Энэтхэг, Дарамсала, Тэгчинчойлин – Өнөө өглөө АНУ-ын Энх Тайвны Институтээс (АНУЭТИ) зохион байгуулж буй уулзалтын хүрээнд дайны хөлд нэрвэгдсэн 11 орны 24 залуу манлайлагчид энх тайвны сэдвээр ярилцахаар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд бараалхлаа. Тэд Афганистан, Колумби, Ирак, Ливи, Мьянмар, Нигер, Сомали, Өмнөд Судан, Сири, Тунис болон Вэнэсуэл улсуудаас ирсэн юм. Мөн айлчлалын багт залуу сургагчид, талбарын мэргэжилтнүүд болон АНУЭТИ-ийн ажилтнууд оржээ.
АНУЭТИ-ийн ерөнхийлөгч Нэнси Линдборг ярилцлагыг хөтлөв. Тэрээр залуу энх тайвны төлөөлөгчдийг 4 дэх удаагаа хүлээн авч уулзаж байгаад Дээрхийн Гэгээнтэнд гүнээ талархаад төлөөлөгч бүрийг өөрсдийгөө танилцуулахыг хүсэх үед Дээрхийн Гэгээнтэн хариу хэллээ.
“Миний хувьд хамгийн сайн танилцуулга бол тухайн хүний нүүр царай юм” гэж тэрээр инээд алдан хэлээд “би хоёр нүд, нэг ам, нэг хамар харах үедээ надаас өөрцгүй, адилхан хүнтэй уулзаж байна даа гэж хүлээж авдаг. Хэрэв хүүхэд инээгээд тоглоход бэлэн байгаа бол тэр хүүхдийн хаанаас ирсэн, хэн болох нь бусаддаа хамаагүй байдаг багачуултай би их адилхан шүү. Үндэс угсаа, шашин шүтлэг бас арьс өнгөн дээр төвлөрөх нь зөвхөн хагарал хуваагдлыг л үүсгэнэ. Бид илүү гүн гүнзгий түвшин рүү нь хандах хэрэгтэй, бид бүгдээрээ бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлийн хувьд адилхан л хүн төрөлхтөн гэдгээ санаж байх ёстой шүү дээ. Чухам ийм үндэслэл дээр л суурилж би хүмүүст хүн төрөлхтөн бүгдээрээ нэг гэдгийг сануулдаг” гэж онцоллоо.
Хатагтай Линдборг дараагийн хоёр өдөр дараалан дөрвөн сэдвээр, тухайлбал хэрхэн хуваагдаж талцсан талуудыг холбох харилцааны гүүрийг бий болгох, яаж хамруулан оролцуулдаг байх, хэрхэн энх тайвныг тогтоох, мөн энх тайвнаа хэрхэн тогтвортой хадгалан хамгаалах вэ гэсэн сэдвүүдээр ярилцаж амжина гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Мьянмараас ирсэн залуу төлөөлөгч өөр нэг овгийн хүн өөрийнх нь ээжийг хөнөөсөн маш хүнд гашуун туршлагаа эргэн дурсаад Буддистуудын хувьд үзэн ядах үзлийн тухай тодруулж өгөхийг Дээрхийн Гэгээнтнээс хүслээ. Анх Мьянмарт Буддистууд Муслимчуудад халдсан тухай сонсоод Бурхан Багш өөрөө тэдгээр муслимчуудыг өмөөрөн хамгаалах байсан гэдгийг бодож үзэхийг Мьянмарын Буддистуудаас хүсэж байснаа Дээрхийн Гэгээнтэн тодрууллаа. Тэрээр Анг Сан Су Читэй нөхцөл байдлыг ярилцсан боловч цэргийнхэн үйл ажиллагаанд оролцсон учраас шийдэхэд маш түвэгтэй болсныг дуулгаж байжээ.
“Ийм нөхцөл байдлуудад бид уг суурьтаа нэгэн адил хүн гэдгээ сайтар бодож тунгааж байх хэрэгтэй. Шинжлэх ухаанды эрдэмтэд ч хүмүүсийг угтаа нийгмийн амьтад гэдгийг батлаад байгаа. Бид бие биенээсээ хамаарч амьдардаг. Уур хилэн, үзэн ядах сэтгэл нийгмийг хуваагаад зогсохгүй бидний хувийн эрүүл мэндэд хортой шүү дээ. Бид бүгдээрээ аз жаргалтай амьдрахыг, эрүүл энх байхыг хүсч байна. Тэгэхдээ үүнд хүрэхийн тулд бид биеийн ариун цэврээ сахидагийн адилаар өөрсдийн сэтгэлийг ариусган сахих шаардлагатай, өөрсдийн хорт муу сэтгэлүүдээ дарж, арилгахад суралцах хэрэгтэй юм.”
“Барууны орнуудын нөлөө ихтэй өнөөгийн орчин үеийн боловсролд сэтгэлийг өөрчлөн засах тухай ойлголт бараг байхгүй гэж хэлж болно. Тиймээс бид сэтгэлээ өөрчлөхийн тулд сүсэг бишрэл гэхээсээ илүүтэйгээр мэдлэгт суурилан өөрсдийн оюун ухаанаа ашиглах шаардлагатай байна. Бид хүчирхийлэлээс татгалзаж, энэрэл нигүүслийн үндсэн дээр бусдыг хүндлэн хайрлаж сурах ёстой юм.”
“Шашны уламжлал бүгд хүн дээр төвлөрдөг бөгөөд хэдийгээр гүн ухааны үзлүүдээрээ ялгаатай байж болох ч үндсэн уламжлал бүгд хүний хамгийн гайхамшигт чанар болсон хайр дээр төвлөрдөг билээ. Шашин бүгд аз жаргалтай хувь хүн, аз жаргалтай ниймийг бий болгох нийтлэг зорилготой юм.”
Тунисын төлөөлөгч ялгаварлан гадуурхагдсан хүмүүст итгэл найдвараа эргэн олоход нь хэрхэн туслах талаар сонирхож асуулаа. Ийм нөхцөлд юуны түрүүнд өөрийгөө зүгээр л хүн гэдгээ ухаарах нь их тустай гэж Дээрхийн Гэгээнтэн хариулав. Өөрөө цастын орон Төвөдөөс гаралтай боловч тэрээр өөрийгөө уг шинжээрээ бусад хүмүүстэй яг л адилхан хүн гэдгээ өөртөө байнга сануулдаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн онцоллоо. Ийм шинж чанар бага хүүхдүүдэд аяндаа илэрдэг бололтой. Харин сургуульд орсон цагаасаа эхлэн хүүхдүүд үндэстэн, шашин, арьс өнгө ба гэр бүлийн гарал, баян эсвэл ядуу байхын ялгаанууд дээр анхаарч эхэлдэг байна. Гэтэл угтаа ийм ялгаанууд нь хоёрдугаар зэргийн л ач холбогдолтой юм. Чухал зүйл бол бид бүгдээрээ нэг төрөл, нэг нийгэм, хамт олонд харъяалагддагт оршино.
Дээрхийн Гэгээнтэн Өмнөд Африкийн Советод нэгэн багштай уулзаад эх орондоо шинээр олсон эрх чөлөө, нийт иргэд нь эрх тэгш байх боломжтой болж байгаад нь баяр хүргэснээ дурсан ярилаа. Ингэж баяр хүргэтэл гэнэт нөгөө багш маань хар арьст хүмүүсийн оюун ухаан дорой, доогуур учраас эрх тэгш байна гэдэг боломжгүй болов уу гэж хариу өгүүлснээр Дээрхийн Гэгээнтнийг ихэд цочироожээ. Улмаар Дээрхийн Гэгээнтэн тухайн багшид хар ба цагаан арьст хүмүүсийн оюун тархи адил хэмжээнд ажилладаг гэдгийг чармайн тайлбарласнаа ярилаа. Үүнтэй адилаар Хан үндэсний Хятадууд Төвөдүүдийг оюун ухааны хувьд дутуу гэж дээрэнгүй хандах тохиолдлууд гардаг байсныг Дээрхийн Гэгээнтэн нэмж дурьдаад түүний туршлагаар ялгаа нь ердөөс боломж бололцоонд л байгаа бөгөөд ижил тэнцүү боломж олгох үед Төвөд хүмүүс Хятад хүмүүстэй адил ухаалаг, чадварлаг гэдгээ олонтаа батлан харуулсан гэлээ.
“Өнөөдөр эд материалын болон технологийн хөгжил их өндөр байгаа ч бид өөрөө өөрсдөдөө тарьсан, учруулсан олон сорилт хүндрэлүүдтэй нүүр тулсаар л байна. Эдгээрийн зарим нь бусад хүмүүсийг бид “бид” ба “тэд” гэж хардагтай холбоотой. Боловсролд халуун дулаан сэтгэлийг оюун ухаантай хослуулан нэгтгэх шаардлагатай байна. Мөн бусадтайгаа бий болгосон ялгаа зөрчлүүдээ хүчирхийллээр бус яриа хэлцэлээр шийдэх хүчин чармайлтыг гаргах ёстой” гэж Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав.
“Боловсрол бүрэн гүйцэд байвал материаллаг зорилтууд дээр төвлөрөөд зогсохгүй уур хилэн болон хувиа хичээсэн зан чанаруудыг яаж шийдэхийг тайлбарладаг, хэрхэн сэтгэлийн амар амгаланг олж болохыг мэднэ. Уур хилэн, шунал гэх мэт хорт муу сэтгэлүүд нь мунхаг сэтгэл дээр, юмсын бодит оршихуйг таньж чадаагүй оюун дээр суурилдаг тул үзэгдэж харагдах байдал болон бодит оршихуйн хоорондын ялгааг квант физик дээр хэрхэн батлан харуулж байгаагийн адилаар бодож, тунгааж, шинжилж үзэж байх нь тустай юм шүү.”
Хэд хэдэн залуу төлөөлөгчид хүн төрөлхтөн нэг гэдгийг хэрхэн таниулан дэлгэрүүлэх, мөн сэтгэлзүйн дарамт, гэмтэл авсан тодорхой бүлэг хүмүүсийн нийтээрээ үүсгэсэн сөрөг сэтгэгдэл, дурсамжийг хэрхэн анагаахыг сонирхож асуулаа. Тухайн бүлэг хүмүүс одоо байгаа нөхцөл байдлаа хангалттай эсэхийг өөрсдөөсөө асуух хэрэгтэй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлоод хэрэв нөхцөл байдлыг хүлээж авахад хэцүү бол эдгээр бэрхшээлийн уг үндэс нь хэнд, юунд байгааг тодорхойлж, үүнийгээ засаж шийдэх алхамуудыг авах ёстойг зөвлөв. Дан ганц залбирал мөргөл нь практик шийдэл биш учраас тодорхой бодит алхамуудыг заавал хэрэгжүүлэх хэрэгтэйг тэрээр цохож хэлсэн юм. Мөн бодит бус үзэл бодлоос үүдсэн олон асуудлуудыг боловсролоор шийдэж болно гэдгийг Дээрхийн Гэгээнтэн нэмж хэллээ.
“Хэрэв залуу хүмүүс өргөн цар хүрээнд харж илүү бодит байр суурин дээрээс хүчин зүтгэл гаргах юм бол тэд дэлхий ертөнцийг өөрчилж чадна” гэж Дээрхийн Гэгээнтэн онцлов.
Эхийнхээ үхлийн тухай дурссан Мьянмарын залуу төлөөлөгч өвдөлтийг яаж даван гарахыг асуулаа. Хүлцэл хийгээд өршөөн уучлах чанар нь эерэг уур амьсгалыг бий болгодог бол өс хонзон нь хагарал зөрчлийг улам гүнзгийрүүлнэ. Хүчирхийлэл ямагт илүү зовлонг авчирна гэдгийг Дээрхийн Гэгээнтэн зөвлөв.
Зарим үед хүнд түвэгтэй нөхцөл байдлыг шийдэх хамгийн зөв арга нь зүгээр л түүнийг орхих явдал гэдгийг Дээрхийн Гэгээнтэн нэмж онцоллоо.
“1959 оны 3-р сард Лхаст Хятад болон Төвөдийн хүчнүүдийн хооронд зөрчил хурцадахад би эв зохицолыг тогтоохыг оролдож байсан ч эцэстээ байдал хяналтаас гарсан юм. Энх тайвны аргаар тэдэнд туслаж чадахгүйгээ ойлгоод Төвөдийг орхин гарахаар би шийдсэн бөгөөд тэгэхдээ тэр үед Лхасыг орхин гарахдаа ахиад нэг өдөр ч амьд байх эсэхээ мэдэхгүй байлаа.”
“Хэрэв чи нөгөө хүнийхээ санаа бодлыг өөрчилж чадвал сайн хэрэг боловч боломжгүй бол уур хилэн, үзэн ядалтаа хяналтандаа байлгаад нөхцөл байдлыг зүгээр л орхих нь зөв шийдэл юм шүү.”
Тайван байдлаар өөрчлөлтийг хийхэд залуу хүмүүс яаж хувь нэмрээ оруулах вэ гэж Дээрхийн Гэгээнтнээс хэд хэдэн залуучууд асуулаа.
“Та бүгдэд уйгагүй, няцалтгүй шийдэл зориг, бас үнэнд итгэх итгэл хэрэгтэй. Шударгаар, үнэнийг баримтлан ажиллах юм бол урт хугацаандаа та бүгд их хүчийг олох болно. Буу зэвсгийн нөлөө шууд тэр дороо илэрдэг байж болох ч үнэний хүч цаг хугацаа явах тусам хүчтэй болж үргэлжилдэг юм.”
Уулзалтын баг нийтээрээ өдрийн хоолоо идсэн бөгөөд маргааш дахин цуглана.