Энэтхэг, ХП, Дарамсала - Шинэ Зеландын бүх нийтийн сонгуульд намаараа ялалт байгуулсан тухай мэдээг хүлээн авмагц Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ерөнхий сайд Жасинда Ардернд хандан баяр хүргэлээ.
“Би эдгээр хүнд хэцүү цаг үед таны үзүүлсэн зориг, мэргэн ухаан, манлайлалыг биширч байна” гэж тэрээр захидалдаа бичжээ. Түүнийг ийнхүү хүнд хэцүү цаг үед тайван, энэрэнгүй, бусдыг хүндэтгэн хүлээж авсан явдлыг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сайшаасан юм.
“Олон жилийн турш Шинэ Зеландын үзэсгэлэнт оронд хэд хэдэн удаа зочлохдоо тус орны нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийн илэн далангүй, халуун дулаан сэтгэл надад гүн сэтгэгдэл төрүүлсэн билээ.”
Мөн тэрээр хүн төрөлхтний нэгдмэл байдал, шашин хоорондын эв найрамдлын хэрэгцээ шаардлагыг сурталчлахад хүчин чармайлт гаргасанд тус улсын ард түмэн урам зориг хайрласан талаар Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дурсан бичсэн байна.
Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн хатагтай Ардернд Шинэ Зеландын ард түмний итгэл найдвар, хүсэл эрмэлзлийг биелүүлэхэд тулгарч болзошгүй бэрхшээлийг даван туулахад нь өндөр амжилтыг хүсэн ерөөжээ.