Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өглөө Тайландын лам хуврагууд пали хэлээр Мангала судрыг уншсаны дараа Индонезийн энгийн сүсэгтнүүд “Зүрхэн судар”-ыг өөрсдийн хэлээр уншлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:
“Өнөөдөр энэ удаагийн номын айлдварын сүүлийн өдөр тохиож байна. Тиймээс номын айлдварын төгсгөлд төгсгөлийн буяны зан үйл болгож бид хамтдаа бодь сэтгэл төрүүлэх уншлага уншиж, хамтдаа бодь сэтгэлийг бясалгах болно. Мөн хутагт Нагаржунайн айлдварууд асар гүнзгий бөгөөд өргөн уужим сэдвийг хамардаг тул би даруй анхааран авлага болгож чадах Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм” номыг тайлбарлахыг хүссэн юм.” хэмээгээд энэ өдрийн айлдвараа эхэллээ.
“Адиша гэгээн Төвөдөд морилон ирж Гаадамбын урсгалыг дэлгэрүүлэхдээ хувь хүний оюуны цар хүрээгээр нь их, дунд, бага хэмээн ялгаж тэдний өөр өөрсдийн онцлогт тохирсон арга увидсыг номлосон юм. Богд Зонхов “Их бодь мөрийн зэрэг”, “Бодь мөрийн зэрэгийн хураангуй утга” номуудыг зохиосны дараа Төвөдийн зүүн зүгийн Цахо нутгийн захирагч Агваандагвагийн хүсэлтээр зохиосон юм. Энэ номыг өдөр бүр унших, бодож бясалгахад их дөхөм билээ.”
Дээрхийн Гэгээнтэн “Бодь сэтгэлийн тайлбар” номоо авч өчигдрийн зогссон хэсгээс үргэлжлүүлэн арван хоёр шүтэн барилдлагын тухай өгүүлсэн хэсгийг уншиж эхэллээ. Тэрээр бусад гүн ухааны түвшинд төв үзэлтнүүд юмс үзэгдлийг үгүйсгэдэг гэсэн шүүмжийн эсрэг хутагт Нагаржуа төв үзлийн онолоор юмс үзэгдэл огт хоосон бус зүүд, илбэ мэт оршдог хэмээн тайлбарласан гэдгийг онцоллоо. 68-р шүлэгт юмс үзэгдэл бүхэн туйлын чанартаа бүгд адилхан бөгөөд бусадтай хамаарахгүйгээр орших нэгээхэн ч зүйл үгүй гэж айлдсаныг тайлбарлав. Өөрийн бие даан оршиж буй зүйл байна гэж үзвэл мөн чанарыг таньж чадаагүй мунхаг бөгөөд буруу үзэл гэлээ.
74-р шүлгээс эхлэн бодь сэтгэлийн тухай тайлбарласан байна. Тэрээр хэрэв таньд бодь сэтгэл төрөх аваас орчлон хорвоогийн эцсийг хүртэл бусдад туслая гэсэн хүч зориг, сэтгэлийн тэнхээ бий болно гэв. Мөн өөрийн зорилгоо биелүүлэхэд бодь сэтгэлээс илүү зүйл үгүй бөгөөд өөрт болон бусдад ач тусаа өгдөг бодь сэтгэлээс илүү зүйл нэгээхэн ч байхгүй гэдгийг онцлов.
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн “Мөрийн гурван эрхэм” номоо аваад Богд Зонхов энэ номыг захидал хэлбэрээр Агваандагвад илгээж түүнийг эдгээр гурван эрхэм зүйлийг дадлага болгохыг хүссэн гэв. Хэрэв ингэж чадвал Богд Зонхов сайн цагийн мянган бурхадын нэг болж орчлонд залрахдаа дээдийн номын рашааныг хамгийн түрүүнд чамд өгөх болно гэж айлдсан байна.
“Бид олон зүйлийг багш нараар заалгадаг. Богд Зонхов өөрийн “Их бодь мөрийн зэрэг” номондоо бусдын догшин буруу сэтгэлийг засахын тулд эхлээд өөрийн сэтгэлийг зассан байх ёстой” гэж айлдсан байдаг. Бид Бурхан Багшийн айлдварыг дагахдаа ёс суртахуун, сэтгэл төвлөрөл, саруул билиг оюун гэсэн гурван зүйлд суралцах ёстой. Мөн “Их бодь мөрийн зэрэг”-т багшийн айлдвараар нь түүнийг сайн ажиглах хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Багшдаа сүсэг бишрэл сайтай байх нь нэг хэрэг ч нөгөөтэйгүүр зарим үед багш алдаа гаргах магадлалтай тул бид өөрсдөө ухаалаг байх нь чухал билээ.”
“Жишээлбэл Павонха ринбочэ нь Тижан ринбочэ тэргүүтэй гайхамшигтай олон шавь нарыг төрүүлсэн ч үнэндээ түүний Шүгдэн шүтсэн нь алдаа байлаа. Хэдийгээр та багшдаа хувь хүн талаас нь цэвэр ариун хандлагаар хандах ёстой ч ямар сургааль айлдаж байгаа тал дээр ихэд анхаарах хэрэгтэй. Би нэг хэсэг Шүгдэнг шүтэх, эсэх дээр эргэлзээтэй болж, үүнийг нэлээд судалж эхэлсэн бөгөөд хожим агуу V Далай Ламын бичигт маш хүчтэй шүүмжилсэн байсныг олж үзсэн юм. Тэрээр Шүгдэнг буруу ерөөлийн эрхээр муу төрөл авч гарч ирсэн тул хүн амьтан хийгээд шашинд хортой байна гэж бичсэн байна. Арилсан үзэгдэл бүхий өндөр дээд билиг оюунтай V Далай Лам Шүгдэнг ийнхүү тодорхойлжээ.”
“Би ч гэсэн эхэндээ Шүгдэнг шүтдэг байсан боловч Шүгдэн хийгээд түүний гарал үүслийг судалж үзээд эерэг зүйл гарахгүй гэдгийг олж мэдсэн юм. Тиймээс үүнийг шүтэх нь хор уршигтай, ашиг тус байхгүй гэдгийг бусдад хэлж таниулах нь миний үүрэг билээ. Шүгдэнг шүтэж буй хүмүүс Богд Зонховын уламжлалд сөргөөр нөлөөлж байна.”
“Энэ санааг бүгдээрээ сайтар ухаарч багшийн үйлдэл бүхэнд үнэн зөв гэж туйлшрахгүй байх нь чухал юм. Бурхан Багш бидэнд ингэж захиагүй, харин ч өөрийн багш юу номлож байгааг сайн нягталж байх хэрэгтэйг зөвлөсөн юм.”
Дээрхийн Гэгээнтэн номоо эргүүлэн аваад үргэлжлүүлэн уншив. Богд Зонхов эхлээд олон багш нарт мөргөл залбирал үйлдсэний дараа гэгээрлийн зам мөр болсон гүнзгий үзэл болон агуу их явдлын сургааль болсон бодь сэтгэлийг тайлбарлана гэж айлдсан байна гэв.
“Гэгээрэлд хүрэхийн тулд өөрийн дотоод муу сэтгэл бүхнийг арилгах ёстой. Бид суралцаж, сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлж, дадлага болгож байгаа нь дан ганц сүсэг бишрэл, итгэл үнэмшилээр гэгээрэлд хүрч чадахгүй гэдгийг харуулж байгаа билээ. Мэдэхгүйн улмаас буруу төсөөлөлд автаж байгааг арилгах хэрэгтэй.”
“Энэ ном нь гэгээрэлд тэмүүлэх, бодь сэтгэл, гүнзгий үзэл гэсэн гурван зүйлийг номлодог. Эдгээр гурвыг хэрхэн төрүүлэх, ямар хэмжээнд төрдөг болохыг тайлбарласан байна. Энэ бүгдийг ойлгож чадвал энэ амьдрал хичнээн үнэ цэнэтэй болох, мөн өнө мөнхийн бус түр зуурынх, хэзээ нэгэн цагт үхэлтэй нуур тулгарах, үүнийг урьдчилан тааварлах боломжгүй, ийм цаг ирэхэд дээдийн номыг анхааран авлага болгосон нь л тус болно гэдгийг ухаарах юм.”
5-р шүлэг нь гэгээрэлд хүрэхийг хүссэн сэтгэлийг улам хөгжүүлэх тухай гарах бөгөөд 6-р шүлэг нь бодь сэтгэлийг хөгжүүлэхийн учир шалтгаан юу болох, 7 хийгээд 8-р шүлэгт үүнийг хэрхэн төрүүлэх арга замыг тайлбарласан байна. Би өдөр бүр энэ номыг уншихдаа энэ хоёр шүлэг дээр улам их анхаардаг.”
“Хүннү Лама ринбочэ багш маань надад “Бодьсадвын явдалд орохуй” номыг тайлбарлан заах үедээ үүнээс илүү бодь сэтгэлийг тайлбарласан ном байхгүй гэж айлдаж байсан юм. Мөн хутагт Нагаржунайн “Эрдэнийн эрхи” номонд ч бодь сэтгэлийн тухай тайлбарласан нь сэтгэл санааг улам зоригжуулдаг.”
“9-р шүлэгт хэрэв та хоосон чанарыг ухаарахгүй бол зовлонгийн уг үндсийг бүрэн гүйцэд арилгаж чадахгүй тухай гардаг. Хутагт Нагаржуна айлдсанчлан Богд Зонхов ч мөн адил шүтэн барилдлагыг ухаарахын төлөө хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэж зөвлөсөн юм.”
“Хоосон чанар хийгээд шүтэн барилдлага хоёрыг тус тусад нь салгаж ойлгох аваас та Бурхан Багшийн эцсийн таалалыг ойлгоогүй байна гэсэн үг. Богд Зонхов эхэндээ хоосон чанар хийгээд шүтэн барилдлага хоёрыг салган бодож, энэ хоёр өөр хоорондоо хэрхэн уялдах талыг хараахан ойлгоогүй байжээ. Хожим тэрээр энэхүү ойлголтыг бүрэн ухаарсан бөгөөд өөрийн шавь Агваандагвад “Хэзээ нэгэн цагт чи аливаа юмс уг хийгээд нөхцлийн эрхээр бий болдгийг хоосон чанарын үүднээс харж чадвал тэр цагт хоёр туйлширалд эзлэгдэхгүй болой” хэмээн айлдсан байна. Эцэст нь Богд Зонхов түүнд аглагт ганцаараа сууж агуу их хичээл зүтгэл гаргаж чадвал төд удалгүй эцсийн зорилго гэгээрэлд хүрэх болно гэж зөвлөжээ.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан олныг удирдан бодь сэтгэл төрүүлэх зан үйл үйлдсэн бөгөөд дараа нь цугласан олонд Бурхан Багш, Жанрайсиг, Манзушри, Дарь Эх бурхадуудын зүрхэн тарнийн лүн өгөв.
“За ингээд энэ удаагийн номын айлдвар үүгээр өндөрлөж байна. Ирэх жилийн номын айлдвараар эргэн уулзая.” гэсэнд цугласан олон бүгд алга ташлаа.
Азийн улс орнуудаас ирсэн 38 группын хүмүүс ихэнх нь энэ цуврал номын айлдварт байнга ирдэг хүмүүс байлаа. Тэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт зургаа татуулав.
Дээрхийн Гэгээнтэн хүмүүстэй дурсгалын зургаа татуулж дууссаны дараа дуганы шатаар алгуур буун доор байрлах машиндаа суун ордны зүг морилсон юм. Тэрээр замдаа түүнийг харахыг хүссэн олон хүний зүг инээмсэглэн гар даллан явж байлаа.