Энэтхэг, ХП, Дармасала - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цахим сүлжээгээр ярилцлага хийхэд зориулан бэлдсэн өрөөндөө орж ирэв. Тэрбээр өмнө нь байрлуулсан дэлгэц дээрх Малайзын оролцогчдын нүүр царайг харан тэдэнтэй инээмсэглэн мэндчилж, суудалдаа суулаа.
Исламын шашин ба буддизмын нийтлэг үнэт зүйл болох энэрэл нигүүлслийн тухай ярилцлагыг Малайзын Муслим залуучуудын хөдөлгөөн (MМЗХ), Малайз дахь Төвөдийн соёлын төв (TCТ) хамтран зохион байгуулав. TCТ-ийн ерөнхийлөгч Кейси Лю Дээрхийн Гэгээнтэн болон бусад оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр ярилцлагыг эхлүүлэхээр ММЗХ-ий ерөнхийлөгч, модератор Мухаммед Файсал Абдул Азизыг урьсан юм. Азиз "Ас-саламу алейкум" хэмээн мэндлээд Дээрхийн Гэгээнтнийг танилцуулахдаа түүний хүн төрөлхтний нэгдмэл байдал, шашин хоорондын эв нэгдэл, Төвөдийн соёл, хүрээлэн буй орчныг хамгаалах, эртний Энэтхэгийн мэдлэгийг сэргээн дэлгэрүүлэх ажлыг сурталчлах зэрэг үүргийнх нь талаар дурдав.
Дараа нь тэрээр ‘Олон улсын Исламын сэтгэлгээ ба иргэншлийн хүрээлэн’ (ISTAC -ийн Аль-Газзалигийн ‘Танин мэдэхүй ба иргэншлийн судлал’-ын даргаар ажилладаг профессор Эмеритус Датук Осман Бакарыг танилцуулж профессор Османыг ярилцлагыг нээхийг урив.
Профессор мөн “Ас-саламу алейкум” хэмээн мэндлээд ярилцлагыг нээж, англиар “Та бүхэн амар амгалан байх болтугай” гэлээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнтэй хийх ярилцлагад оролцох нь маш том нэр төрийн хэрэг бөгөөд онцгой эрх хэмээв. Мөн Ислам болон буддын шашин нь тус улсад, Зүүн Өмнөд Азийн бүс нутаг дахь хамгийн том хоёр шашин тул Малайзын хувьд энэхүү цахим уулзалт чухал ач холбогдолтой гэж тайлбарласан юм. Шашин хоорондын ярилцлагын зорилго нь харилцан хүндэтгэх соёлыг төлөвшүүлэхийн тулд эдгээр шашны уламжлалуудын нийтлэг зүйл юу болохыг тодорхойлоход оршино гэж хэллээ.
Профессор Осман нигүүлсэл бол исламын шашны мөн чанар гэв. Энэ нь Араб хэлэнд Куран сударт бичсэнээр ‘рахма’ гэдэг бөгөөд үүнийг энэрэл, хайр, нигүүлсэл, сайхан сэтгэл гэх мэтээр тодорхойлж болно. Энэ нь ‘каруна’ буюу энэрэн нигүүлсэхүй нь буддын шашинтнуудын хувьд ямар утгатай болох, христийн шашинтнуудын хувьд ‘агапе’ буюу хайр нь юуг илэрхийлэхтэй адил юм. Тэрээр хэлэхдээ, нигүүлсэл бол "хамгийн өршөөнгүй ", "хамгийн энэрэнгүй " гэж тодорхойлогддог Аллах тэнгэрийн шинж чанар юм. ‘Дэлхий ертөнцийг нигүүлсэх’ гэдэг нь Зөнч Мухаммедын нэгэн эшлэл бөгөөд тэрээр ялангуяа өнчин ядуу, сул дорой, дарлагдсан хүмүүст энэрэнгүй ханддаг билээ.
Профессор Осман исламын шашны (шариа) хууль нь хууль тогтоогч “Эзэн”-ий шахалт, шийтгэл хүлээлгэх гэсэн утгаар бус харин тэрээр энэрэл, нигүүлсэл, сайхан сэтгэлээр удирдамж, нигүүлсэл болгон өгсөн гэж тэмдэглэв. Профессор Осман цааш нь өгүүлэхдээ бүх хүн төрөлхтөнд энэрэл,нигүүлслийн үр хөрөнгө байдаг бөгөөд эдгээр шинж чанар нь тэдний үндсэн шинж чанар юм гэж дүгнэв.
Дээрхийн Гэгээнтэнийг яриагаа эхлэхийг урихад Дээрхийн Гэгээнтэн, “Нэгдүгээрт, Малайзын мусульман шашинтануудтай уулзах нь миний хувьд нэр төрийн хэрэг” хэмээгээд яриагаа эхэлсэн юм.
“Намайг бага байхад миний амьдарч байсан алслагдмал жижиг тосгонд манай хөршүүдийн дунд мусульман шашинтай гэр бүлүүд байсан юм. Дараа нь Лхас хотод очоод мусульман шашны нийгэмлэгийн төлөөлөгчдийг албан ёсны бүхий л ажилд урих нь Төвөдийн засгийн газрын уламжлал болохыг олж мэдсэн билээ. Түүхээс үзэхэд V Далай ламын үед Ладакаас ирсэн зарим мусульманчууд Лхас руу зорьж ирсэн байдаг. Далай Лам тэднийг угтан авч, сүм хийд барих газар олгож байжээ.”
“Миний мусульман шашинтуудтай холбоотой байсан тухай дурсах өөр нэг түүх бий. Төвөдийн засгийн газар XIII Далай Ламын хойд дүрийг тодруулах төлөөлөгчдөө илгээсэн байв. Хойд дүр Амдо хотод төрсөн гэх шинж тэмдэг байсан юм. Төлөөлөгчид миний амьдардаг Гүмбүм орчмын газраас гурван хүүгийн эцсийн жагсаалтыг гаргасан байжээ. Тэдний нэг нь таалал төгссөн гэж ээж надад хэлж билээ. Үлдсэн хоёр нь нутгийн цэргийн удирдагч Ма Буфангийн анхаарлыг татсан байна.”
“Нөгөө хүүг ээж нь тэврэн Ма Буфанд авчрахад тэр хүүхэд ичсэн, айсан байсан гэж ээж минь дурссан юм. Нутгийн цэргийн удирдагч түүнд чихэр өгөхөд тэр гараа сунган шүүрч аваад буруу харжээ. Харин ээж минь намайг түүн дээр авчрахад би илтэд тайван, айгаагүй шинжтэй байжээ. Тэр надад чихэр өгөхөд би нэгийг нь ээждээ, нэгийг нь өөртөө авсан байна. Ингэсэнд Ма Буфан жанжин миний нүд рүү харан ‘Энэ хүү бол Далай Лам’ гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр XIV Далай Ламыг мусульман шашинтай удирдагч анх хүлээн зөвшөөрсөн гэж хэлж болох юм. Ямартай ч зарим нэг онцгой холбоо байсан бололтой.”
“Дараа нь Лхаст Потала ордонд байрлах Намжал дацангийн лам хуврагууд мусульман шашинтны дэлгүүрүүдэд зочлох дуртай байсан гэдгийг би мэдсэн. Тэд тэнд Энэтхэгийн талаар мэдээлэл цуглуулж, заримдаа мусульманчуудын амтат хоол зооглодог байв.”
“Миний үүрэг хариуцлагын нэг бол шашны янз бүрийн уламжлал хоорондын эв найрамдлыг дэмжих явдал юм. Үүний энгийн шалтгаан бол тэд бүгд энэрэнгүй сэтгэлийг сургадагт оршино. Бусдын төлөө санаа тавих мэдрэмж нь хүний мөн чанарын нэг хэсэг мөн. Хүний амьдрал нийгмийн хүрээлэлд амьдрахаас шалтгаална. Бид төрөхдөө эхийн хайраар тэжээгдэж, өсөн торнидог билээ.”
“Өнөөдөр манай ертөнцөд хүн бүхэн аз жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд хүн бүр аз жаргалтай амьдрах ч эрхтэй. Гэсэн ч бид өөрсдийн бий болгосон бэрхшээлтэйгээ тулгарсаар байна. Хэрэв бид багахан гүнзгий бодох аваас хайр энэрэл нь бидний оршин тогтнох түлхүүр гэдгийг ухаарах болно. Мөн бүх шашин шүтлэг нь энэрэл, нигүүлслийн тус эрдмийг сургадаг шүү дээ.”
Дээрхийн Гэгээнтэн “Бүтээгч Эзэн”-д итгэдэг шашин шүтлэгүүд нь мөн чанараасаа өгөөмөр сэтгэлтэй Эзэн эсвэл Аллахад итгэдэг гэж тайлбарлав. Энэтхэгт хүч үл хэрэглэх, энэрэн нигүүлсэхүйн олон жилийн уламжлал, оюун ухааны төвлөрөл, гүн ухааныг сургах эртний уламжлал байдаг. Эдгээр нь бидний сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн арилгах ойлголтонд хүргэдэг байна. Бурхан Багшийг залрахаас өмнө ч Энэтхэгчүүд сэтгэл хөдлөлөө удирдах, оюун ухаанаа ашиглан эерэг сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлэх, сөрөг сэтгэл хөдлөлийг бууруулах арга замыг судалж байжээ.
Бурхан Багш энэрэн нигүүлсэхийг онцлон авч үзсэн бол жейн хүчирхийлэлгүй байхыг онцолж, ЗөнчМухаммед хэдийгээр илд барьсан ч гэсэн сайн сайхан сэтгэлийн тухай мэдээлэл түгээн элэг нэгтнүүддээ тусламж үзүүлэв. Есүс Христ хайрын ач холбогдлыг тунхагласан билээ.
“Өнөөдөр бид аз жаргалтай ертөнцийг бий болгохын тулд энэрэнгүй сэтгэлтэй байх хэрэгтэй. Харамсалтай нь сүүлийн үед энэрэнгүй сэтгэлийн талаарх сонирхол багасч, бусдыг хөнөөх зэвсэг бүтээх хүсэл эрмэлзэл ихтэй болж байна. Бид энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэхдээ шашнаас ангид хандлагаар сэтгэлийн амар амгаланг хэрхэн хөгжүүлэхэд суралцах хэрэгтэй. Бид сөрөг муу сэтгэл хөдлөлийг яаж хазаарлан барих тухай сурах ёстой ба би үүнийг сэтгэл хөдлөлийн эрүүл мэндээ ажиглахад хамааруулж байгаа юм.”
“Шашны нэрийн дор тэмцэлдэх, бусдын амь насыг хөнөөх тохиолдол маш олон гарсаар байгаа тул бид шашин хоорондын эв найрамдлыг хөгжүүлэх нь маш чухал боллоо. Ялангуяа хайр, энэрэл нигүүлслийг төлөвшүүлэх зорилготой шашны уламжлалууд хүчирхийллийн шалтгаан болж байгаа нь нэн харамсалтай хэрэг юм. Бид бүгд ийм зөрчилдөөнийг шийдвэрлэхэд туслах үүрэгтэй. Жишээлбэл, Энэтхэгт шийт ба суннит шашны уламжлалын хооронд ямар нэгэн маргаан гарсан гэж сонсоогүй, гэтэл энэ хоёрын зөрчилдөөн өөр газарт гарсаар байна.”
"Буддын шашны лам хүний хувьд би шашны уламжлалуудын эв найрамдал, бие биенээ хүндэтгэх хүндэтгэлийг сайшаан дэмжих үүрэг өөртөө хүлээсэн юм."
Профессор Осман үүнтэй санал нийлэхгүй байхын аргагүй гэж хариулав. Тэрээр Дээрхийн Гэгээнтнээс шашны уламжлалууд нийтлэг зүйлээ бэхжүүлэхийн тулд юу хийж болох талаар асуув. Дээрхийн Гэгээнтэн түүнд 1975 оноос эхлэн тэрээр хэзээ ч, хаана ч очсон бусад шашны сүмд хүндэтгэл үзүүлдэг заншилтай болсон гэж хэлэв. Энэ үйл явдал нь анхны удаад Сарнатад христийн ба мусмальманы сүмд зочилсноор эхэлсэн бөгөөд дараа нь хинду, буддын шашны сүмд зочилжээ.
Өөр нэгэн удаа Ревалсар хотод тэрээр ариун нуурын эргэн тойронд хэд хэдэн мөргөлийн газраар зочилжээ. Хамгийн сүүлд зочилсон газар нь сикхүүд мөргөл үйлддэг Гурудвара байлаа. Энэ заншил нь мөргөлчдөд цөөн тооны ‘прасад’ буюу адисласан хоол өгөх явдал бөгөөд Дээрхийн Гэгээнтэн үүнд онцгойлон талархаж байснаа дурсан ярив.
Тэрбээр Иерусалимд айлчлахдаа христ, мусульман ба жүүдийн сүм хийдээр зочлохыг чухалчилан, тус бүрт нь хүндэтгэл үзүүлснээ нэмж хэлэв.
Профессор Осман өнөөдөр илүү их энэрэх сэтгэл хэрэгтэй байгааг тэмдэглээд, үүнийг хэрхэн хөгжүүлэх талаар асуув. Хэрэв бид сөрөг муу сэтгэл хөдлөлөө зогсоож сурвал сэтгэлийн амар амгаланд хүрч чадна гэж Дээрхийн Гэгээнтэн дахин айлдлаа. Уур хилэн, айдас нь сэтгэлийг тайван бус байдалд хүргэдэг. Гэсэн хэдий ч та хичнээн их энэрэнгүй байх тусам оюун санаагаа тайван байлгаж чадна. Дээрхийн Гэгээнтэн оюун санааны амар амгаланд хүрэхийн тулд энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх нь тайвшруулах эм уухаас хамаагүй илүү үр дүнтэй болохыг онцолсон юм.
Оролцогчдын зүгээс хэд хэдэн асуулт тавьлаа. Эхнийх нь шашны сургаалыг буруу тайлбарласан хүмүүст хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар санаа зовж байгаа талаарх асуулт байв. Өнөөгийн ертөнцөд бусад хүмүүстэй үргэлж холбоотой байх боломжтой тул тэднээс суралцах боломжтой гэж Дээрхийн Гэгээнтэн хариулав. Буддын шашинтнуудын дунд өөр өөр философийн үзлийг баримталдаг дөрвөн урсгал байдаг. Түүний хувьд чухалчилж ирсэн зүйл нь тусгаарлагдмал байдалд ухрах биш, харин шашны ахан дүүс нартайгаа холбоо тогтоож, сайн харилцаатай байх явдал ажээ.
Профессор Осман сургаалыг өөрөөр тайлбарлах, буруу тайлбарлах хоёрыг ялгаж салгах нь чухал гэж нэмж дурдлаа. Тэрбээр шашны сургаалыг янз бүрийн арга замаар тайлбарлаж болно гэв.
Өөр нэгэн хүн энэрэл нигүүлслийг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх, хүүхдүүдэд үүнийг хэрхэн заах талаар асуув. Дээрхийн Гэгээнтэн бага насны хүүхдүүд маш нээлттэй байдаг гэв. Тэд найзуудын өнгөц ялгааг төдийлөн сонирхдоггүй. Гэсэн хэдий ч сургуульд сурч эхэлмэгц дотоод үнэт зүйл дээр бус, хүмүүсийн хоёрдогч ялгааг онцолж эхэлдэг гэдгийг тайлбарлав.
Профессор Осман Куран судраас эш татан хэлэхдээ энэрэл хайр нь гэр орноос эхэлдэг бөгөөд эцэг, эхчүүдэд сайхан сэтгэлээр хандаж, тэдэнд хүндэтгэл үзүүлээрэй гэсэн байдгийг тайлбарлалаа.
Дараа нь өөр дээрээ төвлөрөх тухай асуув. Дээрхийн Гэгээнтэн дотно сэтгэл, энэрэнгүй сэтгэлийг ялгаж салгахыг зөвлөв. Бидний дотночилсон сэтгэл нь бусдыг ‘бид’ ба ‘тэд’ гэсэн өнцгөөс харах хандлагатай байдаг гэж айлдав. Тэрбээр юмсын гадаад төрх ба бодит байдлын хооронд ялгаа байдаг ба сөрөг сэтгэл хөдлөл нь гадаад төрх байдалд үндэслэн үүсдэг бол энэрэл нигүүлсэл нь бодит байдлын талаарх илүү гүнзгий ойлголтон дээр үндэслэдэг гэдгийг тайлбарласан юм.
“Өнөөдөр дэлхий урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр харилцан хамааралтай болсон тул бид бүх хүмүүсийн нэгдмэл байдлыг маш сайн мэдрэх хэрэгтэй. Бид хүн төрөлхтнийг бүхэлд нь авч үзэх ёстой. Бид өөрсдийгөө бусадтай адилхан гэдгээ ойлгох ёстой.”
Профессор Осман ‘Шариа’ хуулинд заавар байдаг гэв. Залбирагч нь мацаг барих, ‘закат’ буюу буяны үйлс хийх зэргээр өөртөө төвлөрөх сөрөг хандлагыг сулруулах үйлдэл хийх хэрэгтэй гэж сургадаг байна.
Мусульман болон буддын шашинтнууд бие биенээсээ юу сурч болох талаар тайлбар хүссэнд Дээрхийн Гэгээнтэн бидний хандлагын ялгаа байгааг анзаарахдаа энэрэн нигүүлсэхүйн нийтлэг зорилгоо санах хэрэгтэй гэж зөвлөсөн юм.
“Хүний үнэт зүйлийг бэхжүүлэхийн тулд бид хүний оюун ухааныг ашиглах хэрэгтэй. Өөр өөр цаг үе, өөр өөр газар, амьдралын янз бүрийн хэв маягийг баримталдаг хүмүүст дотоод үнэт зүйлсээ бэхжүүлэх янз бүрийн арга зам хэрэгтэй байдаг.”
Тэрээр буддын болон мусульман шашинтнууд бусад хүмүүстэй уулзаж, эдгээр зүйлсд хандах өөрсдийн өөр өөр арга барилын талаар хэлэлцэх боломж бүрдүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэв. Профессор Осман энэхүү харилцан ярилцлага хийх санааг дэмжлээ.
Хайр ба энэрлийг хэрхэн ажил хэрэг болгох талаар Дээрхийн Гэгээнтэн тайлбарлахдаа бид бүгдийн амьдрал эхийн хайр энэрэл дээр үндэслэн эхэлдэг гэдгийг сануулав. Дараа нь бид ухаан суухын хэрээр аз жаргалтай байхын тулд бие биедээ туслах нь чухал гэдгийг олж мэддэг гэлээ.
“Хүн гэдэг талаасаа бид бүгд үндсэндээ адилхан. Өмнө нь хүмүүс, хамт олон бие биенээсээ тусдаа амьдардаг байсан бол өнөөдөр бид бие биетэйгээ илүү ойр болж, хамтран ажиллаж сурах хэрэгтэй боллоо.”
Хурлын зохицуулагч Азиз Дээрхийн Гэгээнтэн, Профессор Осман болон хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулсан бусад бүх зочдод талархал илэрхийлэв. Кейси Лю мөн талархал илэрхийлээд Дээрхийн Гэгээнтэн Малайзид айлчилна хэмээн найдаж байна гэсэнд Дээрхийн Гэгээнтэн цар тахлын хязгаарлалтыг цуцалсны дараа энэхүү боломжийг хүлээж байна гэж хариуллаа. Тэрээр Малайзид очих нь Төвөдийн асуудал НҮБ-д хэлэлцэгдэхэд маш их тус хүргэсэн Малайзын удирдагч Тунку Абдул Рахманы дурсгалд хүндэтгэл үзүүлж буй явдал болно гэсэн юм.
Дээрхийн Гэгээнтэн ярилцлагын эцэст инээмсэглэн дэлгэц дээрх хүмүүсийн зүг гараараа даллаж байхдаа “Дахин уулзацгаая” гэв.