Энэтхэг, Бихар, Бодьгаяа – Махабоди суварга нарны гэрэлд алтран туяарсан өнөөдрийн өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Пэлжэйлин хийдээс гадагшилж Дүйнхорын номын айлдварын талбай руу хөдлөв. Үүднээс засаж янзалсан тусгай индэр рүү алхах явцдаа Дээрхийн Гэгээнтэн түүнийг ойроос харахыг зорьж хаалт тулан зогссон олон хүний зүг инээмсэглэн гараа даллаж байв. Индэрийн өндөр дээрээс нийт номын айлдварын талбар бүрэн харагдах агаад хүрэлцэн ирсэн бүхий л хүмүүст тэрээр зүг зүгт мэндчилэн гараа даллаад суудалдаа залрахын өмнө сэнтийн эргэн тойронд суусан хүндэт лам хуврагуудтай үг солихын зэрэгцээ настай лам нар болон залуу хувилгаадад анхаарал хандууллаа.
Вьетнамаас ирсэн лам нарын бүрэлдхүүн “Билгүүний зүрхэн” судрыг өөрийн хэл дээр уянгалуулан уншсаны дараа Бангладешийн Буддист хийдийн арван лам Мангала судрыг Пали хэл дээр уншив. Дахин “Билгүүний зүрхэн” судрыг өөрийн хэл дээр уншсан гурав дахь бүлэг Солонгосоос хүрэлцэн ирсэн гэлэн, гэлэнмаа нар байлаа. Өнөөдрийн үйл ажиллагааг өргөл хандиваар тэтгэж буй гэр бүлүүд мандал болоод Бурханы лагшин, зарлиг, тааллыг илэрхийлсэн тахилуудыг Дээрхийн Гэгээнтэнд өргөв.
“Өнөөдөр би Жанрайсиг бурханы авшиг хүртээх учраас намайг бэлтгэлийн уншлага зан үйлийг гүйцээх явцад та бүгд Ум мани бадмэ хум тарнийг уншиж байвал сайн шүү” гэж Дээрхийн Гэгээнтэн зөвлөлөө.
Бороо орж эхлэх үед Дээрхийн Гэгээнтэн зах руу сууж буй гэвш нарыг өөрийн урьдах талбайд суухыг зөвлөөд сүсэгтэн олонд борооны халхавчтай хэсэг рүү аль боломжоороо шахаж сууцгаахыг шавдуулав.
“Бурхан Багш төгс гэгээрлийн хутгийг олсон энэ жинлавтай газар бид өнөөдөр түүнийг, түүний долоон шавь нарын хамт, мөн Нагаржуна хутагт ба түүний шавь нарыг Асанга гэгээнтэн ба түүний ах Васубанду нарыг хамт эргэн дурсаж байна. Эдгээр агуу мастеруудын бичиж үлдээсэн зохиол бүтээлүүдийн ачаар бид бурханы сургааль номлолын шимийг өнөөг хүртэл хүртэх боломжтой болсон билээ.”
“Бие махбодийн эрүүл мэнд, тав тухыг хангах материаллаг хөгжлийн түвшинд бид асар том ахиц дэвшлүүдийг гаргасан боловч сэтгэлийн амар амгаланг өнөөг хүртэл олоогүй л байна. Аз жаргалыг бид дотроосоо л олох болно. Түмэн шидийн, төрөл бүрийн чамин гайхалтай зугаа цэнгэлээс бид түрхэн хугацаанд таашаал авч болох ч зугаа цэнгэл зогсох тэр л мөчид таашаал ч бас дуусдаг билээ. Чихэнд сонсголонтой сайхан хөгжим дуусах үед яг л ингэдэг шүү дээ. Тиймээс мэдрэхүйн таашаалуудад авталгүйгээр өөрсдийн догшин, хяналтгүй орхисон сэтгэлээ амирлуулах арга замуудыг эрэлхийлэх нь чухал юм.”
“Олон олон зууны туршид янз бүрийн шашны уламжлалууд сая сая хүмүүст ач тусаа өгсөн байдаг билээ. Эзэн тэнгэрт итгэдэг хэсэг нь хүнд хэцүү үедээ түүндээ мөргөж залбирдаг. Энэ нь тэдэнд итгэл найдварыг өгдөг юм. Энэтхэгт бас сэтгэл ухамсрын ажиллагааг ойлгож ухаарсанаар дотоод амар амгаланг бий болгохыг зорьсон самхия, жейн ба буддизм зэрэг бүтээгч Эзэн тэнгэрийг үгүйсгэдэг уламжлалууд бий.”
“Буддизмд 51 төрлийн сэтгэлийн хуран мэдлийг авч үздэг бөгөөд эдгээр нь бүхэнд түгсэн таван хуран мэдэл, юмс үзэгдлийг танигч таван хуран мэдэл, буяны уг болсон арван нэгэн сэтгэл, зовлонгийн суурь зургаа ба дэд хорин сэтгэл, мөн дөрвөн хувьсагч хуран мэдэл юм. Наландын уламжлал сэтгэл судлалыг логик учир шалтгаан дээр суурилан тайлбарладаг нь орчин үеийн эрдэмтдийн анхаарал сонирхолыг ихээр татаж байна.”
Дээрхийн Гэгээнтэн Асанга хутагтын “Бодьсадвын газар” (Бодисаттвабхуми) зохиолын шагшаабадын бүлэгт тусгасан зан үйлийн дагуу бодьсадвын санваар хүртээнэ гэдгээ зарлалаа. Энэ зан үйл хэрэглэгдэх нь ховор болсон учраас сэргээхийг хүсдэг байснаа тэрээр өгүүлээд энэхүү аргын онцлог нь Бурхан Багшийн дүрийн өмнө санваар хүртдэгт оршдог гэдгийг тодотгов. Тиймээс Дээрхийн Гэгээнтэн өөрийн ёнзон багш Лин ринбочэгээс энэ зан үйлийг сэргээхийг хүссэнээр ринбочэ Махабоди суварган дахь Бурхан Багшийн дүрийн өмнө өөртөө санваар хүртээд дараа нь Дээрхийн Гэгээнтэнд дамжуулжээ. Сэргон ринбочэ энэ үед зан үйлийн туслахаар ажилсан бөгөөд бодьсадвын санваар хүртэж дууссаны дараа Сэргон ринбочэ, Дээрхийн Гэгээнтэн хоёул нүдэндээ нулимстайгаар баярлан хөөрсөн ажээ.
“Бодь сэтгэлийг төрүүлэх бясалгал нь миний хамгийн гол анхааран авлага юм” гэж Дээрхийн Гэгээнтэн онцлов. “Бодьсадва нар нь хамаг амьтдыг ажин шинжиж тэдний тусын тулд төгс гэгээрлийг олохыг зорилгоо болгодог. Санваарыг Бурханы дүрийн өмнө авч болохоос гадна ийм санваар бүхий багшаас авч болно. Бодь сэтгэл нь дэлхий ертөнцөд энх амгаланг тогтоохын үндэс мөн. Учир нь бид дотроо, сэтгэлдээ амар амгалантай байж дэлхийд энх тайван тогтох юм.”
“Улс орныг удирдагчид “бид” ба “тэд” гэсэн сэтгэл дээр суурилан зөрчил тэмцлийг бий болгоход жирийн ард иргэд л хамгийн ихээр зовлон шаналалыг нь хүртдэг билээ. Тиймээс нэг л хүн төрөлхтөний хувьд энэрэл нигүүлслийн сэтгэл хүн бүрт хэрэгтэй юм.”
“Би бодь сэтгэлийг ямагт санан дурьдаж байдаг учраас сэтгэл амар амгалантай байдаг. Бусдыг гэсэн сэтгэл машид тустай. Таны зүрх сэтгэл халуун дулаан байвал олон найз нөхөдтэй байх болно. Бусдыг дээрэлхэх, бас ашиглах сэтгэл нь хүмүүсийг нүүр бууруулахад л хүргэдэг. Бодьсадвын санваар хүртэж түүнийгээ сахин хадгалснаар бодьсадвын явдалд орох бидний шийдэл зоригийг улам хүчтэй, бат ноттой болгодог юм. Энэ сахилуудыг зөвхөн нэг өдөр барихад л цаглашгүй их ач тустай байдаг.”
“Би зүүдэндээ ч бодьсадвын санваартай гэдгээ санадаг. Бодь сэтгэл шиг дэлхий ертөнцөд энх амгалан, аз жаргалыг тогтооход хувь нэмэр оруулж чадах өөр хүчин зүйл үгүй юм.”
Бодьсадвын санваар хүртээх ажиллагаа дуусмагц Дээрхийн Гэгээнтэн Жанрайсиг бурханы авшиг хүртээх зан үйлийг эхлүүлэв. Вангийн ажиллагаа дууссаны дараа тэрээр Төвөдүүд ба Жанрайсиг бурхан хоорондын онцгой шүтэн барилдлагын тухай өгүүлсэн юм. Мөн Дээрхийн Гэгээнтэн очирт тарнийн номлол хэр ховор нандин болохыг дурьдахдаа сайн цагийн 1,000 бурханаас Бурхан Шагжамунийг оруулаад нийтдээ зөвхөн дөрвөн бурхан л судар тарнийн номлол сургаалийг хослуулан айлдах жамтайг онцлов.
Тэрээр сүсэгтэн олонд өнөөдрийн авшигийг өчигдөрийн “Бодьсадвын 37 гарын авлага”-ын тайлбартай хамтатган авч байгааг сануулаад бодьсадвын санваарыг Асангын “Бодьсадвын газар” номын шагшаабадын бүлэгт суурилан өгсөнийг дахин тайлбарлав. Тэрээр сүсэгтнүүдэд тангараг санваараа сайтар дагаж мөрдөхөд хичээхийг зөвлөлөө. Үүний зэрэгцээ Дээрхийн Гэгээнтэн Шантидэвийн “Бодьсадвын явдалд орохуй” зохиол, тэр дотроо бодийн сэтгэлийг хэрхэн төрүүлэн дэвжээх тухай наймдугаар бүлэг ба уур хилэн болон үзэн ядах сэтгэлийг учир шалтгаан дээр суурилан хэрхэн дарж арилгах тухай маш хүчтэй өгүүлсэн зургаадугаар бүлгийг сайтар анхааран уншихийг зөвлөсөн юм.
Өнөөдрийн номын айлдварын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн Их Ерөөлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа хороонд хандаж үгээ хэлэв.
“Энэ цаг үед бид хэвлэл мэдээллээс Бангладеш ба Африкийн улс орнуудад ядуу зүдүү хүмүүс хэрхэн шаналан зовж байгааг байнга сонсож уншиж байгаа билээ. Эдгээр улс орнуудын ард иргэд үер ус, галын аюулд учраад түүний үр дагавар маш хүнд тусаж байгаа учраас тэд арга барагдан “бид ч бас хүмүүс шүү дээ” гэж цөхрөнгүйгээр тусламж хүсэж байгааг би бас харж сонсож байна.Тиймээс Их Ерөөлийн Сангаас эдгээр хүмүүст туслах хэрэгтэй гэж би бодож байна. Ийм нөхцөлүүдэд ЮНЕСКО байнга газар дээр нь туслаж дэмжиж, маш сайн ажиллаж байгаа тул энэ байгууллагад хандив өргөвөл их сайн байх болно.”
Хийд рүүгээ буцахын өмнө Дээрхийн Гэгээнтэн түрүү жил эхэлсэн Манзушрын аймгийн номлолуудаа маргаашнаас эхлүүлж энэ удаа бүрэн гүйцээнэ гэж найдаж байгаагаа хэллээ. Хүүхэд байхаасаа Манзушрын тарнид уншиж ирсэн хүний хувьд оюун ухааныг хурц сайн болгоход энэхүү увидас маш үр дүнтэй гэдэгт итгэдэг хэмээв.