Энэтхэг, ХП, Дарамсала – Өөрийн өргөөнд суудалдаа тухлан суусан Дээрхийн Гэгээнтэн Далай Лам итгэл одуулсны дараа хутагт Нагаржунайн айлдсан "Билгүүний Үндэс” номын төгсгөлд өгүүлдэг:
Энэрлээр ойртуулан барьж,
Үзэл бүгдийг тэвчихийн тулд
Дээдийн номыг үзүүлэн зохиогч
Гоудам түүн дор мөргөмүй
шүлгийн эш татав. Энд мэдлэг ухааныг хөгжүүлсэнээр мунхаг, бодит байдлын талаарх буруу ойлголтуудаасангижрах тухай айлдсан гэдгийг тайлбарласан юм.
Чандракирти гэгээн “Төвд орохуй”-д,
Ширвага, брадига нар Чадагчийн Эрхэтээс төрмүй.
Бурхадууд бодьсадва нараас мэндлэх ба
Нигүүлсэнгүй сэтгэл, хоёр үгүй оюун,
Бодь сэтгэл нь бодьсадва нугуудын уг болой гэжээ.
"Бурхан Багшийн сургаал номыг дагаснаар энэрэл нигүүлсэлхүйн сэтгэлийг хөгжүүлж буй нь хамгийн сайн, зөв зам мөр бөгөөд ингэснээрээ тэрхүү сайхан сэтгэл улам хөгжих болно. Мөн энэрэл нигүүлсэх сэтгэл нь хоосон чанарыг оносон билиг оюуныг хөгжүүлэхэд ч ихээхэн чухал.”
“Өнөөдөр Бурхан Багшийн их дүйчэн өдрийг олон орон тэмдэглэн өнгөрүүлж байна. Харин бидний хувьд хамтдаа бодь сэтгэлийг баясалгах болно. Энэ удаад би та нарыг удирдахгүй. Би бурханы шавь гэлэн хүн. Бусдаар бол бид адилхан хүмүүс. Тиймээс бид хамтдаа бодь сэтгэлийг төрүүлэхийн тулд хамтдаа баясалгах болно.”
“Таны өмнө Бурхан Багш, түүний эргэн тойронд хутагт Нагаржуна тэргүүтэй Наландын арван долоон бандида нар болоод бусад сургаал номыг дамжуулагч багш нар заларч байна гэж бодоорой. Бид бүхэнд эдгээр багш дээдсийн айлдсан ном сургаал, мэдлэг туршлагаар хуримтлуулсан зарлиг бүтээлүүд дамжин иржээ. Бид бүхний зүгээс хийх ёстой гол зүйл маань эдгээр мэргэдийн зохиол бүтээлүүдийг уншиж судлан, утга санааг ажиглан шинжилж өөрсдийн сэтгэл үндсэндээ нийцүүлэн ойлгож ухаарах явдал юм.”
“Мөн нэмээд энэрэл нигүүлслийн бэлэгдэл болсон Жанрайсиг, хамаг бурхадын билиг ухааны мөн чанар Манзушри, гэгээн үйлсийн илэрхийлэл хутагт Дарь Эхийг та бүхэн өмнийн огторгуйдаа төсөөлөөрэй.”
“Богд Зонховын айлдсан “Шүтэн барилдахуйн магтаал”-д ийн зарлигласныг сануулая.
Энэхүү багшийг дагаад тойн болсон ба
Бурханы зарлигт суралцсан нь өчүүхэн боловч
Егүзэрийн явдалд хичээсэн гэлэн би
Их Арш түүнд ийнхүү бөхиймүй
Дээрхийн Гэгээнтэн цахим сүлжээгээр дамжуулж буй энэхүү номын хуримд оролцогсодын хамтаар долоон гишүүнт зан үйл үйлдэж, Бурхан Багшийн магтаалаас уншив. Мөн үзэн сонсож буй хүмүүст энэрэл нигүүлсэхүй бодь сэтгэлийг үүсгэх, Бурхан Багш бодь сэтгэлийг үүсгэж шүтэн барилдлага, хоосон чанарыг ухаарахад тоолшгүй гурван их галавт хоёр чуулганыг хураасан тухай дурьдлаа. Тэрээр Бурхан Багш зургаан жилийн турш хатуужил эдэлж байсан тухай онцлов. Түүний ард "Хатуужил эдэлж буй Бурхан Багш" хөргийг залжээ.
"Бид хамтдаа бодь сэтгэлийг үүсгэж Бурхан Багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй нь их сайхан байна. Мөн би ирэх 20 жилийн хугацаанд энэхүү өлзийтэй сайхан өдрийг та бүхэнтэй хамт тэмдлэглэх болно.”
Дээрхийн Гэгээнтэн өөрийн болон бусдын тусын тулд бодь сэтгэлийг төрүүлэн хөгжүүлэх хэрэгтэйг онцгойлон айлдав.
“Бид бүхэнд өөрсдийн эрх ашиг, сонирхол бий боловч өөрийн ухаан бодол санаагаа алдахгүй байх хэрэгтэй. Хэрэв бид бусадтай эелдэг найрсаг байваас олон олон найз нөхдөөр хүрээлүүлнэ. Харин атхаг санаатай, буруу бодолтой байваас хэн ч итгэж нөхөрлөхгүй. Хүмүүс мөнгө, эрх мэдэлд татагдаж байдаг ч анхаарал сэрэмжтэй байх нь чухал. Ном сударт эх болсон хамаг амьтныг зочинд урих тухай гардаг бөгөөд нэгэнт зочинд урьсан л бол ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй.”
Ертөнцөд эдэлж буй зовлон бүхэн амин хувиа хичээснээс үүдэлтэй
Ертөнцөд эдэлж буй жаргал бүхэн бусдын тусыг бодсоноос гарна
Олон зүйлийг ярих хэрэг юун
Гэгээрсэн бурхадууд бусдын тусыг хийсэн
Эгэл нялхасууд амин хувиа хичээсний ялгааг хар.
Дээрхийн Гэгээнтэн бодь сэтгэл үүсгэн хөгжүүлэх шүлгээс айлдав.
Бурхан, Ном хийгээд Чуулганы дээд нугуудад
Бодийг хүртэл би аврал одуулмой
Миний өглөг тэргүүтэй үйлдсэн чуулганаар
Амьтны тусын тулд бурхан болох болтугай
Агуу огторгуй хэзээ орших хүртэл
Амьтан тэр хүртэл ажрах агаад
Алин тэр хэдүй хүртэл би оршоод
Амьтдын зовлонг арилгах болтугай
Дараа нь бодьсадын санваар хайрлав.
Авралт чухаг дээд гуравт би авралыг одуулмой
Аливаа хилэнц бүгдийг тус тусад нь наминчлая
Амьтны буянд даган баясмуй
Бурхан, бодийг сэтгэлээрээ барьмуй
Бурхан, Ном хийгээд чуулганы дээдэд
Бодийг хүртэл би итгэе
Өөрийн бас бусдын тусыг машид бүтээхийн тулд
Бодь сэтгэлийг үүсгэж үйлдье
Бодь сэтгэлийг үүсгээд
Амьтан бүгдийг би зочинд урьмуй
Сэтгэл зохистой дээд бодийн явдлаар замная
Амьтны тусын тулд бүрхан болох болтугай.
Дараа нь тэрээр “Бодьсадвын явдалд орохуй”-н гуравдугаар бүлгээс хэд хэдэн шүлгийг эш татан айлдлаа.
Амьтны өвчнийг амирлуулагч
Ачит эмийн манлай энэ буюу
Аливаа сансрын мөрд төөрч зүдэрсэн
Амьтдыг амруулагч найлзуур энэ болой
Хамаг амьтдыг муу заяанаас
Хагацуулан гэтэлгэгч энэ болой
Хамаг нисваанисын энэлгээг арилгагч
Халуун сэтгэлд ургасан саран энэ болой
Амьтдын мунхагийн бүрэлзээг
Ёзоороос нь таслагч их наран мөн
Ариун дээдийн номыг бүлснээр л
Ариусаж гарсан охь тос нь мөн
Амгалан төгс жаргалыг эдлэхийг хүсэж
Ай сав ертөнцөөр бядан явах амьтан зочдыг
Амгалангийн манлайд батдуулагч энэ буюу
Амьтан зочныг жаргаан цэнгүүлэгч энэ буюу
Хэзээ бурханы хутаг олох хүртэл
Хамаг бурхадын мэлмийн өмнө
Хотол амьтдыг зочноор урьсугай би
Хамаг тэнгэр, асур тэргүүтнийг баясгамуй
"Бид бусдад чин сэтгэлээс туслах тухай бодох хэрэгтэй. Бид бүгдэд бурханы мөн чанар оршиж байдаг тул үл мэдэх мунхагаас ангижрах боломж ч бас бий. Бидний оюун ухааны мөн чанар нь Бурхан Багшийн оюун ухааны тунгалаг тодорхой шинж чанараас ялгаагүй. Мөн бидний сэтгэлд төрж буй муу муухай бодол санаанууд ч бидний сэтгэлийн мөн чанарт оршдоггүй. Хэрэв бид зөв үзэл бодлыг төлөвшүүлж чадвал тэдгээр муу муухай бодлоос ангижирч чадах юм.”
“Хутагт Нагаржуна “Илт онохуйн чимэг” номыг даган Бурхан Багшийн сургаал хоёр үнэнд тулгуурласан болохыг нотлосон юм. Хоёр үнэний ойлголт нь дөрвөн үнэний ойлголтын суурь болох ба энэ нь Чухаг дээд гуравт аврал одуулахуйн суурь болно.”
“Залбирал нь бүх шашны зан заншилд чухал үүрэгтэй байдаг ч энэ нь дангаараа хангалттай зүйл биш. Бурханы шашны хувьд бид оюун ухаанаа ашигладаг. Төвөдийн бүх бурханы шашны уламжлалууд буддын гүн ухаан болон нууц тарнийн сургаалтай нягт холбоотой явж ирсэн юм.”
Дээрхийн Гэгээнтэн “Сайн үйлийн үрээр би энэ сайн чөлөөт шүтээнийг олсон, эдүгээ шимийг авч муу заяанд үл унах болтугай.” хэмээн Гаадамбын дээдсийн зарлигаас эш татан айлдав.
“Бид Бурхан Багшийн лагшин мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн зуны тэргүүн сарын энэхүү өдөр бодь сэтгэлийг төрүүлж, хөгжүүлэн дэвжүүлэхийн тулд энэ сайхан үйлийг үйлдлээ.”
Номын хурим өндөрлөхөд “Шашин бадрахуйн ерөөл”, “Бодь мөрийн зэргийн ерөөл”, “Үнэн үгийн ерөөл” зэргийг уншсан ба Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өлмий батжих ерөөлөөр энэ удаагийн номын үйл өндөрлөсөн юм.
Дээрхийн Гэгээнтэн алгаа хавсран залбирч, номын айлдварыг цахим сүлжээгээр үзэж буй хүмүүсийн зүг даруухнаар “Баярлалаа” хэмээгээд суудлаасаа бослоо.