Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн их сургуулийн оюутнуудтай ярилцахаар уригдсан байлаа. Уулзалтанд Дели хотын хуулийн их сургууль, Варанаси хотын Хиндүгийн их сургууль, Дели хот дахь Гүрү Говиндын нэрэмжит их сургууль, Аруначал Прадеш дахь Үндэсний технологийн их сургууль, мөн Бихарын Чапра төв сургуулийн оюутнууд оролцов.
Дели хотын их сургуулийн хуулийн факултетийн профессор Раман Миттал нээлтийн үг хэллээ. Тэрээр өнөөгийн дэлхий хүнд нөхцөлд байгааг дурьдаад зарим хүмүүс амьдрахад улам хүндрэлтэй болж байгааг онцлов. Ийм үед бид зайлшгүй дотоод сэтгэлдээ анхаарал хандуулах хэрэгтэй ба үүнд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын энэрэл нигүүлсэл, итгэл найдварын талаарх айлдвар замчилна гэж үзсэн байна.
“Асуудал бэрхшээл тулгарах бүрт VIII зууны Наландагийн их мастер Шантидева гэгээний айлдварыг би байнга санадаг.” хэмээгээд Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ. “Өөрт тулгараад буй асуудлыг сайн нягталж үзэх хэрэгтэй. Хэрэв асуудлыг шийдэх гарц байх аваас санаа зовж суулгүй үр дүнтэй алхам хийх нь чухал. Хэрэв асуудлыг шийдэх ямар ч арга замгүй бол хий дэмий санаа зовох нь тусгүй. Үүнийг би маш бодит зөвлөгөө гэж боддог.”
“Хэрэв ахархан, өчүүхэн сэтгэлгээтэй байвал хичнээн жижиг асуудал байсан ч тэр нь маш том мэт санагдана. Харин асуудлыг өргөн талаас нь харж чадвал тийм ч цочирдом зүйл биш байх болно.”
“Энэтхэгийн их сэтгэгчид гариг ертөнцийг эхлэл, төгсгөлтэй гэж үзсэн. Ямартаа ч логик талаасаа энэ гариг дэлхий эцэстээ үгүй болох нь дамжиггүй. Манай нар эхлэлтэй тул хэзээ нэгэн цагт байхгүй болно гэсэн үг. Ийм байхад бидний түр зуурын асуудлууд дэндүү жижиг билээ.”
“Мөн эртний эх сурвалжуудад гариг ертөнцүүд гал, ус, салхиар эвдэрч үгүй болно гэж дурьдсан юм. Өнөөгийн дэлхийн дулаарал гэх зэргийг харахад энэ гариг эцэстээ галаар эвдэрч магадгүйг харуулж байна. Шинжлэх ухааны эрдэмтдийн үзэж байгаагаар дэлхийн дулаарал улам их нэмэгдэж урьд өмнө байсан гол мөрөн ширгэж, одоо байсан ногоон бүс хуурай элсэн цөл болно гэжээ. Ийм өргөн цар хүрээтэй асуудал хүлээж байгаа нөхцөлд хүмүүсийн өөр хоорондын зөрчилдөөн утга учиргүйд хүрэх болно.”
“Яг энэ мөчид халдварт өвчний улмаас дэлхийд пандемик болсон нь харамсалтай байна. Гэвч бид аль чадах бүхнээ хийх ёстой. Судлаачид үүн дээр анхааран ажиллаж байна. Миний хувьд уламжлалт анагаах ухаан тодорхой тус нөлөө үзүүлж чадах болов уу гэж бодож байна. VIII зуунд Төвөдийн Тисрон Дэзэн хаан Аюурведийн болон Төвөд, Хятадын, мөн бусад анагаах ухааны эрдэмтдийг цуглуулж, мэдлэгээ хуваалцах ажлыг зохион байгуулж байжээ. Үүнтэй адил хурлыг зохион байгуулбал үр дүн гарна гэж бодож байна.”
Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа ямар ч асуудал тулгарсан түүнд чин сэтгэлээсээ, мөн шудрага хандах хэрэгтэй гэж зөвлөв. Тэрээр өөрийн байнга дурьддаг эртний Энэтхэгийн хүл үл хэрэглэх “ахимса”, энэрэн нигүүлсэх “каруна” уламжлалыг дагаж чадвал хүн төрөлхтөн аз жаргалтай байх болно гэдгийг тайлбарлалаа. Өөрөө энэ уламжлалын шавь бөгөөд үүнд суралцсанаар энэрэнгүй нийгмийг бүрдүүлэх бүрэн боломжтой гэдгийг онцлов. “Ахимса болон каруна” уламжлал хоёул сэтгэл төвлөрөл болон саруул билиг оюуныг хөгжүүлсний үндсэн дээр бий болдог ажээ. Энэ уламжлал дээр үндэслэж хиндү, самхяа, жейн, буддын олон уламжлалууд дэлгэрсэн байна.
Бид биеийн эрүүл мэндэд анхаарал хандуулдаг ба үүн дээр нэмээд сэтгэл хөдлөлийн эрүүл мэндэд анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг мөн тайлбарлалаа. Үүнд анхаарахын тулд сэтгэл хөдлөлийн бүрэн систем, тэдгээрийн ойлголт, мөн оюун ухаан, сэтгэл хөдлөл хэрхэн ажилдаг талаар сайтар мэдэх шаардлагатай. Энэ бүхэн эртний Энэтхэгийн үнэт мэдлэг билээ. Хэдийгээр энэхүү мэдлэг шашны номлолд байгаа ч эдүгээ академик түвшинд судлах бүрэн боломжтой гэдгийг тэмдэглэн хэлэв.
“Эртний Энэтхэгийн соёл уламжлалын нэг хэсэг болсон энэхүү мэдлэгийг орчин үеийн мэдлэгтэй холбох онцгой боломж өнөөгийн Энэтхэгчүүдэд байна гэдгийг би байнга хэлдэг. Мөн би Энэтхэгийн ахан дүүс сэтгэл хөдлөл, сэтгэл санааны жинхэнэ амар амгаланд хүрэх арга ухаанд анхаарал хандуулах цаг ирсэн гэж боддог.”
“Бурханы шашны хувьд пали, санскрит гэх хоёр уламжлал бий. Санскрит уламжлал нь учир шалтгаан дээр суурилсан сүсэг бишрэлийг чухалчилдаг. Бурхан Багш өөрөө ч шавь нартаа хандан миний сургаалыг алтны дархан алтыг хэрхэн таньдагтай адил нягталж судлах хэрэгтэй гэж захьсан юм. Тэрээр шавь нарт аливаад шинжлэн нягтлах ухаанаар хандах шаардлагатай гэдгийг зөвлөж байжээ. Тиймээс хутагт Нагаржуна, хутагт Арьяадева, ловон Чандракирти, ловон Дигнага, ловон Дармакирти тэргүүтэй Наландын их багш нар энэ зөвлөгөөг дагасан юм.”
“Бурхан Багшийн айлдваруудыг төвөд хэлэнд орчуулахдаа ихэвчлэн санскрит сурвалжийг баримталж 100 гаруй боть болгосон бөгөөд тэдгээрийн тайлбар бүтээлүүдийг 200 гаруй боть болгон орчуулсан билээ. Эдгээр 300 гаруй боть зохиолыг бид үзэж судладаг.”
“Ахимса болон каруна” уламжлалыг улс төрийн замналд хэрхэн ашиглаж болохыг XX зуунд Махатма Ганди харуулсан юм. Түүнээс хойш бишоп Десмонд Туту, Нелсон Мандела, Мартин Лутер Кинг нар ч үлгэр жишээ авч, түүний замналаар явсан билээ. Эдүгээ, XXI зуунд сэтгэл хөдлөлийн улмаас үүдсэн асар олон асуудлууд бий болжээ. Чухам ийм үед Энэтхэгчүүдэд сэтгэлийн хямралыг арилгаж, сэтгэлийн амар амгаланг хэрхэн олох арга замыг дэлхий нийтэд таниулж чадна гэдэгт итгэлтэй байна.”
“Би сүүлийн 60 жилийг Энэтхэгт өнгөрүүллээ. Анх Энэтхэгт ирэхдээ эх орноосоо дүрвэн ирсэн учир сэтгэл гунигтай байлаа. Энэтхэг, Хятад хоёр улс дэлхийн хамгийн их хүн амтай орон билээ. Хятад өгсөж, уруудахын олон нугачааг үзсэн бол Энэтхэг орон ардчилалыг баримталж, хууль ёсны удирдлагаар улс орноо тогтвортой байлгаж ирлээ. Энэ нь адил бус соёл уламжлалтай хүмүүс “Нэгдсэн Энэтхэг” гэх ойлголтын дор өөр өөрдсийн соёл уламжлалаа хадгалан ирсэнтэй холбоотой.”
“Хятад улс эртнээс бурханы шашныг шүтэж ирсэн ба эдүгээ 400 сая Хятад буддистууд бий гэж үзсэн байна. Тиймээс нийтлэг соёлтой Энэтхэг, Хятад хоёр улс дэлхийн энх тайвны төлөө хамтран ажиллах боломжтой гэж би үздэг.”
“Сэтгүүлч нар надаас асуух үед би өөрийгөө “Энэтхэгийн хүү” гэж сэтгэл хангалуун хэлдэг. Учир нь миний оюун ухаан эртний Энэтхэгийн мэдлэгээр цэнэглэгдэж, бие махбодь маань Энэтхэгийн будаа, дал, гамбираар тэтгэгдсэн билээ. Асуудал бэрхшээл тулгарахад сурч мэдсэн мэдлэг боловсрол маань түүнийг даван туулахад туслаж байна. Тиймээс би хэзээ, хаашаа ч явсан хүчирхийлэл үл хэрэглэх, энэрэн нигүүлсэх тухай байнга ярьдаг билээ.”
“Өнөөдөр би Энэтхэг дэх улс төрийн хамгийн удаан зочин болоод байна. Анх удаа Энэтхэгийн ерөнхийлөгч Ражендра Прасад болон Бандит Неру нартай уулзсан цагаас хойш Энэтхэгийн засгийн газар Төвөдүүд биднийг харж хандсан билээ. Энэ их ач тусын хариуд би эртний Энэтхэгийн мэдлэгийг орчин үед түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээж байна. Энэтхэгийн ард түмэн ч дэмжлэг үзүүлж эхлэх нь ойрхон байна. Би дангаараа нэг л гартай мэт, тиймээс надад энэ мэдлэг боловсролыг түгээхэд та бүхний дэмжлэг нэн чухал билээ.”
Асуулт, хариултын цаг эхлэхэд Дели хотын их сургуулийн хуулийн факултетийн оюутан шашин шүтлэг, оюун санааны тухай асуулаа. Тэрээр хариулахдаа адил бус үзэл онолыг эс тооцвол шашин бүхэн энэрэл хайр, уучлал, тэсвэр тэвчээрийг адилхан номлодог гэсэн юм. Үүнийг тайлбарлахдаа хүмүүс өөр хоорондоо адил бус үзэл бодолтой байдаг тул энэрэл хайрыг хөгжүүлэх олон ургальч үзэл санаа байх ёстой гэлээ.
Ражастханд сурдаг нэгэн оюутан юмс үзэгдлийн мөн чанарын талаар асуулаа. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа үзэгдэл юмс өөрийн талаас харагдаж байгаа ч энэ нь ердөө үзэгдэл төдий гэв. Тэрээр квантын физикт юмс үзэгдэл үзэгдэж байгаа шигээ бодитоор орших боломжгүй гэж үзсэнийг тайлбарлав. Мөн үргэлжлүүлэн уур хилэн, хүсэл шунал нь юмс үзэгдлийг өөрийн талаас үнэхээр баттай байна гэж үзсэнээс төрдөг, гэтэл тэд өөрийн мөн чанараар бус, бусдаас хамааран, бусадтай шүтэлцэж оршдог гэдгийг тайлбарласан юм.
Банарас дахь Хиндүгийн их сургуулийн профессор сэтгэлийн тэвчээрийн талаар асуулаа. Сэтгэлийн хямрал нь үзэгдэлийн мөн чанарыг ойлгоогүйгээс үүдэлтэй гэв. Сэтгэлийн хямралыг арилгах гол арга нь үзэгдэл юмс харагдаж байгаа шигээ бодитоор орших боломжгүй гэдгийг ойлгох хэмээгээд ловон Чандаркиртигийн морин тэргийг долоон учир шалтгаанаар судлахад мөн чанар нь олдохгүй гэх жишээг эш татав. Гэвч морин тэрэг оршиж буй нь тодорхой.
Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ хэрэв юмс обьектив талаасаа үнэхээр оршдог бол учир шалтгааны логик зөрчил аяндаа гарч ирнэ гэв. Хэрэв юмс үзэгдэлд өнгөц хандвал тэрхүү зүйл байх боловч лавшруулж сайтар судлахад туйлын чанартаа хоосон байх болно. Тиймээс бидэнд төрж буй өнгөц дүгнэлийг хоосон чанарыг онож мэдсэн билиг оюунаар арилгана хэмээлээ.
Түүнд Ража Раманна нэгэн удаа квантын физик нь Баруунд шинэ ойлголт болж байхад үүнтэй ижил төстэй ойлголт эртний Энэтхэгийн мэдлэгт байсан гэдгийг ярьсан байна.
“Би өглөө сэрсэн даруйдаа “би” үзэгдэж байгаа шигээ орших боломжгүй гэдгийг боддог. Дараа нь амьтан бүхэн аз жаргалыг хүсдэг, гэвч зовлон эдэлсээр байна хэмээн санаж энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэх, сөрөг сэтгэл хөдлөлийг арилгахын аль чадлаараа хичээдэг юм.”
Дараагийн асуултыг Бихар дахь Чапрагийн төв сургуулиас дэд захирал асуулаа. Тэрээр өөрийн сургууль Жейпракаш Нараяантай хамтран ажилдаг гэдгээ дурьдаад сэтгэлийн амар амгаланг хэрхэн хөгжүүлэх вэ гэж асуув. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа Жейпракаш Нараяан миний дотны найз, мөн Төвөдийг хүчтэй дэмжигч хэмээгээд хариултаа эхэлсэн юм.
“Дотоод сэтгэлийн амар амгаланг бусниулагч нь гадаад зэр зэвсэг, дайсан бус, бидний дотор буй сөрөг сэтгэл хөдлөл юм. Нөгөөтэйгүүр, ловон Шантидева бидний дайсныг тэсвэрийн хамгийн дээд багш гэж тодорхойлсон байдаг. Бурхан Багш, эсвэл миний дотны анд нөхөд маань миний тэсвэр тэвчээрийн дадлага хийх хүмүүс биш ээ. Тиймээс бидний дайсан л надад тэвчээрийг олгодог багш минь болдог.”
“Мөн сөрөг сэтгэл хөдлөл нь ахархан бодол, мунхаг, буруу үзэл санаатай холбоотой. Харин эерэг хандлага нь учир шалтгаан дээр суурилдаг. Бид уур хилэн, айдсыг бодож бясалгаж чаддаггүй, харин учир шалтгаантай энэрэнгүй сайхан сэтгэлгийг бодож бясалгаж, улам хүчтэй болгож чаддаг.”
Дели хот дахь Гүрү Говиндын нэрэмжит их сургуулийн профессор боловсролын тогтолцоог хэрхэн өөрчлөх тухай асуулаа.
“Энэтхэг дэх өнөөгийн боловсролын тогтолцоонд Британийн нөлөө маш их орсон билээ. Тиймээс гадаад материаллаг зорилго агуулсан бөгөөд дотоод сэтгэлийн тухай маш бага анхаарал хандуулдаг гэсэн үг. Ямартаа ч орчин үеийн мэдлэгийг оюун ухаан ба сэтгэл хөдлөлийн ажиллах зарчим, дотоод сэтгэлийн амар амгалан, түүнд хүрэх арга замыг багтаасан мэдлэгтэй холбож чадвал бүрэн гүйцэд болно.”
“Оюутнууд дан ганцхан гадаад биет зүйлийг судлах бус, дотоод сэтгэл хөдлөл дээрээ ч анхаарал хандуулах хэрэгтэй. Тиймээс цэцэрлэгийн хүүхдээс их дээд сургуулийн оюутан хүртэлх бүхий л хүүхэд залуучуудад оюун ухаан болон сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэгийг шашнаас ангид зарчмаар суулгаж өгөх хэрэгтэй байна. Энэ орон оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаар эртний үнэт өв соёлтой боловч үүнийгээ үндэсний хэмжээнд, анги танхимын сургалтаар дэлгэрүүлэх хэрэгтэй.”
“Бага балчир хүүхдүүд асуудал тарих нь бага байдаг. Тэд төрөлхийн шудрага, цайлган, нээлттэй, сайхан хандлагыг хүлээн авах чадвартай. Зарим шинжлэх ухааны эрдэмтдийн судлагаагаар хүмүүс нийгмийн амьтад бөгөөд нийгмийн бусад гишүүдийн төлөө санаа тавих төрөлхийн совинтой байдаг гэж үзсэн байна. Үүнийг бид хүүхдүүдээс харж болно. Тэд багадаа илүү найрсаг байдаг, гэвч сургуульд явж эхэлснээр энэ байдал нь өөрчлөгдөж эхэлдэг. Тэд материаллаг хөгжлийг дэмжиж, бусдад “бид” ба “тэд” гэсэн хандлагаар хандаж эхэлдэг. Ингэснээр төрөлхийн энэрэнгүй сайхан чанараа алдаж эхэлдэг юм.”
“Хэрэв боловсролын тогтолцоонд дотоод сэтгэлийн амар амгалан, энэрэнгүй сайхан сэтгэл, хүч үл хэрэглэх зарчмын талаарх сургалтыг оруулж чадвал сурагч нар сэтгэлийн аз жаргалд хүрэхэд амархан болно. Ийм замаар л бид жинхэнэ энх тайван, зэр зэвсэггүй дэлхийг бүрдүүлж чадах юм.”
“Та бүхэнд баярлалаа.”