Энэтхэг, ХП, Дарамсала – Хойд Америк дахь Төвөд иргэдийн хүсэлтээр “Оюун судлахуйн найман шүлэг” ба “Бодьсадвын 37 гарын авлага” номуудыг тайлбарлан айлдахаар өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалтын өрөөнд ойролцоогоор 15 минутын өмнө морилон ирлээ. Төвөд иргэдийг төлөөлөн Ойдув Цэрин арга хэмжээг төвөд хэлээр танилцуулав. Тэрээр Хойд Америк дахь Төвөд иргэдийн өмнөөс номын айлдварын хүсэлт хүлээн авсанд Дээрхийн Гэгээнтэнд гүнээ талархаад саяхан батлагдсан 2020 оны Төвөдийн Бодлого ба Дэмжлэгийн хуулийн тухай товч ярилаа. Хойд Америкт байгаа Төвөд иргэд өөрсдийн ажил хөдөлмөр, эрдэм номд зүтгэл гарган сурч, ажиллаж, амьдарч байгааг айлтгаж төгсгөлд нь Түлшиг ринбүчийн зөгнөн айлдсаны дагуу 125 жил наслан бат орших ерөөлийг Дээрхийн Гэгээнтэнд хүсэн ерөөлөө.
Дээрхийн Гэгээнтэн айлдвараа эхлэв.
“Өнөөдөр Хойд Америк дахь Төвөд иргэдтэйгээ ярилцах боломж гарсанд би их баяртай байна. Өдгөө өндөр наснаас шалтгаалаад хол газар аялах нь хэцүү болсон тул цахимаар дамжуулан Дарамсалагаас ном номлох нь илүү хялбар болжээ.”
“Бид цастын орны Төвөд хүмүүс билээ. Соронзонгомбо хаанаас өмнө бид Монголчуудтай адил нүүдэлчин амьдралтай ард түмэн байлаа. Соронзонгомбо хаан хятад гүнжтэй гэрлэснээр нандин шүтээн Зуу бурханыг Төвөдөд залсан юм. Хэдийгээр тэрээр Хятадтай ойрын харилцаатай байсан ч төвөд бичгийг зохиохдоо Энэтхэгийн деванагари үсгийг загвар болгон ашиглахаар шийдсэн байдаг.”
“VIII зуунд Төвөд Хятадтай харилцаа сайтай байсан боловч Тисрон Дэзэн хаан Энэтхэгээс бурханы шашны эх сурвалжуудыг авахыг хүссэн байна. Улмаар ловон Шантаракшитаг урьсанд тэрээр Төвөдүүд өөрийн эх хэл рүүгээ эдгээр ном зохиолуудыг орчуулах хэрэгтэйг сануулсан юм. Энэ зөвлөмжийн үр дүнд Ганжуур, Данжуурын 300 гаруй боть ном бий болсон билээ.”
“Ловон Шантаракшитагийн Төвөдөд дэлгэрүүлсэн уламжлал нь Наландын уламжлал байлаа. Энэ уламжлалд төв үзлийн (мадьямака) гүн ухааныг судлаад зогсохгүй учир шалтгаан ба логикийн эрчимтэй сургалт хэвшсэн юм. Төвөдийн бурханы шашин нь билиг барамид, төв үзэл, логик ба шалгадаг ухаан, дээд мэдлэг (авидарма) ба шашны сахил санваарын ёсны (винай) сургалт судалгааг авч үлдсэн цорын ганц уламжлал болсон юм. Удалгүй энэ арга барил ба сургалтыг III Далай Лам тэргүүтэй хуврагууд Монголд дамжуулсан байна.”
“Өнөө цагт Наландын их сургууль гэдэг эрдэм мэдлэгийн гайхамшигт төвөөс туурь л үлджээ. Би нэг удаа тийш зорчин очиж, туурин дээр нь бидний авч үлдэж чадсан уламжлал энд үүсч, хөгжсөн учраас хүндэтгэл үзүүлэн Чандракиртийн “Төв үзэлд орохуй”-гаас уншиж байснаа одоо санаж байна.”
“Бид Бурхан Багшийн заасан номлол сургаалуудын өргөн цар хүрээтэй судалгаа шинжлэл, сонсох, санах, дадуулахыг хийснээр энгийн нүүдэлчин ард түмнээс бурханы шашны идэвхи чармайлт бүхий шавь нар, суралцагчид болж хувирсан билээ. Шри Ланка, Тайланд ба Бирмийн пали уламжлалыг дагагчид Бурхан Багшийн сургаалыг номын дагуу ягштал хүлээн авдаг. Харин бид Бурхан Багш өөрөө эргэлзээ гаргаж, асуулт тавьж байх тухай зөвлөснийг өөрсдийн арга барил, хандлага болгосон юм. Тэрээр “Гэлэнгүүд ээ, та бүгд алтыг түлж, зүсэж бас үрж шалгадгийн адил намайг хүндлэх үүднээс бус, миний сургаалыг сайтар шалгаж шинжилсэнийхээ дараа хүлээж аваарай” гэж бидэнд зарлигласан шүү дээ.”
Билиг барамид, төв үзэл болон логикт суралцахын ач холбогдолыг чухалчлахдаа Дээрхийн Гэгээнтэн Чандракиртийн “Төвд орохуй”-гаас эшлэл татав:
Дөнгөж тайлбарласан тэрхүү чанар нь асар гүн гүнзгий бөгөөд сүрдэм боловч
Урьдын авьяасын хүчээр зарим нь ухаарах нь дамжиггүй,
Гэтэл өргөн мэдлэгийг олсон зарим нь төсөөлж чадахгүй нь бий.
Тиймээс бусад уламжлалууд хийгээд энгийн оюунтнуудын зохиолыг
Бодгалийн “би”-г хүлээн зөвшөөрсөнтэй адилтгаж,
Үүнээс бусдыг орхигтун.
Тэрээр цааш үргэлжлүүлэн юмс үзэгдэл үнэн бодит мөн чанараар оршдог гэж мэтгэвэл та логикийн алдаанд хүрэхийг тодруулсан “Төвд орохуй”-н шүлгүүдээс уншив:
Хэрэв юмс үзэгдэл үнэхээр тодорхой шинж төлөвүүдээр оршдог байсан бол
Эдгээр шинж төлөвүүдийг үгүйсгэснээр юмсыг ч үгүйсгэхэд хүрнэ
Хэрэв тийм бол хоосон чанар юмс үзэгдлийг устаж үгүй болоход хүргэнэ
Энэ нь утга учиргүй – тиймээс юмс үзэгдэлд мөн чанарын оршихуй үгүй
Тиймээс ийм үзэгдлүүдийг шинжилж үзвэл
Мөн чанараас нь өөр олдох зүйл үгүй
Тиймээс ч өдөр тутмын үйлийн үнэнийг
Шинжлэх шаардлага үнэндээ үгүй
Үнэмлэхүй шинжлэлээр өөр бусдаас, эсвэл өөрөөс төрөх
Аль аль нь учир шалтгааны хувьд боломжгүй бөгөөд
Харьцангуйд буюу өдөр тутамд ч ийм боломж үгүй
Тэгвэл та бүгдийн төрөхүйн онол хаанаас гарна вэ?
Дээрхийн Гэгээнтэн эдгээр бадгуудыг өөртөө давтан давтан хэлж бодож, санаж, бясалгадаг гэдгийг онцлоод маш үр дүнтэй байдаг Чандракиртийн долоон үет шинжлэлийг бас эшлэлээ:
Хөсөг тэргийг өөрийн эд ангиудаас тусдаа,
Эсвэл өөрийн эд ангиудтай нэг,
Эсвэл өөрийн эд ангиудын“эзэгнэдэг” гэж хэлж чадахгүй.
Хэрэв зөвхөн хэсэг эд ангиудын цуглуулга нь хөсөг тэрэг юм бол
Хэсэг эд ангиудыг угсраагүй байхад ч хөсөг тэрэг орших болно.
Хэсгүүдийг нэгтгэн тээгч үгүйгээр хэсэг гэж үгүй учир
Хэрэв тэр дүрс хэлбэр нь хөсөг тэрэг гэвэл бас л утгагүй.
Энэхүү долоон үет шинжлэлээр хайж үзвэл бие даан өөрөөрөө оршсон юмс үзэгдэл олдохгүй боловч харьцангуй үнэний түвшинд юмс оршдог. Прасангика үзэлтнүүд юмс үзэгдэлийн үнэмлэхүй чанар үгүй боловч нэр, томъёололын түвшинд оршин байдаг гэж үздэг. Ийм гүн ухааны үзэл онолуудыг судлан шинжлэх нь үнэнийг буруугаар таньсан мунхагтай тэмцэхэд хэрэгтэй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан айлдлаа.
Үүн дээр нэмээд ловон Шантидэва “Бодьсадвын явдалд орохуй”-д өөрийгөө бусадтай тэгшитгэн солих маш хүчтэй бясалгалыг гаргасан байдгийг тайлбарлав.
Ертөнцөд буй жаргал бүхэн
Бусдыг жаргаах хүслээс төрдөг
Ертөнцөд буй зовлон бүхэн
Амиа бодох сэтгэлээс гардаг
Олон үг нуршаад яах вэ,
Омтгой нялхас амиа бодож,
Оюут богдос амьтанд тусалсаны
Олз, гарзыг дэнслэн мэдэгтүн
Өөрийн жаргалыг бусдад өгч,
Бусдын зовлонг өөртөө авалгүйгээр
Үлэмжийн дээд гэгээрэл байтугай
Өнгөт орчлонгийн жаргал хулжина
Хуучин цагт зарим хүмүүс Төвөдийн буддизмыг Бурхан Багшаас эх сурвалжтай бус, “ламайзм” гэж нэрлэж байсныг Дээрхийн Гэгээнтэн дурсаад Төвөдүүд цагаачлан гарснаар Төвөдийн буддизм Наландын уламжлал мөн болох нь тодорхой болсныг тэмдэглэн хэлэв. Үүний үр дүнд, мөн учир шалтгаан ба логикт суурилдаг учраас Төвөдийн буддистууд орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй үр дүнтэй яриа өрнүүлж чадсан билээ.
“Бурханы шашинтны гол ажиглах ёстой зүйлсийн нэг бол юмс үзэгдэл бодитой, мөн чанартай оршин байна гэх буруу үзэл бидний сэтгэлийг хямраадгийг таних явдал юм. Мөн сэтгэлийн эерэг төлөв байдлыг төрүүлснээр сэтгэл хямралыг арилгах боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Төвөдийн бурханы шашинд хадгалагдан үлдсэн эрдэм мэдлэг нь хүн төрөлхтний хувьд үнэт эрдэнэ мэт машид үнэ цэнэтэй юм.”
“Бид өөрсдийн уламжлалыг бүрэн бүтэн хадгалан авч үлдэж чадсан, хойшид ч хадгалж явах болно. Төвөдийн ард иргэд мухар сүжгийн үүднээс бус, учир шалтгааны үүднээс өөрсдийн бие, сэтгэлийг үүнд зориулж байна.”
Дээрхийн Гэгээнтэн удиртгал яриагаа дуусгахдаа Хойд Америкт айлчлахын тулд найз нарын нэг нь түүнийг хувийн онгоцоор авах санал тавьсан ч энэ нь бас л урт аялал гэдгийг тайлбарлаад одоогоор цахим сүлжээгээр дамжуулан олон хүнтэй харилцаж чадаж байгаадаа сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийлэв.
Эхлээд “Оюун судлахуйн найман шүлэг” номыг дэлгэсний дараа Дээрхийн Гэгээнтэн гэвш Ланритамба бодь сэтгэлийн дадлага, бясалгалаараа алдартай нэгэн байсныг тэмдэглэн хэллээ. Түүний хамаг амьтдыг энэрэх сэтгэл нь маш хүчтэй байсан учраас царай нь байнга гунигтай мэт байдаг байжээ.
Эхний бадаг нь хамаг амьтдыг зовлонгоос ангижруулахыг хүссэн нигүүлсэхүй бодь сэтгэлийн тухай гаргасан байна. Хоёр дахь нь өөрийгөө бусдаас доогуур тавьж, бусдыг хамгийн дээд хүндлэлийн оронд тавих санааг тодруулжээ. Гуравдугаарт юуг ч үйлдсэн нисванист сэтгэлд автаж болохгүйг сануулсан байна. Дөрөвдүгээрт өөрт уурласан амьтан бүгдэд энэрэн нигүүлсэхүйн сэтгэл үүсгэхийг зөвлөжээ. Тавдугаарт ялалт бүгдийг бусдад өгөх хэрэгтэйг тухайлан онцолжээ. Зургаа ба долдугаар бадагт өөрийн буян бүгдийг бусдад өгч, харин тэдний нүгэл хилэнц бүгдийг өөртөө авах замаар өөрийгөө бусадтай тэгшитгэн солих аргыг өгүүлсэн байна. Шүлгийг “Юмс үзэгдэл бүгдийг хоосон чанарын үзэгдэл, зэрэглээ мэт харах билгүүнээр шунал үгүйгээр хүлээснээс гэтлэх болтугай” гэсэн энгүй ерөөлийг төгсгөжээ.
Дээрхийн Гэгээнтэн “Төв үзлийн билгүүний үзэл” зохиолдоо Нагаржуна хутагтын номлосон айлдварууд нь өөрт нь маш ойрхон санагддагийг дурьдаад түүнийг юмс үзэгдэл бүгд бие даан өөрийн эрхээр оршдоггүй боловч ертөнцийн үзэгдлийн суурь болж нэр томьёолол төдийд оршдог болохыг зааж байх тэр цагт цугласан олон шавь нарын тэргүүн эгнээнд сууж байсан болов уу гэж боддогоо айлдав. “Найман шүлэг” нь харьцангуй ба үнэмлэхүй бодь сэтгэлийг гаргадаг бөгөөд үүнийг өдөр бүр уншдаг гэдгээ Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ.
“Бодьсадвын 37 гарын авлага” номын удирт “үзэгдэл бүгдэд ирэх үгүй, одох үгүй” хэмээн гарсныг эхний номд гарсанчлан бүгд нэр томъёололын төдийд оршдог болохыг тайлбарласан байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн тодруулаад чөлөө учралт хүний бие, аглагт суухын давуу талууд болон мөнх бусын тухай гаргасан шүлгүүдийг түргэн уншлаа. Энэ хэсэгт мөн тэнгэр, лус гэх мэт амьтдаас тусламж авч болох ч тэднийг туйлын аврал гэж үзэх нь зохисгүй гэдгийг гаргажээ. Бусдад тусалснаар эдээр баян байхын уг шалтгааныг бүрдүүлэх тухай айлджээ.
Зохиолд алдар, нэр хүндийг хайх нь таны сэтгэлийн дадлагад сөргөөр нөлөөлнө гэдгийг дурьдсан байна. Үзэгдэж буй зүйлс нь таны сэтгэлийн тусгал гэдгийг өгүүлсэн нь Тогмид Самбу сэтгэл төдийтний үзлийг баримтлагч байсныг харуулж байгааг Дээрхийн Гэгээнтэн тодотгов. Зургаан билиг барамидын явдлыг тусгайлан тодруулсан цуврал шүлгийг гаргасны дараа төгсгөлд нь “Миний сэтгэлийн төлөв ямар байна вэ?” гэж өөрөөсөө байнга асууж байхыг хүсээд бодьсадвын энэхүү зам мөрд суралцсанаас гарах буянаа гэгээрлийн хутагт зориулжээ.
Уулзалтыг төлөөлж буй Ойдүв Цэрин АНУ ба Канадад амьдарч буй хэд хэдэн залуу төвөдүүдээс Дээрхийн Гэгээнтэнд асуулт тавихыг хүслээ. Эхний асуулт нь эдгэшгүй өвчин туссан хүмүүст хэрхэн туслах тухай байв. Дээрхийн Гэгээнтэн эхлээд эмчийн мэргэжилд суралцаж буй хүмүүст бишрэлтэй ханддагаа илэрхийлсний дараа хэрэв өвчнийг анагаах боломж байгаа бол санаа зовох хэрэггүй, нэгэнт эдгэхгүй нөхцөлд санаагаа зовоосноор тус нэмэр болохгүй гэдгийг онцоллоо. Хэрэв үхлийн цаг ирсэн бол Очирваань бурхан саад тотгорыг нь арилгаж, Манал бурхан эм эмнэсэн ч та үхлээс буцах боломжгүй юм.
“Итгэл найдвар байгаа цагт боломжит эмчилгээг нь хийлгээд сэтгэлээ амар тайван байлгах нь чухал бөгөөд хэрэв бурханы шашинтай хүн бол дараа төрөлдөө билиг төгс багш нартайгаа уулзах ерөөлийг тавьж байх нь сайн юм.”
Дээрхийн Гэгээнтэн нийгэм хамт олноосоо хамаарч амьдардаг хүн гэдэг амьтны хувьд бодь сэтгэлийг дадуулахын чухлыг онцлов. Хамтын амьдралтай учраас бусдын сайн сайхныг орхигдуулах нь алдаа болох бөгөөд аль болох бусдад тусалж, дэмжиж байх ёстой гэлээ. Бусдаас хамаардаг учир “нэгдмэл хүн төрөлхтөн” гэх ойлголтыг хөгжүүлэх, бид бүгдээрээ жаргалыг хүсч, зовлонг хүсдэггүйгээрээ адил гэдгийг хүлээн зөвшөөрөх нь маш үр дүнтэй байх болно хэмээн тайлбарлалаа.
Хэдийгээр улс төрийн үүргээсээ холдсон ч Төвөдийн соёлыг хадгалах, Төвөд орны онгон байгаль орчныг хамгаалах ажлыг өөрийн үүрэг хариуцлага мөн гэж үздэгээ Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Төвөдийн уугуул ард иргэд ч үүнд маш идэвхтэй тусалж, тэсвэр хатуужлийг үлгэрлэж байгаа билээ.
“Төвөдийн соёл нь бүх дэлхийд ач тустай. Бид юу алдсандаа харамсаж суулгүй, бидний уламжлал бусдад туслах боломжтойд талархаж, үүгээрээ бахархах нь зохистой. Цагаачлал дахь бидний хэвлүүлсэн шинжлэх ухаан ба гүн ухааны ном Төвөд дэх их сургуулиудад хүрсэн байна. Мөн Төвөдийн буддизмын шинжлэх ухаанлаг шинж чанар нь Хятадын шинжлэх ухааны эрдэмтдэд өндөр сэтгэгдэл төрүүлсэн гэж хүмүүс ярьж байна. Энэ нь цагаачлалд байгаа Төвөдүүд бид Төвөдийн нөхцөл байдалд бодитой хувь нэмэр, нөлөө үзүүлэх олон жишээний нэг юм.”
“Бид өөрсдийн соёл уламжлалаа хадгалан үлдэх нь чухал, мөн мэдэх зүйлсээ бусадтай хуваалцах нь бас чухал юм шүү.”
Өрсөлдөөний талаарх асуултанд Дээрхийн Гэгээнтэн өөрөө түрүүлэхийн тулд бусдын ур чадварыг хаах, саад болох ба өөрөө хичээнгүйлэн ажилласаар тэргүүлж бусдад үлгэр болохын ялгааг онцлон тодотгов.
Залуу бүсгүй эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын тухай хөндлөө. Дээрхийн Гэгээнтэн эмэгтэй хүн илүү энэрэн хайрлах чадвартай байдгийг шинжлэх ухаанд ч нотлоод байгааг онцлоод эхийн хайр маш хүчирхэг байдгийг тайлбарлалаа. Тэрээр саяхан Финляндын ерөнхий сайдаар эмэгтэй хүн сонгогдож, улмаар танхимийн сайд нарын ихэнхид эмэгтэйчүүд сонгогдсонд баяр хүргэснээ дурсаад бусдын бодол санаанд илүү мэдрэмжтэй ханддаг учраас эмэгтэйчүүд хайр энэрлийг түгээн дэмжихэд илүү үр дүнтэй ажиллаж чадна гэдгийг батлав.
Австралид маш том ойн түймэр яагаад дэгдэж, бас дэлхий даяар ковид цар тахал тархах болсон шалтгааныг асуухад Дээрхийн Гэгээнтэн юун түрүүнд Австрали ба Бразилд ойн түймэрт өртөж, үхэж үрэгдсэн олон адгуус амьтад ба коронавирусын улмаас амиа алдсан олон мянган хүний хувьд машид ихээр харамсаж байгаагаа илэрхийлсний дараа цар тахал гэх мэт ийм үйл явдлууд нь нийтийн үйлийн үртэй холбоотой гэдгийг онцолсон юм. Ийм үед өөдрөг байдлаа хадгалж, сэтгэл санаагаа тогтвортой байлгах нь маш чухал гэдгийг анхаарууллаа.
“Та хичнээн өвчтэй байсан ч өөдрөг байж сэтгэлээ амар амгалантай байлгах нь маш чухал юм шүү. Хэрэв та өвчтөнийг асран тэтгэж байгаа бол сэтгэлийн хатуужлаа хадгалж өвчтөнүүддээ итгэл найдвар өгч байгаарай. Хэрэв та бурханы шашинтан бол Дарь Эх бурханы тарнийг унших нь сайн. Би өдөр бүр үүнийг уншиж, цар тахлыг буцаахын төлөө залбирч байгаа. Мөн та бүгд өөрсдийн өвчтөнүүддээ Далай Лам та тарын төлөө залбирч байгаа гэдгийг уламжилж болно шүү.”
Төвөдийн залуучууд дэлхийн сайн сайханд яаж хувь нэмэр оруулах боломжтойг асуухад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, бас өөрсдөө туслалцаа авах, шашны зан үйлийн хувьд бусдын тусын тулд маани тарни унших, мөн бусдад ямагт хайр энэрлээ харуулж байхыг Дээрхийн Гэгээнтэн тусгайлан зөвлөв. Дэлхий нийтийн дулаарлын тухайд Азийн маш олон гол мөрний эх ундарга болсон Төвөдийн өндөрлөг Афганистан шиг хуурай хатсан уур амьсгалтай болох хэмжээнд ч хүрч болохыг анхааруулаад хэдийгээр том дүр зургаараа ертөнц тогтож, бас устаж байдаг боловч өнөөгийн бидний хувьд байгаль орчиндоо илүү анхаарал халамж тавих нь бидний үүрэг гэдгийг онцгойлон анхаарууллаа.
Дээрхийн Гэгээнтэн уулзалтыг хааж хэлэхдээ хаана ч амьдардаг байсан Төвөд хүмүүс Төвөд үндэстэн гэдгээ мартаж болохгүйг сануулав.
“Бид Төвөд цустай, Төвөд өвөг дээдсийн удам угсаа учраас соёл уламжлалаа тууштайгаар хадгалан хамгаалах нь чухал юм. Төвөд хүний даруу төлөв зан, сайхан сэтгэл, бас ёс зүйг бүх нийтээр бишрэн хүндэлдэг билээ. Үүнийгээ хадгалан авч үлдээрэй.”