Энэтхэг, Дармасала, Тэгчин Чойлон - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Украйн дахь Эморигийн их сургуулийн Нийгмийн харилцаа, Сэтгэл Хөдлөл, Ёс Зүйд суралцахуй (SEEL) сургалтын албан ёсны түнш болох ‘ЭдКамп Украйн’ боловсролын төрийн бус байгууллагын гишүүдтэй цахим сүлжээгээр холбогдож, хэлэлцүүлэгт уригдлаа. Тэрээр хүрэлцэн ирж, түүний өмнө байгаа дэлгэцэн дээр харагдаж буй оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, тэдэнд “Өглөөний мэнд” хүргэв. Украйн дахь ‘ЭдКамп Украйн’ байгууллагын тэргүүн, доктор Олександр Элкин Дээрхийн Гэгээнтэнд мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр өнгөрсөн жил Украйны сурган хүмүүжүүлэгчдийн бүлэгт оролцон Дээрхийн Гэгээнтэнтэй уулзаж байсан бөгөөд түүний дараагаар өнөөдрийн уулзалт нь Украйн хүмүүст шууд хүргэх боломж анх удаа тохиолдож байгааг бас дурдсан юм.
Доктор Элкин өөр гурван хамтран хөтлөгч болох Украйны Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд асан Лилия Хриневич; Украин дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн залуучуудын элч Тарас Тополя, Украйны нэрт дуучин, улсдаа алдартай телевизийн хөтлөгч Наталия Мосейчук нарыг танилцуулав. Тэрээр Дээрхийн Гэгээнтнийг яриагаа эхлэхийг урилаа.
"Энэ нь миний хувьд анх удаа Украйн дахь найз нөхөдтэйгээ ярилцаж байгаа явдал юм. Гэсэн ч би энэ гариг дээрх долоон тэрбум хүн төрөлхтнийг бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлийн хувьд адилхан гэж үздэг. Танай улс өмнө нь Зөвлөлт Холбоот Улсын нэг хэсэг байсан бөгөөд энэ хугацаанд та бүхэн социализмын талаар суралцсан. Би Хятад улсын коммунист эрхшээлд байгаа орны буддын шашинтан бөгөөд биднийг марксизм, ленинизм судлахыг хүчээр тулгаж байсан билээ.”
“Бид төрөөд эхийн ангир уураг, эхийн сайхан сэтгэлийн ачаар л амьд үлддэг. Тэр талаасаа бид бас л адилхан. Зарим эрдэмтэд бид өөрсдийн нийгмийнхээ талаар санаа зовдог нийгмийн амьтан тул энэрэнгүй байх нь хүний мөн чанар гэж хэлдэг юм. Бид төрсөн цагаасаа л энэрэнгүй байх, бусдад санаа тавих мэдрэмжтэй гэж хэлж болно.”
"Хүн төрөлхтний түүхэнд бусдыг" бид" ба "тэд" гэсэн өнцгөөс харах хандлагаас болж асар их зовлон, мөргөлдөөн, хүчирхийлэл гарсан юм. Бага насны хүүхдүүд хамтрагчаа ингэж хуваадаггүй. Тэд нэгнийхээ шашин шүтлэг, үндэс угсаа, баян чинээлэг байдалд ямар ч ач холбогдол өгдөггүй. Тэд сургуульд сурч эхэлмэгц бусдыг ялгаж эхэлдэг бололтой.”
“Өнөөдөр асуудлууд зарим талаараа сайжирсан байна. Үүний нэг сайн жишээ бол Европын холбоо (ЕХ) байгуулагдсан явдал юм. Франц, Герман тэргүүтэй Европын улсууд дэлхийн хоёрдугаар дайны дараа нэг нэгэндээ дайсан болж явсан түүх ба ялгаатай байдлаа хойш тавьж, Европын Холбоог байгуулав. Хэл, үндэстний ялгааг хэт их онцлох нь хоцрогдсон гэдгийг тэд ойлгосон байна. Хамтдаа тайван амьдарч, бие биедээ туслах нь дээр билээ. Энэ бол миний хүндэтгэн үздэг чиг хандлага бөгөөд дэлхийн бусад газарт ч хийж болох зүйл юм. ЕХ байхгүй бол дахин дайн дэгдэж магадгүй байсан ч байгуулагдсанаасаа хойш гишүүн орнуудын дунд энх тайван ноёрхож байна."
Дээрхийн Гэгээнтэн хүн төрөлхтний нэгдмэл байдал, түүний ач холбогдлын тухай гэх мэт өөрийн үүргүүдийнхээ талаар товч дурдав. Түүний нэгэн үүрэг нь шашны уламжлалуудын хайр энэрэл, өршөөл уучлал гэх мэт нийтлэг сургаалыг тодруулахад зориулагдсан юм. Тэрээр шашны уламжлалуудын эв нэгдлийг чухалчлан үздэг бөгөөд дэлхийн бүх шашин хамтдаа оршдог Энэтхэг улс шашин хоорондын эв найрамдал боломжтой зүйл гэдгийн үлгэр жишээ болж байна гэж онцолдог.
Тэрбээр мөн өөрийгөө Төвөдийн ард түмэн итгэл хүлээлгэж байгаа Төвөд хүн, гэхдээ улс төрийн бүхий л үүрэг хариуцлагаасаа чөлөөлөгдсөн бөгөөд одоо зөвхөн сонгогдсон удирдагчид энэ үүргийг гүйцэтгэж байгааг тайлбарлав. Тэрээр сэтгэл судлалын талаарх гүнзгий мэдэгдхүүнтэй Энэтхэгийн Наландагийн уламжлалыг хадгалсан Төвөдийн соёлыг хамгаалахаар хүчин чармайлт гаргасан хэвээр байна. Энэ уламжлал нь учир шалтгаан, судалгаа шинжилгээг ашиглахыг чухалчилдаг, яагаад гэдгийг үргэлж асуудаг уламжлал юм.
"Энэхүү учир шалтгааны тогтолцооны үндсэн дээр би орчин үеийн эрдэмтэдтэй ойр дотно харилцаатай болсон. Орчин үеийн шинжлэх ухаанд оюун санаа, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны талаар гүн гүнзгий ойлголт байдаггүй. Гэвч эдүгээ зарим эрдэмтэд энэ талаар олж мэдэх сонирхолоо илэрхийлж байна. Би тэдэнд биеийн ариун цэвэр нь бидний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой байдагтай адил оюун санаа буюу сэтгэл хөдлөлийн ариун цэврийг хөгжүүлэх, өөрөөр хэлбэл уур хилэн, түгшүүр, айдсыг хэрхэн даван туулах, багасгах арга ухаанд суралцах хэрэгтэй гэдгийг онцлон тайлбарладаг. Хамгийн гол нь сэтгэлийн амар амгаланг хэрхэн хөгжүүлэхийг сурах явдал юм.”
"Эрдэмтэд тархины талаар сайн ойлголттой байдаг, тэдний зарим нь бидний оюун санааны байдал, өөрчлөлт нь тархин дахь өөрчлөлтөд нөлөөлж болохыг ажиглан харж байна."
Дээрхийн Гэгээнтэн түүнчлэн Төвөдийн экологийг хамгаалах зайлшгүй шаардлага үүссэнд анхаарлаа хандуулж буй гэдгээ нэмж хэлэв. “Цастын орон”, мөн “Дэлхийн дээвэр” гэж нэрлэгддэг тус орноос Азийн томоохон голууд эх авдаг учир энэхүү тив даяар сая сая хүний усны эх үүсвэр эндээс урсан түгдэг байна.
“Өнөөдөр Украйны хүмүүстэй хэлэлцүүлэг зохион байгуулж байгаадаа маш их баяртай байна. Бид бүгд үндсэндээ адилхан. Бид бүгдээрээ аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Тиймээс сэтгэлийн амар амгаланг хэрхэн олж авахаа мэддэг байх хэрэгтэй.”
Хэлэлцүүлэгт оролцогчид улс орон даяар ирүүлсэн асуултуудыг Дээрхийн Гэгээнтэнд тавилаа. Эхнийх нь багш нар өөрсдөдөө болон оюутнуудад энэрэн нигүүлсэх чадварыг хэрхэн хөгжүүлэх тухай байв. Хүмүүс ба юмсын бидэнд харагддаг байдал нь яг тэр байгаа байдлаараа оршдог гэсэн эндүүрлээс уур хилэн, айдас гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлүүд үүдэлтэй гэдгийг тайлбарлалаа. Тиймээс бид сэтгэл зүйд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
“Хүүхдүүдээс инээмсэглэсэн царай, эсвэл хатуу ширүүн царайны алийг нь харахыг илүүд үздэгийг асуугаарай. Мэдээжийн хэрэг, эв найрамдал, нөхөрлөлийг бий болгох арга нь инээмсэглэх юм. Үнэн хэрэгтээ хүний үнэт зүйлсийн үндэс суурь болсон хүүхэд шиг зан чанарыг бид хөгжүүлэх хэрэгтэй. Хүмүүс бид бүгд адилхан, хамтдаа амьдрах ёстой гэдгийг санах ёстой.”
“Нийгэмд эв нэгдлийг бий болгох тухайд бид бүгд адилхан гэдгийг өөрсдөдөө сануулах хэрэгтэй. Би Төвөд хүн, гэхдээ би амьдралынхаа ихэнх хэсгийг Энэтхэгт өнгөрөөсөн. Гэсэн хэдий ч би өөрийгөө “хүн” л гэж тодорхойлдог. Би хаашаа ч явсан өөрийгөө бусад хүмүүстэй адилхан гэж боддог.”
“Та бүхний өмнө амьдарч байсан тоталитар тогтолцоо хуучирсан. Энэ нь бидний хүний мөн чанарт тохирохгүй. Одоо та бүхэн хэл, соёлоо хадгалахаас гадна эрх чөлөөгөө хэрэгжүүлж болно.”
Коронавирусын цар тахлын талаар Дээрхийн Гэгээнтэн үүнийг үнэхээр харамсалтай явдал хэмээн хүлээн зөвшөөрөв. Гэсэн ч энэ нь бидэнд харилцан хамааралтай, даяаршсан ертөнцөд амьдарч байгааг маань сануулах ач холбогдолтой гэдгийг тэмдэглэлээ. Бид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, зоригтой, итгэлтэйгээр судлагаа хийх хэрэгтэй. Тэрбээр ёс суртахуунгүй байхыг хүлээн зөвшөөрөх нь зөвхөн бүтэлгүйтлийг дагуулна гэж онцолсон юм.
“Эх орноо алдаж, тэнд асар их зовлон зүдгүүр тохиолдсон ч би зориг, шийдэмгий байдлаа хэзээ ч алдаагүй. Сайхан сэтгэл бидэнд хүч тэнхээ өгдөг гэж би боддог.”
Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн багш нарт хандан энэрэнгүй сэтгэл, хариуцлагын талаар заахдаа дотоод үнэт зүйлс, дотоод амар амгаланг хөгжүүлэх арга замд анхаарлаа хандуулахыг зөвлөв. Тэрбээр эртний Энэтхэгийн мэдлэг нь уур хилэн, айдас гэх мэт сэтгэл түгшээсэн сэтгэл хөдлөлийг хэрхэн хянах талаар ойлгоход бидэнд тусалдаг гэв. Энэхүү мэдээллийг шашны эх сурвалжуудаас олж үзэх боломжтой ч энэ цаг үед шашнаас ангид, эрдэм шинжилгээний хүрээнд судлах бүрэн боломжтой гэлээ.
“Заримдаа бага зэргийн хатуу ширүүн үйлдэл нь илүү том гамшгийг холдуулах, эсвэл даван туулахад тустай. Бага хэмжээний хортой бодис нь өвчинг анагаах ач холбогдолтой байж болно. Тиймээс илүү их сайн сайханд хүрэх, эсвэл хэцүү хүмүүсийг хянахын тулд зарим нэг хатуу арга хэмжээ авах нь тустай. Гэвч энэ нь уур хилэн, доромжлолоор бус харин сайхан сэтгэл, энэрэл нигүүлслийн сэдэлтэй байх нь чухал юм.”
Эцсийн шатны өвчний үед хэрхэн амьдрах талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн бусад бүх зүйлийн нэгэн адил амьдрал эхлэлтэй бөгөөд цаг нь болоход дуусах ёстойг тэмдэглэв. Энэ хоёр үйл явдлын хооронд чухал зорилго нь бусдад төвөг учруулах бус утга учиртай амьдрахад оршино. Хэрэв хүмүүс ингэж чадвал төгсгөл ирэхэд тэд тайван амгалан байж чадна. Тэрбээр хэрэв хэн нэгэн нас эцэслэж байхад гэр бүл нь, эсвэл найз нөхөд нь тэдэнд энэрэнгүй сэтгэлийн тухай бодох, сэтгэлийн амар амгаланг хадгалахыг сануулж чадвал сайн хэрэг юм хэмээн нэмж хэллээ.
Доктор Элкин дараагийн асуулт нь ‘ЭдКамп Украйн’ нийгэмлэгээс ирснийг Дээрхийн Гэгээнтэнд дуулгалаа. Тэрээр Эморигийн их сургуулийн хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсэд суурилсан боловсролын хөтөлбөр болох “Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцах сургалтын хөтөлбөр”-ийг Украйны сургуулиудад нэвтрүүлж байгааг дурдав. Сүүлийн 18 сарын хугацаанд тэд сургалтын хөтөлбөрийг орчуулж, 195 дадлагажигч багштай Украйны 26 сургуульд боловсролын яамнаас баталсан үндэсний хэмжээнд туршилтыг эхлүүлж, SEE Learning-ийн танилцуулга хичээлийг 20,000 орчим багш нарт зохион байгуулсан байна.
Нэгэн багш ‘Танд мөрөөдөл бий юу?’ гэж асуусанд Дээрхийн Гэгээнтэн хүн бүхэн сэтгэл санаа зовлонгүй байх, гэхдээ аз жаргалтай амьдрахыг хүсдэг гэж хариулав.
"Би энгийн нэгэн буддын лам хүн. Гэвч би бусдад аз жаргалтай амьдрах, сэтгэлийн амар амгаланг олох нь ямар ашигтай вэ гэдгийг ойлгуулахаар хичээж байна. Энэ бол миний мөрөөдөл. Миний гол дадал зуршлуудын нэг бол энэрэл нигүүлслийг хөгжүүлэх явдал бөгөөд үүнийг би өглөө сэрмэгцээ л боддог. Тиймээс би эцсийн амьсгалаа авах хүртлээ бусдад сэтгэлийн амар амгаланг олоход нь туслахыг хичээх болно.”
“Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тэвчээртэй байх нь чухал. Тэвчээрийг бидний найз нөхдөөс илүүтэйгээр дайсан, харш хүмүүс харин бидэнд заадаг. Найзуудаа инээлгэх нь тийм ч хэцүү биш, харин дайсныхаа нүүрэнд инээмсэглэл тодруулах нь жинхэнэ амжилт юм.”
Түүнд тусламж хэрэгтэй байгаа эсэхийг асуухад Дээрхийн Гэгээнтэн хариулав.
“Та хаана ч амьдарсан аз жаргалтай хамт олон бий болгохыг хичээ. Хүн бүр, цаашлаад хамаг амьтан аз жаргалтай байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсэн залбирдаг. Тиймээс та бэрхшээл тулгараад буй хүмүүстэй таарвал тэдэнд туслаарай. Тэдний асуудал бэрхшээлийг хуваалцаж, сэтгэлийг нь амар тайван болгохыг хичээгээрэй. Миний ажил бол хүн төрөлхтний нэгдмэл байдлын үндсэн дээр энэрэнгүй сэтгэлийг сурталчлах, шашин хоорондын эв найрамдлыг дэмжих, Төвөдийн соёлыг хадгалан хамгаалах явдал юм. Хэрэв та эдгээр зүйлийн талаар боддог бол бусадтай хуваалцаж болох юм. Та надад ийм байдлаар туслах боломжтой.”
Дээрхийн Гэгээнтэн боловсролын зорилго нь амар тайван нийгмийг бий болгох, аз жаргалтай хувь хүмүүсийг сургадаг байх ёстой гэж зөвлөв. Энэ нь сайхан сэтгэл, өргөн цар хүрээтэй, цогц, алсын хараатай хандлагыг шаарддаг бөгөөд энэ нь хүмүүсийг ямар ч зүйлийг даван туулах боломжийг олгодог. Энэ нь зөвхөн өөртөө сэтгэл хангалуун байхаас гадна хамт олны сайн сайханд анхаарлаа төвлөрүүлэхэд хүргэдэг. Ухаалаг хувийн ашиг сонирхол нь бусдын хэрэгцээг харгалзан үзэж чаддаг.
“Тариачин газар шороогоо хайрлах сэтгэлээс бус амьжиргаа нь үүнээс хамаардаг тул газар нутгаа арчилдаг. Бид ч мөн адил өөрсдийн амьдарч буй нийгмээ харж хандах ёстой. Манай ертөнц улам жижиг болж, харилцан бие биенээсээ хамааралтай болсон тул бүх нийтийн үүрэг хариуцлагыг ухамсарлах нь дан ганц бусдаас хамаарал төдийгөөр үл барам сэтгэл ханамжийг ч авчирах болно.”
Дээрхийн Гэгээнтэн олон хүнд нөлөөлсөн тахал нь бидний нийгмийн мэдрэмжийг нэмэгдүүлж, нийгмээ хамгаалахын төлөө шаардлагатай арга хэмжээ авч байгааг тэмдэглэв. Тэрбээр өвчтөнүүдээ асрахын тулд амь, биеэ зориулсан эмч, сувилагч нарт талархалаа илэрхийлсэн юм.
Доктор Элкин Дээрхийн Гэгээнтэнд мэргэжилтнүүд болон олон нийттэй ярилцах цаг гаргасанд талархал илэрхийлж, уулзалтыг өндөрлүүллээ.
“Цар тахал дууссаны дараа бид таныг Украйнд зочлох боломжтой болно гэж мөрөөдөж байна. Энэхүү уулзалтын дараа бид гурван удаа дугуй ширээний ярилцлага хийж, таны хэлсэн үг, “Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцах сургалтын хөтөлбөр”-ийг манай улсад хэрхэн амжилтанд хүргэх талаар ярилцах гэж байна.
Дээрхийн Гэгээнтэн хариуд нь “Бид үнэхээр ахан дүүс билээ. Бид бүгд ижил төстэй бэрхшээлтэй тулгардаг бөгөөд бид бүгдээрээ үүнийг даван туулах чадвартай байдаг. Энэ нь бид тархиа сайхан сэтгэлийн хүчин чадалтай хослуулан хэрэглэнэ гэсэн үг юм.” гэв.
“Баярлалаа.”