Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Юнлин болон Тайпей дахь цахимаар номын айлдвар сонсож буй хоёр хэсэг лам хуврагууд, энгийн иргэдтэй мэндчилж суудалдаа залармагц номын айлдвар сонсохоор цугласан хүмүүс түүн рүү гараараа даллан угтлаа.
“Өнөөдөр номын айлдварын хоёр дахь өдөр тохиож байна. Бид зовлонг бус аз жаргалыг хүсдэг, үүнийг тайлбарлах шаардлага үгүй. Зовлонгийн уг үндэс нь амин хувиа хичээх болон юмс үзэгдлийн мөн чанарын тухай эндүүрэл, буруу ойлголттой байдагт оршдог. Энэ тухай хятад хэлээр уншдаг “Билгүүний Зүрхэн” судрын уншлагын төсгөлд тодорхой гардаг билээ.”
Нисванисын гурван хор арилах болтугай
Билгүүний гал бадрах болтугай
Саад тотгор бүгдийг гэтлэх болтугай
Бодь сэтгэл төрөх болтугай
“Эдгээр нисванисын гурван хор нь мунхагаас улбаатай ба үүнийг тарни уншиж, залбирч арилгах боломжгүй, харин “би үгүй”-н үзэл онолыг онож мэдсэн билиг оюуныг олж авсанаар арилгана. Сүүлийн мөрөнд бодь сэтгэлийг бясалгаж бодьсадвын явдалд орох тухай гарч байна.”
“Өнөөдрийн номын айлдвар нь билгүүний галыг бадраах ерөөлтэй холбогдоно. Дээдийн ном үзэж судлаад өөрийн сэтгэлтэйгээ уялдуулж чадаагүй, өөрийн сэтгэлээ өөрчилж чадаагүй бол зорилгодоо хүрээгүй гэсэн үг. Лхасад “Бодь мөрийн зэрэг” номын сургаал сонсохоор тусгайлан ирсэн Түлшиг ринбочэ гэвш нар ямар ч үр жимс өгдөггүй агуу их мэдлэгийн цэцэг гэж шоолдог байв.”
Богд Зонхов “Онол өгүүлэхүй” номондоо:
Эхэнд би суралцахыг машид эрэлхийлсэн
Дунд нь ном сургаал бүгдийг увидаст урвуулсан
Төгсгөлд нь өдөр, шөнө бүрт анхааран авлага болгосон
Энэ бүхнээ Бурханы шашин түгэн дэлгэрэхэд зориулмуй
“Бид Богд Зонховын явдал мөрийг үлгэр дууриал болгон дагаж мөрдөх хэрэгтэй. “Илт онохуйн чимэг” номонд айлдсанаар ширвага, брадигабудда нар “суурийг мэдэхүй” дээр үндэслэн өөрсдийн зорилго болох нирвааны хутагийг олдог. Бодьсадва нар “мөрийн мэдэхүй”-ээр дамжуулан бусдын тусыг бүтээж гэгээрэлд хүрдэг. Бурхад шавь нарынхаа зан чанар, оюуны цар хүрээнд тааруулж ном сургаалаа айлддаг.”
“Гурван хүрдний зорилго нь бидний нисванист муу сэтгэл хөдлөлийг даван туулж, сэтгэл оюунаа удирдахад оршино. Бидний дотор буй мунхагийн харанхуйг арилгахын тулд бид буддын гүн ухааныг судалж, хэрэгжүүлэх ёстой билээ. Богд Зонховын айлдсанаар тэрээр өдөр шөнөгүй дадлага хийдэг байв.”
“Би Төвөдүүдэд хандан XXI зууны бурханы шашинтан болохыг зөвлөдөгтэй адил та бүгдийг мөн үүнд хичээгээрэй гэж хүсье. Энэ нь ном сургаалын талаар бат ойлголттой болох гэсэн үг юм. Оюун ухаанаа ашиглан зөв бурууг ялгаж, сэтгэлээ дадуулах нь өнөөдөр ямар ач тустай болохыг судлах хэрэгтэй.”
“Би багаасаа “Төвд орохуй” болон “Илт онохуйн чимэг” номнуудыг цээжилсэн гэж өчигдөр хэлсэн. Мөн Пүрба Чогийн номоор логик буюу учир шалтгаанд суралцсан билээ. Эхлээд би сурах сонирхолгүй байсан боловч хожим нь олж авсан мэдлэгийн бүх ашиг тусыг ойлгосон юм.”
“Богд Зонхов Манзушри болон Самандабадра нарын адилаар үйлдсэн буяны зориулга хийхдээ шашин дэлгэрэх ба хамаг амьтны сайн сайхны төлөө гэж ерөөл тавьсантай адил сажава болон гаржүдвын ёсны дагагч нар зориулга ерөөл өргөж ирсэн юм.”
Дээрхийн Гэгээнтэн “Сайтар номлолын шим” номыг үргэлжлүүлэн уншиж эхлэв. Тэрээр Богд Зонхов эхэндээ ном сургаалууд учир шалтгааны үндэслэлд тулгуурласан гэж айлдсан болохыг дурдлаа. Ловон Дигнага болон Дармакирти нарын учир шалтгааны ба танин мэдэхүйн онол нь маш чухал бөгөөд Дээрхийн Гэгээнтэн тэдний номыг хятад хэл рүү хөрвүүлэхийг дахин уриалав.
“Сударт Бурхан Багшийн айлдсан сургаал номлолыг шууд хүлээж авах буюу үнэмлэхүйн үнэний, шууд хүлээж авахгүй буюу харьцангуй үнэний сургаал гэж хуваадаг.”
“Анхдугаар номын хүрдийг эргүүлэхдээ Бурхан Багш аливаа зүйл өөрийн гэсэн шинж чанартай гэж айлдсан байна. Хоёрдугаар номын хүрдийг Тас цогцолсон ууланд айлдахдаа билиг барамидын сургаалуудыг айлдсан ба дүрсээс эхлээд бурханы “бүхнийг болгоогч” билгүүн хүртэл юмс үзэгдэл бүхэн өөрийн мөн чанараар бүтээгүй, хоосон чанартай гэж айлдсан байна. Эдгээр сургаалууд нь зарим шавь нарт ойлгомжгүй байсан тул Вайшалид гуравдугаар номын хүрд эргүүлэхдээ энэ бүгдийн ялгааг тайлбарлан айлджээ. “Судрын аймгийн таалалын тайлбар” сударт юмс бүхний хоёрдмол бус байдлын тухай айлддаг. Энэ санааг квантын физикт мөн адил тайлбарлаж байна. Бидэнд хэлбэр, дуу чимээ гэх зэрэг бусад бүх зүйл бодитой, бие даасан байдлаар оршдог мэт санагдах боловч үндсэн уг чанар нь тийм биш байна. Илүү гүнзгий түвшинд юмс үзэгдэл нь нэрийтгэл төдий, бидэнд үзэгдэж буй шигээ оршдоггүй. Юмс үзэгдлийн гадаад чанар болон дотоод сэтгэл хоёр нэг чанартай гэж үздэг.”
“Сэтгэл төдийтний үзэл онолоор юмс үзэгдэл нь бидний оюуны тодорхойлтоор оршиж байгаа учир сэтгэлийн мөн чанартай гэж айлддаг, иймээс хүсэл шунал, уур хилэн зэрэг нисванист муу сэтгэлийг багасах боломжтой.”
Дээрхийн Гэгээнтэн “Төвд орохуй”-н хэсэг рүү шилжлээ. Тэрээр “Төвд орохуй” нь ловон Чандракирти болон Вхававивекагийн учир шалтгааны ухааны номуудад тулгуурладаг гэв. Мөн номлогч бодьгалд нь харгалзах бус, түүний номлосон үзэл онолд харгалзах, номын яруу сайхан үг бус, номын утганд харгалзах, утгын дотроос тайлбарт утга бус, магад утганд харгалзах, магад утгын дотроос мэдэлд бус, билиг билгүүнд харгалзах гэсэн дөрвөн зүйл байдгийг дурдлаа.
Нагаржуна хутагтын “Билгүүний Үндэс”-т дөрвөн чанарын үүднээс найман ухаанаар хоосон чанарыг нотлон айлдсан байна.
Алин бээр шүтэн барилдаж гарсан
Устах үгүй, үүсэх үгүй
Тасрах үгүй, үргэлжлэх үгүй
Ирэх үгүй, одох үгүй,
Тусдаа утгат бус, утга нэг ч бус
Цацралыг машид амирлуулсан, амирлангуйг үзүүлсэн
Төгс ариусан дэлгэрсэн, өгүүлэгч нарын дээд
Түүн дор мөргөх болой
“Мөн тэрээр Бурхан Багшид мөргөл үйлдэхдээ “Энэрэлийн сэтгэлээр дээдийн номыг айлдаж, үзэл бүгдийг арилгах дор удирдсан Гоудам таньд мөргөмүй” хэмээсэн байна. Аливаа зүйлийг мөн чанар талаас нь авч үзвэл төрөх ба эвдэрч үгүй болох гэсэн ойлголт байхгүй. Тусагдахуун талаас нь авч үзвэл ирэх болон одох гэж байхгүй.”
“Сэтгэл оюун юмсын мөн чанарыг бясалгаж байх үед тэдгээрийн тухай олон янзын буруу бодлууд арилдаг. Жшээлбэл “би” хэмээгдэгч нь миний бие, хэл яриа, сэтгэл биш юм.”
“Бурханы шашны бус уламжлалууд нь бидний бие, хэл, сэтгэлээс гадна “би” байдагт итгэдэг. Энэ үзэл нь урд төрөл болон хойд төрлийг ойлгоход тустай. Сэтгэл төдийтний үзлээр төрлөөс төрөлд шилжих оюуны ухамсар байдаг гэж үздэг.”
Хутагт Нагаржуна:
Шүтэн барилдаж гарсаныг
Хоосон чанартайд номлов
Тэр нь шүтэж нэрийдсэн учир
Тэр нь төв мөр болой
“Шүтэн барилдаж гарахуйн ойлголт нь нэгэн зэрэг биднийг хоёр туйлаас ангижруулж чадна. Бид юмс үзэгдэл шүтэн барилдаж буюу бусдаас хамаралтайгаар оршдог гэдгийг ойлгох аваас бие дааж орших боломжгүй, хоосон чанартай гэдгийг ойлгож авна. Юмс үзэгдэл өөрийн мөн чанаргүй, хоосон гэдгийг ойлгосноор тэдгээрийн харилцан хамаарлыг ухаарах болмжтой.”
Дээрхийн Гэгээнтэн номын айлдвараа энд түр завсарлаад асуултанд хариулая гэв. Тэрээр эхний асуултанд хариулахдаа бие цогцоос тусдаа “би” байдаг гэсэн эндүүрлийн талаар авч үзээд Нагаржуна хутагтын “Билгүүний үндэс” судрын 22-р бүлгээс эш татлаа.
Цогцос бус, цогцосоос өөр ч бус
Түүнд цогцос үгүй, түүнд тэр ч үгүй.
Түүнчлэн Ажирсан нь цогцосгүй,
Түүнчлэн Ажирсан нь алин буй?
Тэрээр уг шүлгийн үгийг нь солин өөртөө хандаж ийнхүү уншдаг гэв:
Цогцос бус, цогцосоос өөр ч бус,
Түүнд цогцос үгүй, түүнд тэр ч үгүй.
Би бээр цогцосгүй,
Би бээр алин буй?
Тэрээр дараагийн асуултанд хариулахдаа орчин үеийн шинжлэх ухаан сэтгэл судлал дээр төдийлөн анхаарал хандуулдаггүй байсан, харин сүүлийн үед олон хүмүүс сэтгэлийн амар амгалан хэр их үнэ цэнэтэй болохыг ухаарч, эрдэмтэд ч мөн шүтэн барилдлагын тухай үзэл онолыг сонирхож байна гэлээ.
Шүтэн барилдаж гарахуйн онолыг тайлбарлахдаа Дээрхийн Гэгээнтэн “шүтэж” гэдэг нь юмс үзэгдэл бие дааж оршдоггүйг харуулдаг, “барилдана” гэдэг нь юмс үзэгдлүүд бусдаас хамааралтайгаар оршдог гэсэн утга илэрхийлнэ гэлээ. Шүтэн барилдаж гарахуйн ойлголт нь хоосон чанарын ойлголтыг баттай болгохоос гадна харьцангуйн тухай ойлголтыг бий болгодог.
“Би жаран жилийн турш хоосон чанарыг, тавин жилийн турш бодь сэтгэлийг бодож бясалгаж байна. Удаан хугацаанд бодохын хэрээр ойлголт мань баттай болж байна. Ёнзин Лин ринбочэ багшдаа өөрийн ойлголтыг өргөдөг улмажлал дагуу айлтгахад багш маань маш их баярлаж: ”Төд удалгүй огторгүй мэт хоосон чанарыг ухаарч чадна” гэж айлдаж билээ.”
Тэрээр хамаг амьтад бурханлаг чанартай буюу бурханы язгууртай хийгээд гэгээрэлд хүрэх боломжтой гэдгийг онцлон айлдлаа. Мунхаг нь олдмол, оюуны үндсэн чанарт халдаагүй байдаг тул арилгаж болох ба тиймээс гэгээрэлд хүрэх ч боломжтой.
Богино хугацаанд уур хилэн болон хүсэл шуналыг хэрхэн бууруулах талаар Дээрхийн Гэгээнтнээс асуув.
“Уур хилэн, хүсэл шунал, мунхаг нь юмс үзэгдэл үнэхээр бүтсэн гэх ойлголтоос үүдэлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнийг ойлгосноор л сөрөг сэтгэл хөдлөлийг сулруулж чадна. Мөн нисванист муу сэтгэлүүд зальжин, хэзээд таатай нөхцлийг хүлээж байдаг тул хоосон чанарын тухай баттай ойлголт, тэрхүү үзэл онолыг бодож бясалгаснаар дадлага олж авах нь чухал ач холбогдолтой.”
Дээрхийн Гэгээнтэн санскрит, төвөд хэлний бясалгал гэх нэр томъёо нь ямар нэгэн зүйлд дадуулах, танил болох гэсэн утгатай болохыг тайлбарлалаа.
Тэрээр хоосон чанарын тухай ойлголт бидний хувьд харьцангуй шинэлэг зүйл бол бид эрт дээр үеэс юмс бүхэн өөрийн мөн чанараараа баттай оршдог гэсэн буруу бодолтой зууралдаж хэвшсэн гэж онцлов. Төгсгөлд нь бидний нүдийг нээж өгсөн Бурхан Багш, Нагаржуна хутагт, ловон Чандракирти нарт талархах хэрэгтэй гэж айлдлаа.