Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалтын өргөөнд морилон ирэхэд дэлгэц дээр “Өөрчлөлтийн үеийн андууд” бүлгэмийн гишүүдийн царай харагдаж байсанд тэрээр гар даллан мэндлээд суудалдаа суулаа. Эдгээр энх тайвныг цогцлоогч залуучууд АНУ-ын Энх тайвны хүрээлэнтэй хамтран ажилдаг бөгөөд тэдний ихэнхи нь Дээрхийн Гэгээнтэнтэй өмнө нь уулзаж байсан ажээ.
Энх тайвны хүрээлэнгийн ерөнхийлөгч Нанси Линдборг уулзалтын эхэнд үг хэллээ.
“Тантай эргэн уулзаж байгаадаа баяртай байна. Зөрчилдөөн, ковид, энэрэл гэх сэдэвтэй чухал уулзалтанд таныг урьж байна. Би урьд өмнө хэд хэдэн бүлэг залуучуудыг Дарамсалад урьж тантай уулзуулж байсан билээ. Өнөөдөр надтай хамт өөр өөрийн бүс нутагтаа энх тайвныг цогцлоогч 20 залуу энэ уулзалтанд оролцож байна.”
“Бид анх 2015 онд уулзаж байхад XXI зууныг зөрчилдөөнгүй эрин зуун болгох хэрэгтэй гэж та хэлж байсан билээ. Өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?”
“Сүүлийн хэдэн жилийн хугацаанд олон залуучуудыг надтай уулзуулсан хүчин зүтгэлд тань талархал илэрхийлье.” хэмээгээд Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв.
“Олон зүйл өөрчлөгдөж байна. XX зууны эхэнд хүмүүс үнэхээр цэргийн хүчинд итгэж, найддаг байлаа. Тэд маш их зардлыг цэрэг армид зарцуулж, шинжлэх ухааны эрдэмтэд ч оюун санаагаа илүү олон хүн хөнөөх зэр зэвсэг бүтээхийн төлөө зориулж байсан юм. Харин өнөөдөр бодит туршлагын үр дүнд ийм хүмүүс цөөрч байна. Дэлхийн хоёр том дайн явагдаж дууссаны дараа, ялангуяа цөмийн зэвсэг ашигласан дэлхийн II дайны дараа III дайны талаарх яриа дэгдэж эхэлсэн билээ. Гэвч өнөөдөр үүний тухай яригдахгүй байна шүү дээ.”
“Би Европын холбоог үнэлдэг. Хуучин цагт Франц, Герман гэх мэт улс орнууд нэг нэгнээ дайсан гэж үздэг, хоорондоо дайтаж, нэг нэгнээ хороодог байлаа. Харин дэлхийн II дайны дараа Аденаур болон де Гаул нар нэгдэж, Европын холбооны загварыг гаргасан юм. Тэр цагаас хойш тэнд энх тайван тогтсон билээ.”
“Хүмүүс технологийн хөгжилд дурлаж, үүнийг таньж мэдэхийн хэрээр цөмийн зэвсэг хэрэглэх нь хичнээн аюултай болохыг таньж байна. XX зууны төгсгөлд хүн төрөлхтөн бүхэлдээ иүү хүнлэг болж ирсэн юм.”
“Бид нийгмийн амьтад. Бидний амьд үлдэх эсэх нь шалтгаалдаг “нийгэм”-ийн талаарх төрөлхийн совин бий. Бид анх төрөхдөө эхийн хайраас хамааралтай байдаг, эх маань ч ямар нэгэн асуудалгүйгээр биднийг хайрлан тэтгэдэг. Тэрээр энэрэнгүй сайхан сэтгэл хичнээн чухал болохыг бидэнд нотлон харуулдаг билээ. Тэр бүү хэл адгуус амьтад ч гэсэн нэг нэгэндээ анхаарал хандуулснаар амьд үлдэж чадна.”
“Бүх шашин хүн төрөлхтний тухай сургаал номлодог. Адил бус цаг үед, адил бус газар нутаг, адил бус үзэл онолоос үл хамаарч бүгд энэрэл хайрыг номлодог юм.”
“Өнгөрсөн цагт хүмүүс технологид хэт их автаж байсан бол эдүгээ хүмүүс арай өөр сэтгэлтгээтэй болсон байна. Тэд дотоод үнэ цэнд илүү анхаарал хандуулж, дотоод сэтгэлийн амар амгаланг олж авахын төлөө хичээх болжээ. Би өнөөгийн боловсролын системд дотоод ертөнцийн тухай, бүр тодруулбал сэтгэл, оюун хэрхэн ажилдаг талаарх мэдлэгийг зайлшгүй оруулах хэрэгтэй гэж үздэг. Жишээлбэл уур хилэн бидний дотоод сэтгэлийн амар тайван байдлыг алдагдуулдаг болохыг таньж мэдэх хэрэгтэй. Бага хүүхдийн биеийн эрүүл мэндэд анхаарал хандуулдагтай адил дотоод сэтгэл хөдлөлийн эрүүл мэндэд ч анхаарал хандуулах нь зүйтэй билээ.”
“Сургуульд суралцаж дууссаны дараа залуу хүмүүсийн жинхэнэ амьдрал эхэлдэг. Эдүгээ XXI зуунд залуучууд та нар шинжлэх ухааны эрдэмтдийн уураг тархины талаарх судлагааг ашиглан дотоод сэтгэлийн амар амгаланг хэрхэн олох тухай судлаарай. Дэлхийн энх тайван нь хувь хүний амар тайван байдлаас хамаарах учир энэ асуудал амин чухал юм шүү.”
“Mиний эхний үүрэг бол сэтгэлийн амар амгалан, түүнд хүрэх арга замыг бусадтай хуваалцах. Өнөөдөр гариг дэлхий маань жижгирч, нэг нэгэнтэйгээ мэдээлэл солилцоход амархан болжээ. Тиймээс ийм нөхцөлд бид дэлхийн долоон тэрбум хүнд энэрэнгүй хандлагыг бий болгохын төлөө оролдлого хийх хэрэгтэй. Бидний мэдэх ёстой гол зүйлүүдийн нэг нь бидэнд асуудал үүсгэж байгаа шалтгаанууд гадна талд бус, дотоод сэтгэлд бий гэх ойлголт юм. Энэ нь дотоод сэтгэлийн хардалт, айдас, уур хилэн гэх зэргүүд бөгөөд бид эдгээрийг үнэнхүү арилгах шаардлагатай билээ.”
“Mиний хоёр дахь үүрэг бол шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэх. Шашны нэрийн өмнөөс байлдах, бусдын амийг егүүтгэх нь санаанд багтамгүй хэрэг билээ. Бидний хөрш муслимын сүнни ба шиа урсгалууд нэг ариун номыг дагаж, нэг шүтээнд итгэж, адилхан хэв маягаар шүтэж залбирдаг ч өөр хоорондоо зөрчилдөж байгааг бид харж байна. Энэтхэгт дэлхийн бүх том шашнууд эв найрамдалтай зэрэгцэн оршиж байна. Эх дэлхий маань нэгдмэл болсон, тиймээс бид хамтдаа сууж, өөрсдийн бодол санаа, туршлагаа хуваалцах хэрэгтэй.”
Нанси Линдборг хэлэхдээ өнөөдөр Олон улсын залуучуудын өдөр гэдгийг мэдэгдээд дэлхийн залуучуудын тэн хагас нь зөрчилдөөн явагдаж буй нутаг оронд амьдарч байна гэлээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд хандан залуучуудыг хэрхэн сэргээх, тэдэнд хандсан ямар нэгэн зөвлөгөө байгаа эсэхийг асуув.
“Бид хил хязгааргүй дэлхийн эдийн засгийн бүсэд амьдарч байна. Мөн өнөөгийн залуучууд илүү өргөн хүрээнд сэтгэдэг болсон мэт санагддаг. Би Төвөдөд байхдаа хязгаарлагдмал хүрээнд л дэлхийг хардаг байлаа. Харин Энэтхэгт ирсэн хойноо олон хүмүүстэй амархан уулзах боломжтой болсон юм. Олон хүнтэй уулзаж байхад өнөөгийн залуучууд илүү нээлттэй, илүү хүнлэг болж байгаа нь бодитой харагдаж байна.”
Колумбаас оролцож буй эмэгтэй өнөөгийн тодорхой бус нөхцөл байдлыг хэрхэн даван туулах талаар ямар зөвлөгөө өгөх вэ хэмээн асуулаа. Дээрхийн Гэгээнтэн пандемик ба түүний үр дагаварын талаар харамсаж буйгаа илэрхийллээ. Шинжлэх ухааны олон эрдэмтэд энэ тал дээр судалгаа хийж буй, асуудлыг шийдэх оновчтой арга олдоно гэдэгт итгэлтэй байгаагаа мөн дуулгав. Хэрэв хүмүүс нөхцөл байдлыг бодитоор харж чадвал сэтгэл санаагаар унах, гуниж гутрах зүйл байхгүй болно. Бид гадаад асуудлыг өөрийн дураар шийдэж чадахгүй ч дотоод сэтгэлийн асуудлыг тэсвэр тэвчээр, уучлал, сэтгэл ханамжаар шийднэ. Хэрэв бид дотоод сэтгэлийн амар амгаланг олж чадвал гадна талд ямар нэгэн асуудал үүссэн ч сэтгэлдээ амгалан тайван байж чадах юм гэв.
“Миний суралцсан Наланда уламжлал нь дан ганц сүсэг бишрэл бус, учир шалтгаан дээр суурилсан судалгаа шинжилгээг голлодог. Эдүгээ би 85 насанд хүртлээ энэ уламжлалыг дагаж ирсэн билээ. Буддын шашинтан бидний хувьд хамаг амьтдыг эх шигээ хайрлан хандах ёстой. Тиймээс өнөөдөр дэлхий дээр амьдран буй долоон тэрбум хүмүүс бүгд миний ахан дүүс юм. Бид адилхан төрж, адилхан насан эцэслэдэг.”
Залуу энэтхэг охин гэмт хэрэгтэн дээр энэрэнгүй сэтгэлийг хэрхэн дадлага болгох вэ гэж асуулаа. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа Бурхан Багш эхлээд зовлонг дурьдаад дараа нь түүний уг үндсийг нарийн тайлбарласан юм.
"Нэгэнт бид бүгд зовлонг хүсдэггүй л бол түүний уг үндсээс татгалзах ёстой. Хэрэв ёс суртахуунтай бол хэн ч бусдад хор хөнөөл учруулахгүй шүү дээ.”
VIII зууны Энэтхэгийн их мастер Шантидева бидний дайсан бидний хамгийн сайн багш гэж хэлсэн байна. Учир нь бидний дайснаас өөр хүн надад тэсвэр тэвчээрийг дадуулж чадахгүй гэжээ.
Сомалийн залуу хямрал явагдаж буй үед улс орны удирдагч нараас илүү зүйл шаардах ёстой юу гэж асуулаа. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа “Өнөөдөр зөвхөн манай улс, манай нийгэм гэж бодох цаг үе биш. Бид нийт хүн төрөлхтнийг бодох ёстой. Бидэнд тохиолдож буй асуудлууд бид бүгдэд адилхан нөлөөлж байна. Тиймээс долоон тэрбум хүний эрх ашгийн төлөө ажиллах шаардлагатай.” гэсэн юм.
Сирээс оролцогч хүндрэлтэй нөхцөл байдал эв нэгдлийг бий болгох боломжтой юу хэмээн асуусанд тэрээр санал нэгдэж, боломжтой хэмээн хариуллаа. Тэрээр Төвөдөд байхдаа бид өөр өөрийн нутагтаа, өөр өөрийн зан заншлаар амьдарч байсан. Харин Энэтхэгт дүрвэн ирснийхээ дараа “тэд”, “бид” гэж хуваагдахын аргагүй болсон гэлээ. Хүнд бэрхшээл бидэнд илүү нэгдмэл байж, нийтлэг эрх ашгийг эхэнд тавих хэрэгтэй гэдгийг харуулсан гэв.
“Өнөөгийн пандемик нь бидэнд тулгараад буй нэг л асуудал, цаана нь дэлхийн дулаарал гэх мэт ноцтой асуудлууд байсаар байна. Шинжлэх ухааны эрдэмтэд дорвитой алхам хийхгүй бол гол мөрөн ширгэж, ноцтой асуудал үүснэ хэмээн анхааруулж буй. Мөн үүн дээр нэмээд баян, ядуугийн ялгаа улам нэмэгдсээр байна. Эдгээр олон хүндрэлтэй асуудлуудыг арилгахын тулд бид хамтарч ажиллах шаардлагатай.”
“Бид нэгдмэл хүн төрөлхтөн гэх ойлголтыг олж авах хэрэгтэй. Анх удаа би Европт очихдоо олон өнгийн үстэй, том жижиг хамартай олон хүнтэй уулзсан бөгөөд бүгд сэтгэл хөдлөлөөрөө адилхан гэдгийг анзаарч билээ. Тиймээс хамаг хүмүүсийг эх шигээ хайрлах нь машид тустай гэж би боддог.”
Олон бэрхшээлийг даван туулж буй энх тайвныг цогцлоогч нарт ямар зөвлөгөө өгөх вэ гэсэн асуултанд өнгөрсөн цаг үеийн сэтгэлгээ, өнөөгийн өөрчлөгдсөн сэтгэлгээ хоёрын ялгааг онцолсон юм. Зөвхөн өөрийн улс орноо боддог цаг хугацаа хангалттай болсон гэлээ. Эдүгээ бид хүн бүхнийг тооцож, аль боломжоороо хамтран ажиллах шаардлагатай гэв.
Нанси Линдборг ярилцлагыг өндөрлүүллээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын ажлын албаны хүмүүст, ялангуяа цахим уулзалтыг зохион байгуулсан хүмүүст талархал илэрхийлэв.
“Би 2015 онд Энх тайвны хүрээлэнгийн ажлыг хүлээн авсан эхний долоо хоногт тантай уулзаж байсан юм. Мөн өнөөдөр буюу тус хүрээлэнд ажиллах сүүлийн долоо хоногт тантай уулзах боломж ахин тохиосонд баяртай байна. Энх тайвны хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч Давид Янг энэхүү уулзалтыг цаашид үргэлжлүүлэн авч явах болно. Эцэст нь “Өөрчлөлтийн үеийн андууд” бүлгэмийн зоригт гишүүдтэй ярилцсанд чин сэтгэлээ талархал илэрхийлье. Та бол ирээдүйн гэрэл гэгээ юм шүү.”
Дээрхийн Гэгээнтэн хариуд нь “Цаг хугацаа өөрчлөгдөж байна. Бид шинэ хандлага, шинэ бодлого олох хэрэгтэй. Залуучууд та нар шинэ дэлхийг бий болгоно. Хуучин сэтгэлгээнд бүү авт. Нэгдмэл хүн төрөлхтөн гэх ойлголтыг хүлээн авч, дэлхийн дулаарал гэх мэт томоохон асуудалд анхаарлаа хандуулаарай. Нүдээ нээ, оюун ухаанаа тэл.” хэмээн хариуллаа.
"Сүүлийн таван жилийн хугацаанд энэхүү уулзалтыг зохион байгуулсанд би маш их баяртай байна. Дэлхийн сайн сайхны төлөө ажиллаж буй энэ үйл хэргийн төлөө тууштай ажилахыг хүсье. Энэ бүгд бидний үүрэг юм.”
“Баярлалаа.”