Энэтхэг, Дармасала, Тэгчин Чойлон - Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам видео камерийн өмнө морилон ирээд инээмсэглэж, дэлгэцэн дээр харагдаж буй найз нарын зүг гараа даллан мэндчилгээ дэвшүүлэв. Дилов хутагт Дээрхийн Гэгээнтэнд сургаал айлдаж байгаад нь дахин талархал илэрхийллээ. Тэрээр өнөөдөр Халимагийн ерөнхийлөгч асан Кирсан Илюмжиновын санаачилгаар байгуулсан буддын шашны төв хийд ‘Будда Шагжамунийн алтан сүм’ -ээс ‘Билгүүний зүрхэн судар’-ыг халимаг хэлээр уншина гэв. Тус хийд нь дээдийн ном, хэл, соёлыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн нэмж мэдэгдлээ. Түүнчлэн энэхүү хийд нь ядуу ба орон гэргүй хүмүүст тусламж үзүүлж, эрүүл мэнд, боловсролын холбогдолтой нийгмийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг гэв.
Дээрхийн Гэгээнтэн “Билгүүний Зүрхэн” судрыг халимаг хэлээр уншиж буйд илт талархалтай байлаа.
“Өнөөдөр бол онцгой өдөр.” хэмээгээд Дээрхийн Гэгээнтэн айлдвараа эхэллээ.
“Бурхан Багшийг лагшин мэндэлсний дараа таалал төгссөн ээж нь тэнгэрийн оронд төржээ. Тэрбээр тэнгэрт төрсөн эхтэйгээ уулзахаар очиж хэсэг хугацааг өнгөрөөсөн байна. Өнөөдөр түүний Гучин Гурван тэнгэрээс хүний ертөнцөд эргэн ирснийг дурсах дүйчэн өдөр юм. Өчигдөр миний санал болгосноор энэ өдөр бид хамтдаа хоосон чанар, бодь сэтгэлийг бясалгаж Бурхан Багшид залбирая.”
“Буддын сургаалын гол зорилго бол сүсэгтнүүдийн сэтгэлийг засах явдал билээ. Та нарын дөнгөж сая уншсан “Билгүүний Зүрхэн” судар нь үндсэндээ хоосон чанарын тухай сургаал юм. Үүний эхэнд Бурхан Багш хоосон чанар, бодь сэтгэлийг агуулсан “гүн бөгөөд үзэгдэл” хэмээх бясалгалд оршсон тухай бичсэн байдаг. Энэ номонд Шарийбу, Жанрайсиг нарын хооронд яриа голлон өрнөдөг юм.”
“Бурхан Багш номын хүрдийг анх эргүүлэхэд буюу анхны сургаалдаа Хутагтын дөрвөн үнэн ба бодьгалын “би үгүй”-н талаар айлдсан юм. Гэвч хоёр дахь номын хүрдний нэг хэсэг болох “Билгүүний Зүрхэн” сударт бие ба сэтгэлийн нэгдэл болох таван цогц нь ч мөн хоосон чанартай гэж айлдсан билээ. “Дүрс хоосон, хоосон чанар нь дүрс мөн болой.”
“Дүрс, оршихуй болон бусад юмс үзэгдэл бүгд харагдаж байгаа шигээ оршдоггүй. Тэд бүгд бусад нөхцөл байдлаас харилцан хамааралтай оршин тогтнодог. Харилцан хамааралтай байх, эсвэл бие даасан (харилцан хамааралгүй) байх нь эрс тэрс ойлголт юм. Тиймээс юмс үзэгдэл бүгд нэг бол бусдаас хамааралтай, эс бөгөөс бусдаас хамааралгүй орших ёстой болно.”
“Шарийбу, Жанрайсиг нарын ярилцлага өндөрлөсний дараа Бурхан Багш бясалгалаасаа гарч, Жанрайсигийн хэлсэн зүйл нь миний гурван их галавт хийсэн дадлагатай таарч байна гэж магтан айлдсан байна.”
“Билиг билгүүний сургаал нь гүн гүнзгий, өргөн цар хүрээтэй зам мөрийг багтаадаг. Зөвхөн ‘би бурханд итгэдэг’ гэж хэлэх нь дангаараа их утгыг агуулахгүй. Та Бурхан Багшийн заасан сургаалыг дагаж мөрдөж, өөрчлөгдөж, Бурхан Будда шиг болох хэрэгтэй.”
Шүтэн барилдаж гараагүй
Нэгээхэн ч зүйл үгүй бөгөөд
Тиймээс хоосон чанаргүй орших
Нэгээхэн ч зүйл үгүй болой.
“Бүхий л сөрөг сэтгэл хөдлөлийг арилгахын тулд хоосон чанарыг таньж чадаагүй мунхагийг арилгах хэрэгтэй. Мунхаг нь мөн чанарын талаарх буруу ойлголт тул юмс бүгдийн мөн чанар болсон хоосон чанарын талаар тодорхой ойлголттой болсноор сөрөг сэтгэлүүдийг арилгаж эхэлдэг.”
"Аливаа зүйлд жинхэнэ эсвэл дотоод мөн чанар байхгүй гэж хэлэх нь тэдгээрийг огт байхгүй гэж үгүйсгэж буй хэрэг биш ээ. Юмс бүгд харилцан хамаарсан (шүтэн барилдсан) байдлаар оршин тогтнодог. Тэд өөрийн мөн чанар талаас бодитой оршдоггүй.”
“Хутагт Нагаржунайн ‘Билгүүний үндэс’ номонд,
Үйл хийгээд нисваанисыг арилгахуй цагт амгалантай
Үйл хийгээд нисваанис нь төсөөлөлөөс үүднэ
Тэдгээр төсөөлөлөөс цацарсныг
Хоосон чанараар арилгана гэж айлдсан юм.”
Дээрхийн Гэгээнтэн өвөрмөц өгүүлэгч, мөн судрын аймагтан нар аливаа зүйл бодитой оршин тогтнодог гэж баталдагийг тайлбарлав. Түүгээр ч барахгүй сэтгэл төдийтөн нар ч хүнийг суурь ухамсар гэж нэрлэдэг зүйлээр нь таньж болно гэж тайлбарладаг болохыг дурдлаа. Тэрбээр энэ хүрээнд Чандракиртигийн ‘Төвд орохуй’ номноос эш татан туйлын үнэн зөв ойлголтыг гаргасан шүлгүүдийг тогтмол давтаж, эргэцүүлэн боддог тухайгаа айлдсан юм.
Аливаа зүйлийн дотоод мөн чанарыг үгүйсгэхийн зэрэгцээ бид тэдгээрийн өдөр тутмын оршин тогтнолыг нотолж чаддаг.
Дээрхийн Гэгээнтэн оролцогчдыг хоосон чанарын талаар товч бясалгахыг уриалж, Хутагт Нагаржунайн ‘Билгүүний үндэс’ номноос эш татлаа.
Цогцос бус, цогцосоос өөр ч бус
Түүнд цогцос үгүй, түүнд тэр ч үгүй.
Би бээр цогцосгүй,
Би бээр алин буй?
Дээрхийн Гэгээнтэн бодь сэтгэлийг сэргээх оюун ухааныг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан Шантидева гэгээний ‘Бодьсадвын явдалд орохуй’-номноос эш татав.
Ертөнцийн зовлон юу буй тэр бүхэн өөрийгөө жаргаах хүслээс төрнө. Ертөнцийн амгалан юу буй тэр бүгд бусдыг жаргаах хүслээс төрнө.
Олныг номлохын хэрэг юун? Нялхас өөрийнхөө л тусыг үйлдэх ба бурхад бусдын тусыг зохиохуй. Энэ хоёрын ялгааг шинжсүгэй.
Хамаг уйтгар, алжаасыг арилгагч бодь сэтгэлийн морийг унаад амгалангаас амгаланд зорчихуйд саруул ухаантан хэн бээр бэрхшээх вэ?
“Бид амин хувиа хичээдэг сөрөг хандлагын үрээр сансарын хүрдэнд эргэлддэг. Гэтэл ‘Төвд орохуй’номын эхэнд ловон Чандракирти энэрэл нигүүлсэл нь бурханы хутаг олохын шалтгаан болдог гэж айлдсан байна. Хоосон чанарыг ойлгосноор бид хамаг амьтныг гэгээрүүлэх боломжтой гэдгийг олж харж чадна. Бусад амьтдыг гэгээрэл хүргэхийг хүсч бясалгахад бодь сэтгэл төрдөг. Тиймээс бодьсадва нар бусдын төлөө гэгээрэлд хүрэхийг эрмэлздэг.”
Дээрхийн Гэгээнтэн үзэгчдийг бодь сэтгэлийг бясалгахыг урив.
Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн ловон Шантидевагийн ‘Бодьсадвын явдалд орохуй’, Хутагт Нагаржунайн ‘Эрдэнийн эрхи’ зэрэг номуудаас эш татав.
Агуу огторгуй хэзээ орших хүртэл
Амьтан тэр хүртэл ажрах агаад
Алин тэр хэдүй хүртэл би оршоод
Амьтдын зовлонг арилгах болтугай
Газар шороо, гал ус, ховор мод, ургамалыг
Өөрийн дураар эдэлж хэрэглэх мэт
Хамаг амьтад ч намайг
Өөрийн дураар хэрэглэх болтугай
Хэзээг хүртэл амьтад гэтэлж үл чадваас
Төдийг хүртэл би бээр
Бодийн хутаг олсон ч орших болтугай.
Дээрхийн Гэгээнтэн хоосон чанар ба бодь сэтгэлийг өдөр бүр бясалгах нь хамгийн их ач тустай гэдгийг тайлбарлалаа. Дараа нь тэрээр үзэгчдээс асуулт асуухыг хүсэв.
Эхлээд нэгэн халимаг хүн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотой бизнесээ үнэлж байгаа, гэвч гэр бүлээ тэжээх хэрэгцээ байгаа тухай асуулаа. Дээрхийн Гэгээнтэн урьд өмнө олон монгол, төвөд хүмүүс хүнсний ногоо багатай тул мах идэхээс өөр сонголтгүй байсныг хүлээн зөвшөөрөв.
Бурхан Багш өөрийн лам нарт махыг хүлээн зөвшөөрөх гурван нөхцөл байдлын талаар зөвлөсөн гэж дурдав. 1-т, өөрт нь зориулж мал нядлахыг өөрийн нүдээр хараагүй, 2-рт, тухайн махыг өөрт нь зориулсныг бусдаас сонсож мэдээгүй, 3-рт, өөрт нь зориулсан байж магадгүй гэсэн эргэлзээ төрөөгүй байх. Тэрээр Өмнөд Энэтхэг дэх Төвөдийн дацан хийдүүд, мөн бусад газрын нийтийн гал тогоонд зөвхөн цагаан хоолоор үйлчилдэг болсныг мэдэгдлээ.
Дээрхийн Гэгээнтэн үйлдвэржилт нь байгальд сөрөг нөлөөтэй бөгөөд ингэснээр ан амьтанд хор хохирол учруулдаг гэж тэмдэглэв. Тэрбээр амьтныг нядлах замаар мөнгө олохоос зайлсхийх нь сайн гэж зөвлөсөн боловч нүүдэлчид өөрчлөгдөх нь амаргүй учраас түвэгтэй байж болохыг хүлээн зөвшөөрөв. Ийм шийдвэр гаргахдаа та нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай.
Сургаалыг цахим сүлжээгээр хүлээн авах нь багшийн биечлэн заахтай адил хүчтэй байдаг уу гэж эргэлзсэн асуулт тавигдлаа. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, хэрэв та шууд багшийн аман дамжуулалтыг хүлээн авах боломжтой бол сайн, гэхдээ сурч мэдсэн зүйлийнхээ утгыг судалж, эргэцүүлэн бодох нь чухал гэлээ. Тэрбээр зөвхөн багшид бус сургаалд найдах, зөвхөн үгэнд бус утга санаанд найдах, зөвхөн тайлбарлаж болох утганд бус тодорхой утганд найдах, ердийн ухаанаас илүү мэргэн ухаанд найдах гэсэн дөрвөн зүйлийг дурдав. Сургаалыг уншиж мэдэх, үүнийг ойлгож, өөрийн болгож авахад хичээхийг зөвлөсөн юм.
Дээрхийн Гэгээнтэн оролцогч нарт хандан хэлэхдээ тэдний багш лам Намхай Норбү ринбочэ таалал төгссөн ч түүний эзгүйд заасан сургаалыг нь амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй гэв. Бидний хэн нь ч Хутагт Нагаржунайтай уулзаагүй, харин түүний сургаалд суралцаж, түүнд итгэх итгэл сүсгээ хадгалж үлдэх болно гэж тайлбарлалаа.
Тэрбээр Орос улсад олон зууны турш буддын шашинтнууд байсаар ирсэн бөгөөд буддизм нь шинэ зүйл биш хэмээв. Эдгээр өдрүүдэд айлдварыг логик, учир шалтгааны үүднээс хүлээн авснаар оюун ухаан, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны талаарх ойлголтыг орчин үеийн шинжлэх ухааны ололттой хослуулах боломжтой гэж айлдлаа. ОХУ-ын нэг хэсэг нь Азид, өөр хэсэг нь Европтой холбогддог тул энэ нь Зүүн ба Барууны хооронд гүүр болж чадна. Тэрээр өнөөдрийн Буддын шашинтануудыг XXIзууны буддын шашинтан байхыг уриалж, дадал зуршлаа зөвхөн сүсэг бишрэл дээр бус, учир шалтгааны дадлага, мэдлэг дээр үндэслэх хэрэгтэй хэмээн зоригжууллаа.
Халимаг дахь ‘Будда Шагжамунийн алтан сүм’-ээс Хутагт Нагаржунайн тухай асуулаа. Дээрхийн Гэгээнтэн түүнд Хутагт Нагаржуна ойролцоогоор 2000 жилийн өмнө амьдарч байсан ч түүний сургаалуудыг уншихад дэргэд нь зогсож байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Тэр хэрэв та учир шалтгааны хандлагыг баримталбал нисваанист муу сэтгэлийг арилгах боломжтой эсэх, бурханы хутагт хүрэх боломжтой эсэх талаар асуулт тавих болно гэж тайлбарлав.
“Бодьсадва нь гэгээрэлд хүрэхдээ билиг билгүүн ба хамаг амьтдыг энэрэн нигүүлсэхэд төвлөрдөг. Тиймээс хоосон чанарыг ойлгох билиг билгүүнийг хөгжүүлэх нь маш чухал. Хурц авъяас чадвартай хүмүүс гэгээрэлд хүрэх нь хурдан бөгөөд тэд бурханы хутагийг олсоны дараа бусдыг тэр зүг хөтлөхөд анхаардаг.”
Нэг хүн Дээрхийн Гэгээнтнийг Оросод айлчлах боломжийг бүрдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ гэж асуусан бол өөр нэг хүн нь ирээдүйн амьдралд түүний шавь болохын тулд юу хийх хэрэгтэйг асуув. Дээрхийн Гэгээнтэн эхний асуултанд хариулахдаа урьсанд талархаж байгаагаа хэллээ. Тэрбээр нас өндөр болж байгаа болон энэхүү цар тахал нь түүний үйл ажиллагааг хязгаарлаж байгааг мэдэгдэв. Гэхдээ Халимаг руу нисэхэд ердөө дөрвөн цаг, Москва тэндээс гурван цагийн зайтай гэж үзвэл түүний айлчлал боломжгүй биш гэж үзэж байна гэсэн юм.
Тэрбээр хоёр дахь асуултанд “Таны ирээдүй таны одоо байгаагаас хамаарна. Бодь сэтгэлийг дадлага болгож, хоосон чанарыг мэргэн ухаанаар ойлгохыг хөгжүүлэх нь миний ч бас чухал дадлага билээ. Насан эцэслэх тэр мөчид эдгээрийг болон Богд Зонховын ‘Бүх сайн чанаруудын үндэс суурь хэрэгжих болтугай’ гэсэн түүний залбирлыг эргэн санаарай.
“Төрөл бүхэндээ үнэнхүү багшаас
Төөрч хагацалгүй таны цогийг эдлээд
Газар, мөрийн эрдмийг төгсгөж
Очирдарын хутагийг түргэн олох болтугай”
“Би олон лүн, авшиг хүртсэн. Гэхдээ бодь сэтгэлийг сэргээж, хоосон чанарыг ойлгох нь миний тэргүүн зэргийн ач холбогдолтой дадлага юм. Хэрэв бид дахин уулзах гэж байгаа бол энэ бүгдийг та ч бас хийх хэрэгтэй.”
Эцэст нь гэр бүлийн хүмүүжлийн талаар санаа зовсон гэрийн эзэгтэйн асуултанд хариуллаа. Бодь сэтгэл ба хоосон чанарыг дадлага болгоход та лам хувраг байх шаардлагагүй гэж Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. Хэрэв та боловсрол, эсвэл нийгмийн ажилд оролцдог бол тусгаарлагдмал байгаа лам хуврагуудаас илүүтэйгээр нийгэмд их хувь нэмэр оруулах боломжтой гэв. Тэрбээр Чандракиртигийн ‘Төвд орохуй’ номын зургаадугаар бүлгийн төгсгөлийн шүлгээс эш татлаа.
Янагуух ба үнэмлэхүйн уужим цагаан жигүүрээ дэлгэж
Хунгийн хаан бээр бусад шувуудыг тэргүүнд
Дүүлэн нисч, хүчит буяны салхийг хөлөглөн
Бурханы эрдмийн далайн дээд чинадад одмуй
Дилав хутагт энэхүү цахим уулзалтыг зохион байгуулахад хамтран ажилласан Оросын бүх буддын шашинтнуудын өмнөөс Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлэхдээ түүний олон жилийн турш үзүүлж байгаа анхаарал халамжинд чин сэтгэлийн угаас баярлаж байгаагаа дурдлаа. Тэрээр Дээрхийн Гэгээнтнээс тэдэнтэй хамт байж, ирээдүйд ахин дахин сургаалаа айлдахыг хүсэв. Түүнд эрүүл энх, урт удаан наслахыг ерөөснөөр энэ удаагийн номын айлдвар өндөрлөсөн юм.