Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Дани улсын Аархус их сургууль дахь “Оюун ухаан” төвийн профессор Андреас Роепсторфтой "Тодорхой бус байдалд хүнлэг чанараа хөгжүүлэх нь"сэдвээр ярилцахаар уригдсан байлаа. Европ дахь “Оюун ухаан ба Амьдрал” институтын тэргүүн Ами Кохен Варела Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг тавтай саатахыг уриад Европ дахь тус институтын салбар нь түүний хүсэл зорилгыг биелүүлэхийн төлөө эрчимтэй үйл ажиллагаа явуулж буй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн сүүийн үед ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаагаа дурдав.
Дээрхийн Гэгээнтэн хариуд нь түүний хуучин нөхөр Франциско Варелагийн зургийг үзүүлээд орчин үеийн шинжлэх ухааныг өөрт нь таниулсан гэдгийг дурсан ярьлаа.
“Тэрээр Далай Лам ба орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдийн уулзалтыг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн билээ. Үр дүнд нь орчин үеийн шинжлэх ухааны олон эрдэмтэд оюун ухаан болон сэтгэл судлалд суралцаж байна. Түүний хэлдэг нэгэн үгийг би үнэхээр биширч, байнга санаж явдаг. Тэрээр “Одоо би шинжлэх ухааны малгайгаа өмсөнө, харин үүнээс өөр зүйлийг буддист малгайгаа өмсөж байгаад хэлнэ.” гэдэг байсан юм.”
Энэ удаагийн хэлэлцүүлгийг удирдан явуулах Матью Рикард үг хэлэхдээ өнөөдрийн хуралд харилцан хамаарал буюу шүтэн барилдлага, хүн төрөлхтний нэгдмэл ойлголт, ганцаардал зэрэг хувь хүний асуудал, мөн дэлхийд тулгараад буй асуудлууд гэх дөрвөн зүйл сэдвээр ярилцана гэдгээ Дээрхийн Гэгээнтэнд танилцуулав. Ганцаардлын хувьд өнөөгийн цар тахлын үед хөл хорио тогтоосноор олон хүн ганцаардан зовж байгааг нэмж тайлбарлалаа. Тэрээр энэ тал дээр ямар судалгаа хийснээ танилцуулахыг профессор Андреас Роепсторфоос хүсэв.
Андреас Роепсторф хариулахдаа цар тахлын улмаас тогтоосон хөл хорионд хүмүүс нэг нэгэнтэйгээ урьдын адил уулзаж чадахгүй байна, ингэснээр хүмүүс шаналан гашуудаад зогсохгүй, амьдралд чухам юу хэрэгтэй вэ гэдгийг ухаарч байна гэсэн юм. Тэрээр хөл хорионы хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам,
“Өнгөрсөн цаг хугацаанд бид нэг нэгэнтэйгээ харилцаа багатай байв. Улс орнууд ч нэг нэгэнтэйгээ хамаарах нь бага байсан юм. Хүмүүс өөр өөрийн нутагтаа бие даан амьдардаг байсан тул хуучин цагт “бид”, “манайх” гэдэг үг бага тойрогт яригдаж байжээ. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал ихэд өөр болсон байна.”
“Дэлхийн дулаарлын асуудал бид бүгдээрээ нэг гаригт адилхан амьдарч байгаа гэдгийг ухааруулж байна. Мөн дэлхийн эдийн засаг ч бидний баруун, зүүн, хойд, урд зүгээс ирснийг үр харгалзан бидэнд өчүүхэн төдий л ялгаа байгаа гэдгийг ойлгуулж байна шүү дээ. Тиймээс цөөн хэдхэн хүнд анхаарал хандуулдаг цаг үе өнгөрсөн билээ.”
“Бурханы шашинтан бидний хувьд эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан гэж ярьдаг. Харин христ болон муслимын шашинтнууд Бүтээгч Эзэн тэнгэрийг шүтдэг ба бүх хүмүүсийг “Эзэн”-ий бүтээл гэж үздэг. Энэ нь бидэнд ялгаа байхгүй гэсэн үг юм. Бид бүгдээрээ ахан дүүс билээ. Тиймээс нэгдмэл хүн төрөлхтөн гэх ойлголтыг хөгжүүлэхийн төлөө би хичээдэг. Үүнийг ухаарч чадвал бид нэгдэж, хамтран амьдарч чадна.”
“Зөвхөн “би”, эсвэл “минийх” гэдэг бодолд уягдаад байвал олон асуудал үүсэх бөгөөд эцэстээ дайн тулаанд ч хүрэх аюултай. Зарим шинжлэх ухааны эрдэмтдийн судлагаа хүний үндсэн чанарыг эерэг бөгөөд энэрэнгүй чанартай гэдгийг нотолсон билээ. Бидэнд төрөлхийн “би”, “минийх” гэсэн ойлголт бий. Нийгмийн амьтад учраас бид ганцаараа амьдрах боломжгүй. Бид бусдаас хамааралтай оршиж, амьдарч буй билээ. Хүн төрөлхтний хувьд бид нэг гэр бүлд амьдарч буй тул бусдыгаа бидний нэг гэж бодох нь зүйтэй. Дэлхийн энх тайвныг бий болгохын тулд хүмүүсийг өөр хоорондоо адилхан гэдгийг ухааруулах, ойлгуулах явдал юм. Хэрэв ингэж чадвал зэр зэвсэг хэрэггүй болж эхэлнэ, учир нь зэвсгийг зөвхөн бусдын амь насыг хохироох зорилгоор ашигладаг.”
“Хүн төрөлхтний оюун ухаан үнэхээр гайхалтай хурц тул адил бус олон үзэл онол байх нь зүйн хэрэг. Гэсэн хэдий ч бид хамтран амьдардаг учир бусдадаа хүндэтгэлтэй хандах ёстой. Олон шашин үзэл онолын хувьд өөр өөр байдаг ч бүгд энэрэл хайр, уучлал, тэсвэр тэвчээр, сэтгэл ханамж гэх зэргийг адилхан номлож байна шүү дээ. Тэд энэрэл хайрыг хөгжүүлэхийн төлөө бусдыг уриалдаг юм. Бидэнд ялгаатай зүйлүүд байгаа хэдий ч тэрхүү өчүүхэн ялгаанаас болж үндсэн чанараа гээж болохгүй.”
Рикард Дээрхийн Гэгээнтний яриаг завсарлахад тодорхой бус нөхцөл байдалд хүмүүс хэрхэн хариу үзүүлж буй талаар Роепсторфоос асуулаа.
Нөхцөл байдал тодорхой бус бөгөөд маш хурдан өөчлөгдөж байгаа тул хүмүүс яг ямар мэдээлэлд итгэхээ мэдэхгүй байна гэж хариулав. Дэлхийн нөхцөл байдлыг ойлгохын тулд хүмүүс сонин их уншиж байна, гэвч мэдээ мэдээлэл нь тогтвортой бус байгааг дурдлаа. Түүний хувьд Дани улсад анх вирус тарахад хөл хорио тогтоосон боловч вирусээс өөр мэдээлэл цацагдахгүй байсан тухай ярьсан юм. Хүмүүс хэнд, юунд итгэхээ мэдэхгүй хэцүү байсан ба бэрхшээлийг хэрхэн даван туулах арга замаа олохгүй хэцүү байжээ.
Дээрхийн Гэгээнтэн түүнд өнөөгийн боловсролын систем зөвхөн гадаад материаллаг хөгжилд анхаарч, дотоод сэтгэлийн мөн чанар, сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэг өгч чадахгүй байгааг тайлбарлалаа.
“Бид биеийн эрүүл мэндээ сахихын тулд энэ талаарх мэдлэгийг чухалчилдаг. Үүнтэй адил сэтгэлийн эрүүл мэндийг хамгаалахын тулд сэтгэл хөдлөл хэрхэн явагддаг талаар ойлголттой байх ёстой. Хэрэв бид сэтгэл хөдлөлийн талаар нарийн сайн ойлголттой болох аваас мэдрэхүйн таашаал бус, дотоод сэтгэл дээр илүү анхаарал хандуулдаг болно.”
“Мөн бид квантын физикын судлагааг анхаарах хэрэгтэй. Квантын физикт юмс үзэгдэл бидэнд үзэгдэж буй шигээ орших боломжгүй гэдгийг нотлосон байна. Энгийнээр бодоод үзэхэд юмс бүхэн өөр өөрийн хувь хэсгээс бүрдэж байгаа шүү дээ. Бусдаас хамааралгүй орших зүйл нэгээхэн ч үгүй. Сөрөг сэтгэл хөдлөл бүхэн юмс үзэгдэлийг бодитой оршиж буй гэх буруу үзэлтэй холбоотой. Харин энэрэн нигүүлсэхүй зэрэг эерэг сэтгэл хөдлөл бүхэн үнэн зөв учир шалтгаан дээр үндэслэдэг юм. Тиймээс бид аль нэг шашинтай холбохгүйгээр сэтгэлийн мөн чанар, сэтгэлийн амар амгаланд хэрхэн хүрэх тухай ердийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулах нь зүйтэй юм.”
Андреас Роепсторф үргэлжлүүлэн Дээрхийн Гэгээнтнээс сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн арилгах талаар асуулаа. Хүмүүс шудрага бус байдлыг хараад уурлан бухимдах үед яах ёстой вэ хэмээн асуув. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа түрүүнд өгүүлсэнчлэн бидэнд тохиолдож буй олон асуудлыг хэрхэн даван туулах, мөн сэтгэлийн амар амгаланг хэрхэн олох арга замыг өнөөгийн боловсрол зааж чадахгүй байна гэлээ.
“Зарим хүмүүс ширүүн догшин дүр гаргахыг илүүд үзэж, харин инээмсэглэх зэрэг эелдэг харьцааг сул дорой хүний шинж гэж үзсээр байна, гэтэл үнэндээ дэлхийн хаана ч хүмүүс жинхэнэ инээмсэглэлд л эерэг хариу өгдөг.”
Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн эерэг сэтгэл хөдлөл ба түүний учир шалтгааныг тайлбарласан сургалтын хөтөлбөрийг орчин үеийн боловсролын тогтолцоонд оруулах хэрэгтэй гэж зөвлөв. Бид уур хилэн гэх мэт сөрөг муу сэтгэл гадаад юмс үзэгдлийг буруугаар хүлээн авсанаас бий болдгийг ойлгож ухаарах шаардлагатай гэдгийг тайлбарлалаа.
Матью Рикард хэлэхдээ ядуу тарчиг хүмүүс илүү их зовж шаналаж байгааг дурдлаа. Өнөөгийн чинээлэг гуч гаруй улсад баян, ядуугийн ялгаа улам нэмэгдэж байгааг тэрээр нэмж дурдав. Мөн 1970 оноос хойш дэлхийн зэрлэг амьтдын 65% нь устаж үгүй болжээ.
Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа хэрэв хүний үнэт зүйлийг ухаарч чадвал баян, хоосны ялгаа аяндаа арилах болно гэв.
“Хэрэв хүмүүс илүү энэрэнгүй байж чадвал зовж шаналж буй амьтдад илүү их анхаарал хандуулна. Америкт үхрийн том том фермүүд бий. Энэтхэгт шувууны асар том фермүүд байна. Олон амьтдыг зовоохоос гадна эдгээр фермүүд дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд нөлөө үзүүлсээр байгаа билээ.”
“Хүмүүс аль болох цагаан хоол илүү идэхийг хичээх нь ач тустай. Энэтхэгт буй манай томоохон дацан хийдүүд, мөн сургууль, нийтийн гал тогоонд зөвхөн цагаан хоол өгдөг болоод олон жил өнгөрч байна. Энэтхэгийн цагаан хоол нь амттайгаас гадна халуун цаг уурт илүү зохицдог юм.”
“Мөн загасны асуудал бий. Олон сая сая загасыг хүмүүс барьдаг боловч тэдгээр загас амь тавихаас өмнө өвдөж, айдаст автаж байгаад олон хүн анхаарал хандуулахгүй байна шүү дээ. Амьтдыг өрөвдөж хайрлах сургалт бидэнд хэрэгтэй.”
Рикард сүүлийн сэдвийг хөндлөө. Энэ нь залуусын үүрэг оролцоо байсан юм. Залуус цаг уурын өөрчлөлтийн тал дээр арга хэмжээ авахгүй байгаагийн улмаас ирээдүйд юу тохиолдох талаар хүчтэй ярьж эхэлсэн байна. Тэрээр Швейдийн дунд сургуулийн охин Грета Танберг НҮБ-ын хуралд оролцож, тухайн хурлын гишүүдэд хандан цаг уурын өөрчлөлтийн төлөө ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь хойч үеийнхнийг хууран мэхэлж буй явдал хэмээн шулуухан шүүмжилснийг дурсан ярив. Зарим залуучууд ирээдүйг хүндээр хүлээн авч байгааг хэлээд энэ тал дээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ямар зөвлөгөө өгөх вэ хэмээн асуусан юм.
Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа шинжлэх ухааны эрдэмтдийн үзэж байгаагаар ямар нэгэн арга хэмжээ даруй авахгүй бол олон гамшиг нүүрлэхээр байгаа гэдгийг онцолсон юм. Түүний үзэж байгаагаар гол арга зам нь бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн мэдлэг мөн гэлээ. Мөн тэрээр хэрэв ирээдүйн гамшигийг буцааж чадахгүй бол яг энэ цаг мөчдөө хамтдаа аз жаргалтай амьдрах нь чухал гэсэн юм.
Рикард цаг уурын өөрчлөлт нь хүмүүсийн үйл хэргээс үүдэлтэй ба үүнийг өөрчилж засах боломж тун хомс байгаад залуучууд гутран харамсаж байгаа нь ойлгомжтой гэв. Роепсторф нэмж хэлэхдээ залуучууд эдүгээ илүү гоё уран цэцэн үг сонсох бус бодит үйлдэл хийхийг шаардаж байна гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн,
“Өнөөгийн олон асуудлын ихэнхийг хүмүүс өөрсдөө бий болгосон билээ. Тиймээс өнөөгийн залуус өмнөх үеийхний алдаанаас суралцаж, ирээдүйд юу хийх вэ гэдэг дээр бодит дүгнэлт хийх хэрэгтэй. Залуучууд энэ тал дээр илүү нээлттэй байгаа мэт санагддаг.”
Рикард буддын учир шалтгааны үүднээс танин мэдэхүйн ойлголт авдаг арга зам үр дүнтэй байх эсэхийг лавлав. Шинжлэх ухаан ч гэсэн үзэгдэл ба бодит үнэний гүүр болох боломжтой хэмээн дурдаад тиймийн тул шинжлэх ухаанд үнэн зөв гаргалаа маш чухал байгааг ярьлаа. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа тэрээр Наланда уламжлалд суралцсан ба энэхүү уламжлал нь аливаа асуудлыг шууд хүлээн зөвшөөрөх бус, үргэлж судалгаа явуулж, асуулт асуусны үр дүнд бодит дүгнэлтэнд хүрдэг гэв. Энэ уламжлалыг тэрээр шинжлэх ухаанч хандлага гэсэн юм. Түүний ажигласнаар ахмад насны хүмүүс өөрийн бодлыг хатуу баримталдаг, харин залуучууд илүү нээлттэй хандаж чаддаг байна.
Ами Кохен Варела талархалын үг хэлэхийг завдахад Дээрхийн Гэгээнтэн нэмж хэдэн зүйлийг өгүүлсэн юм.
“Энэрэл хайрын сэтгэл бидний оршин тогтнох гол хүчин зүйл мөн. Хүн төрөлхтөн бид нэг нэгэндээ анхаарал хандуулсны үр дүнд оршин тогтнох болно. Тиймээс уур хилэн биднийг сүйтгэх чанартай, харин энэрэл хайр биднийг аварч хамгаална. Энэрэл хайр бидний гол түлхүүр юм шүү.”
Ами Кохен Варела үг хэлэхдээ “бид” ба “тэд” гэдгийг нарийн сайн тайлбарлаж өгсөнд нь талархал илэрхийллээ. Тэрээр ирээдүйд ийм ярилцлага олон удаа болно гэдэгт итгэлтэй байна гэв. Дээрхийн Гэгээнтэн хариуд нь өөрийн байнга уншдаг, “Бодьсадвын явдалд орохуй”-н,
Орчлон хорвоо хэдийг хүртэл оршино
Төдийг хүртэл амьтад орших ба
Тэр хүртэл би бээр оршиж
Амьтдыг тусыг хийх болтугай
гэх шүлгийг уншлаа.
Тэрээр төгсгөлд нь “Бидний амьдралын зорилго бол бусдад үйлчилж, бусдад туслах явдал юм шүү. Баярлалаа.” гэсэн юм.