр илүү анхаарч, илүү цаг зарцуулж чадвал ойрын 30 жилийн дараа тэд хэрхэн өөрчлөгдсөнийг харж чадна. Сэтгэлээ хэрхэн амар тайван байлгах, сөрөг сэтгэл хөдлөл үүнийг хэрхэн үгүй хийдэг, тиймээс түүнийг хэрхэн дарах тухай сайтар ойлгож чадвал энэ нь сайхан амьдралын түлхүүр юм.”
Төгсгөлд нь профессор Капил Капур хинди хэлээр талархалын үг хэллээ. Тэрээр өнөөдөр ёс суртахууны талаар илтгэл тавьсан Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон доктор Винай Сахасрабудде нарт талархал илэрхийлж байгаадаа туйлын баяртай байгаагаа мэдэгдэв.
Дээрхйин Гэгээнтэн тайзнаас буугаад жижиг цахилгаан тэргэнд суун буцлаа. Энэ үеэр олон хүн түүнийг олж харах, түүнтэй мэндлэхийг хүсэн урагш тэмүүлж байв.
Маргааш тэрээр Делигээс Аурангабадын зүг хөдөлнө.