Энэтхэг, ХП, Дарамсала -Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дели хотын ахлах сайд Арвинд Кежривалын нам хууль тогтоох чуулганы сонгуульд амжилт гаргасанд баяр хүргэж захидал бичжээ. Захидалд Энэтхэг улс 1947 оны 8 дугаар сард тусгаар улс болноос хойш Энэтхэгийн ард түмэн ардчиллын үр ашгийг хүртсэнд тэрээр талархаж буйгаа илэрхийлжээ.
“Дели хотын иргэд таны чадварлаг манлайлалын үр шимийг хүртсээр байх болно. 2018 оны 2 дугаар сард Дэли хотын сургуулиудад аз жаргалын хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхэд үнэт зүйлд тулгуурлан илүү сайн, илүү аз жаргалтай иргэдийг төлөвшүүлэх гэсэн таны болон таны засгийн газрын үйлсийг би бахдан сайшааж буйгаа уламжилж байсан билээ.”
“Эдгээр арга хэмжээнүүд хүүхдийн сурлагын амжилтад эергээр нөлөөлөхийн сацуу ядуу буурай сурагчдад аж амьдралаа дээшлүүлэх тэдний мөрөөдлийг биелүүлэхэд туслах болно.”
“Хүний нийтлэг үнэт зүйл, шашин хоорондын эв нэгдлийг дэлгэрүүлэхийн тулд оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаарх эртний Энэтхэгийн философийг дахин сэргээхийг би зорьдог. Тийм учраас Дели хотын засгийн газарт сургалтын хөтөлбөртөө дотоод сэтгэлийн хөгжлийн үзэл санааг оруулсанд би машид талархдаг билээ. Ийм санаачлагаар дамжуулан та бүхэн бусаддаа зам гаргаж өгч байна. Би Энэтхэг улсыг эртний мэдлэгээ орчин үеийн боловсролын системд амжилттай нэгтгэж, хүмүүст хэрхэн сэтгэлийн амар амгаланд хүрэх аргыг зааж чадах цорын ганц улс гэдэгт итгэлтэй байдаг.”
“Энэхүү боломжийг эдэлж буй Энэтхэгийн хүүхэд залуусаас ирсэн эерэг хандлага, хариултууд нь бидэнд итгэл хайрлаж, урам өгч байна.”
Дээрхийн Гэгээнтэн ахлах сайдад ард иргэдийнхээ аз жаргал, итгэл, зорилтыг биелүүлэх үйлсэд амжилт хүсэж захиагаа өндөрлөжээ.