Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөө өглөөний цахим номын айлдварыг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Орос, Монгол, ТУХН-ийн орон дахь бие төлөөлөгч Дилав Хутагт нээлээ. Тэрээр 2009 оноос эхлэн Оросын сүсэгтнүүд, мөн 2014 оны Латвийн Рига хотод болсон номын айлдвараас хойш өнөөг хүртэл үргэлжлүүлэн номын айлдвараа айлдсаар байгаа Дээрхийн Гэгээнтэнд талархалаа илэрхийлэхийн зэрэгцээ өнөөдөр ч бид цахим сүлжээгээр дамжуулан цар тахлын үед технологийн дэвшилийн ачаар цугларах боломжтой байгаад баяртай байгаагаа мэдэгдлээ.
Цаншав Агваандоржийн санаачилгаар XIII Далай Лам болон Монгол, Оросын сүсэгтнүүдийн хандиваар Санкт Петербург хотод бүтээн босгосон Гүнзэ Чойннэй дацангаас эхний өдрийн “Билгүүний Зүрхэн” судрыг унших ба 2 дахь өдөр буриад хэлээр Ринбочэ Багш дацангаас унших болно хэмээн тайлбарлалаа.
‘Билгүүний Зүрхэн” судрын уншлага дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн айлдвараа эхэлсэн юм.
“ОХУ-ын сүсэгтнүүд та бид өнөөдөр цахимаар уулзаж байна. Олон зууны турш Төвөдүүд бид Халимаг, Буриад, Тува хүмүүстэй холбоотой байж ирсэн. 1959 онд би гэвшийн дамжаа барьж /шалгалт өгч/ байхдаа монгол туургатны олон гэвш нартай ном хаялцаж байсан билээ. Тэдний дунд хансүр Агваан Лигдэн, Буриадын хамба Түвдэнняма, Тува гэвш Яндаг нар байсан юм. Гэвш Яндагийг орос хэлээр сайн ярьдаг байсан гэдэг. Би амьдралдаа энэ мэтчилэн Монголын олон шилдэг эрдэмтэн лам нартай уулзаж байсан билээ. Тэднийг ерөнхийд нь “Согбу – Монгол” гэж нэрлэдэг байсан. Мөн хоосон чанарын онолыг заасан Ойдүвцогни багш маань Өвөр Монгол хүн байсан юм.”
“Төвөд болон Монгол угсаатнууд олон үе дамжсан түүхэн холбоотой явж ирсэн юм. Харамсалтай нь эхлээд Монголд, дараа нь Хятадад болсон хувьсгалын үеэр олон аугаа эрдэмтдийг цаазлан хороосон билээ. Гүнчэн Жамъян Шадба багш олон шавьтай учраас цаазлуулсан гэдэг. Тэрээр цаазлуулахын өмнө,
“Иймийн тул нигүүлсэн гэтэлгэгч багш минь,
Эх болсон амьтдын хилэнц, түйтгэр бүгдийг
Эдүгээ надад үлдээлгүй боловсруулж
Амгалан, буян бүгдийг минь бусдад өгсөнөөр
Амьтан бүхэн амгалант болохуй дор адисла”
хэмээн ерөөл тавж, залбирсан гэдэг. Энэ хэлмэгдүүлэлт эхлээд Орос, дараа нь Монголд, түүний дараа Төвөдөд ч явагдсан юм.”
“Амьтан бүхэн аз жаргалтай байхыг хүсч, зовлонгоос дайждаг тул эрх баригчдын хүчээр явуулж байсан бурханы сургаал номлолыг хорих, устгах гэсэн оролдлого нь амжилтгүй болсон юм. Хүн төрөлхтөн оюун ухаанаараа аливаа зүйлийг эргэцүүлэн бодох чадвартай байдаг. Бид оюун ухаанаа ашиглан аз жаргалаа дэлгэрүүлж, зовлонг арилгаж чадна. Ер нь бурханы ном болон бурханы шашин нь бидний оюун санаагаа өөрчлөхөд ашиглах гол зүйл юм.”
“Энэтхэгт буддын сургаал хоёр үе шатаар түгсэн бөгөөд нэг нь пали, нөгөө нь санскрит уламжлал болжээ. Төвөд болон Монголын бүс нутагт логик, учир шалтгааны дүн шинжилгээг онцлон ашигладаг Наландын уламжлал дэлгэрсэн билээ. Бурхан Багш шавь нартаа хандаж, “Алтны дархан алтыг олон талаас нь нягталж үздэгтэй адил та бүхэн миний сургаалыг сохороор дагалгүй олон талаас нь судалж, нягталж үзсэнийхээ дараа ухаант хүний ёсоор дагаарай” гэж айлдсан юм.”
Учир шалтгааны зарчимд тулгуурлан “Зургаан чуулган” номыг туурвисны дараа хутагт Нагаржуна энэхүү “Бодь сэтгэлийн тайлбар” номоо зохиосон байна.
“Бурхан Багш өөрийн сургаал номлол умараас умарт түгнэ гэж айлдсан бөгөөд эхний умарыг Төвөд, удаахыг Монгол нутаг гэж тайлбарладаг.”
“Төвөдөд Наландын уламжлалыг ловон Шантаракшита дэлгэрүүлсэн. Тэрээр “Шалгадагийн чимэг”, “Төв үзлийн чимэг” номыг зохиосон билээ. Мөн түүнийг Йогийн явдалт сватантрика төв үзлийг үндэслэгч гэж үздэг.”
“Пагва ламын үед Төвөдөөс Монголд бурханы шашны сургаал нэвтэрсэн ба дараа нь олон монголчууд III Далай Ламтай харилцаа холбоотой болж, Монгол оронд гэлүгва ёсны уламжлал өргөн дэлгэрсэн юм. Түүний алдрыг Содномжамц гэдэг байсан ба Жамц гэдэг нь “Далай” гэсэн монгол үг билээ.”
“Би анх 1979 онд Оросоор дамжин Монгол улсад очиход Улаанбаатар хотын Гандан хийдийн настай лам нар намайг сэнтийд залж өөрсдийн монгол аялгаар, туйлын их бишрэлтэйгээр “Бат оршил”-ын мандал өргөхөд нүд нь нулимастай байж билээ. Тэр үед Монголын бурханы шашныг хэрхэн доройтуулсан нь надад мэдрэгдэж байсан ч итгэл үнэмшил нь доройтоогүй байсан юм. Орос болон Хятадад гарсан харгис хувьсгал хүмүүсийн сэтгэл дэх итгэл үнэмшлийг сүйтгэж чадаагүй.”
Өмнөд Энэтхэгт сэргээн байгуулагдсан Төвөдийн сүм хийдүүдэд орчин үеийн шинжлэх ухааныг нэвтрүүлэхийг санал болгоход тухайн үеийн хамба лам нар болон ахмад лам нар таатай байгаагүй талаар Дээрхийн Гэгээнтэн дурьдлаа.
Эдүгээ дацан хийдийн эрдэмтэн лам багш нар бурханы сургаалыг шинжлэх ухааны эрдэмтдэд тайлбарлан ойлгуулж, мөн тэднээс суралцах зүйл их байгааг онцлов. Тэрээр өөрийгөө шинжлэх ухаанч буддын шашинтан гэж алдаршин, олонд танигдсан гэлээ. Түүнчлэн бүх шашны уламжлалд хүндэтгэлтэй хандан, тэдний итгэл үнэмшилд анхаарал хандуулахдаа баяртай байдаг боловч хувь хүн талаасаа итгэл үнэмшил нь буддизм байх болно гэж онцолсон юм.
“Баруунд төрж өссөн шинжлэх ухааны эрдэмтдийн оюун ухаан ба сэтгэл судлалын талаарх өнгөц ойлголтуудыг буддизм гүн гүнзгий тайлбарладаг. Тиймээс өнөөдөр буддын сургаалыг эрдэмтэд сонирхдог болсон. Үүнтэй зэрэгцэн Өмнөд Энэтхэг дэх Лосалин дацанд шинжлэх ухааны лаборатори байгуулагдсан юм. Наландын уламжлалаар бэлтгэгдсэн лам хувраг хүмүүс шинжлэх ухааны хүмүүстэй харилцах болон тэднээс суралцах бүрэн боломжтой.”
“Хэдийгээр Монгол болон Төвөдөд олон дацан хийдүүд устгагдсан боловч дахин сэргээх ажил одоо явагдаж байна. Коммунистууд буддын шашныг хуурамч зүйл хэмээн хүмүүсийн тархийг угаах ажил их хийсэн боловч энэ нь үр дүнд хүрээгүй юм. Бурханы шашны оршин тогтнол нь зөвхөн бурхан шүтээн, ном судраа залж сүсэглэх төдийд оршдоггүй, харин түүнийг уншиж судлан, хэрэгжүүлэхэд оршино.”
“Бурхан Багшийн сургаалыг эмхэтгэсэн нь Ганжуур, Данжуур бөгөөд энэ нь бидэнд маш үнэ цэнэтэй зүйл юм. Би төвөд хүмүүст эдгээр номыг сайн үзэх хэрэгтэй гэж уриалдагтай адил та бүхнийг ч мөн адил уриалж байна. Абидармын номын 3-р бүлгийг та бүхэн судлахгүй орхиж болно, учир нь энд шинжлэх ухааны нотолгооноос зөрдөг сансар огторгуйн тухай ойлголт гардаг. Харин оюун судлахуй болон сэтгэл хөдлөлийн талаар өгүүлдэг хэсгүүд нь бол маш их үнэ цэнэтэй. Билиг барамидын сургаалд гэгээрэлд хүрэх арга замыг номолсон байдаг ба Майдарын гэгээний “Илтэд онохуйн чимэг”-т “10 газар”, “хоёр үнэн” болон “Хутагтын дөрвөн үнэн”-ий тухай сургаалыг нарийн тайлбарласан байгаа.”
“Хутагт Нагаржунайн “Зургаан чуулган” ном нь билиг барамидын сургаалыг учир шалтгааны үүднээс тайлбарласан юм. Ловон Чантракиртийн “Төвөд орохуй” ном мөн адил маш сайн тайлбарласан ном юм. Зургаадугаар бүлгийн 34-өөс 36 хүртэлх шүлэгт би их дуртай. Эдгээр шүлгийг би байнга давтан уншиж, эргэцүүлэн боддог.”
Хэрэв өөрийн билэг чанарыг шүтэх болвоос
Түүнийг үгүйсгэснээр бодит зүйлүүд эвдрэнэ
Хоосон чанар юмсыг эвдэхүйн уг шалтгаан болвоос
Тэр нь зохисгүй, тиймийн тул бодит бус
Алины тул бодит эдгээрийг нэн ажиглаваас
Тэр ямагт мөн чанарт бодитоос наашаа
Оршихуй олдох бус, тиймийн тул ертөнцийн
Томъёололын үнэнд нэн ажиглалыг бүү үйлд
Тэр ямагтын ухаан алин нэгнээр
Өөр ба бусдаас үүсэх зохистой бусын
Тэрхүү ухаанаар томъёололд ч зохистой бус аваас
Таны үүсэл алин бээр мөн болох вэ
“Төвд орохуй”-д аливаа бүх сөрөг сэтгэл хөдлөл нь юмс үзэгдлийн мөн чанарыг ойлгоогүйгээс үүсдэг гэж тодорхойлдог. “Дөрвөн зуут”-д мөн адил аливаа зүйлийн мөн чанарыг мэдэхгүй байна гэдэг нь оюун санааны бүхий л зовлон зүдүүрийн үндэс болдог ба харин бүх зүйл хоорондоо харилцан шүтэлцээнд оршдог болохыг улам лавшруулан ойлгож чадвал энэ бүхнийг даван туулах болно гэж айлдсан юм. Аливаа зүйл бодитой оршдог гэсэн буруу ойлголтоос уур уцаар болон хүсэл шунал төрдөг. Хэрвээ тэр гажуудсан ойлголтыг сайтар судалбал тэнд ямар ч суурь байхгүйг ойлгоно.”
“Төвд орохуй”-н 6-р бүлэгт амар амгалан нь хоосон чанарыг ойлгож хөгжүүлсэнээр олж авах боломжтой гэж гардаг хэсгийг би үргэлж дадуулахыг хичээдэг. Хэдийгээр хоосон чанарын тухай бүрэн ухаарлыг олж авч чадаагүй ч, хоосон чанарын тухай өчүүхэн эргэлзээ ч аливаа зовлонг даван туулахад тань туслах болно.”
Дээрхийн Гэгээнтэн энэ удаад тайлбарлах “Бодь сэтгэлийн тайлбар” номын эхний шүлэг нь “Сандуйн үндсэн номлол”-оос гарсан гэдгийг тэмдэглэв. Буддист бус хүмүүсийн үздэгээр аливаа зүйл бие даан, өөрийн мөн чанараар оршдог гэдгийг энд няцаадаг. Буддын сэтгэл төдийтний онолоор аливаа юмс хэлбэр төдий оршин байгааг хүлээн зөвшөөрдөг боловч өөрийн мөн чанараар бие даан оршдог гэдгийг үгүйсгэдэг. Тэд суурь ухамсарыг юмс үзэгдлийн үндэс гэж үздэг. Харин төв үзлийг баримтлагчид аливаа зүйлийн бие даасан оршихуй байдаг гэдгийг үгүйсгэдэг юм.”
Татагатагийн тухай өгүүлсэн ‘Төвд орохуй’-н шүлэгт Дээрхийн Гэгээнтэн анхаарлаа хандуулав.
Цогцос бус, цогцосоос өөр ч бус
Түүнд цогцос үгүй, түүнд тэр ч үгүй.
Түүнчлэн Ажирсан нь цогцосгүй,
Түүнчлэн Ажирсан нь алин буй
Тэрээр энэ шүлгийн үгийг нь солин уншдаг ажээ.
Цогцос бус, цогцосоос өөр ч бус
Түүнд цогцос үгүй, түүнд тэр ч үгүй.
Би бээр цогцосгүй,
Би бээр алин буй
Бусдын сайн сайхны төлөө гэгээрэлд хүрэхийн тулд хоосон чанарын тухай ойлголтыг бодь сэтгэлтэй хослуулах хэрэгтэйг ойлгох хэрэгтэй. Шантидэва гэгээнтний “Бодьсадвын явдалд орохуй” номонд үүнийг тайлбарлажээ.
“Орчлонгийн хамаг зовлон дан ганц амин хувиа хичээснээс үүсдэг ба орчлонгийн баяр баясгалан бүхэн бусдын сайн сайхны төлөө гэсэн сэтгэлээс үүсдэг. Илүү ихийг өгүүлэх хэрэг юун, өөрийн төлөө явдаг тэнэгүүд болон бусдын сайн сайхны төлөө явдаг мэргэдийн явдлаас нарийн мэдэх хэрэгтэй. Мөн бусдын зовлонг өөрийн аз жаргалаар сольж чадахгүй бол Бурханы Хутагийг олно гэдэг боломжгүй зүйл, бүр энэ орчлонд ч яахин аз жаргалтай байх билээ.”
“Бид нийгмийн амьтад бөгөөд бидэнд бусдыг хайрлаж энэрэх сэтгэл төрөлхөөс заяасан байдаг гэж орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд тодорхойлсон юм. Бурхан Багш эхлээд хүмүүст амин хувиа хичээхгүй байхыг номлосон ба дараа нь дотоод ба гадаад мөн чанарын талаар тайлбарласан байна. Төв үзлийн хамгийн дээд онол, прансангика үзлээр өөрийн мөн чанараар оршдог зүйл нэг ч байхгүй гэж баталдаг.”
“Бурхан болон бодьсадва нарийн адил эх болсон хамаг амьтдыг зовлон гачлангаас салгаж, авран тэтгэхийн тулд би гэгээрэлд хүрэх хэрэгтэй. Хоосон чанарын үзэл онолыг ойлгосноор архадын хутагийг олж болно. Харин төгс гэгээрсэн Бурханы Хутагийг олохын тулд үүнийг бодь сэтгэлтэй хослуулахаас өөр арга үгүй. Энэ нь мунхагийн харанхуйгаас бүрэн гүйцэд салах цор ганц боломж юм.”
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн тогтуунаар эхний 26 шүлгийг уншив.
Асуулт хариултын үед Дээрхийг Гэгээнтэн бодь сэтгэлийг төрүүлэх хоёр аргыг тайлбарлалаа. Уг, үрийн үүднээс болон бусдыг өөртэйгөө адилтгах арга нь хоорондоо ямар ч зөрчилгүй хэмээн тодорхойлов. Эхний арга нь алгуур, хоёр дахь арга нь хурц ухаантай хүмүүст илүү тохиромжтой байдаг. Аль ч аргыг хэрэглэсэн таны энэрэнгүй сайхан сэтгэл аривдаж, илүү их аз жаргалтай байх болно гэлээ.
Дараагийн асуултанд хариулахдаа бидэнд “би” гэдгийг тайлбарласан юм. Нууц тарнийн “Сандуйн үндсэн номлол”-оос эш татаад бидний гэгээн гэрлийн сэтгэл бол бидний “би” гэх тодорхойлолтод нийцэх зүйл хэмээв. Бидний сэтгэлийн гэгээн гэрэл болон Бурханы таалал угтаа ямар ч ялгаагүй гэдгийг тайлбарлалаа. Үүнтэй адил бидний болон Бурхан Буддагийн хоосон чанар ч мөн адил ялгаагүй байдаг. Бид өөрсдийн бурханлаг чанарыг нээснээр Бурханы Хутагийг олох боломжтой гэв.
“Өөрийн сэтгэлийн гэгээн гэрлийн мөн чанарыг таньж ухаарах нь гэгээрэлд хүрэх хамгийн дөт зам хэмээн нууц тарнийн номлолд өгүүлсэн байдаг.”
Бурхан Багш гэгээрснийхээ дараа “Гүнзгий бөгөөд амирлангуй, цацралаас хагацсан, гэгээн гэрэл, хуран эс үйлдсэн чанарт рашаан мэт зүйлийг би оллоо. Гэвч би үүнийг бусдад тайлбарлавал хэн ч ойлгохгүй тул аглагт чимээгүй оршьё” хэмээн айлдсан гэдэг.
Дээрхийн Гэгээнтэн үүнийг тайлбарлахдаа “Гүнзгий бөгөөд амирлангуй” гэдэг нь Бурхан Багшийн анхдугаар номын хүрдийг тодорхойлж буй гэлээ. “Цацралаас хагацсан” гэдэг нь хоосон чанарын тухай айлдсан ба энэ нь Бурхан Багшийн 2 дахь номын хүрд, харин “гэгээн гэрэл, хуран эс үйлдсэн” гэдэг нь бурханы мөн чанар, гэгээн гэрлийн тухай бөгөөд энэ нь гурав дугаар номын хүрдийг илэрхийлж байна хэмээн тайлбарласан юм.
Ерөнхий болон нарийн оюун ухааны талаар тайлбарлахдаа Дээрхийн Гэгээнтэн зарим лам нар клиник үхэлд орсон ч бие цогцос нь муудахгүй байдагтай холбов. Үүний учир нь тэдгээр хүмүүсийн гэгээн гэрлийн сэтгэл болон нарийн ухамсар нь бясалгалаар биедээ оршсоор буй ажээ. Үүнийг Америк болон Оросын эрдэмтэд судалж байгаа хэмээн мэдэгдлээ.
Дараа нь мөнх бусын тухай ерөнхий болон нарийн утгыг тайлбарлалаа. Бие махбодийн үхэл гэдэг бол ерөнхий мөнх бусын тухай ойлголт юм. Агшин бүрийн өөрчлөлт талаасаа мөнхөд оршдог зүйл огт байхгүй ба энэ нь нарийн мөнх бусын ойлголт мөн гэлээ.
Өөр нэгэн асуултанд хариулахдаа энэ хүнд цар тахлын үед өвдөж зовсон ойр дотны хүмүүстээ туслаж чадах зүйл байвал түүгээрээ туслахыг зөвлөөд хэрвээ ямар ч арга хэмжээ авч, туслах боломжгүй болсон үед санаа зовох нь нөхцөл байдлыг сайжруулж чадахгүй тул санаагаа чилээхгүй байхыг зөвлөсөн юм.
Хувь хүний догматик үзлээс тусдаа эрх чөлөөний Европ үзлийн талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн Европын Холбооны нэгдсэн үзэл санааг дэмждэг бөгөөд энэ үлгэр жишээ цаашид дэлхий даяар түгээсэй гэж хүсдэг гэж хариулав.