Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг суудалдаа суусны дараа түүнд өнөөдрийн цахим ярилцлагад оролцож буй Энэтхэг Эмч Нарын Олон Улсын Холбоо (GAPIO)-ны ерөнхийлөгч, доктор Анупам Сибал, Энэтхэгийн йогийн холбоог төлөөлж Энэтхэгийн Чандигарх дахь Анагаах ухааны боловсрол, судалгааны дээд сургуулийн (PGIMER) профессор, доктор Акшай Ананд нар мэндчилгээ дэвшүүлэв. Одоогийн тахал өвчнийг эмчилж байгаа хүмүүс сэтгэлийн дарамттай байгаа учраас тэдэнд энэрэл, тайвшрал хэрэгтэй байна гэж доктор Сибал онцолсон юм. Доктор Ананд хэлэхдээ, дэлхийн өнцөг булан бүрт анагаах ухааны салбарт ажиллаж буй олон хүмүүс энэ ярилцлаганд хамрагдах болно гэв.
“Баярлалаа,” гэж Дээрхийн Гэгээнтэн хариулаад “Тантай адил эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй ярилцах нь миний хувьд нэр төрийн хэрэг. Би ийм ярилцлагаас маш их зүйлийг сурдаг. Төвөдийн нэгэн нэрт эрдэмтэн Бурханы хутагт хүрэх хүртлээ бид бүгд шинэ зүйлийг сурахад бэлэн байх ёстойг сануулсан байдаг.”
"Эрүүл мэндийн тухай авч үзвэл энэ нь зөвхөн бидний бие мах бодь төдийгүй бидний оюун ухаан, сэтгэл хөдлөлд хамаатай. Энэрэл хайр, нигүүлсэх сэтгэлийн дадал бидний сэтгэлд амар амгаланг авчирдаг. Бид асуудалтай тулгарах, эсвэл хэн нэгэн бидний хэлсэн, хийсэн зүйлийг шүүмжлэхэд ч энэрэн нигүүлсэх сэтгэл тэдэнд хариу талархах боломж олгодог. Энэрэл нигүүлсэл нь уур хилэн, айдас түгшүүрийг арилгах хамгийн сайн арга юм.”
“Биеэрээ йог болон амьсгалын дасгал хийх нь бидний зүрхний цохилтыг тайвшруулдаг. Миний хийдэг есөн удаагийн амьсгалын дасгал мэт энгийн дасгалууд бий. Эдгээр дасгалууд тайвшруулах нөлөөтэй. Энэ бүгдийг Энэтхэгийн шашны эх сурвалжуудад тодорхойлсон байдаг ч бид сэтгэлийн түгшүүрээс ангижрах, бие махбодийн эрүүл мэндийг сайжруулахын тулд эдгээр аргыг шашнаас ангид замаар ашиглах боломжтой.”
“Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд би голдуу өрнөдийн эрдэмтэдтэй олон удаа ярилцлаа. Урьд өмнө тэд материаллаг зүйлийг судлахад ихээхэн анхаардаг байсан ч эдүгээ эртний Энэтхэгийн оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаархи мэдлэгийг улам их үнэлдэг болж байна. XX зууны төгсгөл хүртэл эрдэмтэд тархинд анхаарлаа төвлөрүүлж, харин сэтгэл, дотоод ертөнцийн талаар бага анхаардаг байв. Гэвч нейропластик чанарыг олж мэдсэнээр энэ байдал өөрчлөгдөж эхэлсэн юм.”
"Урьд нь бид эрүүл мэндээ хамгаалахын тулд бие махбодийн эрүүл ахуйг сахихыг сурсан билээ. Харин эдүгээ сурах зүйл бол сэтгэлийн амар амгалан байдлаа хадгалахын тулд үүний талаарх мэдлэгт суралцах хэрэгтэй болж байна. Тиймээс орчин үеийн боловсролыг эртний Энэтхэгийн мэдлэгтэй хослуулах нь ач тустай гэдэгт би итгэдэг.”
Дээрхийн Гэгээнтэн хүн бүхэн амар тайван ертөнцөд аз жаргалтай амьдрахыг хүсдэг боловч үүнтэй зэрэгцэн бидний өөрсдийн тарьсан олон асуудалтай тулгарч байгааг тэмдэглэв. Тэдгээрийг багасгавал бид хөгжинө. Хамгийн чухал зүйл бол боловсрол, ялангуяа сэтгэлийн амар амгаланг хэрхэн хөгжүүлэх мэдлэгтэй болох хэрэгтэйг тэрээр цохон тэмдэглэлээ.
“Энэ оронд тайван байх, сэтгэл төвлөрөл, саруул мэргэн ухааныг хөгжүүлэхээс үүдэлтэй "ахимса ба каруна" буюу “хүч үл хэрэглэх ба энэрэл хайр” гэсэн эртний уламжлал дэлгэрсэн юм. Эртний Энэтхэгийн мэдлэг бидэнд муу сэтгэл хөдлөлийг хэрхэн хазаарлан барих талаар сургаж байгаа нь өнөө цагт маш их тусаа өгч байна.”
"XX зуунд Махатма Ганди улс төрийн тэмцлийн нэг хэлбэрийг хүч үл хэрэглэх арга гэж үзэж байлаа. Тэрбээр өөрийн араас гарч ирсэн олон хүмүүс, тухайлбал, бишоп Десмонд Туту, Нельсон Мандела, Мартин Лютер Кинг зэрэг хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлж, нөлөөлсөн юм. 'Каруна' буюу энэрэн хайрлах сэтгэлийг төлөвшүүлэх нь шашны зорилго бус, шашнаас ангид сэтгэлийн амар амгаланг хөгжүүлэх арга мөн. Би заримдаа Махатма Ганди энэхүү бүрэн төгс боловсролын хөгжилд төдийлөн анхаарал хандуулж чадаагүй юм болов уу гэж гайхдаг."
Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа Энэтхэгийн цөмийн физикч Ража Рамана түүнд квант физик нь Барууны хувьд цоо шинэ ойлголт боловч хутагт Нагаржунайн олон зууны тэртээ бичсэн зүйлтэй нийцдэг гэж хэлснийг дурьдлаа. Нагаржуна нь учир шалтгааны үндсэн дээр юмсыг нарийн шинжлэн судалдагаараа ялгардаг Наландагийн уламжлалын анхдагч байсан юм.
"Оюун санааны амар амгаланг төлөвшүүлэх нь бидний эрүүл мэндэд хандах хандлагын нэг хэсэг байх ёстой. Энэ нь эмч, сувилагч нарт ч хэрэгтэй. Өвчтөнийг тайвшруулах нь мөн чухал зүйл. Эрүүл мэндийн үзлэгт ороход эмч, сувилагч нар сайхан сэтгэлээр, инээмсэглэн харьцвал би илүү тухтай байдал мэдэрдэг."
Дээрхийн Гэгээнтэн сонсогчдыг асуулт асуухыг урьсан бөгөөд эхнийх нь итгэл найдвараа алдсан хүмүүст хэрхэн туслах талаар асуулт байлаа.
"Хэрэв та хэт том хүсэл эрмэлзэлтэй, гэвч алсын хараагүй бол итгэл найдвараа алдах болно. Хүний оюун ухаан бидэнд юу болж байгааг илүү цогц байдлаар харах боломжийг олгодог. Илүү томоор авч үзвэл, орчлон ертөнцийн хүрээнд бүх галактикууд эцэстээ алга болдгийг бид мэднэ. Хүн гэдэг талаасаа бид амьдралынхаа туршид олон бэрхшээлтэй тулгарах болно, гэвч бид саруул ухаантай учир тулгарах бэрхшээлийг даван туулах арга замыг олох чадвартай.”
“Хэрэв та асуудалд явцуу байдлаар хандах аваас итгэл найдвараа алдана. Харин илүү өргөн талаас нь харвал итгэл найдвараа алдахгүй байж, улмаар асуудал улам бүр хялбар болж ирнэ. Миний хувьд, 1959 оны эхээр Төвөдийн байдал үнэхээр хэцүү болсон юм. 1959 оны 3-р сарын 17-ны өдөр би дүрвэхээр шийдэхэд бидэнд маргааш амьд байх эсэх нь ч эргэлзээтэй болж ирсэн. Гэвч би итгэл найдвараа огт алдаагүй билээ. Зоригтой, шийдэмгий байснаар маргааш өдрийн нар мандахад сэтгэл минь ихээхэн дээрдэж билээ.”
Дараа нь малын зах зээл, газар тариалан, хүний эрүүл мэндийн талаар асуултууд асуув. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа хэрэв та хүний шүд, хумсыг үзвэл хүн төрөлхтөн буга шиг цагаан хоолтон болоход илүү тохиромжтой гэлээ. Нөгөө талаас арслан, барс түүхий мах идэхэд зориулагдсан хүчтэй, хурц шүд, сарвуутай байдаг гэв.
“Төвөдийн хойд нутагт ногоо, жимс жимсгэнэ, хүнсний ногоо байхгүй, боломжит хүнс нь зөвхөн мах, сүү сүүн бүтээгдэхүүн байдаг.”
“Энэ улсад олон хүн цагаан хоолтой. Би анх Энэтхэгт ирэхдээ шувууны аж ахуй бараг байхгүй байгааг ажигласан юм. Эдүгээ их болжээ. Нядалгаа хүлээж буй тахиа бүхий торыг зах зээл, рестораны гадна харах нь элбэг байна. Хүнсний ногоо, жимсний хангамжийг сайжруулах хэрэгтэй. Эрдэмтэд үхрийн махны үйлдвэрлэл, ерөнхийдөө малыг өсгөн үржүүлэх нь дэлхийн экологид хор хөнөөлтэй гэж мэдэгдэж байна.”
“Загасны асуудал бас бий. Олон хүн загасыг таатай ба таагүй зүйлийг мэдэрдэггүй гэж боддог. Тэдний амьжиргаа загас барихаас хамаардаг, бүр зарим нь барьсан загасаа хүнсний ногоогоос тийм ч ялгаатай биш гэж үздэг. Мах идэхээс өөр сонголтгүй тохиолдолд өөр арга байхгүй. Гэсэн ч бид боломжтой газарт мал аж ахуй, махны хэрэглээг багасгах нь сайн хэрэг юм.”
“1964 онд би цагаан хоолтон болохоор шийдэж билээ. Удалгүй намайг Японд очих үед том ах маань миний энэ шийдвэрийн талаар тоглоом наадам хийж байв. 20 орчим сарын дараа би өвчтэй болж, шарлалт (цөсний эмгэг) үүссэн юм. Дараа нь эмч нар эрүүлжихийн тулд намайг махан хоолонд дахин орох хэрэгтэй гэж зөвлөсөн."
Хүүхдүүдэд итгэл, шашин шүтлэгийг хэрхэн тайлбарлаж болох талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн янз бүрийн философийн үзэл бодлыг үл харгалзан шашны бүх томоохон уламжлалууд хайр ба энэрэл, хүлцэл тэвчээр, уучлалын сургаалыг түгээж байгааг тэмдэглэв. Тэрээр шашин шүтлэгтэй эсэхээс үл хамаарч шашны сургаалын энэ мөн чанар өнөөгийн ертөнцөд тун хамаатай болж байна гэлээ.
“Хүүхдүүдээс та ээжийнхээ инээмсэглэсэн, эсвэл ууртай царайны алийг нь харахыг хүсч байна гэж асууж үзээрэй. Мэдээж хэрэг тэд ээжийнхээ инээмсэглэлийг илүүд үзнэ гэж хариулах болно. Ээж минь надад энэрэл нигүүлслийг заасан анхны багш минь байсан юм. Ээж минь үргэлж бидэнд эелдэг царайгаа харуулдаг байсан. Хүүхдүүдээс тэдний багш нь инээмсэглэх, эсвэл хатуу ширүүн байхын алинд нь илүү таатай байдгийг асуугаарай. Хүүхдүүд инээмсэглэдэг багшийг тэдний сайн сайхны төлөө жинхэнэ санаа зовдог хүн гэж мэдэрдэг хэмээх болно.”
“Хүүхдүүд сургуульд сурч, зөвхөн хурц ухаантай болсоноор ямар нэгэн асуудалд орохгүй гэхийн баталгаа байхгүй. Хүчтэй тархийг тэнцвэржүүлэхийн тулд тэдэнд сайхан сэтгэл хэрэгтэй. Тэд илүү энэрэнгүй байж, суралцах тусам илүү нийгэмд хэрэгтэй хүн болох юм.”
Сэтгэл санаа нь хямарсан эрүүл мэндийн ажилтнуудад зөвлөгөө өгөхийг хүсэхэд Дээрхийн Гэгээнтэн эхлээд Ковид-19 өвчнөөр өвчилсөн хүмүүсийг эмчилж байгаа эмч, сувилагч нарыг бахдан биширч байгаагаа хэллээ.
"Тэд баатарлаг зоригийг харуулж байна. Зарим нь бүр амиа ч зориуллаа. Би тэднийг үнэхээр бишрэн хүндэтгэж байна. Энэ үнэхээр хүнд хэцүү өвчин ажээ. Гэвч би аливаа зүйлийг үргэлж илүү цогц байдлаар харахыг хичээдэг. Эртний Энэтхэгийн сурвалжуудад хүн төрөлхтөн хүчирхийлэл, өвчин, өлсгөлөн зэрэгтэй тулгарсаар эцэстээ устаж үгүй болно гэж бичсэн байдаг.”
“Энэхүү тахал өвчинд нэрвэгдсэн хүмүүст аюулыг үл харгалзан тууштай туслаж буй эмч, сувилагчид байна. Тэд өөдрөг сэтгэлтэй хүмүүс бөгөөд өвчтөнүүддээ бүрэн анхаарал тавьж байна. Тэдний дотоод сэтгэлийн хүч чадал нь тэдэнд зарим нэгэн хамгаалалт болж буй гэдэгт би итгэж байна. Зоригтой, өөртөө итгэлтэй байх нь чухал юм. Үүний нэгэн адил судалгаа хийж байгаа мэргэжлийн ур чадвартай эрдэмтэд уян хатан байдлаа бас хадгалах ёстой.”
“Өмнөх зуунд дайн тулаан их гарсан. Олон хүмүүс зэвсэг ашиглах нь хүч чадлын эх үүсвэр гэж боддог байв. Эдүгээ энэ сэтгэлгээ феодалийн үеийн хандлага руу эргэж буцсан, хоцрогдсон сэтгэлгээ болсон байна. Тиймээс бид энэ зууныг өрсөлдөгч нартайгаа харилцан ярилцах замаар тохиролцож, шийдэл олдог яриа хэлэлцээний эрин үе болгохыг чармайх ёстой.”
“Би 8-р зууны үеийн Энэтхэгийн их багшийн “Ямар ч нөхцөл байдал үүссэн түүнийг тодорхой сайн эргэцүүлэх хэрэгтэй” гэсэн зөвлөгөөнөөс их урам зориг авдаг. Асуудлыг даван туулах боломжтой эсэхийг магадлах хэрэгтэй бөгөөд хэрэв боломжтой бол боломжит зүйлийг хийх нь зүйн хэрэг. Хэрэв даван туулах боломжгүй бол цаашид энэ талаар санаа зовоод ч тус нэмэргүй.”