Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бихар мужийн парламентийн сонгуулийн дүн гарсантай холбогдуулан Нитиш Кумар болон түүний эвсэлд ялалт байгуулсанд нь баяр хүргэн захидал илгээсэн байна.
“Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Бихарт, ялангуяа Бодьгаяад очих болгонд намайг талархан хүлээн авч байсанд, өнө удаан жил надтай дотно нөхөрлөж байгаад тань талархал илэрхийлье.”
“Мөн Азид наран мандах мэт Наландагийн уламжлалаар дамжин дэлгэрсэн эртний Энэтхэгийн мэдлэгийг өнөөгийн дэлхийд дэлгэрүүлэхийг зорьж буй миний хичээл зүтгэлийг та үргэлж дэмжиж ирсэн билээ. Таны мэдэж байгаачлан Энэтхэг орон нь каруна, ахимсагийн өнө эртний уламжлалаараа өнөөгийн дэлхийд үлгэр жишээ болж чадна.”
“Бихар мужийн ард түмний төлөө ямар ч бэрхшээл тохиолдсон түүнийг даван туулж өөрийн хүсэл зорилгодоо хүрч чадахыг таньд хүсэн ерөөе.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ерөөлийн үгээр захидлаа өндөрлөсөн байна.