Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Махараштра хотын бага сургуулийн багш Ранжицин Дисальд энэ жилийн дэлхийн багшийн шагналыг хүртсэнд нь баяр хүргэж захидал бичлээ.
Дээрхийн Гэгээнтэн захидалдаа “Эрхэм танд дэлхийн хамгийн онцгой багшаар шалгарсанд баяр хүргээд, шагналын мөнгөний хагасыг тэмцээнд оролцогчдод хувааж өгсөн өгөөмөр сэтгэлд тань гүнээ талархаж байгаагаа хэлмээр байна. Бага насны хүүхдүүдэд багшлах, ялангуяа ядуу амьдралтай хүүхдүүдэд боловсрол олгох нь тэдэнд хувь хүнийх нь хувьд туслах хамгийн сайн арга зам бөгөөд та ингэснээр илүү сайн сайхан дэлхийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм.” гэжээ.
“Амьдралын боломж муутай охидыг сургуульд хамрагдах боломжийг нэмэгдүүлэхийн төлөө хийж буй ажил тань, мөн тэдэнд сургалтын материалаа өөрийн хэлээр үзэх боломж олгож буй үйлс тань, мөн 83 орны сурагчдад онлайнаар шинжлэх ухааны хичээл бэлтгэн түгээж буй явдал болоод зөрчил, мөргөлдөөний бүсэд оршин буй залуус хоорондын харилцаа холбоог сайжруулах төслийг санаачлан хэрэгжүүлж буй үйл хэрэг тань энэрэнгүй сэтгэлийн тод жишээ болж байна.”
“Бид хамтдаа өөрчлөлт хийж чадна. Бид хамтдаа энэ ертөнцийг илүү сайн сайхан болгож чадна” хэмээх таны уриалдагтай би санал нэг байна. Таны энэхүү бусдын сайн сайхны төлөөх арвин үйлс бусад багш нарт үлгэр жишээ үзүүлж өөрийн араас дагуулна гэдэгт би итгэж байна.”
Дээрхийн Гэгээнтэн ийнхүү заншил ёсоор захидлаа залбирал, сайн сайхан сэтгэлийн өргөлөөр өндөрлөжээ.